Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • Би баптисм хүртэх ёстой юу?—1-р хэсэг: Баптисмын утга учир
    Залуучуудын асуулт
    • Нэг залуу Еховагийн Гэрчүүдийн чуулганы үеэр усан санд баптисм хүртэж байна.

      ЗАЛУУЧУУДЫН АСУУЛТ

      Би баптисм хүртэх ёстой юу?—1-р хэсэг: Баптисмын утга учир

      Жил бүр Еховагийн Гэрч эцэг эхийн гар дээр өссөн олон хүүхэд залуус баптисм хүртдэг. Чи энэ алхмыг хийе гэж бодож байна уу? Хэрэв тийм бол эхлээд Бурханд өөрийгөө зориулах болон баптисмын утга учрыг ойлгох хэрэгтэй.

      • Баптисм гэж юу вэ?

      • Бурханд өөрийгөө зориулна гэж яахыг хэлдэг вэ?

      • Баптисм хүртэх нь яагаад чухал вэ?

      • Үе тэнгийнхэн чинь ямар бодолтой явдаг вэ?

      • Ташаа ойлголт ба үнэндээ бол

      Баптисм гэж юу вэ?

      Библид баптисм гэдэг үгээр зүгээр нэг ус цацуулах биш, бүтэн биеэрээ усанд шумбахыг хэлдэг бөгөөд энэ нь маш чухал зүйлийг бэлгэддэг.

      • Ус руу бүтэн биеэрээ орохдоо цаашид өөрийн хүслээр амьдрахаа болино гэдгээ харуулдаг.

      • Уснаас гарахдаа амьдралаа шинээр эхлэх буюу Бурхны хүслийг эн тэргүүнд тавьж амьдрахаа харуулдаг.

      Баптисм хүртсэнээр Ехова л зөв буруугийн хэм хэмжээг тогтоох эрхтэйг хүлээн зөвшөөрдгөө, мөн түүний хүслийг дуртайяа биелүүлж амьдрахаа амласнаа олон нийтэд албан ёсоор харуулдаг.

      Бодож үзээрэй. Еховад дуулгавартай байж амьдрах амлалтаа олон нийтийн өмнө илэрхийлэхийн учир юу вэ? 1 Ёохан 4:19 болон Илчлэл 4:11-ийг үзээрэй.

      Бурханд өөрийгөө зориулна гэж яахыг хэлдэг вэ?

      Баптисм хүртэхийнхээ өмнө чи Еховад өөрийгөө зориулах хэрэгтэй. Яаж?

      Еховад хандан ганцаарчлан залбирахдаа түүнд үүрд мөнх үйлчлэхээ болон юу ч тохиолдсон, мөн бусад нь юу ч хийж байсан түүний л хүслийг биелүүлж амьдрахаа амлана.

      Баптисм хүртэх нь Бурханд өөрийгөө зориулснаа олон нийтэд мэдэгдэж байгаа хэрэг юм. Үүгээрээ цаашид өөрийнхөө төлөө амьдрахаа больж, Еховагийнх болсон гэдгээ харуулдаг (Матай 16:24).

      Бодож үзээрэй. Чи Еховагийнх болсноор илүү жаргалтай амьдарна гэхийн учир юу вэ? Исаиа 48:17, 18 болон Еврей 11:6-г үзээрэй.

      Баптисм хүртэх нь яагаад чухал вэ?

      Шавь нь болъё гэвэл баптисм хүртэх шаардлагатайг Есүс хэлсэн (Матай 28:19, 20). Тиймээс Христийн өнөөгийн дагалдагчид ч энэ шаардлагыг хангах ёстой. Баптисм хүртэх нь аврагдахад зайлшгүй чухал гэж Библид бичжээ (1 Петр 3:21).

      Гэхдээ гол нь Еховаг хайрлах, талархах сэтгэлдээ хөтлөгдөн баптисм хүртэх учиртай. Чи дараах үгийг хэлсэн дуулалчтай адил хандлагатай байгаарай. «Надад өгсөн бүх ашиг тусынх нь төлөө Би ЭЗЭНд юугаар хариулах вэ? Би ... ЭЗЭНий нэр дээр дуудна. ... ЭЗЭНд тангарагласнаа биелүүлнэ» (Дуулал 116:12–14).

      Бодож үзээрэй. Ехова чиний төлөө юу хийсэн бэ? Ачийг нь хэрхэн хариулах вэ? Дэд хууль 10:12, 13 болон Ром 12:1-ийг үзээрэй.

      Үе тэнгийнхэн чинь ямар бодолтой явдаг вэ?

      Мижин.

      «Еховад өөрийгөө зориулах нь түүнд өгсөн маш чухал амлалт юм. Гэхдээ Еховад өөрийгөө зориулсан хүн ивээлээр дүүрэн амьдарна. Үнэндээ Ехова биднийг өөрсдөөс маань ч илүү анхаарч халамжилдаг»—Мижин.

      Эмбэр.

      «Ехова чамайг хайрладгаа аль хэдийн харуулсан. Харин чи баптисм хүртсэнээрээ түүнийг чин зүрхнээсээ хайрладгаа харуулна. Энэ нь маш том завшаан бөгөөд энэхүү алхмыг хийвэл арвин их ивээл хүртэнэ!»—Эмбэр.

      Жулиан.

      «Бурханд өөрийгөө зориулж баптисм хүртэх нь хүний амьдралдаа гаргах хамгийн чухал шийдвэр юм. Гэхдээ зүрхшээх хэрэггүй. Хэрэв чи бэлэн болсон бөгөөд зөв шалтгаанаар ийн шийдсэн бол хамгийн сайн шийдвэр гаргалаа гэсэн үг»—Жулиан.

      Ташаа ойлголт ба үнэндээ бол

      ТАШАА ОЙЛГОЛТ — Насанд хүрч байж л төлөвшиж баптисм хүртдэг.

      ҮНЭНДЭЭ БОЛ — Төлөвших нь хэдэн настай байхаас хамаарахгүй. Харин Еховаг хайрлах хайр болон дуртайяа түүнд дуулгавартай байхаас шалтгаалдаг. Иосеф, Самуел, Иосиа нар бага залуугаасаа ийнхүү төлөвшсөн байжээ. Өнөөдөр ч тэдэн шиг төлөвшсөн хүүхэд залуус олон бий.

      Библид ингэж байдаг. «Хүүхэд ч үйлдлээрээ, цэвэр хийгээд зөв шулууныг үйлдэх эсэхээрээ танигдана» (Сургаалт үгс 20:11, АБН, 2013).

      ТАШАА ОЙЛГОЛТ — Найзууд чинь баптисм хүртсэн бол чи ч хүртэх ёстой.

      ҮНЭНДЭЭ БОЛ — Бурханд өөрийгөө зориулж баптисм хүртэх нь чин сэтгэлээсээ хүсээд гаргах хувь хүний шийдвэр юм. Энэ нь тодорхой насанд хүрэхээрээ том хүн болсноо харуулах гэж үйлддэг ёс заншил биш. Бас бусдыг дуурайж юм уу бусдын хүсэлд нийцүүлэх гэж хийдэг үйлдэл ч биш.

      Библид ингэж байдаг. «[Бурхны] ард түмэн ... сайн дураараа үйлчлэх болно» (Дуулал 110:3).

      ТАШАА ОЙЛГОЛТ — Баптисм хүртээгүй бол хийсэн үйлдэлдээ хариуцлага хүлээхгүй.

      ҮНЭНДЭЭ БОЛ — Чи баптисм хүртээд бус, Еховагийн тогтоосон зөв буруугийн хэм хэмжээг мэддэг болсон бол Еховагийн өмнө хариуцлага хүлээнэ.

      Библид ингэж байдаг. «Зөвийг үйлдэхээ мэддэг хэрнээ үйлддэггүй бол энэ нь нүгэл юм» (Яаков 4:17).

      Зөвлөгөө: Бурханд өөрийгөө зориулж баптисм хүртээд хариуцлага хүлээнэ гэхээс зүрхшээдэг бол яагаад айдас төрдөг болон үүнийг хэрхэн давахыг бодож үзээрэй. Ингэхийн тулд яахыг «Залуучуудын асуулт. Ашигтай зөвлөгөө» 2-р дэвтрийн 37-р бүлгээс уншаарай.

      Дүгнэлт: Баптисм хүртэх нь яагаад чухал вэ?

      • Есүс шавь нараа баптисм хүртэх ёстой гэсэн.

      • Аврагдахын тулд баптисм хүртэх нь чухал.

      • Өөрийгөө зориулж, баптисм хүртээд Еховад үйлчлэх нь маш том завшаан билээ.

  • Би баптисм хүртэх ёстой юу?—2-р хэсэг: Баптисм хүртэхэд бэлдэх нь
    Залуучуудын асуулт
    • Нэг охин Библи болон Библид үндэслэсэн ном хэвлэл ашиглан баптисмын тухай судалж байна.

      ЗАЛУУЧУУДЫН АСУУЛТ

      Би баптисм хүртэх ёстой юу?—2-р хэсэг: Баптисм хүртэхэд бэлдэх нь

      Хэрэв чи Библийн хэм хэмжээг баримталж, Бурхантай дотносож байгаа бол баптисм хүртэх талаар бодож байгаа нь ойлгомжтой. Энэ алхмыг хийхэд бэлэн гэдгээ яаж мэдэх вэ?a

      Энэ өгүүлэлд:

      • Хэр их мэдлэгтэй байх хэрэгтэй вэ?

      • Ямар байх ёстой вэ?

      • Үе тэнгийнхэн чинь ямар бодолтой явдаг вэ?

      Хэр их мэдлэгтэй байх хэрэгтэй вэ?

      Баптисм хүртэх бэлтгэл хангахад шалгалтад бэлддэг шиг бүх юмыг цээжлэх шаардлагагүй. Харин Библи үнэнийг заадаг гэдэгт итгэх итгэлээ батжуулахын тулд «оюун ухаанаа дайчлах» хэрэгтэй (Ром 12:1). Жишээлбэл:

      • Бурхан байдаг бөгөөд түүнийг шүтэх ёстой гэдэгт чи итгэдэг үү?

        Библид ингэж байдаг. «Бурхныг шүтэхээр ойртон очдог хэн боловч Бурхан байдаг гэдэгт, өөрийг нь цөхрөлтгүй хайдаг хүнийг шагнадаг гэдэгт итгэх ёстой» (Еврей 11:6).

        Өөрөөсөө асуугаарай. «Би яагаад Бурханд итгэдэг вэ?» (Еврей 3:4). «Яагаад түүнийг шүтэх ёстой вэ?» (Илчлэл 4:11).

        Тусламж: «Бүтээгдсэн үү? Хар аяндаа бий болсон уу? 1-р хэсэг: Бурхан байдаг гэдэгт яагаад итгэх хэрэгтэй вэ?» гэсэн өгүүллийг үзээрэй.

      • Библи бол Бурхны Үг гэдэгт чи итгэдэг үү?

        Библид ингэж байдаг. «Судар бүрийг Бурхан бичүүлсэн. Судар бүр заах, зэмлэх, залруулах, шударга сайн хэм хэмжээнд нийцүүлэн сахилгажуулахад тустай» (2 Тимот 3:16).

        Өөрөөсөө асуугаарай. «Библид хүний бус, Бурхны санааг бичсэн гэдэгт би яагаад итгэдэг вэ?» (Исаиа 46:10; 1 Тесалоник 2:13).

        Тусламж: «Библи надад тустай ном уу?—1-р хэсэг: Библиэсээ эрэл хайгуул хийгээрэй» гэсэн өгүүллийг үзээрэй.

      • Ехова байгууллагаараа дамжуулан хүсэл тааллаа биелүүлдэг гэдэгт чи итгэдэг үү?

        Библид ингэж байдаг. «[Бурхан] хурал болон Христ Есүсээр дамжин үүрд мөнх алдарших болтугай» (Эфэс 3:21).

        Өөрөөсөө асуугаарай. «Цуглаан дээр Библиэс сурч мэдсэнээ би хүний санаа гэж боддог уу, Еховагийн санаа гэж боддог уу?» (Матай 24:45). «Аав ээж минь цуглаанд явахгүй байсан ч (намайг ганцаараа явахыг зөвшөөрвөл) би явах уу?» (Еврей 10:24, 25).

        Тусламж: «Яагаад цуглаанд очих хэрэгтэй вэ?» гэсэн өгүүллийг үзээрэй.

      Ямар байх ёстой вэ?

      Баптисм хүртэхийн тулд төгс байх шаардлагагүй. Харин «бузар муугаас салж, сайныг үйлдэхийг» үнэхээр хүсдэгээ харуулах ёстой (Дуулал 34:14). Жишээлбэл:

      • Чи Еховагийн хэм хэмжээний дагуу амьдардаг уу?

        Библид ингэж байдаг. «Хүний мөсөөр сайн бай» (1 Петр 3:16).

        Өөрөөсөө асуугаарай. «Би “оюун ухаанаа байнга дайчлан зөв бурууг ялгаж сурснаа” яаж харуулдаг вэ?» (Еврей 5:14). «Буруу юм хийлгэх гэсэн үеийнхнийхээ дарамт шахалтыг эсэргүүцсэн тохиолдол надад байгаа юу? Би зөв юм хийхийг уриалдаг хүнтэй найзалдаг уу?» (Сургаалт үгс 13:20).

        Тусламж: «Мөс чанараа яаж сургах вэ?» гэсэн өгүүллийг үзээрэй.

      • Чи хийсэн үйлдлийнхээ хариуцлагыг Еховагийн өмнө хүлээнэ гэдгээ ойлгодог уу?

        Библид ингэж байдаг. «Бидний хүн бүр тайлангаа Бурханд өгнө» (Ром 14:12).

        Өөрөөсөө асуугаарай. «Би өөрийгөө хэр шударгаар дүгнэдэг вэ? Бусдад хэр зэрэг шударга ханддаг вэ?» (Еврей 13:18). «Би алдаагаа хүлээн зөвшөөрдөг үү, нуухыг оролддог уу, эсвэл бусдад тохдог уу?» (Сургаалт үгс 28:13).

        Тусламж: «Алдаа гаргавал яах вэ?» гэсэн өгүүллийг үзээрэй (англи).

      • Чи Еховатай улам дотносохыг хичээдэг үү?

        Библид ингэж байдаг. «Бурхантай ойр дотно бол. Тэгвэл тэрээр та нартай дотно болно» (Яаков 4:8).

        Өөрөөсөө асуугаарай. «Би Еховатай дотносохын тулд юу юу хийдэг вэ?» Жишээ нь «Библиэ тогтмол уншдаг уу?» (Дуулал 1:1, 2). «Байнга залбирдаг уу?» (1 Тесалоник 5:17). «Хэр тодорхой залбирдаг вэ? Еховагийн найзуудтай би найзалж нөхөрлөдөг үү?» (Дуулал 15:1, 4).

        Тусламж: «Библи надад тустай ном уу?—2-р хэсэг: Библи унших сонирхолтой аргууд», «Би яагаад залбирах хэрэгтэй вэ?» гэсэн өгүүллүүдийг үзээрэй.

      ЗӨВЛӨГӨӨ: Баптисм хүртэхэд бэлдэхдээ «Залуучуудын асуулт. Ашигтай зөвлөгөө» 2-р дэвтрийн 37-р бүлгийг уншаарай. Ялангуяа 308, 309-р хуудсанд буй дасгал ажил тустай (англи).

      a Бурханд өөрийгөө зориулж, баптисм хүртэхийн утга учир болон ингэх нь яагаад чухал болохыг «Би баптисм хүртэх ёстой юу?—1-р хэсэг» өгүүллээс уншаарай.

      Үе тэнгийнхэн чинь ямар бодолтой явдаг вэ?

      Габриелла.

      «Баптисм хүртэхээсээ өмнө юуг сайжруулах хэрэгтэйгээ олж мэдэхэд “Залуучуудын асуулт” номд буй баптисмын тухай дасгал ажил их тус болсон. Мөн баптисм хүртсэнийхээ дараа биелүүлж болох зорилгууд тавихад тустай байсан. Еховад өөрийгөө зориулах нь их хариуцлагатай алхам ч хүнд олдож болох хамгийн том завшаан юм»—Габриелла.

      Калеб.

      «Библид “Заалгаж сурсан болон итгэдэг болсон зүйлээ санаж, баримталж бай” гэсэн Тимотод хэлсэн үг бий» (2 Тимот 3:14). «Мэдэж авсан зүйл чинь үнэн гэдэгт итгэдэг болтлоо Бурхны Үгийг цаг зав гарган судлаарай. Чи өөрийгөө хүнд бус, Еховад зориулна. Тиймээс баптисм хүртэх талаар бодохдоо гол нь Еховад ямар санагдахыг анхаараарай»—Калеб.

      Дүгнэлт: Баптисм хүртэхэд би хэрхэн бэлдэх вэ?

      Итгэлээ шалгаарай. Бурхан үнэхээр байдаг бөгөөд шүтүүлэх зохистой Нэгэн, Библи бол Бурхны бичүүлсэн Үг, Ехова байгууллагаараа дамжуулан хүсэл тааллаа биелүүлдэг гэдэгт чи бат итгэдэг үү?

      Үйл хэргээ шалгаарай. Еховагийн хэм хэмжээний дагуу амьдардаг уу? Хийсэн үйлдлийнхээ хариуцлагыг Еховагийн өмнө хүлээнэ гэдгээ ойлгодог уу? Еховатай улам дотносохыг хичээдэг үү?

  • Би баптисм хүртэх ёстой юу?—3-р хэсэг: Би яагаад хойшлуулдаг вэ?
    Залуучуудын асуулт
    • Нууранд баптисм хүртэж буй эрэгтэйг хүмүүс тавцан дээрээс харж байна.

      ЗАЛУУЧУУДЫН АСУУЛТ

      Би баптисм хүртэх ёстой юу?—3-р хэсэг: Би яагаад хойшлуулдаг вэ?

      Чи Еховад өөрийгөө зориулж, баптисм хүртэнэ гэж бодохоор айж байна уу? Тийм бол айдсаа ялахад энэ өгүүлэл тус болно.

      Энэ өгүүлэлд:

      • «Би баптисм хүртсэнийхээ дараа ноцтой алдаа гаргачихвал яах вэ?»

      • «Би баптисм хүртсэнийхээ дараа үйлчлэлээ өргөжүүлж чадахгүй байх»

      • «Би Еховад үйлчлэх зохисгүй хүн»

      • Үе тэнгийнхэн чинь ямар бодолтой явдаг вэ?

      «Би баптисм хүртсэнийхээ дараа ноцтой алдаа гаргачихвал яах вэ?»

      Ингэж бодохын учир: Чи хэн нэгнийг ноцтой нүгэл үйлдээд хурлаас хасагдсаныг мэддэг байж болох юм (1 Коринт 5:11–13). Тэгээд чамд ч бас ийм юм тохиолдох вий гэж санаа зовж байж магадгүй.

      «Би анх баптисм хүртэх талаар бодохдоо том алдаа гаргачихвал яана аа гэж их айж байсан. Хэрэв тэгвэл аав ээж минь хэчнээн их шаналах бол гэж бодсон»—Ребека.

      Библийн гол зүйл: «Хилэнцтэн нь өөрийн замаа ... орхиод, ЭЗЭН уруу эргэх болтугай. Түүнийг Тэр өрөвдөнө. Бидний Бурхан уруу эргэгтүн. Учир нь Тэр өгөөмрөөр уучилна» (Исаиа 55:7).

      Бодож үзээрэй. Ноцтой нүгэл үйлдээд гэмшээгүй хүн хурлаас хасагддаг. Харин даруу байн гэмшиж, сахилгажуулалтыг хүлээж авбал Ехова өршөөнө (Дуулал 103:13, 14; 2 Коринт 7:11).

      Түүнээс гадна, чи төгс бус ч гэлээ Бурхны тусламжтайгаар хорхой хүргэм зүйлийг тэвчиж чадна (1 Коринт 10:13). Чи өөрөө л яахаа шийднэ.

      «Би баптисм хүртсэнийхээ дараа ноцтой нүгэл үйлдвэл яана аа гэж айж байсан. Харин ингэж бодоод баптисм хүртэхээ хойшлуулах нь буруу гэдгийг ойлгосон. Ирээдүйд тохиолдож болзошгүй зүйлээс айж, хийх ёстой юмаа хойшлуулах ёсгүйг ухаарсан»—Карен.

      Хамгийн гол нь: Еховагийн ихэнх үйлчлэгчийн адилаар, чи ноцтой нүгэл үйлдэхгүй гэж бат шийдвэл шийдсэнийхээ дагуу байж чадна (Филиппой 2:12).

      Тусламж: «Хорхой хүргэм зүйлийг хэрхэн тэвчих вэ?» өгүүллийг үзээрэй (англи).

      «Би баптисм хүртсэнийхээ дараа үйлчлэлээ өргөжүүлж чадахгүй байх»

      Ингэж бодохын учир: Жишээ нь, Еховад илүү их үйлчлэхийн тулд гэр бүл, найз нөхдөө орхиод хол газарт нүүж очсон залуусыг чи мэддэг байх. Тэгээд чамайг ч бас ингэнэ гэж хүмүүс бодож байгаа гээд санаа чинь зовж байж магадгүй.

      «Баптисм хүртвэл Еховад илүү олон аргаар үйлчлэх үүд хаалга нээгддэг. Гэхдээ зарим нь өөрийгөө бэлэн биш, одоогийн нөхцөл байдал тохиромжгүй гэж боддог»—Мэри.

      Библийн гол зүйл: «Харин хүн бүр үйл хэргээ шалгаг. Тэгвэл өөрийгөө бусадтай харьцуулахгүй, өөрийнхөө үйлсэд баярлана» (Галат 6:4).

      Бодож үзээрэй. Өөрийгөө бусадтай харьцуулахын оронд Марк 12:30-д байдаг «Бүхий л зүрх[ээрээ] ... Ехова Бурхнаа хайрла» гэсэн үгийг тунгаан бодоорой.

      Бусдын яаж үйлчилж буйг бус, чи өөрөө л Еховад бүх зүрхээрээ үйлчлэх ёстойг анхаараарай. Еховаг чин сэтгэлээсээ хайрладаг бол өөрийнхөө л чадах хамгийн сайн аргаар түүнд үйлчилнэ.

      «Баптисм бол чухал алхам ч гэсэн хүнд дарамт биш. Сайн найзуудтай болбол тэд чамд тусална. Аажмаар үйлчлэлээ өргөжүүлснээр илүү аз жаргалтай болно. Баптисм хүртэхээ хойшлуулаад байх нь чамд л муу»—Жулиа.

      Хамгийн гол нь: Еховагийн чамд илэрхийлсэн хайранд талархах сэтгэлээ лавшруулаарай. Ингэвэл түүнд хамгийн сайныгаа өгөх хүсэлтэй болно (1 Ёохан 4:19).

      Тусламж: «Би хэр хариуцлагатай хүн бэ?» өгүүллийг үзээрэй (англи).

      «Би Еховад үйлчлэх зохисгүй хүн»

      Ингэж бодохын учир: Ехова бол орчлонт ертөнцийн хэмжээгүй эрхт Эзэн. Түүнтэй харьцуулахад хүмүүс бол юу ч биш! Ер нь намайг байдгийг Ехова мэддэг юм болов уу гэж чамд бодогдож болох юм.

      «Аав ээж минь Гэрч учраас Еховатай тогтоосон харьцааг тэднээс “өвлөөд” авчихсан, Ехова намайг татаагүй гэж бодоод санаа зовдог байв»—Натали.

      Библийн гол зүйл: «Намайг илгээсэн Эцэг татахгүй л бол хэн ч намайг дагахгүй» (Ёохан 6:44).

      Бодож үзээрэй. Чи баптисм хүртэх талаар бодож байгаа гэдэг нь Ехова чамтай улам дотносохыг хүсэж буйн илрэл байж болох юм. Энэ урилгыг чи хүлээж авахгүй гэж үү?

      Ехова хэнийг татахаа өөрөө л шийддэгийг бас санаарай. Чамаар ч, өөр хэнээр ч шийдүүлэхгүй. Мөн «Бурхантай ойр дотно бол. Тэгвэл тэрээр та нартай дотно болно» гэж Бурхны Үг чамд батлан хэлдэг (Яаков 4:8).

      «Чи Еховаг мэдэж түүнтэй дотноссон нь тэрбээр чамайг хайрладгийн баталгаа юм. Тиймээс Еховад үйлчлэх зохисгүй хүн гэж бодогдвол тэрбээр ингэж боддоггүйг өөртөө сануулаарай. Тэгээд ч үргэлж Еховагийн зөв байдаг шүү»—Селина.

      Хамгийн гол нь: Чи баптисм хүртэх Библийн шаардлагыг хангасан нь Еховад үйлчлэх эрхтэй болж байгаа хэрэг. Үүгээр зогсохгүй үйлчлэх ч ёстой, алдаршуулах ч учиртай (Илчлэл 4:11).

      Тусламж: «Би яагаад залбирах хэрэгтэй вэ?» өгүүллийг уншаарай.

      Үе тэнгийнхэн чинь ямар бодолтой явдаг вэ?

      Скай.

      «Бүтэлгүйтнэ байх гэж айгаад баптисм хүртэхээ хойшлуулж болохгүй. Үүнийг гүйлтийн тэмцээнтэй жишиж үзье. Бүдэрч унах байх гэж бодоод тэмцээнд оролцохгүй байж болно л доо. Гэхдээ ойчсон хүн босоод л цаашаа гүйдэг. Ер нь гараанаас гарахгүй бол барианд хэзээ ч орохгүй»—Скай.

      Винисио.

      «Осолд орохоос айгаад жолооны үнэмлэх авахгүй гэдэггүй шүү дээ. Баптисм хүртэх нь үүнтэй адил. Ямар нэг муу юм болох байх гэж санаа зовохын оронд Еховатай тогтоосон харьцаагаа батжуулахыг анхаарах ёстой»—Винисио.

      Дүгнэлт: Би яагаад баптисм хүртэхээ хойшлуулдаг вэ?

      • Ноцтой алдаа гаргахаас айх. Еховагийн ихэнх үйлчлэгчийн адилаар, чи ноцтой нүгэл үйлдэхгүй гэж бат шийдвэл шийдсэнийхээ дагуу байж чадна.

      • Үйлчлэлээ өргөжүүлж чадахгүй байх гэж бодох. Еховагийн чамд илэрхийлсэн хайранд талархах сэтгэлээ лавшруулаарай. Ингэвэл түүнд хамгийн сайныгаа өгөх хүсэлтэй болно.

      • Өөрийгөө зохисгүй хүн гэж бодох. Чи баптисм хүртэх Библийн шаардлагыг хангасан нь Еховад үйлчлэх эрхтэй болж байгаа хэрэг. Үүгээр зогсохгүй үйлчлэх ч ёстой, алдаршуулах ч учиртай.

Монгол хэвлэл (1995-2025)
Гарах
Нэвтрэх
  • монгол
  • Хуваалцах
  • Тохиргоо
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Үйлчилгээний нөхцөл
  • Үйлчилгээний нөхцөл
  • Нууцлалын тохиргоо
  • JW.ORG
  • Нэвтрэх
Хуваалцах