Хоёрдугаар хаад
10 Ахабын 70 хүү Самарид байлаа. Тиймээс Иехү захиа бичиж Самари дахь Иезреелийн ноёд, ахлагчид, Ахабын хүүхдүүдийн асран хамгаалагчид руу явуулав. 2 Захиандаа «Та нартай хамт эзний чинь хөвгүүд байгаа. Бас та нарт дайны тэрэгнүүд, морьд, зэвсгүүд, бэхлэгдсэн хот бий. Энэ захидлыг авангуутаа 3 эзнийхээ хөвгүүдээс хамгийн сайн тохирох хүнийг сонгоод эцгийнх нь сэнтийд зал. Тэгээд эзнийхээ удам угсааг хамгаалж надтай тулалд» гэсэн байлаа.
4 Гэвч тэд айдаст автаж «Түүнийг хоёр хаан дийлээгүй байхад бид яаж дийлэх билээ?» гэлцэв. 5 Тэгээд ордны хариуцагч, хотын захирагч, ахлагчид, асран хамгаалагчид Иехү рүү «Бид бол таны албатууд учраас хэлэх бүхнийг тань хийе. Бид хэнийг ч хаан болгохгүй. Та зөв гэж үзсэнээ хийгтүн» гэж хэл хүргүүлэв.
6 Тэгэхэд нь Иехү хоёр дахь захидлаа илгээн «Хэрэв та нар миний талд юм бол, бас надад дуртайяа захирагдъя гэж байгаа юм бол маргааш өдийд эзнийхээ хөвгүүдийн толгойг Иезреелд над дээр авчир» гэж бичжээ.
Ахабын 70 хүү өөрсдийг нь өсгөж байгаа хотын нэр хүндтэй эрчүүдтэй хамт байв. 7 Захиаг хүлээн авсан хүмүүс тэр даруй хааны 70 хүүг хөнөөгөөд толгойнуудыг нь сагснуудад хийж Иезреел рүү Иехүд хүргүүллээ. 8 Элч ирж Иехүд «Тэд хааны хөвгүүдийн толгойг авчирсан байна» гэж хэлэхэд Иехү «Хотын дааман хаалганы дэргэд толгойнуудыг хоёр тусад нь овоолоод өглөө болтол байлга» гэв. 9 Иехү өглөө гарч яваад бүх хүний өмнө зогсож «Та нар буруугүй. Би эзнийхээ эсрэг хуйвалдаан зохиож, түүнийг хөнөөсөн. Харин хэн энэ бүгдийг хөнөөв? 10 Еховагийн Ахабынхны эсрэг айлдсан Еховагийн бүх үгсээс нэг нь ч үлдэлгүй бүгд биелнэ гэдгийг мэдэж ав. Ехова үйлчлэгч Елиагаараа хэлүүлснээ гүйцэлдүүлнэ» гэлээ. 11 Бас Иехү Иезреелд Ахабынхнаас үлдсэн бүгдийг, тухайлбал бүх нэр хүндтэй эрчүүд, найз нөхөд, тахилчид гээд түүнд хамаатай нэг ч хүнийг үлдээлгүй хөнөөв.
12 Тэгээд Иехү Самари луу хөдлөв. Замд нь хонь хяргадаг газар байв. 13 Тэнд Иехү Иудагийн хаан Ахазиагийн ах дүүстэй таараад «Та нар хэн бэ?» гэхэд тэд «Бид бол Ахазиагийн ах дүүс. Хааны хөвгүүд болон хатан эхийн* хөвгүүдийн амар мэндийг асуухаар явж байгаа юм» гэлээ. 14 Тэгэхэд нь Иехү: «Эднийг амьдаар нь барь!» гэв. Тэд тэр даруй тэднийг амьдаар нь барьж, хонь хяргадаг газрын нөөцлүүрийн дэргэд хөнөөв. Тэдгээр 42 эрэгтэйгээс нэгийг нь ч амьд үлдээгээгүй юм.
15 Иехү тэндээсээ цааш хөдлөв. Замдаа, өөртэй нь уулзахаар ирж явсан Рехабын хүү Иехонадабтай тааралджээ. Иехү түүнтэй мэндлээд «Би чамайг чин сэтгэлээсээ дэмждэг шиг, чи намайг чин сэтгэлээсээ дэмждэг үү?» гэхэд
Иехонадаб: «Тийм» гэлээ.
Иехү: «Тийм бол гараа өг» гэв.
Тэрбээр гараа өгсөн бөгөөд Иехү түүнийг тэргэндээ татаж суулгав. 16 Тэгээд Иехү: «Надтай хамт яв. Еховагийн төлөөх зүтгэлийг минь* хар» гэлээ. Ингээд тэд Иехонадабыг аваад дайны тэрэгтэйгээ цааш явав. 17 Иехү Самарид очоод Самари дахь Ахабын гэрийнхнээс үлдсэн бүх хүнийг хөнөөв. Тэрбээр Еховагийн Елиагаар хэлүүлсний дагуу бүгдийг нь устгасан юм.
18 Иехү ард олныг бүгдийг нь цуглуулаад «Ахаб Баалыг шүтэж шалиагүй. Харин би илүү сайн шүтнэ. 19 Тиймээс Баалын бүх зөнч, Баалыг шүтдэг бүх хүн, бүх тахилчийг нь цуглуул. Би Баалд асар их тахил өргөх учраас нэгийг нь ч үлдээж болохгүй. Ирээгүй хүнийг хөнөөнө» гэжээ. Гэхдээ энэ нь Иехүгийн Баалыг шүтдэг хүмүүсийг устгах зальжин арга байлаа.
20 Иехү цааш нь «Баалд зориулсан тусгай чуулган зарла» гэв. Тэд тусгай чуулган зарлалаа. 21 Иехүгийн үг Израйл даяар түгэхэд Баалыг шүтдэг бүх хүн ирэв. Ирээгүй үлдсэн нэг ч хүн байсангүй. Тэд Баалын сүмд орж Баалын сүмийг нэг захаас нөгөө зах хүртэл нь дүүргэжээ. 22 Иехү хувцасны өрөө хариуцдаг хүнд «Баалыг шүтдэг бүх хүнд хувцас гаргаж авчир» гэхэд тэрбээр тэдэнд хувцас авчрав. 23 Тэгээд Иехү Рехабын хүү Иехонадаб хоёр Баалын сүм рүү орлоо. Иехү Баалыг шүтэгчдэд «Энд Еховаг шүтдэг хүн нэг ч байхгүй, зөвхөн Баалыг шүтдэг хүмүүс байгаа эсэхийг сайтар шалга» гэжээ. 24 Эцэст нь өргөл тахил, шатаалт тахил өргөж эхлэв. Иехү гадаа нь 80 эрийг зогсоогоод тэдэнд «Хүн зугтаалгавал оронд нь амийг чинь авна» гэж хэлэв.
25 Иехү шатаалт тахил өргөж дуусмагцаа харуулууд болон түшмэддээ «Орж ирээд тэднийг хөнөө! Нэг ч хүн зугтаалгаж болохгүй!» гэжээ. Тэгэхэд нь харуулууд болон түшмэд тэднийг илдээр хөнөөгөөд гадагш гаргаж хаяв. Тэд Баалын сүмийн дотоод ариун газар* хүртэл явсан юм. 26 Тэгээд тэд Баалын сүмийн ариун багануудыг гаргаж нэг бүрчлэн шатаав. 27 Тэд Баалын ариун багана болон Баалын сүмийг нураагаад нийтийн жорлон болгожээ. Энэ нь одоо ч байгаа.
28 Ийнхүү Иехү Израйлаас Баалыг устгасан юм. 29 Гэхдээ Бетел, Данд байсан алтан тугалыг хэвээр нь үлдээв. Ингэснээрээ Израйлаар нүгэл үйлдүүлсэн Небатын хүү Иеробоамын нүглийг давтсан юм. 30 Ехова Иехүд «Ахабынхны эсрэг миний төлөвлөсөн бүхнийг чи биелүүлж, сайныг үйлдэн, миний зөв гэж үздэг бүхнийг хийсэн учраас чиний үр удам дөрвөн үеэрээ Израйлын хаан сэнтийд сууна» гэж айлдав. 31 Гэхдээ Иехү Израйлын Бурхан Еховагийн Хуулийг бүх зүрх сэтгэлээрээ дагах тухайд хөнгөн хуумгай хандсан юм. Израйлаар нүгэл үйлдүүлсэн Иеробоамын нүглийг тэрбээр давтсан билээ.
32 Тухайн үед Ехова Израйлын газар нутгийг багасгаж эхлэв. Хазаел Израйлын нутаг руу довтолсоор байлаа. 33 Тэрбээр Иорданы зүүнтээх Гилеадын бүх нутаг буюу гадчууд, реубенчүүд, манассечуудын суудаг нутгийг эзэлсэн юм. Өөрөөр хэлбэл Арноны хөндийн* дэргэдэх Ароероос хойшоо Гилеад, Башан хүртэл эзэлсэн юм.
34 Иехүгийн бусад түүх, хийж бүтээсэн бүхэн, түүний хүч чадал Израйлын хаадын түүхийн номд бичигдээгүй гэж үү? 35 Иехү эцэг өвгөдийнхөө нэгэн адил нойрссон бөгөөд тэд түүнийг Самарид оршуулав. Түүний хүү Иехоахаз оронд нь хаан болжээ. 36 Иехү Самарид суун Израйлыг 28 жил захирсан билээ.