Таныг үнэнч байвал Ехова баярладаг
«Хүү минь, мэргэн байж, зүрхийг минь баярлуул. Энэ нь намайг муулагчид хариу барьж чадахын тулд юм» (СУР. 27:11).
1, 2. а) «Иов» номд бичсэнээр, Сатан Бурхны үйлчлэгчдийг юу гэж гүтгэсэн бэ? б) Сатан одоо ч гүтгэсээр байгаа нь юунаас харагддаг вэ?
ЕХОВА үнэнч үйлчлэгч Иовыг нь сорихыг Сатанд зөвшөөрчээ. Иймээс Иов мал сүрэг, үр хүүхдээ алдаж, хүнд өвчин тусав. Гэхдээ Сатан Иовын үнэнч эсэхийг сорихдоо ганцхан Иовыг бодож байсангүй. Тэрбээр: «Арьсыг арьсаар! Тийм ээ, өөрт байгаа бүхнээ хүн амийнхаа төлөө өгдөг юм» гэж хэлсэн (Иов 2:4). Ийнхүү Иовоор тогтохгүй бусад хүнийг ч гүтгэж, маргаантай асуудал өдөөсөн бөгөөд уг асуудалд хариу өгөх шаардлага Иовыг нас барснаас хойш ч байсаар байжээ (Иов 2:4).
2 Иовыг сорилтод орсноос хойш 600 орчим жилийн дараа Соломон Бурхны ариун сүнсээр удирдуулан: «Хүү минь, мэргэн байж, зүрхийг минь баярлуул. Энэ нь намайг муулагчид хариу барьж чадахын тулд юм» хэмээн бичжээ (Сур. 27:11). Тэгэхлээр тэр үед ч Сатан Еховаг муулж байжээ. Бас элч Иоханы үзсэнээр, 1914 онд Бурхны Хаанчлалыг байгуулагдсаны дараа тэнгэрээс хөөгдсөн Сатан Бурхны үйлчлэгчдийг буруутгаж байжээ. Өнөөгийн ёс бус тогтолцооны эцсийн өдрүүдийн төгсгөлийн үед ч Сатан Бурхны үйлчлэгчдийн үнэнч эсэхийг сорьсоор байна (Илч. 12:10).
3. «Иов» номоос ямар ямар сургамжтай зүйлийг мэдэж болох вэ?
3 «Иов» номоос мэдэж болох сургамжтай олон зүйлийн гурвыг нь одоо ярилцъя. Нэгдүгээрт, Иовд тулгарсан олон сорилт хүн төрөлхтний жинхэнэ дайсныг, Бурхны ард түмнийг эсэргүүцдэг гол этгээдийг илчилдэг. Энэ дайсан бол Сатан Диавол юм. Хоёрдугаарт, Бурхантай дотно л байх аваас ямар ч сорилт тулгарсан үнэнч байж чадна. Гуравдугаарт, ямар нэг байдлаар соригдлоо гэхэд Бурхан Иовд тусалсан шигээ бидэнд ч бас тусална. Өнөөдөр Ехова бидэнд Үг, байгууллага, ариун сүнсээрээ тусалдаг.
Гол дайсныг санаж явах нь
4. Өнөөдрийн нийгэмд бий болсон нөхцөл байдлын гол буруутан хэн бэ?
4 Олон хүн Сатаныг байдаг гэж итгэдэггүй. Тиймээс тэд өнөөгийн байдалд сэтгэл нь түгшиж явдаг ч энэ бүхэн Сатан Диаволаас үүдэлтэйг мэддэггүй. Хүмүүс зовж байгаа нь өөрсөдтэй нь ч бас зохих хэмжээгээр холбоотой. Анхны хос Адам Ева, Бүтээгчээсээ хараат бус байхаар шийдэж, тэдний үр удам ч мунхаг юм хийсээр ирсэн. Гэхдээ Еваг мэхэлж, Бурхны хуулийг зөрчүүлсэн этгээд бол Диавол юм. Диавол төгс бус хүмүүсийн нийгэмд нэгэн тогтолцоог бий болгож, эрхэндээ оруулжээ. «Энэ үеийн бурхан» Сатаны бардам, атаархуу, сөргөлдөөнч, шунахай зан, худал хуурмаг, самуун байдал нь энэ нийгэмд нэвт шингэжээ (2 Кор. 4:4; 1 Тим. 2:14; 3:6; Иаков 3:14, 15-ыг уншина уу). Энэ нь улс төр болон шашны мөргөлдөөн, үзэн ядалт, хээл хахууль, эмх журамгүй явдалд хүргэж, улмаар хүн төрөлхтөнд их гай тарьдаг.
5. Мэдлэгтэй хүнд ямар хүсэл төрдөг вэ?
5 Харин Еховад үйлчилдэг бид их чухал зүйлийг, тодруулбал, өнөөгийн нийгэм хэнээс болж уруудан доройтож байгаагийн учрыг мэддэг. Тийм ч учраас зовлон таригч этгээдийг илчлэхийн тулд дэлгэрүүлэх ажилд оролцон мэдлэгээ хуваалцах хүсэл өөрийн эрхгүй төрдөг биз дээ? Бас жинхэнэ Бурхан Еховагийн талд зогсож, Бурхан Сатаныг устгаж, хүн төрөлхтнийг зовлонгоос хэрхэн ангижруулахыг бусдад ярихдаа баяртай байдаг биз дээ?
6, 7. а) Бурхны үйлчлэгчид хэнээс болж хавчлагад өртдөг вэ? б) Елихуг хэрхэн дуурайж болох вэ?
6 Сатанаас болж хүн төрөлхтөн зовж шаналдаг, Бурхны ард түмэн ч эсэргүүцэл хавчлагатай тулгардаг. Тэрбээр биднийг сорих гэж улайран зүтгэдэг. Есүс Христ элч Петрт: «Симон оо, Симон оо, үзтүгэй, чамайг улаан буудай мэт шигшихийн тул Сатан зөвшөөрөл гуйсан» гэж хэлсэн байдаг (Лук 22:31). Есүсийн мөрөөр дагадаг хэн боловч Петрийн адилаар соригдох нь гарцаагүй. Петр Диаволыг «хэн нэгнийг залгихаар хайж буй архирах арслантай» зүйрлэсэн. Мөн Паул: «Христ Есүс дотор бурханлаг амьдрахыг хүсэгч бүх хүн хавчигдах болно» хэмээжээ (1 Петр 5:8; 2 Тим. 3:12).
7 Гол дайсныг санаж явдаг хүн итгэл нэгтэнд нь гай зовлон тохиолдоход яадаг вэ? Зовж зүдэрч яваа нэгнээсээ холдож хөндийрөлгүй, харин ч Иовд жинхэнэ андын ёсоор хандсан Елихуг дуурайх хэрэгтэй. Итгэл нэгтдээ туслах нь Сатан гэдэг дайсантай хамтын хүчээр тэмцэж байгаа хэрэг юм (Сур. 3:27; 1 Тес. 5:25). Бид сорилтод орсон итгэл нэгт нөхрөө дэмжин, үнэнч байж Еховаг баярлуулахад нь туслахыг зорилгоо болгодог.
8. Сатан Иовыг Еховаг шүтэхийг нь болиулж чадаагүйн учир юу вэ?
8 Сатан Иовыг хамгийн түрүүнд мал сүргээс нь салгажээ. Иовд мал сүрэг нь их үнэтэй байсан. Үндсэн хөрөнгө нь ч байсан байж болох юм. Түүнээс гадна, Иов хонь малаараа тахил өргөдөг байжээ. Иов хүүхдүүдээ ариусгаад «өглөө эртлэн босож, ... хүүхэд бүрийнхээ тоогоор шатаалт тахил өргөдөг байлаа. Учир нь Иов: „Миний хөвгүүд нүгэл үйлдэн, сэтгэлдээ Бурхныг хараасан байж магадгүй“ гэв. Иов үргэлж ийнхүү үйлддэг байв» гэж бичсэн байдаг (Иов 1:4, 5). Тэгэхлээр, Иов Еховад тогтмол тахил өргөдөг байжээ. Гэтэл эхний сорилтоор л энэ боломжоо алдав. Еховаг дээдлэх «бүтээгдэхүүн» буюу үнэт зүйл үлдсэнгүй (Сур. 3:9). Гэхдээ Еховаг үг яриагаараа алдаршуулж чадах байв. Тэгээд ч тийн алдаршуулсан билээ.
Еховатай дотно харьцаатай байх нь
9. Бидний хувьд хамгийн чухал юм юу вэ?
9 Бид баян ядуу, хөгшин залуу, эрүүл чийрэг сул дорой ямар ч байсан, Еховатай дотно харьцаа тогтоож чадна. Бид Бурхантай дотно л байвал ямар ч сорилт тулгарсан дор бүрнээ үнэнч байж, Еховаг баярлуулж чадна. Үнэний мэдлэгээр нимгэн ч эр зориг гарган Еховагийн талд бат зогсож, үнэнч байхын бахархмаар жишээ үзүүлсэн хүмүүс байдаг.
10, 11. а) Бидний итгэл нэгт нэг эмэгтэй сорилтод ороод яасан бэ? б) Сатаны гүтгэлгийг хэрхэн няцаасан бэ?
10 Валентина Гарновская гэдэг Гэрч эмэгтэйн жишээг үзэцгээе. Валентина бол хүнд сорилтод орсон ч Иовын адилаар Бурханд үнэнч байсан орос Гэрчүүдийн нэг юм. 1945 онд Валентинаг 20 орчим настай байхад нэг Гэрч эрэгтэй түүнд анх дэлгэрүүлжээ. Эрэгтэй дараа нь хоёр удаа ирж, Библийн тухай ярьсан байна. Валентина тэр хүнтэй дахиж уулзаагүй боловч өөрөө дэлгэрүүлдэг болов. Дэлгэрүүлснээсээ болж баривчлагдаж, найман жилийн хорих ял авчээ. 1953 онд суллагдмагцаа дэлгэрүүлэх ажлаа дахин эхэлжээ. Гэвч ахиад баригдаж, засан хүмүүжүүлэх газар хоригджээ. Энэ удаа түүнд арван жилийн ял оноосон байв. Валентинаг засан хүмүүжүүлэх газарт хорихдоо нэгээс нөгөөд шилжүүлдэг байжээ. Шилжиж очсон нэг газар нь хоригдож байсан хэдэн Гэрч эмэгтэй ганц Библитэй байжээ. Нэгэн удаа Гэрч эмэгтэй тэр Библийг үзүүлэхэд Валентина үнэхээр их баярлажээ. Учир нь тэрбээр 1945 онд анх уулзсан тэр Гэрчийнхээс өөр Библи хараагүй байжээ!
11 Валентина 1967 онд суллагдав. Ийнхүү Еховад өөрийгөө зориулснаа харуулж баптисм хүртэх боломж сая л нэг олджээ. Тэгээд эрх чөлөөгөө дэлгэрүүлэх ажилд зориулсан байна. Гэвч 1969 онд бас дахин баривчлагдаж, шоронд гурван жил хоригджээ. Гэлээ ч дэлгэрүүлэх ажлаа зогсоосонгүй. Тэрбээр 2001 онд нас барах хүртлээ 44 хүнд үнэнийг мэдэхэд нь тусалсан юм. Валентина нийтдээ 21 жил хоригдсон байна. Тэрбээр Бурханд үнэнч байхын тулд бүхнийг, эрх чөлөөгөө ч золиослоход бэлэн байсан. Валентина насныхаа эцэст: «Би хэзээ ч гэр оронтой байж үзээгүй. Миний бүх эд хогшил ганц чемоданд багтдаг байсан. Гэхдээ би Еховад үйлчилдэгтээ аз жаргалтай, сэтгэл дүүрэн явсан» гэж хэлжээ. Хүмүүс сорилттой тулгарахлаараа Бурханд үнэнч үлдэхгүй гэж Сатан гүтгэсэн. Гэхдээ Валентина тэр гүтгэлгийг тууштай няцаасан юм (Иов 1:9–11). Валентина Еховаг баярлуулсан бөгөөд Ехова ч түүн шиг үнэнч үйлчлэгчдээ дахин амилуулах цагаа тэсэн ядан хүлээж байгаа гэдэгт бид итгэдэг (Иов 14:15).
12. Еховатай дотно харьцаа тогтооход хайр ямар үүрэгтэй вэ?
12 Бид Еховаг хайрладаг учир анд нөхдийн харьцаа тогтоодог. Бурхны сайхан чанаруудыг биширч, санаа зорилгынх нь дагуу амьдрахыг хамаг чадлаараа хичээдэг. Диавол биднийг ашиг хонжоо хайж Бурханд үйлчилдэг гэж гүтгэдэг ч бид Еховаг чин сэтгэлээсээ л хайрладаг. Бурхныг чин сэтгэлээсээ хайрладаг хүн сорилтод орсон ч үнэнч байж чаддаг. Харин Ехова «бурханлаг [«үнэнч», ШЕ] хүмүүсийн замыг сэргийлдэг» (Сур. 2:8; Дуу. 97:10).
13. Ехова бидний юуг хамгийн их үнэлдэг вэ?
13 Бид ихийг хийж чадахгүй байлаа ч Бурхнаа хайрладаг бол нэрийг нь алдаршуулж чадна. Бурхан бидний зүрх сэтгэлийг хардаг учир санасан бодсоноо хийж чадахгүй байхад ч буруушаадаггүй. Юу хийдгийг маань төдийгүй ямар сэтгэлээр хийдгийг маань анхаардаг. Иов уй гашууд автаж, зовлонг тэвчиж явахдаа ч Еховаг хайрладгаа өөрийг нь буруутгагчид хэлж байсан (Иов 10:12; 28:28-ыг уншина уу). «Иов» номын төгсгөлийн бүлэгт бичсэнээр, Бурхан худал ярьсан Елифаз Билдад Зофар гуравт уурлажээ. Харин Иовыг сайшаадгаа харуулан «миний зарц» гэж дөрвөн удаа хэлээд, хуурамч тайтгаруулагчдын төлөө залбир гэжээ (Иов 42:7–9). Бүгдээрээ Еховад таалагдахыг бодож биеэ авч явцгаая.
Ехова үнэнч үйлчлэгчдэдээ тусалдаг
14. Ехова Иовыг үзэл бодлоо засахад нь хэрхэн тусалсан бэ?
14 Иов төгс бус ч гэсэн үнэнч байж чадсан. Гэхдээ туйлын хүнд сорилтын үед тэр бүр зөв бодолтой байж чадаагүй нь үнэн. Жишээ нь, Еховад: «Би Тан руу тусламж эрэн хашхирдаг боловч, Та надад хариулдаггүй. ... Өөрийн мутрын хүчээр та намайг хавчдаг» гэж хэлжээ. Бас өөрийгөө зөвтгөн: «Би үнэндээ гэмтэй бус юм» ... «Миний гарт хүчирхийлэл байхгүй бөгөөд залбирал минь цэвэр билээ» гэсэн байдаг (Иов 10:7; 16:17; 30:20, 21). Гэхдээ Ехова сайхан сэтгэл гарган, Иовд тусалсан. Бурхан Иовд өөрийгөө л бодож байсныг нь ойлгуулж, Бурхны агуу, хүний өчүүхнийг ухааруулахын тулд олон асуулт тавьсан. Иов ч Бурхны зөвлөгөөг хүлээн авч үзэл бодлоо зассан (Иов 40:8; 42:2, 6-г уншина уу).
15, 16. Ехова үйлчлэгчдэдээ ямар ямар аргаар тусалдаг вэ?
15 Өнөөдөр ч Ехова үйлчлэгчдэдээ сайхан сэтгэл гарган, ашигтай зөвлөгөө өгдөг. Бас үнэхээр тустай арга хэмжээ авдаг. Тухайлбал, Есүс Христийг золиос болгон өгч төгс бус бидэнд нүглээ уучлуулах, өөртэй нь дотно харьцаа тогтоох боломж олгосон (Иак. 4:8; 1 Иох. 2:1). Бас сорилттой тулгарч, залбирахад Бурхан ариун сүнсээрээ тусалж дэмждэг. Түүнээс гадна, бидэнд Библи өгсөн. Тиймээс бид Библи уншиж, уншсанаа эргэцүүлэн боддог бол сорилтыг давах бэлтгэлээ базаана гэсэн үг. Библийг бие даан судалдаг бол Бурхан хэмжээгүй эрх мэдэлтэй байх нь зөв эсэх, хүн үнэнч байх эсэх талаар Сатаны дэгдээсэн маргаантай асуудлыг сайн ойлгоно.
16 Мөн Ехова биднийг дэлхий дахины ахан дүүгийн барилдлагад нэгтгэж, «итгэмжит, ухаалаг боолоор» дамжуулан сүнслэг хоолоор хангадаг нь бидэнд их тустай байдаг (Мат. 24:45–47). Еховагийн Гэрчүүдийн 100 000 орчим хурал, цуглаанаараа бидэнд удирдлага заавар, сорилтыг тэвчих хүч өгдөг. Цуглааны ач тусыг Германд амьдардаг 15 настай Шила охинд тохиолдсон явдал харуулдаг.
17. Цуглаанд тогтмол очихын чухлыг харуулах жишээ хэлнэ үү.
17 Нэг удаа Шилагийн ангийнхан багшийнхаа эзгүйд Вижа самбар хэрэглэж сүнс дуудахаар болжээ. Тэгэхэд нь Шила тэр даруй явжээ. Энэ нь зөв байсныг хожим мэдээд их баярласан байна. Сүнс дуудахад зарим хүүхэд чөтгөр байгааг мэдрээд, айж сандран зугтжээ. Харин Шила яагаад явсан юм бол? Шила: «Энэ явдлаас өмнөхөн цуглаан дээр Вижа самбарын аюулыг ярьсан юм. Тийм учраас би юу хийхээ мэдэж байсан. Би Сургаалт үгс 27:11-ийг баримтлан Еховаг баярлуулахыг хүссэн юм» гэж хэлжээ. Шила охин цуглаанд очиж, анхааралтай сонссон нь ямар сайн хэрэг байж вэ!
18. Та ямар шийдвэр гаргаж байна вэ?
18 Тиймээс бүгдээрээ Еховагийн байгууллагын зааврыг чанд сахиж байцгаая. Цуглаанд тогтмол очин, Библи уншиж, Библид үндэслэсэн хэвлэл судалж, Бурханд залбирч, төлөвшсөн христиануудтай нөхөрлөдөг бол өөртөө хэрэгтэй удирдлага заавар, тусламж дэмжлэгийг авна. Ехова биднийг үнэнч байгаасай гэж хүсдэг бөгөөд үргэлж үнэнч байна гэж итгэдэг. Үнэнч байж Еховагийн нэрийг алдаршуулан, Еховаг баярлуулах нь бидний хувьд нэр төрийн хэрэг мөн!
Санаж байна уу?
• Сатанаас болж ямар нөхцөл байдал бий болсон бэ? Ямар сорилт тулгардаг вэ?
• Бидний хувьд хамгийн чухал юм юу вэ?
• Еховатай анд нөхөд болоход юу чухал үүрэгтэй вэ?
• Ехова бидэнд яаж тусалдаг вэ?
[8-р хуудасны зураг]
Та мэдлэгээ бусадтай хуваалцахыг хүсдэг үү?
[9-р хуудасны зураг]
Бид итгэл нэгтнээ үнэнч байхад нь тусалж чадна
[10-р хуудасны зураг]
Бурханд үнэнч байхын тулд Валентина бүхнийг золиослоход бэлэн байсан