-
Цуглаанд очихдоо цэвэр үзэмжтэй хувцасладгийн маань учир юу вэ?Еховагийн хүсэл тааллыг хэн биелүүлдэг вэ?
-
-
ХИЧЭЭЛ 8
Цуглаанд очихдоо цэвэр үзэмжтэй хувцасладгийн маань учир юу вэ?
Исланд
Мексик
Гвиней-Бисау
Филиппин
Та энэ товхимлын зурагнуудаас Еховагийн Гэрчүүд цуглаандаа явахдаа цэвэр үзэмжтэй хувцасладгийг анзаарсан байх. Бид яагаад хувцаслалт, гадаад байдалдаа ингэж их анхаардаг вэ?
Бурхнаа хүндэтгэдгээ харуулдаг. Бурхан хүний гадаад байдлаас илүү доторхыг анхаардаг (1 Самуел 16:7). Гэхдээ бид Бурхныг шүтэхээр цуглахдаа Бурхнаа, итгэл нэгтнүүдээ хүндэтгэдгээ харуулахыг чин сэтгэлээсээ хүсдэг. Шүүх хуралд оролцох хүн шүүгчийн байр суурийг хүндэтгэн гадаад байдлаа анхаарах нь лавтай. Үүнтэй адилаар, бид «Газар дэлхийн Шүүгч» Ехова Бурхнаа хүндэтгэж, шүтлэгийн газраа ариун гэж үздэг учир цуглаанд очихдоо гадаад байдлаа анхаардаг (Эхлэл 18:25).
Библийн зарчмын дагуу амьдардгаа харуулдаг. Библи христиануудад «даруу, түвшин» хувцаслахыг уриалдаг (1 Тимот 2:9, 10). «Даруу» хувцаслах гэдэг нь анхаарал татсан, ил задгай юм уу дур тачаал хөдөлгөх хувцас өмсөхгүй гэсэн үг. «Түвшин» хувцаслах гэдэг нь хайш яйш юм уу хэтэрхий загвар хөөсөн биш боловч үзэмжтэй сайхан хувцаслана гэсэн үг. Библийн эдгээр зарчим өмсөж зүүхээ сонгох эрх чөлөөг маань хааж боодоггүй бөгөөд христианууд нэг л хэв загвараар хувцасладаг юм биш ээ. Бид үзэмжтэй сайхан хувцаслаж, гадаад байдлаа анхаардаг учир «Аврагч Бурхны сургаалыг» үггүйгээр «чимэн», «Бурханыг алдаршуулдаг» (Тит 2:10, ШЕ; 1 Петр 2:12). Цуглаанд очихдоо хувцас, гадаад байдлаа анхаардаг маань хүмүүст Еховаг шүтэх шүтлэгийн талаар зөв ойлголттой болоход ач тустай.
Та хувцас хунартаа санаа зоволгүй цуглааны танхимд ирээрэй. Бид үнэтэй, ганган хувцас өмсөхийг чухалд үздэггүй, хамгийн гол нь зохистой, цэвэр цэмцгэр, даруу хувцаслахыг хичээдэг.
Бид Бурхнаа шүтэхдээ хувцас хунараа анхаарах нь хэр чухал бэ?
Бид хувцас хунар, гадаад байдлаа анхаарахдаа ямар ямар зарчмыг удирдлага болгодог вэ?
-
-
Цуглаанд яаж сайн бэлдэх вэ?Еховагийн хүсэл тааллыг хэн биелүүлдэг вэ?
-
-
ХИЧЭЭЛ 9
Цуглаанд яаж сайн бэлдэх вэ?
Камбож
Украин
Та Еховагийн Гэрчүүдтэй Библийн хичээл хийж байгаа бол үзэх материалаа урьдаас бэлддэг биз ээ. Илүү ихийг мэдэж авъя гэвэл цуглаанд ч урьдчилан бэлдэх нь сайн. Тогтмол бэлдэх хэвшилтэй байвал сайн үр дүнд хүрдэг.
Хэзээ, хаана бэлдэхээ шийдээрэй. Та хэзээ анхаарлаа хамгийн сайн төвлөрүүлж чаддаг вэ? Өглөө эрт, ажлаа эхлэхийн өмнө үү эсвэл оройн цагаар, хүүхдээ унтуулсныхаа дараа юу? Та олон цаг зарцуулах боломжгүй бол хэдий хэрийн цаг гаргаж чадахаа нарийн тооцож, тогтсон цагаа баримтлахын тулд чадах бүхнээ хийгээрэй. Хэн ч саад болохооргүй газар олж, радио, зурагт, гар утас гэх мэтийн анхаарал сарниулах зүйлийнхээ дууг нь хаах юм уу унтраагаарай. Бэлдэхийнхээ өмнө залбирах нь санаа зовоосон зүйлээ мартан Бурхны Үгэнд анхаарлаа төвлөрүүлэхэд тустай (Филиппой 4:6, 7).
Материалыг судлахдаа гол санааг нь тэмдэглэж, хариулахад бэлдээрэй. Эхлээд бэлдэж буй материалтайгаа ерөнхийд нь танилцаарай. Өөрөөр хэлбэл, тухайн бүлэг юм уу өгүүллийн гарчгийг үзээд жижиг гарчгууд тухайн сэдэвтэй ямар холбоотойг бодоорой. Бас зурагтай танилцаж, гол санааг онцолдог давтах асуултуудыг үзээрэй. Дараа нь догол мөрүүдийг уншиж, доор нь байдаг асуултын хариуг олоорой. Иш татаагүй Библийн зүйлүүдийг уншиж, үзэж буй материалтай ямар холбоотойг бодож үзээрэй (Үйлс 17:11). Асуултын хариу болох гол үгийн доогуур нь зурах юм уу тэмдэглэвэл цуглаан дээр хариуг нь санахад хялбар болно. Тэгээд та хүсвэл цуглаан дээр гараа өргөн өөрийнхөө үгээр товчхон хариулж болно.
Цуглааны сэдэв долоо хоног болгон өөр өөр байдаг. Та цуглаанд бэлдвэл «эрдэнэсийн сан» буюу Библийн мэдлэгээ арвижуулна (Матай 13:51, 52).
Цуглаанд бэлдэх ямар хэвшилтэй байж болох вэ?
Цуглаанд хариулахын тулд яаж бэлдэж болох вэ?
-
-
Гэр бүлийн хичээл гэж юу вэ?Еховагийн хүсэл тааллыг хэн биелүүлдэг вэ?
-
-
ХИЧЭЭЛ 10
Гэр бүлийн хичээл гэж юу вэ?
Өмнөд Солонгос
Бразил
Австрали
Гвиней
Ехова эрт дээр үеэс гэр бүлүүдийг сүнслэг байдлаа бэхжүүлж, бие биетэйгээ улам дотносохын тулд цагаа хамт өнгөрөөхийг уриалж ирсэн (Дэд хууль 6:6, 7). Тиймээс Еховагийн Гэрчүүд долоо хоног болгон гэр бүлээрээ хамтдаа хэрэгцээндээ тохируулан сүнслэг зүйлийг тайван орчинд ярилцах цаг гаргадаг. Ганц бие юм уу гэр бүлийнхэнтэйгээ хамт амьдардаггүй хүн ч гэсэн Еховатай дотносохын тулд цаг гарган сонирхсон сэдвээрээ Библийг бие даан судлах нь чухал.
Гэр бүлийн хичээл хийвэл Еховатай дотносно. «Бурханд ойртогтун. Тэгвэл Тэр та нарт ойртоно» (Иаков 4:8). Бид Еховагийн зан чанар, үйл хэргийнх нь талаар Библиэс нямбай судалдаг бол түүнийг илүү сайн таньж мэднэ. Гэр бүлийн хичээлийг хийж эхлэх энгийн арга бол Библийг хамтдаа унших явдал юм. Тухайлбал, Амьдрал, үйл хэрэг цуглааны хуваарийн дагуу Библийг хамтдаа чанга уншиж болно.Гэр бүлийн гишүүн бүрд унших хэсгийг хуваарилан өгч, дараа нь Библиэс сурч мэдсэнээ ярилцаж болно.
Гэр бүлийн хичээл хийвэл бие биетэйгээ дотносно. Гэр бүлээрээ Библийг хамтдаа судалбал нөхөр эхнэр, эцэг эх хүүхдүүдийн харьцаа улам дотносдог. Энэ хичээлийг баяр хөөртэй, халуун дулаан уур амьсгалтай, гэр бүлийн гишүүн бүрийн хүсэн хүлээдэг цаг болгох хэрэгтэй. Эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ насны онцлогт тохируулан «Харуулын цамхаг» сэтгүүл юм уу бусад ном хэвлэл эсвэл манай jw.org вэб сайтаас амьдралд нь хэрэгтэй материал сонгон ярилцаж болно. Бас сургууль дээр нь тулгардаг бэрхшээлийг яаж даван туулахыг ярилцаж болох юм. JW телевизийн хөтөлбөр (tv.jw.org) үзээд ярилцаж яагаад болохгүй гэж? Түүнээс гадна, цуглаан дээр дуулах дууг бэлдэх, хичээлийн дараа цай уух гэх зэргээр цагийг хамтдаа өнгөрөөж болно.
Долоо хоног болгон хамтдаа Еховаг шүтэхийн тулд тусгай цаг гаргадаг бол гэр бүлийн бүх гишүүн Бурхны Үгийг судлахын баяр хөөр эдэлнэ. Ехова ч танай гэр бүлийнхний гаргадаг хүчин чармайлтыг арвин ихээр ивээнэ (Дуулал 1:1–3).
Еховагийн Гэрчүүд яагаад гэр бүлийн хичээл хийх цаг гаргадаг вэ?
Эцэг эхчүүд гэр бүлийн хичээлийг бүх гишүүнд сонирхолтой болгохын тулд юу хийж болох вэ?
-