-
Гидеон ба түүний 300 дайчинБиблийн тухай өгүүлдэг миний ном
-
-
ӨГҮҮЛЛЭГ 52
Гидеон ба түүний 300 дайчин
ЭНД юу болж байгааг харж байна уу? Эд бүгд Израилийн дайчид ажээ. Сөхөрч суугаа хүмүүс ус ууж байна. Тэдний дэргэд зогсоод, яаж уухыг нь харж байгаа хүн бол шүүгч Гидеон юм.
Хүмүүс янз бүрийн байрлалаас ус ууж байгааг анхааралтай хар даа. Зарим нь ус уруу тонгойн амаараа ууж байна. Харин нэг хүн гараараа ус утган, эргэн тойронд нь юу болж байгааг ажиглангаа ууж байна. Энэ их чухал юмсанжээ. Юу гэвэл, ус уухдаа сонор сэрэмжтэй байсан эрчүүдийг л сонгож аваарай гэж Ехова Гидеонд хэлжээ. Бурхны тушааснаар бусад нь гэр гэртээ харих ёстой байв. Яагаад ингэх болсны учрыг мэдье.
Израильчууд дахиад л их гай зовлонд унав. Учир нь тэд Еховад дуулгаваргүй байснаас болж мидианчуудын дарлалд орсон байлаа. Тийм учраас израильчууд тусламж гуйсанд Ехова сонсжээ.
Ехова Гидеонд цэрэг цуглуулахыг тушаав. Гидеон 32 000 дайчин цуглуулав. Гэвч Израилийн эсрэг 135 000 цэрэгтэй арми зогсож байлаа. Хэдий тийм ч Ехова Гидеонд: «Чиний хүмүүс хэтэрхий олон байна» гэж хэлжээ. Яагаад ингэж хэлсэн бэ?
Хэрэв израильчууд тулалдаанд ялбал: «Бид дайснаа өөрсдийн хүчээр яллаа. Ингэж ялахад Еховагийн тусламж хэрэггүй байлаа» гэж бодож магадгүй байв. Тийм учраас Ехова Гидеонд: «Айж байгаа хүмүүсийг гэрт нь буцаа» гэж хэлэв. Хэлсэн ёсоор болсонд 22 000 хүн гэр гэртээ буцав. Тийнхүү дайсны 135 000 цэрэгтэй байлдахаар ердөө л 10 000 хүн үлджээ.
Тэгтэл яасан гээч! Ехова: «Чиний хүмүүс бас л олон байна» гэж хэлэв. Тэгээд Гидеонд энэ горхиноос цэргүүддээ ус уулга гэлээ. Ус уруу тонгойн амаараа уусан хүмүүсийг гэрт нь буцаах ёстой байв. Ехова Гидеонд: «Ус уухдаа сонор сэрэмжтэй байсан 300 дайчныхаа хамт ялалт байгуулахад чинь би тусална» гэж амлав.
Тулалдах цаг боллоо. Гидеон 300 хүнээ гурван бүлэг болгон хуваав. Хүн бүрд эвэр бүрээ, дотроо дэнлүүтэй сав бариулав. Шөнө дунд болоход тэд дайсны хуаранг бүслэв. Дараа нь бүрээгээ зэрэг үлээн, савнуудаа хага цохиод: «Ехова ба Гидеоны илд!» хэмээн хашгиралдав. Дайсны цэргүүд сэрээд, сандран үймж, айн зугтацгаав. Израильчууд тулалдаанд ялжээ.
-
-
Иефтагийн амлалБиблийн тухай өгүүлдэг миний ном
-
-
ӨГҮҮЛЛЭГ 53
Иефтагийн амлалт
АМЛАЧИХААД амласнаа биелүүлэхэд хэцүү үе гарч байсан уу, чамд? Энэ зураг дээрх хүнд яг ийм явдал тохиолдоод, үүнээсээ болж гутарсан байна. Энэ хүн бол Израилийн зоригт шүүгч Иефта юм.
Израильчууд Еховаг шүтэхээ больсон тэр үед Иефта амьдарч байв. Тэд дахиад л муу юм хийдэг болжээ. Тийм учраас Ехова израильчуудыг дарлахыг аммончуудад зөвшөөрчээ. Тэгтэл израильчууд Еховад хандан: «Бид таны эсрэг нүгэл үйлдэв. Биднийг авраач!» хэмээн орь дуу тавин хашгирчээ.
Хүмүүс муу хэрэг хийсэндээ гэмшив. Гэмшсэнээ харуулж, Еховаг дахин шүтэж эхэллээ. Ехова ч тэдэнд туслав.
Ард олон өөдгүй муу аммончуудын эсрэг тулалдахдаа Иефтаг удирдагчаар сонгов. Энэ тулалдаанд Еховаг туслаасай гэж Иефта маш их хүсэж байлаа. Тийм учраас: «Хэрэв та аммончуудыг ялахад тусалбал намайг угтан гэрээс минь хамгийн түрүүнд гарч ирсэн хүнийг танд өгнө» хэмээн Еховад амлажээ.
Ехова Иефтагийн амлахыг сонсож, тулалдаанд ялахад нь ч тусалжээ. Иефтаг гэртээ харьж ирэхэд түүнийг угтахаар гэрээс нь анх гарч ирсэн хүн хэн байсныг чи мэдэх үү? Цорын ганц охин нь гараад иржээ. «Хөөрхий охин минь! Чи надад хэчнээн их гуниг авчрав даа. Гэвч би Еховад амлачихсан болохоор хэлснээсээ буцаж чадахгүй нь» гэж хэлээд уйлжээ.
Охин нь аавынхаа юу амласныг сонсоод, эхэндээ бас гуниглажээ. Яагаад гэвэл аавыгаа, найзуудаа орхиод явна гэхээр гунигтай байлаа. Гэвч Шилод байдаг Еховагийн асарт үйлчилж, бүх насаа өнгөрүүлэх тул аавдаа: «Нэгэнт та Еховад ам алдсан юм бол түүнийгээ биелүүлэх ёстой» гэж хэлэв.
Тэгээд Иефтагийн охин Шилод очиж, Еховагийн асарт үйлчилж, бүх насаа өнгөрөөжээ. Жил бүрийн дөрвөн өдрийг Израилийн бүсгүйчүүд түүнтэй уулзан баярлан өнгөрүүлдэг болжээ. Иефтагийн охин мөргөлийн асарт маш сайн үйлчилдэг байсан учраас ард олон түүнд хайртай байв.
-