Хоёрдугаар хаад
15 Израйлын Иеробоам* хааны 27 дугаар онд Иудагийн Амазиа* хааны хүү Азариа хаан болов. 2 Тэрбээр 16 насандаа хаан болж, Иерусалимд 52 жил төр барьжээ. Эх нь Иерусалимынх бөгөөд нэрийг нь Иеколиа гэдэг. 3 Азариа эцэг Амазиа шигээ Еховагийн зөв гэж үздэг зүйлсийг үйлдсээр байв. 4 Гэвч мөргөлийн өндөрлөгүүд зайлуулагдсангүй. Ард олон мөргөлийн өндөрлөгүүд дээр тахил өргөж, тахилын утаа суунаглуулсаар байлаа. 5 Хаанд Ехова уяман өвчин тусгасан бөгөөд хаан үхэн үхтлээ уяман өвчтэй байсан юм. Тэрбээр тусдаа байшинд амьдарч байв. Тэр үед хүү Иотам нь ордныг хариуцаж, ард олныг шүүж байлаа. 6 Азариагийн бусад түүх, хийж бүтээсэн бүхэн нь Иудагийн хаадын түүхийн номд бичигдээгүй гэж үү? 7 Азариа эцэг өвгөдийнхөө нэгэн адил нойрсож, түүнийг Давидын хотод, эцэг өвгөдийнх нь булшинд оршуулжээ. Түүний оронд хүү Иотам нь хаан болсон юм.
8 Иудагийн хаан Азариагийн 38 дугаар онд Иеробоамын хүү Зехариа Самарид Израйлын хаан болж зургаан сар төр барьжээ. 9 Тэрбээр эцэг өвгөд шигээ Еховагийн бузар муу гэж үздэг зүйлсийг хийв. Тэрбээр Израйлаар нүгэл үйлдүүлсэн Небатын хүү Иеробоамын нүглийг үйлдсээр байлаа. 10 Дараа нь Иабешийн хүү Шаллум түүний эсрэг хуйвалдаж, Иблеамд хөнөөгөөд оронд нь хаан болжээ. 11 Зехариагийн бусад түүх Израйлын хаадын түүхийн номд бичигдсэн билээ. 12 Ийнхүү Еховагийн Иехүд хандан «Чиний үр удам дөрвөн үеэрээ Израйлын хаан сэнтийд сууна» гэж айлдсан үг биелжээ.
13 Иудагийн хаан Уззиагийн 39 дүгээр онд Иабешийн хүү Шаллум хаан болж Самарид нэг сар төр барив. 14 Дараа нь Гадигийн хүү Менахем Тирзагаас Самарид ирж Самари дахь Иабешийн хүү Шаллумыг хөнөөгөөд оронд нь хаан болжээ. 15 Шаллумын бусад түүх, хэрхэн хуйвалдаан зохиосон нь Израйлын хаадын түүхийн номд бичигдсэн билээ. 16 Тирзагаас ирсэн Менахем Тифса руу довтолж доторх болон эргэн тойрных нь бүх нутгийн хүнийг хөнөөжээ. Учир нь тэд дааман хаалгануудаа тайлж өгөөгүй юм. Ийнхүү тэрбээр Тифсаг сүйрүүлж, жирэмсэн эмэгтэйчүүдийнх нь гэдсийг ярсан юм.
17 Иудагийн хаан Азариагийн 39 дүгээр онд Гадигийн хүү Менахем Израйлын хаан болж Самарид 10 жил төр барьжээ. 18 Тэрбээр Еховагийн бузар муу гэж үздэг зүйлсийг хийсээр байсан юм. Менахем насан туршдаа Израйлаар нүгэл үйлдүүлсэн Небатын хүү Иеробоамын нүглийг үйлдсээр байв. 19 Ассирийн хаан Пулыг газар нутаг руу нь халдахад Менахем хаан түүнийг өөрт нь туслан хаант төрийг нь батжуулна гэж үзээд 1 000 мөнгөн талант* өгчээ. 20 Тэгэхдээ нэр нөлөөтэй, чинээлэг израйл эр бүрээс 50 мөнгөн шекел* гаргуулж Ассирийн хаанд өгчээ. Тиймээс Ассирийн хаан уг нутгийг орхиж буцав. 21 Менахемын бусад түүх, хийж бүтээсэн бүхэн нь Израйлын хаадын түүхийн номд бичигдээгүй гэж үү? 22 Менахем эцэг өвгөдийнхөө нэгэн адил нойрсож, оронд нь хүү Пекахиа нь хаан болжээ.
23 Иудагийн хаан Азариагийн 50 дугаар онд Менахемын хүү Пекахиа Самарид Израйлын хаан болж, хоёр жил төр барив. 24 Тэрбээр Еховагийн бузар муу гэж үздэг зүйлсийг хийсээр байлаа. Израйлаар нүгэл үйлдүүлсэн Небатын хүү Иеробоамын нүглийг ч үйлдсээр байв. 25 Ремалиагийн хүү, түшмэл Пека нь Пекахиагийн эсрэг хуйвалдаж Аргоб, Арие тэр гурвыг* Самарид хааны ордны бэхлэлт бүхий цамхагт хөнөөжээ. Пекагийн хамт гилеадчуудаас 50 эрс байсан бөгөөд тэрбээр Пекахиаг алж оронд нь хаан болов. 26 Пекахиагийн бусад түүх, хийж бүтээсэн бүхэн нь Израйлын хаадын түүхийн номд бичигдсэн билээ.
27 Иудагийн хаан Азариагийн 52 дугаар онд Ремалиагийн хүү Пека Самарид Израйлын хаан болж, 20 жил төр барив. 28 Тэрбээр Еховагийн бузар муу гэж үздэг зүйлсийг хийсээр байлаа. Израйлаар нүгэл үйлдүүлсэн Небатын хүү Иеробоамын нүглийг ч үйлдсээр байв. 29 Пекаг Израйлын хаан байх үед Ассирийн хаан Тиглат-пилесер довтолж Ион, Абел-бет-маака, Ианоа, Кедеш, Хазор, Гилеад, Нафталийн бүх нутаг буюу Галилыг эзэлж, оршин суугчдыг нь Ассири луу цөллөгт авч явав. 30 Дараа нь Елагийн хүү Хошеа Ремалиагийн хүү Пекагийн эсрэг хуйвалдаан зохиож, хөнөөгөөд оронд нь хаан болов. Энэ нь Уззиагийн хүү Иотам хааны 20 дугаар он байлаа. 31 Пекагийн бусад түүх, хийж бүтээсэн бүхэн нь Израйлын хаадын түүхийн номд бичигдсэн билээ.
32 Израйлын хаан Ремалиагийн хүү Пекагийн хоёрдугаар онд Иудагийн хаан Уззиагийн хүү Иотам хаан болов. 33 Тэрбээр 25 насандаа хаан болж, Иерусалимд 16 жил төр барьжээ. Эх нь Задокийн охин Иеруша юм. 34 Тэрбээр эцэг Уззиа шигээ Еховагийн зөв гэж үздэг зүйлсийг үйлдсээр байлаа. 35 Гэвч мөргөлийн өндөрлөгүүд зайлуулагдсангүй. Ард олон мөргөлийн өндөрлөгүүд дээр тахил өргөж, тахилын утаа суунаглуулсаар байв. Тэрбээр Еховагийн өргөөний дээд дааман хаалгыг босгосон юм. 36 Иотамын бусад түүх, хийж бүтээсэн бүхэн нь Иудагийн хаадын түүхийн номд бичигдээгүй гэж үү? 37 Ехова тэр үеэс Сирийн хаан Резин, Ремалиагийн хүү Пекаг Иуда руу довтлуулах болжээ. 38 Иотам эцэг өвгөдийнхөө нэгэн адил нойрсож, түүнийг өвөг эцэг Давидынх нь хотод, эцэг өвгөдийнх нь булшинд оршуулсан юм. Оронд нь хүү Ахаз нь хаан болов.