Хоёрдугаар хаад
12 Иехүгийн долдугаар онд Иехоаш хаан болж Иерусалимд 40 жил төр барив. Эх нь Беершебагийн хүн бөгөөд нэрийг нь Зибиа гэдэг. 2 Иехоаш тахилч Иехоиадаг өөрт нь зааж зааварлаж байх үед Еховагийн зөв гэж үздэг зүйлсийг үйлдсээр байв. 3 Гэвч мөргөлийн өндөрлөгүүд зайлуулагдсангүй. Ард олон мөргөлийн өндөрлөгүүд дээр тахил өргөж, тахилын утаа суунаглуулсаар байлаа.
4 Иехоаш тахилчдад «Та нар хүмүүсийн ариун өргөл болгон Еховагийн өргөөнд авчрах бүх мөнгийг хүлээж ав. Тэдгээр нь хүн бүрийн өгөх ёстой хандив, тангараг өргөх хүмүүсийн мөнгө*, зүрх сэтгэлээсээ өгөхийг хүсээд Еховагийн өргөөнд авчрах мөнгө юм. 5 Тахилчид хүмүүсийн өргөх хандивыг өөрийн биеэр авч өргөөнд гарсан эвдрэлийг засахад зарцуулна» гэж хэлжээ.
6 Иехоаш хааны 23 дугаар он гэхэд тахилчид өргөөний эвдрэлийг засаагүй л байлаа. 7 Иймд Иехоаш хаан тахилч Иехоиада болон бусад тахилчийг дуудаад «Та нар яагаад өргөөний эвдрэлийг засахгүй байгаа юм бэ? Засахгүй юм бол цаашдаа хүмүүсээс хандив битгий ав» гэв. 8 Ингээд тахилчид ард олноос мөнгө авахгүй, мөн өргөөний засварт ч оролцохгүй байхаар болжээ.
9 Дараа нь тахилч Иехоиада нэг авдар авч, таганд нь нүх гаргаад Еховагийн өргөөнд орж ирж буй хүний баруун талд байхаар буюу тахилын ширээний хажууд тавив. Үүдэнд харуул манааны үүрэг гүйцэтгэдэг тахилч нар хүмүүсийн Еховагийн өргөө рүү авчирсан бүх мөнгийг тэр авдарт хийдэг болжээ. 10 Авдран дахь мөнгө ихсээд ирэхээр хааны бичээч, тэргүүн тахилч хоёр очоод Еховагийн өргөөнд зориулж хүмүүсийн өгсөн мөнгийг авч* тоолдог байв. 11 Тэд тоолсон мөнгөө Еховагийн өргөөний ажил хариуцагчдад өгдөг байлаа. Тэгэхэд нь ажил хариуцагчид тэр мөнгийг Еховагийн өргөөнд ажилладаг мужаанууд болон барилгачдын хөлсөнд өгдөг байжээ. 12 Мөн чулуучид, чулуу засагчдад ч өгдөг байлаа. Тэд бас тэр мөнгийг Еховагийн өргөөний эвдрэлийг засварлахад хэрэгтэй банз дүнз, зассан чулууны төлбөр, өргөөний засварт шаардлагатай бусад зардалд зориулдаг байв.
13 Гэхдээ мөнгөн сав, дэнгийн гол таслах хайч, аяга, жижиг сав, бүрээ гээд Еховагийн өргөөний ямар ч алт мөнгөн эдлэл хийхэд Еховагийн өргөөнд зориулагдсан мөнгийг зарцуулаагүй юм. 14 Тэр мөнгийг тэд ажил хийж байсан хүмүүст л өгсөн бөгөөд түүгээр нь тэд Еховагийн өргөөг засварлажээ. 15 Ажилчдад хөлсийг нь өгдөг ажил хариуцагчид итгэмжтэй байсан тул тэднээс тайлан тооцоо шаарддаггүй байв. 16 Харин гэмийн төлөөх тахилын мөнгө, нүглийн төлөөх тахилын мөнгийг Еховагийн өргөөний эвдрэлийг засварлахад зарцуулдаггүй байлаа. Тэр нь тахилчийнх болдог байв.
17 Тэр үед Сирийн хаан Хазаел Гат руу явж тулалдаад эзэлж авав. Тэгээд Иерусалим руу довтлохоор шийджээ. 18 Тэгэхэд нь Иудагийн хаан Иехоаш эцэг өвгөд нь болох Иудагийн хаан Иехошафат, Иехорам, Ахазиа нарынхаа өргөсөн бүх ариун өргөл, бас өөрийнхөө өргөсөн ариун өргөлүүд, Еховагийн өргөө болон хааны ордны эрдэнэсийн сангуудын бүх алтыг Сирийн хаан Хазаел руу илгээв. Тиймээс Хазаел Иерусалимыг орхин явжээ.
19 Иехоашийн бусад түүх, хийж бүтээсэн бүхэн нь Иудагийн хаадын түүхийн номд бичигдээгүй гэж үү? 20 Албатууд нь Иехоашийн эсрэг хуйвалдаан зохиож, түүнийг Силла руу явах замд нь Бет-миллод* хөнөөсөн юм. 21 Түүнийг хөнөөсөн албатууд нь Шимеатын хүү Иозакар, Шомерын хүү Иехозабад хоёр байв. Тэд түүнийг Давидын хотод, эцэг өвгөдийнх нь булшинд оршуулжээ. Иехоашийн оронд хүү Амазиа нь хаан болов.