НАМТАР
Хойд туйлын орчимд 50 жил эхлэгчээр үйлчилсэн нь
«Эхлэгчээр үйлчлэх чамд бол амархан. Танай аав ээж хоёр Гэрч юм чинь тусална шүү дээ». Бид бүрэн цагаар үйлчилдэг найздаа ингэж хэлэв. Тэгтэл тэр: «Аан гээч! Бид бүгдээрээ нэг л Эцэгтэй шүү дээ» гэлээ. Тэнгэрийн Эцэг маань үйлчлэгчдэдээ санаа тавьж, тусалж дэмжинэ гэсэн чухал зүйлийг хэлсэн хэрэг байлаа. Яах аргагүй тийм байсныг бидний амьдрал бэлхнээ баталсан юм даа.
БИД ХОЁР арван хүүхэдтэй хөдөөний айлд төрж өссөн. Манайх Финландын Хойд Остроботниад байдаг байв. Бага нас маань дэлхийн ІІ дайны үед өнгөрсөн. Галын шугамаас олон зуун километрийн алсад амьдарч байсан ч дайн ямар аймшигтайг сайн ойлгодог байсан. Шөнө дүлээр Оулу, Калаёоки хот орчмыг бөмбөгдөхөд тэнгэр час улаан болохыг харсан. Байлдааны онгоц нисэхийг хармагцаа нуугдаж байхыг эцэг эх маань хүүхдүүд бидэнд захидаг байв. Дэлхий диваажин болж, шударга бус явдал байхгүй болно гэж том ах Тауногоо ярихад сэтгэл их хөдөлж билээ.
Тауно ах маань 14 настайдаа Библи Судлаачдын ном хэвлэлээс Библийн үнэнийг судалж мэдсэн. Дэлхийн ІІ дайн дэгдэхэд Библиэр сургасан мөс чанартаа захирагдаад цэрэгт явалгүй шоронд орсон юм. Тэнд байхад нь ахад их харгис хандсан гэдэг. Харин ах Еховад үйлчлэхээр эргэлт буцалтгүй шийдэн, шоронгоос гарсныхаа дараа бүр ч идэвх зүтгэлтэй дэлгэрүүлдэг болсон. Ийм сайхан үлгэр дууриал болсон ахынхаа ачаар бид зэргэлдээх тосгонд болдог байсан Гэрчүүдийн цуглаанд очдог боллоо. Бас чуулганд очихын тулд ажил хийж, замын зардлын мөнгөө арай чамай цуглуулдаг байв. Сонгино тарина, жимс түүнэ, хөрш саахалтынхандаа хувцас оёж өгнө. Хашаа хороо, ногооны талбайн ажил мундахгүй учир бид хоёр чуулганд барагтай бол хамт явж чадахгүй. Ээлжилж явдаг байлаа.
Зүүнээс: Матти (аав), Тауно, Сайми, Мариа Эмилиа (ээж), Вейнө (нялх хүүхэд), Айли, Анникки, 1935 он
Еховаг, Еховагийн санаа зорилгыг мэдэх тусам улам их хайрладаг болж, түүнд өөрсдийгөө зориулахаар шийдсэн юм. Ингээд 1947 онд бид хоёр баптисм хүртлээ. (Анникки 15, Айли 17 настай байв). Эгч Сайми маань бас тэр жил баптисм хүртсэн. Бид бас Линнеа эгчтэйгээ Библи судалж байсан. Тэр үед эгч маань хадамд гарсан байлаа. Тэднийхэн бүгдээрээ Еховагийн Гэрч болцгоосон. Бид хоёр баптисм хүртсэнийхээ дараа үе үе туслах эхлэгчээр үйлчлэх зорилт тавьсан юм.
БҮРЭН ЦАГААР ҮЙЛЧИЛСЭН НЬ
Зүүнээс: Ээва Каллио, Сайми Маттила-Сиреэлэ, Айли, Анникки, Саара Нопонен, 1949 он
Бид хоёр 1955 онд бүр хойд зүгт байдаг Кеми хотод нүүж очив. Хоёулаа бүтэн өдрөөр ажилладаг ч эхлэгч болохыг хүсдэг байлаа. Гэхдээ цөөхөн цагаар ажиллаад эхлэгчээр үйлчилбэл амьдралаа залгуулж чадахгүй байх вий гэж айна. Тийм болохоор эхлээд мөнгө хуримтлуулсан нь дээр гэж боддог байв. Яг тэр үед эхлэгч найзтайгаа ярилцсаныг дээр дурдсан. Еховад бүрэн цагаар үйлчлэх нь дан ганц мөнгө төгрөг, гэр бүлийнхний тусламжаас шалтгаалахгүйг тэгэхэд ойлгож билээ. Тэнгэрийн Эцэгтээ найдах нь хамгийн чухал байлаа.
Күопио руу чуулган явах замд, 1952 он. Зүүнээс: Анникки, Айли, Ээва Каллио
Энэ хугацаанд хоёр сар хэрэглэх мөнгө цуглуулж чадав. Ингээд 1957 оны тавдугаар сард Хойд туйлын цагаригийн умард хэсэгт байдаг Лапландын Пеллод хоёр сар эхлэгчээр үйлчлэх анкет бөглөлөө. Хоёр сар өнгөрөхөд нөгөө мөнгөндөө гар хүрээгүй учир дахиад хоёр сар эхлэгчээр үйлчлэхээр шийдлээ. Хоёр сарын дараа бүх мөнгө маань байж л байв. Ехова биднийг тэжээнэ гэдэгт тэгэхэд л бат итгэсэн юм. Эхлэгчээр үйлчлээд 50 жил өнгөрсөн ч нөгөө мөнгө маань байж л байгаа! Эргээд бодоход, Ехова гараас маань бариад, «Бүү ай. Би чамд тусална» гэж хэлсэн юм шиг л санагддаг юм (Ис. 41:13).
Эхлэгчээр үйлчлээд 50 жил өнгөрсөн ч нөгөө мөнгө маань байж л байгаа!
Кайсу Рейкко Айлитай цуг дэлгэрүүлж байгаа нь
1958 онд дүүргийн харгалзагч бидэнтэй уулзаад Соданкүла хотод тусгай эхлэгчээр үйлчлэхийг зөвлөв. Тэр нь Лапландын нэг хот юм. Тэнд ганц л Гэрч эмэгтэй байв. Үнэнийг мэдсэн түүх нь их сонин. Хүү нь ангийнхантайгаа Финландын нийслэл Хельсинки хотыг үзэж явж л дээ. Тэгтэл ангийнхныхаа ард явж байсан нөгөө хүүтэй настай Гэрч эмэгтэй уулзан, ээждээ өгөөрэй гэж хэлээд «Харуулын цамхаг» сэтгүүл өгчээ. Хүү ч ээждээ өгч, ээж нь ч үнэнийг олсноо шууд ойлгожээ.
Түрээсэлж суудаг байрны маань доод давхарт мод боловсруулах үйлдвэр байдаг байв. Бид байрандаа цуглаан явуулна. Цуглаанд ердөө л бид хоёр, нутгийн Гэрч эмэгтэй охинтойгоо ирнэ. Тэгээд судлах материалыг хамт уншина. Харин сүүлд, Гэрчүүдтэй Библи судалж байсан нэг эрэгтэй мод боловсруулах үйлдвэрт ажиллахаар ирсэн юм. Тэр хүн гэрийнхэнтэйгээ цуглаанд ирдэг болов. Яваандаа эхнэртэйгээ хамт баптисм хүртэж, цуглаан удирддаг боллоо. Үйлдвэрт ажилладаг хэдэн эрэгтэй бас цуглаанд ирдэг болж, үнэнийг хүлээж авсан. Хэдэн жилийн дараа манай бүлэг өргөжиж хурал болсон юм.
БЭРХШЭЭЛ
Дэлгэрүүлдэг хэсгүүд маань нэлээд зайтай. Зуны цагт явганаар, дугуйгаар, заримдаа бүр завиар явж хэсгийнхээ хүмүүс дээр очно. Дугуй ч их сайн унаа шүү. Чуулган руу явахдаа ч, алсад суугаа аав ээж дээрээ очихдоо ч дугуйгаар явна. Өвлийн цагт өглөө эрт автобусаар тосгонд очиж айлаар дэлгэрүүлнэ. Тэр тосгоноор дэлгэрүүлчихээд хажуугийн тосгон руу алхдаг байлаа. Цас их унадаг болохоор зам ер харагдахгүй. Бид ихэвчлэн морин чарганы мөрөөр явдаг байв. Заримдаа бүр зам балраад чарганы мөр ч харагдахгүй. Хавар болж цас хайлахлаар шавар шалбааг туучих гэж их зүдэрнэ ээ.
Өвлийн хүйтэн өдөр хамт дэлгэрүүлж байгаа нь
Өвөл нь хүйтэн, цас ихтэй газар дулаан хувцас өмсөх хэрэгтэй юм билээ. Ноосон трико, хоёр гурван давхар оймс, урт түрийтэй гутал өмссөн ч түрий рүү цас орчихно. Байшингийн шатан дээр гараад гутлаа тайлж, цасыг нь гөвчихөөд гэрт орно. Түүнээс гадна, пальтоны маань хормой цасанд нороод, дарайгаад хөлдчихнө. Дэлгэрүүлсэн нэг айлын маань эзэгтэй: «Ийм хүйтэн газар сайн дураараа ингэж яваа хүмүүсийг жинхэнэ итгэлтэй гэхээс өөр юу гэх вэ дээ» гэж билээ. Бид 11 километр зам туулж тэднийд очсон юм.
Хол очиж дэлгэрүүлдэг болохоор нутгийн айлуудад хоног төөрүүлэх нь олонтаа. Харуй бүрий болмогц хүмүүсээс гуйж гэрт нь хононо. Эд хогшил гэхээр юмгүй ч тэд их найрсаг, зочломтгой. Биднийг хонуулахаар барахгүй хоол унд өгнө. Ихэвчлэн цаа буга, хандгай, бүр баавгайн арьсан дээр унтдаг байлаа. Хааяа чинээлэг айл таардаг байв. Жишээ нь, нэг эмэгтэй биднийг том байшингийнхаа дээд давхарт дагуулан гарч, зочны өрөөнд оруулсан юм. Ингээд бид хоёр гоёмсог цагаан хэрэглэл дэвссэн орон дээр унтаж билээ. Хоносон айлынхаа хүмүүстэй орой үдэш болтол Библийн талаар ярилцах үе олон гарна. Нэг айлд хонох болоход эзэн эзэгтэй хоёр өрөөнийхөө нэг талд, бид хоёр нөгөө талд нь унтахаар хэвтлээ. Тэдэнтэй Библийн тухай ярилцсаар үүр цайлгаж билээ. Нөхөр эхнэр хоёр ээлжилж асуусаар байсан юм.
ИВЭЭЛ
Лапланд бол үржил шим багатай ч үзэсгэлэнт байгальтай нутаг. Улирлаа дагаад өнгө үзэмжээ өөрчилж байдаг. Гэхдээ бид Еховаг хайрладаг хүмүүсийг илүү үзэсгэлэнтэй гэж хэлнэ. Биднээс сайн мэдээ сонссон чин сэтгэлтэй хүмүүсийн зарим нь мод боловсруулах үйлдвэрт ажиллахаар ирсэн хүмүүс байв. Жижигхэн модон байшинд яваад ороход олон эрэгтэй байж таардаг сан. Энэ ханхар том эрчүүд Библийн мэдээг дуртайяа сонсож, ном хэвлэлийг талархан хүлээж авдаг байлаа.
Санаанд оромгүй явдал их тохиолдоно оо. Нэг удаа бид хоёр унаанаасаа хоцорчихов. Автобусны цаг таван минутаар түрүүлж явж л дээ. Тэгэхлээр нь өөр тосгон руу явдаг автобусанд суулаа. Өмнө нь очиж үзээгүй газар байв. Эхний байшинд очтол нэг залуу эмэгтэй гарч ирээд «Ашгүй дээ, та нарыг хүлээж байсан юм» гэдэг юм байна. Бидэнтэй хичээл хийдэг эмэгтэйн дүү байжээ. Дүү нь биднийг яг тэр өдөр ирүүлэхийг хүссэн юм билээ. Эгч нь дүүгийнхээ хүсэлтийг бидэнд дамжуулахаар тохирсон юм байж. Харин бид хоёр тэр тухай огт мэдээгүй байв. Ингээд тэр бүсгүй болон хөрш зэргэлдээ амьдардаг хамаатнуудтай нь хичээл хийж эхэллээ. Удаа ч үгүй бүгдийг нь нэг дор цуглуулаад хичээл хийдэг болсон. Арван хоёр хүн байсан. Түүнээс хойш тэднийхнээс олон хүн Еховагийн Гэрч болцгоосон юм.
Бид хоёрыг 1965 онд Хойд туйлын цагаригийн өмнөхөн орших Күүсамо хотын хуралд томилсон. Тэр үед хэдхэн дэлгэрүүлэгчтэй байв. Хүмүүс нь сүсэг бишрэл ихтэй ч биднийг гадуурхдаг болохоор дэлгэрүүлэхэд эхэндээ жаахан хэцүү юм шиг санагддаг байлаа. Гэхдээ олон хүн Библийг эрхэмлэн дээдэлнэ. Нутгийн хүмүүстэй аажим аажмаар танилцсаар бараг хоёр жил өнгөрөхөд л Библийн хичээл эхлэх нь арай дөнгүүр болсон доо.
ОДОО Ч ИДЭВХТЭЙ ҮЙЛЧИЛЖ БАЙНА
Бидэнтэй Библи судалж байсан хүмүүсийн зарим нь
Бид хоёр өдөржин дэлгэрүүлэх тэнхээгүй болсон ч бараг өдөр бүр дэлгэрүүлж байгаа. Айли маань машин унаж сурсан учраас том хэсгээр дэлгэрүүлэх бүр амар болсон. Тауно ахын хүүгийн зөвлөснөөр Айли 1987 онд 56 настайдаа жолоо барьж сурсан хэрэг. Бас манай хурал хүн амьдрахад зориулсан өрөө бүхий шинэ Хаанчлалын Танхимтай болж, бид хоёр тэнд нүүж ороод сайхан байна.
Финландын хойд нутгийн олон хүн үнэнийг хүлээж авсанд бид их баяртай байдаг. Эхлэгчээр үйлчилж эхлэхэд хэдхэн дэлгэрүүлэгчтэй байсан энэ нутагт одоо нэлээд хэдэн хуралтай нэг дүүрэг бий болсон. Чуулганы үеэр бидэнтэй уулзаж өөрийгөө танилцуулаад, намайг таньж байна уу гэж асуудаг хүн олон байдаг. Хүүхэд байхад нь бид гэрийнхэнтэй нь Библийн хичээл хийж байсан юм гэнэ. Бүр хэдэн арван жилийн өмнө суулгасан үр ургаж жимс гарсан байдаг шүү! (1 Кор. 3:6).
Бороотой өдөр ч дэлгэрүүлэх дуртай
Бид хоёр 2008 он хүртэл 50 жил тусгай эхлэгчээр үйлчилсэн. Биднээр энэ чухал ажлыг хийлгэж, бие биеэ урамшуулан зоригжуулахад тусалсан Ехова Бурхандаа талархдаг. Эгэл жирийн амьдарч байсан ч юугаар ч дутаж явсангүй (Дуу. 23:1). Эргээд бодоход, эхлэгчээр үйлчлэхээс зүрхшээх хэрэггүй байсан юм билээ. «Би чамайг тэнхрүүлж, үнэхээр чамд тусална. Би заавал Өөрийн зөв баруун мутраар чамайг хамгаална» гэж амласнаа Ехова энэ бүх хугацаанд биелүүлсэн (Ис. 41:10).