Бурхны Үгийг хайрлах хайр тань аль хир хүчтэй вэ?
«Өө, Таны хуулийг яасан их хайрламаар юм бэ! Би түүнийг өдөржин бясалгана» (ДУУЛАЛ 119:97).
1. Бурхнаас эмээгч хүмүүс Бурхны Үгийг хайрладаг гэдгээ яаж харуулдаг вэ?
САЯ САЯ хүн Библитэй. Гэтэл Библитэй байх, Бурхны Үгийг хайрлах гэдэг бол хоёр өөр зүйл юм. Бурхны Үгийг хааяа нэг хардаг хүнийг Үгийг нь хайрладаг гэж хэлж болох уу даа? Мэдээж, үгүй. Гэхдээ Библийг урьд нь огт үнэлдэггүй байсан, харин одоо өдөр бүр уншдаг болсон хүмүүс бий. Тэд Бурхны Үгийг хайрлах хайраа хөгжүүлсэн бөгөөд дуулалчийн адилаар түүнийг «өдөржин» бясалгадаг (Дуулал 119:97).
2. Нэгэн Еховагийн Гэрчийн итгэлийг хэцүү бэрх нөхцөлд юу бэхжүүлсэн бэ?
2 Тэдний нэг Нашо Дори Бурхны Үгийг чин сэтгэлээр хайрласан байна. Тэрбээр итгэлээрээ ах дүүсийнхээ хамт олон арван жил төрөлх Албанидаа Еховад тэсвэр хатуужилтай үйлчилсээр байсан. Албанид энэ хугацааны ихэнхэд нь Еховагийн Гэрчүүдийн үйл ажиллагаа хориотой, үүнээс болоод эдгээр үнэнч христосын шашинтнууд Библийн ном хэвлэлийг их ховорхон авдаг байв. Хэдий тийм ч Дори ах бат итгэлээ хадгалж үлдсэн юм. Ямархуу янзаар? Тэрбээр: «Би Библийг өдөр бүр нэг цагаас доошгүй хугацаагаар унших зорилт тавьж, үүнийгээ хараатай байх 60-аад жилдээ мөрдсөөр ирлээ» хэмээн ярьж байна. Саяхан болтол Библийн бүтэн орчуулга албани хэлнээ байхгүй байлаа. Гэвч Дори ах багын мэдэх грек хэлээр уншдаг байжээ. Ариун Бичээсийг тогтмол уншдаг байсан нь түүнийг янз бүрийн сорилтод бэхжүүлсэн бөгөөд энэ нь бидний хувьд сайхан дэмжлэг болж байна.
Бурхны Үгийг «хүс»
3. Христосын шашинтнууд Бурхны Үгэнд хэрхэн хандах ёстой вэ?
3 Элч Пэтр: «Авралд өсөхийн тул нялх хүүхэд шиг сүнслэг цэвэр сүүг хүс» гэж бичжээ (1 Пэтр 2:2). Хөхүүл хүүхэд эхийнхээ хөх уруу хүсэн тэмүүлдгийн адилаар сүнслэг хэрэгцээгээ мэдэгч христосын шашинтнууд Бурхны Үгийг шимтэн уншдаг. Библид чухамдаа тэгж л ханддаг гэж та хэлж чадах уу? Хэрэв үгүй бол сэтгэл бүү зов. Та ч бас Бурхны Үгийг хайрлах хайраа хөгжүүлж чадна.
4. Библийг яаж өдөр бүр уншиж сурах вэ?
4 Үүний тулд, эхний ээлжинд Библийг аль болохоор өдөр бүр тогтмол уншиж сур (Үйлс 17:11). Магадгүй, та Бурхны Үгийг Нашо Дори шиг өдөр бүр бүтэн цагаар уншиж амжихгүй байж болох юм. Гэхдээ та Ариун Бичээсийг ширээний номоо болгохын тулд өдөр бүр жаахан ч атугай цаг гаргаж чадах нь лавтай. Зарим христосын шашинтан өглөө эрт босож Библийг хэдэн минут уншаад, уншсан зүйлээ эргэцүүлдэг. Тэр өдөр сайхан эхэлж байгаа биз дээ? Мөн орой унтахынхаа өмнө уншихыг илүүд үздэг хүмүүс ч бий. Түүнээс гадна олон хүн тохиромжтой гэсэн үедээ Библи уншдаг. Хамгийн гол нь тогтмол унших явдал юм. Түүнчлэн, уншсанаа эргэцүүлэх цаг гаргах нь чухал. Бурхны Үгийг уншиж, түүнийгээ бясалгасан нь сайнаар нөлөөлсөн хүмүүсийн жишээг харцгаая.
Бурхны хуулийг хайрладаг байсан дуулалч
5, 6. 119-р дууллыг уншиж, эргэцүүлснээрээ хэдийгээр нэр нь үл мэдэгддэг ч түүнийг бичсэн хүний талаар юу мэдэж болох вэ?
5 119-р дууллыг бичсэн хүн Бурхны Үгийг өндөр үнэлдэг байсан нь дамжиггүй. Харин энэ хүн хэн бэ? Библид тэр талаар байдаггүй. Гэхдээ бид энэ хүний тухай нэг зүйлийг хам сэдвээс нь мэднэ. Түүний амьдралыг хиргүй тунгалаг гэж яасан ч хэлэхгүй. Дуулалчийг хүрээлж байсан зарим хүн Еховагийн үйлчлэгч хэмээгддэг ч Библийн зарчмыг хайрлах түүний хайрыг хуваалцдаггүй байжээ. Гэлээ ч, тэрбээр тэдний нөлөөнд автаагүй бөгөөд зөв юмнаас ухраагүй билээ (Дуулал 119:23). Хэрэв Библийн хэм хэмжээг эс тоомсорлодог хүмүүс ажил болон гэрт тань таныг хүрээлж байдаг бол та үүнтэй төстэй байдалд байж болох юм.
6 Дуулалч зөв амьдралтай байсан ч огтхон ч маадгар загнаж байгаагүй. Тэрбээр сул талаа шууд хүлээдэг байжээ (Дуулал 119:5, 6, 67). Гэхдээ нүгэлд эзэмдүүлэхийг зөвшөөрөөгүй юм. «Залуу хүн өөрийн зам мөрөө хэрхэн цэвэрлэх вэ?» хэмээн дуулалч асуусан байна. Дараа нь: «Эзний үгийн дагуу болгоомжилно» гэж хариулжээ (Дуулал 119:9). Тэрбээр цааш нь, Бурхны Үг хүнд сайнаар нөлөөлдөгт анхаарлаа хандуулан, «Би Таны эсрэг гэм хийхгүй гэж, Таны үгийг сэтгэл зүрхэндээ хадгалсан» гэжээ (Дуулал 119:11). Хэрэв Бурхны өмнө биднийг нүглээс хүртэл тогтоон барьж чаддаг бол Бурны Үг хэчнээн агуу хүчтэй байх нь вэ!
7. Залуучууд Библийг өдөр бүр унших шаардлагатайгаа ухамсарлах нь яагаад онцгой чухал бэ?
7 Залуу христосын шашинтнууд дуулалчийн үгэнд анхааралтай хандах нь тун чухал. Өнөөдөр Еховагийн залуу үйлчлэгчид хүчтэй дарамт шахалтад өртсөөр байна. Диабол Еховагийн өсөн нэмэгдэж буй шүтэгчдийг завхруулан бусниулахыг хамаг хүчээрээ оролдох боллоо. Сатаны зорилго бол залуу христосын шашинтнуудыг махан биеийн нь хүслээр явуулж, Бурхны хуулийг зөрчүүлэх явдал юм. Кино, телевизийн нэвтрүүлгүүд Диаболын санааг ёс юм шиг л тусгасаар. Киноны одод энхрий ялдам, дур татам харагдаж, тэдний садар самуун явдлыг хэвийн үзэгдэл мэт харуулдаг болжээ. Энэ нь юун тухай өгүүлнэ вэ? Хүмүүс бие биеэ үнэхээр л хайрлаж байгаа бол гэр бүлээс гадуурх бэлгийн харьцаанд муу юм огт алга гэж сурталчилж байна гэлтэй. Харамсалтай нь жил бүр христосын шашинтан олон залуу тиймэрхүү нөлөөнд автаж байна. Зарим нь итгэлийн сүйрэл амсаж байна. Тийм дарамт шахалт байлгүй яах вэ! Гэхдээ энэ нь эсэргүүцэж дийлшгүй хүчтэй юм гэж үү? Огт тийм биш. Ехова, залуу христосын шашинтнуудад буруу хүсэлтэйгээ хэрхэн тэмцэж болох талаар үзүүлсэн байгаа. Диабол ямар ч нарийн арга хэрэглэсэн, Бурхны «үгийн дагуу болгоомжилж», түүний «үгийг сэтгэл зүрхэндээ хадгалсан» л бол тэд Диаболыг эсэргүүцэх чадалтай байдаг. Чи Библийг бие даан уншиж, уншсанаа бясалгах цаг хир их гаргадаг вэ? Энэ талаар бодож үзээрэй.
8. Мосегийн хуулийг илүү их хайрлахад чинь уг догол мөрт гарсан жишээ хэрхэн туслах вэ?
8 Дуулалч: «Өө, Таны хуулийг яасан хайрламаар юм бэ!» хэмээн дуу алджээ. Тэр ямар хуулийг хэлсэн бэ? Мосегоор дамжуулж өгсөн хуулийн эмхтгэлийг оролцуулаад Еховагийн хүмүүст илчилсэн үгийг хэлжээ. Анх харахад энэхүү хуулийн эмхтгэл нь хуучирч, анхаарал татахаа больсон мэт харагдаж болох юм. Түүнийг чинь яаж хайрлах юм бэ? хэмээн зарим хүн гайхаж ч магад. Харин, бид дуулалчийн нэгэн адилаар, Мосегийн хуулийг олон талаас нь эргэцүүлбэл түүний ухаалаг мэргэн нь бүхэлдээ илчлэгдэнэ. Хууль нь ирээдүйн олон зүйлийг зөгнөснөөс гадна, цэвэр ариун байдал, эрүүл мэндийг хамгаалахад тустай эрүүл ахуй, хоол хүнсний хэм хэмжээг дотроо багтаадаг (Левит 7:23, 24, 26; 11:2–8). Тэрбээр ажил хэргийн асуудалд үнэнч байхыг, мөн итгэл нь дутагдсан ах дүү нартаа өрөвч сэтгэлээр хандахыг израильчуудад уриалсан (Египетээс гарсан нь 22:26, 27; 23:6; Левит 19:35, 36; Дэд хууль 24:17–21). Шүүх шийдвэр гаргахдаа тал тохой татахгүй байхыг Хууль шаарддаг байсан (Дэд хууль 16:19; 19:15). Бурхны хуулийг хэрэглэх нь хүмүүст цаг үргэлж ач тусаа өгдөг бөгөөд Хуулийг хайрлах хүмүүсийн хайр нэмэгддэг гэдэгт дуулалч аажимдаа эргэлт буцалтгүй итгэдэг болсон. Өнөөдөр ч мөн адил тийм байна. Библийн зарчмуудыг амжилттай хэрэглэснээрээ христосын шашинтнууд Бурхны Үгийг үнэлж, хайрлах нь улам их болж байна.
Эр зоригт хаан хүү бусдаас ялгаатай нь
9. Езекиа хаан Бурхны Үгэнд хэрхэн хандаж байсан бэ?
9 119-р дууллын хам сэдэв нь залуу Езекиагийн тухай бидний мэддэг зүйл болон түүний хаанчлал хүртэл юу болсон гэдэгтэй бүрэн таардаг. Зарим Библи судлаачдын үзэж буйгаар энэ дууллыг Езекиа өөрөө бичсэн байна. Энэ нь бидэнд тодорхойгүй ч тэрбээр Бурхны Үгэнд гүн хүндэтгэлтэйгээр ханддаг байсныг бид мэднэ. Дуулал 119:97-д бичсэн үг түүний сэтгэл зүрх нь ямар байсныг яг таг тусгасныг Езекиагийн амьдрал харуулдаг. Түүний тухай Библид: «Тэрбээр Еховад наалдсан бөгөөд Түүнээс үл буруулан, Еховагаас Мосед өгсөн тэр хуулиудыг мөрдөж байв» хэмээн бичжээ (Хаадын дэд 18:6, ШЕ).
10. Езекиагийн жишээ шашин шүтлэгийн хувьд бусдаас ялгардаггүй эцэг эхтэй хүмүүсийг хэрхэн дэмжиж болох вэ?
10 Езекиагийн төрж өссөн гэр бүл шашин шүтлэгийн хувьд бусдаас ялгардаггүй байсныг баримт харуулдаг. Түүний эцэг Ахаз хаан Бурхнаас нүүр буруулж, хиймэл шүтээн шүтсэн. Бүр багаар бодоход тэрбээр Езекиагийн төрсөн ах дүүс болох өөрийн хөвгүүдээс нэгийг хуурамч бурханд шатаалт тахил болгон өргөжээ (Хаадын дэд 16:3). Тийм муу жишээ байсан хэдий ч Езекиа Бурхны Үгэнд хандсаны ачаар харь үндэстнүүдийн нөлөөллөөс «замаа цэвэрлэж» чадсан (Судрын дэд 29:2).
11. Езекиа шударга бус эцгийнхээ амьдралын ямар ямар үйл явдлыг ажиглаж болох байсан бэ?
11 Езекиа хиймэл шүтээн шүтэгч эцэг нь улс гүрний хэргийг хэрхэн хөтлөн удирдаж байсныг ажиглаж болох байлаа. Иудейг дайсагнан ханддаг улс түмнүүд тойрон хүрээлж байлаа. Сирийн хаан Резин Израилийн хаан Пекатай хамтран Иерусалимыг бүслэн авсан (Хаант улсын дэд 16:5, 6). Едомчууд болон филистинчүүд Иудейг хоосруулан довтолж бүр хэд хэдэн хотыг эзлэн авчээ (Судрын дэд 28:16–19). Бэрхшээлтэй үед Ахаз хэрхэн үйл хэргээ явуулж байсан бэ? Сиричүүдээс хамгаалахын тулд Еховагаас тусламж эрэхийн оронд Ахаз Ассирийн хааныг алт мөнгөөр авилгадаж тусламж хүсчээ. Тэрбээр алт мөнгөний зарим хэсгийг дуганы эрдэнэсийн сангаас авсан бөлгөө. Гэвч энэ нь Иудейд бат бөх амар тайвныг авчраагүй (Хаант улсын дэд 16:6, 8).
12. Эцгийнхээ алдааг давтахгүй байхад Езекиад юу тус болсон бэ?
12 Ахазыг нас барахад 25 настай байсан Езекиа хаан болсон (Судрын дэд 29:1). Идэр залуу нас нь сайн хаан болоход саад тотгор болоогүй юм. Езекиа шударга бус эцгийнхээ жишээг дуурайсангүй, харин ч Еховагийн Хуулийг хатуу чанд баримталдаг байв. Хуулинд хаадад хамааралтай онцгой тушаал байлаа. Энэ нь: «Тэрбээр [хаан] хаан ширээндээ залармагц левит тахилчдад байдаг номоос энэхүү хуулийг өөртөө зориулан хуулан бичиж авах ёстой бөгөөд энэ нь түүнд байж, тэрбээр энэхүү хууль хийгээд тотоолын үг бүрийг биелүүлэхийг хичээж, өөрийн Бурхан Еховагаас эмээж сурахын тулд амьдралынхаа бүх л өдрүүдэд түүнийг уншиж байг» гэж байдаг (Дэд хууль 17:18, 19, ШЕ). Бурхны Үгийг өдөр бүр уншсанаар Езекиа Еховагаас эмээдэг болж, шударга бус эцгийнхээ алдааг давтаагүй болой.
13. Юуны ачаар христосын шашинтан хүн сүнслэг талаар «үйлс бүхэн нь өлзийтэй» болох вэ?
13 Бурхны Үгийг байнга эргэцүүлэн бодох нь зөвхөн Израилийн хаадад төдийгүй Бурхнаас эмээгч бүх израильчуудын хувьд чухал байлаа. Дуулал 1-д жинхэнэ аз жаргалтай хүний тухай ингэж бичжээ: «Тэр Эзний хуулинд баярлаж, тэрхүү хуулийг өдөр, шөнөгүй тунгаан бясалгадаг» (Дуулал 1:1, 2). Түүнчлэн: «Үйлс бүхэн нь өлзийтэй» гэж бичсэн байна (Дуулал 1:3). Харин Еховад бүрэн гүйцэд итгэж найддаггүй хүний талаар Библид: «Тэр нь хоёр санаа өвөрлөгч хүн бөгөөд бүх үйлдээ тогтворгүй» гэжээ (Иакоов 1:8). Хүн бүхэн л аз жаргалтай байж, хийж бүтээх бүхнээ амжилттай болоосой гэж хүсдэг. Ингэхэд маань Библийг тогтмол, хянуур унших нь бидэнд тус болно.
Бурхны Үг Есүст тусалдаг байсан
14. Есүс Бурхны Үгийг хүсдэг байсан нь юунаас харагддаг вэ?
14 Нэгэн удаа Есүсийн эцэг эх түүнийг Иерусалимын дуганд байхад нь олсон билээ. Тэрбээр багш нарын дунд сууж байсан. Хуулийг сайн мэддэг тэр хүмүүс «түүний ухаан, мэргэн хариултыг» гайхаад барахгүй байлаа (Лүүк 2:46, 47). Тэр үед Есүс 12 настай байсан бөлгөө. Тэрбээр балчир залуу байхдаа ч Бурхны Үгийг үнэлдэг байсныг бид тодорхой харж байна. Эцэст нь Есүс Бичээсээс: «Хүн зөвхөн талхаар бус, харин Бурхны амнаас гарах үг бүрээр амьдардаг» гэсэн үгийг иш татан Диаболыг буруушаасан билээ (Матай 4:3–10). Үүнээс хойш удалгүй Есүс төрөлх хот Назаарынхаа оршин суугчдад Бичээсийн тусламжтайгаар сайн мэдээг дэлгэрүүлсэн юм (Лүүк 4:16–21).
15. Есүс хүмүүст хэрхэн дэлгэрүүлж байснаас бид юунд суралцаж болох вэ?
15 Есүс зааж сургасан зүйлээ батлан Бурхны Үгнээс хэсэглэн ишлэх нь цөөнгүй байлаа. Түүнийг сонссон хүмүүс «Түүний сургаалыг гайхан шагширч байлаа» (Матай 7:28). Тэр бүхэн Ехова Бурхнаас өөрөөс нь гарсан болохоор гайхах явдалгүй! Есүс: «Миний сургаал бол Минийх биш. Харин Намайг Илгээгчийнх. Өөрөөсөө яригч өөрийн алдрыг хайдаг. Харин өөрийгөө илгээгчийн алдрыг хайгч, Тэр нь үнэн мөн. Түүнд үнэн биш [«зөв бус», ШЕ] юм үгүй билээ» гэж хэлсэн (Иохан 7:16, 18).
16. Бурхны Үгийг гэсэн Есүсийн хайр хэчнээн хүчтэй байсан бэ?
16 Дуулал 119-ийг бичсэн хүнээс ялгаатай нь Есүс «зөв бус» байсангүй. Бурхны Хүү болох тэрбээр нүгэл үйлдээгүй бөгөөд «өөрийгөө дорд оруулж, үхэх хүртлээ... дуулгавартай байсан юм» (Филиппой 2:8, Еврей 7:26). Есүс хэдий төгс хүн байсан ч Бурхны Үгийг судалж, сахидаг байлаа. Үүний л ачаар тэр гэмгүй байдлаа хадгалж чадсан билээ. Элч Пэтр Есүсийг бүү баригдаасай гэж хүссэндээ сэлэм далайхад Есүс түүнийг буруутгаж: «Чи намайг арван хоёр лэгионоос илүү тэнгэрэлчийг эдүгээ өөрийн дор байлгахыг Эцгээсээ гуйж чадахгүй гэж бодно уу? Тэгвэл энэ нь болох ёстой гэсэн Бичээс яахин биелэгдэх билээ?» гэж өгүүлсэн (Матай 26:53, 54). Тийм ээ, Есүсийн хувьд Бичээст бичигдсэн зүйлийг биелүүлэх нь тарчлан, гутамшигтайгаар үхэх үхлээс мултрах боломжоос илүү чухал байлаа. Бурхны Үгийг гэсэн түүний хайр хэчнээн агуу байж вэ!
Христээс жишээ авахуй
17. Элч Паулын амьдралд Бурхны Үг ямар үүрэг гүйцэтгэсэн бэ?
17 Элч Паул итгэл нэгт ах дүү нартаа хандан: «Би бас Христийг дуурайгч болсон шиг намайг дуурайгчид бай» хэмээн бичсэн (1 Коринт 11:1). Паул Эзнийхээ адилаар Ариун Бичээсийг ихэд үнэлдэг байлаа. «Би доторх хүн дотроо Бурхны хуулинд баярладаг» гэж тэрбээр хэлжээ (Ром 7:22). Паул байнга Бурхны Үгнээс иш татдаг байлаа (Үйлс 13:32–41; 17:2, 3; 28:23). Халуун дотноор хайрладаг байсан хамтрагч Тимотдоо сүүлчийн сургамжаа айлдахдаа элч Бурхны Үг нь «Бурхны хүний» амьдралд ямар чухал үүрэгтэй болохыг онцлон тэмдэглэжээ (2 Тимот 3:15–17).
18. Өнөө цагт хэн Бурхны Үгийг үнэлдэг байсан жишээ татна уу.
18 Өнөө үед ч Бурхны Үгийг Есүсийн адилаар хайрладаг Еховагийн үнэнч албатууд цөөнгүй бий. Энэ зууны эхэнд нэг залууд танил эмэгтэй нь Библи өгчээ. Үнэлэхийн аргагүй энэхүү бэлэг түүний амьдралд хэрхэн нөлөөлсөн болохыг тэрбээр ийн өгүүлжээ. «Би өдөр бүр Библи уншина гэж өөртөө үүрэг болгосон юм» гэжээ. Уг залууг Фредерик Френц гэдэг ажээ. Библийг хайрлах хайрынхаа ачаар тэр Еховад үйлчлэнгээ урт удаан аз жаргалтай амьдралыг туулж өнгөрүүлсэн юм. Тэрбээр Библиэс бүхэл бүтэн бүлгүүдийг хэрхэн цээжээрээ иш татан хэлдэг байсныг олон хүн халуун дотноор дурсан санадаг юм.
19. Теократ үйлчлэлийн сургуулийн хөтөлбөрт хамарсан Библийн бүлгүүдийг зарим хүмүүс долоо хоног бүр хэрхэн төлөвлөж уншдаг вэ?
19 Еховагийн Гэрчүүд Библийг тогтмол уншихыг чухалчлан үздэг. Тэд долоо хоног бүр христосын шашинтны цуглаан болох Теократ үйлчлэлийн сургуульд бэлдэхдээ хэд хэдэн бүлэг уншдаг. Харин цуглаан дээр тэдгээр бүлгийн гол санааг авч үздэг. Зарим христосын шашинтнууд долоо хоногт төлөвлөсөн Бичээсийн хэсгийг нилээн богинохон долоон хэсэгт хуваагаад өдөр бүр бага багаар уншихыг эрхэмлэх нь ч бий. Тэд уншсан зүйлийнхээ утга санаанд гүн нэвтрэхийг хичээн, боломжийнхоо хирээр уг сэдвийн дагуу Библи дээр үндэслэсэн хэвлэлийн тусламжтайгаар нэмэлт судалгаа хийдэг.
20. Библийг тогтмол уншихын тулд цаг зав хэрхэн гаргах вэ?
20 Библийг тогтмол уншихын тулд танд «цагийг [илүү] үнэлж», ямар нэг сонирхолтой ажлаас татгалзах шаардлага гарч болох юм (Эфэс 5:16, ШЕ). Гэвч Библийг уншихын ашиг тус нь ямар ч золиосноос илүү. Бичээсийг өдөр бүр унших зуршилтай болох тэр цагт та Бурхны Үгэнд илүү их хайраар нэвтрэх болно. Хэсэг хугацаа өнгөрсний дараа та ч гэсэн дуулалчийн адилаар: «Өө, Таны хуулийг яасан их хайрламаар юм бэ! Би түүнийг өдөржин бясалгана» гэж хэлэхийг хүснэ. Бурхны Үгэнд тийн хандах нь өнөөдөр ч ирээдүйд ч танд тустай гэдгийг дараагийн нийтлэлээс бид үзэх болно.
Та санаж байна уу?
◻ Дуулал 119-ийг бичсэн хүн Бурхны Үгийг чин сэтгэлээс хайрладгаа хэрхэн илэрхийлсэн бэ?
◻ Есүс болон Паулын жишээ биднийг юунд сургадаг вэ?
◻ Бид Бурхны Үгийг хайрлах хайрыг өөртөө хэрхэн бий болгож болох вэ?