Хоёрдугаар хаад
11 Ахазиагийн эх Аталиа хүүгээ нас барсныг мэдээд хааны угсааныхныг бүгдийг нь хөнөөв. 2 Харин Иехорам хааны охин буюу Ахазиагийн эгч Иехошеба алуулах гэж байсан хааны хөвгүүдээс Ахазиагийн хүү Иехоашийг нууцаар авч, асрагчтай нь хамт унтлагын өрөөнд нуув. Ингэж тэд түүнийг Аталиагаас нууж, амийг нь аварчээ. 3 Аталиаг улс орныг захирч байх үед Иехоаш Еховагийн өргөөнд асрагчтайгаа зургаан жил байсан юм.
4 Аталиагийн долдугаар онд Иехоиада кари хамгаалагчдын болон ордны харуулуудын зуутын дарга нарыг дуудуулж Еховагийн өргөөний дэргэд өөр дээрээ авчруулав. Тэгээд тэдэнтэй гэрээ байгуулан тэрхүү гэрээг сахина гэдгийг нь Еховагийн өргөөний өмнө тангараглуулсныхаа дараа хааны хүүг харуулжээ. 5 Иехоиада тэдэнд тушаан «Дараах зүйлүүдийг та нар хий. Амралтын өдөр үүрэг даалгавартай хүмүүсийн гуравны нэг нь хааны ордныг сайтар харж хамгаал. 6 Нөгөө гуравны нэг нь Суурийн дааман хаалган дээр, үлдсэн гуравны нэг нь ордны харуулуудын ар дахь дааман хаалган дээр бай. Та нар өргөөг ээлжлэн харж хамгаал. 7 Амралтын өдөр манаанд гарахгүй хоёр бүлгийн тухайд хааныг хамгаалахын тулд Еховагийн өргөөг сайтар харж хамгаалагтун. 8 Хүн бүр зэвсгээ бариад хааныг тойрон зогс. Дунд чинь орох гэсэн хэнийг ч болов хороо. Хаанаас салахгүй дагаж яв» гэлээ.
9 Зуутын дарга нар тахилч Иехоиадагийн тушаасныг яг таг гүйцэтгэжээ. Тэдний хүн нэг бүр Амралтын өдөр ээлжтэй, ээлжгүй хүмүүсээ дагуулаад тахилч Иехоиада дээр очив. 10 Тэгэхэд нь тэрбээр зуутын дарга нарт Еховагийн өргөөнд байсан, Давид хааны жаднууд, дугуй бамбайнуудыг өгсөн юм. 11 Ордны харуулууд зэвсгээ бариад хааныг хүрээлэн зогсов. Ингэхдээ өргөөний баруун талаас зүүн тал хүртэл, тахилын ширээ болон өргөөний хажуугаар зогсов. 12 Үүний дараа Иехоиада хааны хүүг гаргаж ирээд титэм өмсгөн, толгойд нь Гэрчлэл хүргэлээ*. Тэд түүнийг хаан болгон тослов. Тэгээд алга ташиж «Хаан урт наслах болтугай!» гэцгээжээ.
13 Аталиа хүмүүсийн гүйлдэхийг сонсонгуутаа Еховагийн өргөө рүү хүмүүс дээр очив. 14 Очоод хартал, баганын дэргэд хаан уламжлал ёсоор зогсож, дарга нар болон бүрээчид дэргэд нь байсан ба ард олон бүгдээрээ баярлалдан бүрээ үлээж байлаа. Аталиа хувцсаа хүү татан «Хуйвалдагчид! Хуйвалдагчид!» гэж орилов. 15 Харин тахилч Иехоиада цэргүүдийг хариуцдаг зуутын дарга нарт «Тэр эмийг дундаасаа авч гар! Түүнийг дагасан хэнийг ч болов илдээр хөнөө!» гэж тушаажээ. Учир нь өмнө нь тэрбээр: «Аталиаг Еховагийн өргөөнд алж болохгүй» гэсэн байлаа. 16 Ингээд тэд түүнийг авч явж, хааны ордны хашааны, морьдын орох үүдэнд очоод хөнөөжээ.
17 Иехоиада дараа нь хаан болон ард түмнийг цаашдаа ч Еховагийн ард түмэн байна гэсэн гэрээг Ехова, хаан, ард түмний хооронд байгуулав. Бас хаан болон ард түмний хооронд ч гэрээ байгуулжээ. 18 Ард олон бүгдээрээ Баалын сүмд очиж тахилын ширээнүүдийг нь нурааж, шүтээнүүдийг нь юу ч үгүй болтол нь бутлан Баалын тахилч Маттаныг тахилын ширээнүүдийн урд хөнөөжээ.
Дараа нь тахилч Иехоиада Еховагийн өргөөг хариуцах хүмүүсийг томилжээ. 19 Мөн тэрбээр зуутын дарга нар, кари хамгаалагчид, ордны харуулууд, ард түмнийг дагуулж яваад Еховагийн өргөөнөөс хааныг авч явав. Тэд хааныг ордны харуулуудын дааман хаалганы замаар хааны ордонд хүргэжээ. Ингээд Иехоаш хаадын сэнтийд заларлаа. 20 Ард олон бүгдээрээ баярлалдан хөөрсөн бөгөөд Аталиаг хааны ордонд илдээр хороосон учраас хот даяараа амар жимэр болжээ.
21 Иехоаш долоон настайдаа хаан болсон юм.