Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • хц18 7 сар х. 7-11
  • Та хэний хайр хүндэтгэлийг хүлээхийг хичээдэг вэ?

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Та хэний хайр хүндэтгэлийг хүлээхийг хичээдэг вэ?
  • Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Судлахад зориулсан)—2018
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • ХЭНД ТООГДОХ НЬ ХАМГИЙН ЧУХАЛ БЭ?
  • ХҮСЛЭЭ ОРГИЛУУЛ
  • ЕХОВАГИЙН ТАНЬДАГ ДАРУУ БҮСГҮЙ
  • ЕХОВА ХҮҮГЭЭ ХАЙРЛАЖ ХҮНДЭЛДЭГ
  • «Би бол Еховагийн зарц охин билээ!»
    Итгэлийн жишээ
  • «Тунгаан бодоод сэтгэлдээ хадгалсан»
    Итгэлийн жишээ
  • «Би Эзнийг харлаа!»
    Итгэлийн жишээ
Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Судлахад зориулсан)—2018
хц18 7 сар х. 7-11
Ядуу бэлэвсэн эмэгтэй сүмд хандив өргөж байна

Та хэний хайр хүндэтгэлийг хүлээхийг хичээдэг вэ?

«Та нар Бурхны нэрийг хайрладаг ... Шударга Бурхан та бүхний үйл хэрэг, тэр хайрыг мартахгүй» (ЕВР. 6:10)

ДУУ: 4, 51

ТА ЮУ ГЭЖ ХАРИУЛАХ ВЭ?

  • Хэний танил байх нь хамгийн чухал бэ?

  • Юуг санаж явбал Еховагийн таньдаг, хүндэлдэг хүн болох гэсэн хүсэл оргилох вэ?

  • Мариа Есүс хоёрыг хайрлаж хүндэлдгээ Ехова хэрхэн баталсан бэ?

1. Хүний төрөлхийн хүсэл юу вэ?

ТАНЬДАГ, тэр байтугай хүндэлдэг хүнтэйгээ та таарчээ. Гэтэл тэр хүн нэрийг тань мартчихсан байвал яах вэ? Эсвэл бүр танихгүй бол ямар вэ? Сайхан санагдахгүй л байх. Намайг таниасай гэсэн хүсэл ямар ч хүнд байдаг биз дээ? Энэ бол хүний төрөлхийн хүсэл юм. Гэхдээ зүс таних төдий биш, харин ямар хүн бэ гэдгийг мэддэг, юу хийж бүтээснийг маань үнэлдэг байвал бүр ч сайхан санагддаг (Тоол. 11:16; Иов 31:6).

2, 3. Олны танил байх гэсэн хүсэлдээ хөтлөгдвөл юу болох вэ? (Өгүүллийн эхний зургийг үзээрэй).

2 Гэхдээ төгс бус бид төрөлхийн энэ хүсэлдээ хөтлөгдөж болохгүй. Эс тэгвэл алдар нэрийн хойноос хөөцөлддөг болж мэдэх юм. Уг нь магтан алдаршуулж, бишрэн шүтвэл зохих Нэгэн бол тэнгэрийн Эцэг Ехова Бурхан билээ. Олны танил байх гэсэн төрөлхийн хүслийг маань Сатаны ертөнц өөгшүүлдэг. Хэрэв бид нөлөөнд нь автвал Ехова Бурхнаа тоохгүй, шүтэхгүй болох аюултай (Илч. 4:11).

3 I зуунд шашны зарим удирдагч энэ хүсэлдээ хөтлөгдсөний гайгаар буруу үзэлтэй болжээ. Тийм учраас Есүс шавь нартаа хандан «Хуулийн багш нараас болгоомжлогтун. Тэд урт дээлтэй явах, зах дээр бол мэндлүүлэх, синагогт бол урд эгнээнд [«хамгийн сайн суудалд», зүүлт] суух, найранд бол хойморт залрах дуртай» хэмээн анхааруулаад «Тэднийг бүр хатуу шийтгэнэ» гэжээ (Лук 20:46, 47). Харин хоёрхон жижиг зоос хандивласан ядуу бэлэвсэн эмэгтэйг онцлон магтсан. Гэвч бусад хүн тэр эмэгтэйг анзаараагүй бололтой (Лук 21:1–4). Тэгэхээр Есүс бусдаас огт өөр үзэл бодолтой байжээ. Еховагийн таалалд нийцдэг үзэл бодолтой байхад маань энэ өгүүлэл тустай.

ХЭНД ТООГДОХ НЬ ХАМГИЙН ЧУХАЛ БЭ?

4. Хэнд тоогдох нь хамгийн чухал бэ? Яагаад?

4 Тэгвэл хэнд тоогдох нь бидний хувьд хамгийн чухал бэ? Хүмүүс боловсрол, бизнес, урлаг спортын салбарт нэр алдартай болохыг хүсэн тэмүүлдэг. Харин бид ингэх учиргүй. Паул юу гэж хэлснийг бодоод үз дээ. «Одоо [та нар] Бурхныг мэддэг болсон, Бурхан ч та нарыг мэддэг болсон атал юунд энэ ертөнцийнхний дорой буурай зарчмуудыг дахиж баримтлах гээд байгаа юм бэ?» (Гал. 4:9). Орчлонт ертөнцийн хамгийн дээд Захирагчид тоогдоно гэдэг ямар агуу завшаан бэ! Ехова бидний хэн болохыг мэддэг, биднийг хайрладаг, анд найзаа болгодог. Нэгэн эрдэмтний хэлснээр бид «Бурхны анхаарлын төвд байдаг». Ехова биднийг найзаа хэмээн хүлээн зөвшөөрвөл амьд явсны маань хэрэг бүтэх нь тэр (Ном. 12:13, 14).

5. Бурхны таньдаг хүн байя гэвэл яах хэрэгтэй вэ?

5 Ийм ивээлийг хүртсэн хүмүүсийн нэг нь Мосе юм. Тэрээр Еховагаас «Өөрийнхөө замуудыг надад мэдүүлээч, би Таныг мэдье» гэж гуйхад Ехова: «Чиний хэлсэн энэ зүйлийг Би бас хийнэ. Учир нь чи Миний мэлмийд тааллыг олсон, Би чамайг нэрээр чинь мэддэг» хэмээн хариулжээ (Ег. 33:12–17). «Би чамайг мэддэг» гэж танд бас хэлбэл сайхан биз дээ? Тэгвэл Еховагийн таньдаг хүн байхын тулд яах ёстой вэ? Еховаг хайрлаж, амь амьдралаа зориулах ёстой (1 Коринт 8:3-ыг уншина).

6, 7. Яавал Еховагаас холдох аюултай вэ?

6 Бид Еховатай тогтоосон харьцаагаа үргэлж нандигнах учиртай. Галат дахь Христийн дагалдагчид «энэ ертөнцийнхний дорой буурай зарчмуудыг» баримтлахаас, тухайлбал, алдар нэр олохоос зайлсхийх шаардлагатай байсан. Бид ч мөн ялгаагүй (Гал. 4:9). Галат дахь Христийн дагалдагчид Бурхныг аль хэдийн мэддэг болсон, Бурхан ч тэднийг таньдаг болсон байлаа. Гэхдээ Паул тэдэнд «Юунд ... дорой буурай зарчмуудыг дахиж баримтлах гээд байгаа юм бэ?» гэсэн. Өөрөөр хэлбэл, «Та нар тийм хол явчихаад яагаад ардаа орхисон мунхаг, ашиггүй зүйл рүүгээ эргэж буцна вэ?» гэж хэлсэн хэрэг юм.

7 Бидэнд иймэрхүү явдал тохиолдохыг үгүйсгэх аргагүй. Сатаны ертөнцөд нэр алдраа дуурьсгаж, амжилттай явсан олон хүн Еховатай танилцаад Паулыг дуурайж тэр бүхнээ орхисон (Филиппой 3:7, 8-ыг уншина). Дээд боловсрол эзэмших, тушаал дэвших эсвэл их мөнгө олох боломжоо ашиглаагүй хүн бидний дунд олон бий. Урлаг, спортын авьяасаараа алдар нэр, эд баялагтай болох байсан ч тэр бүхнийг хог гэж үзсэн (Евр. 11:24–27). Ийм зөв шийдвэр гаргачихаад, дараа нь харамсах нь хэчнээн мунхаг вэ! Харамсаад байвал юу болох вэ? «Энэ ертөнцийнхний дорой буурай» гэж тооцоод хаячихсан зүйл рүүгээ эргэж буцахад хүрнэ.a

ХҮСЛЭЭ ОРГИЛУУЛ

8. Юуг санавал Еховад тоогдъё гэсэн хүсэл оргилох вэ?

8 Энэ ертөнцийнхөнд биш, Еховад тоогдъё гэсэн хүслээ оргилуулахын тулд яах хэрэгтэй вэ? Хоёр чухал зүйлийг санах хэрэгтэй. Нэгдүгээрт, Ехова үнэнч үйлчлэгчдээ хэзээ ямагт сайшаадаг (Еврей 6:10-ыг уншина; 11:6). Үнэнч үйлчлэгч болгоноо хайрлаж хүндэлдэг учраас хэн нэгнийг нь үл ойшоохыг «муу муухай» явдалд тооцдог. Тэрээр өөрийнхөө хүмүүсийг «мэддэг» (2 Тим. 2:19). «Зөв шударга хүний замыг ЭЗЭН мэддэг». «Соригдож байгаа үнэнч хүнийг яаж аврахаа» ч мэднэ (Дуу. 1:6; 2 Петр 2:9).

9. Ехова өөрийнхөө хүмүүсийг дэмждэгийг батлах жишээ хэлнэ үү.

9 Ехова өөрийнхөө хүмүүсийг дэмждэг нь зарим онцгой үйл явдлаас харагддаг (Ш.дэд 20:20, 29). Жишээлбэл фараоны хүчирхэг армид хөөгдөж явсан ард түмнээ Улаан тэнгисийн дэргэд аварсан (Ег. 14:21–30; Дуу. 106:9–11). Энэ үйл явдал үнэхээр онцгой байсан учраас 40 жил өнгөрсөн ч хүмүүсийн дунд яригдсаар байжээ (Иош. 2:9–11). Аль эрт зөгнөсөн ёсоор Магогийн Гог бидэн рүү довтолно. Тэр үед Ехова биднийг аварч хайр, хүчээ харуулна гэж бодохоор хэчнээн сайхан бэ! (Езе. 38:8–12). Бид ертөнцөд нэрээ дуурьсгах гэж явахын оронд, Бурхны сайшаалыг хүлээх гэж хичээж мэрийж байсандаа ямар их баярлах бол оо!

10. Байнга санах ёстой бас нэг зүйл юу вэ?

10 Байнга санах ёстой хоёр дахь чухал зүйл юу вэ? Ехова санаанд оромгүй шагнал өгч болох юм. Хүмүүсээр магтуулах гэж сайн юм хийдэг хүнийг Ехова шагнахгүй. Яагаад? Тэд аль хэдийн бусдын магтаал, хүндэтгэлийг хүлээсэн учраас шагналаа бүрэн авсан гэсэн үг (Матай 6:1–5-ыг уншина). Харин сайн юм хийсэн ч олны магтаал, хүндэтгэлийг хүлээгээгүй хүмүүсийг «үл үзэгдэгч Эцэг» харж байдаг гэж Есүс хэлсэн. Ехова тэдний юу хийж байгааг харж байдаг учраас шагнана. Заримдаа огт санаанд оромгүй шагнал өгдөг. Хэдэн жишээ үзье.

ЕХОВАГИЙН ТАНЬДАГ ДАРУУ БҮСГҮЙ

11. Ехова Мариаг таньдгаа хэрхэн баталсан бэ?

11 Бурхны Хүүгийн мэндлэх цаг болжээ. Ехова даруухан бүсгүй Мариаг Хүүгийнхээ эх болгохоор сонгов. Мариа Иерусалимаас, үзэсгэлэнт сүмээс нэлээд зайтай оршдог Назар гэдэг жижигхэн хотод аж төрдөг байлаа (Лук 1:26–33-ыг уншина). Ехова яагаад Мариаг Хүүгийнхээ эх болгохоор сонгосон бэ? Тэнгэрийн элч Габриел түүнтэй уулзан Бурхны таалалд нийцсэнийг нь уламжилсан. Мариа Еховатай үнэхээр дотно байсныг хамаатныхаа Елизабеттай ярьсан ярианаас нь мэдэж болно (Лук 1:46–55). Ехова Мариаг ажиглаад, үнэнч байсан учраас санаанд оромгүйгээр ивээсэн.

12, 13. Ехова Есүсийг хайрлаж хүндэлдгээ төрөх үед нь болон түүнээс хойш 40 хоногийн дараа хэрхэн баталсан бэ?

12 Мариа Есүсийг төрүүлэв. Харин энэ чухал үйл явдлыг Ехова Иерусалим, Бетлехемийн нэг ч түшмэл, захирагчид мэдэгдээгүй. Тэгвэл хэнд мэдэгдсэн бэ? Эгэл хоньчдод мэдэгдсэн. Ехова тэнгэрийн элчүүдээ Бетлехемийн ойролцоо, хөдөө хээр хонь хариулж явсан хоньчид руу илгээжээ (Лук 2:8–14). Мэдээг сонссон хоньчид дөнгөж төрсөн хүүхэд дээр очдог (Лук 2:15–17). Есүсийг ингэж хүндэтгэж байгааг Мариа Иосеф хоёр хараад хэчнээн их гайхаж, баярласан бол оо! Диаволын арга Еховагийнхаас эрс ялгаатай. Сатан зурхайчдыг Есүс болон түүний эцэг эх рүү илгээдэг. Тэгэхэд Есүсийн мэндэлснийг Иерусалим даяараа мэджээ. Үүний үр дагавар аймшигтай байсан (Мат. 2:3). Гэм буруугүй олон хүүхэд алагджээ (Мат. 2:16).

13 Есүсийг мэндэлснээс хойш 40 хоногийн дараа Мариа Бетлехемээс 9 километрийн зайтай орших Иерусалимын сүмд очиж Еховад тахил өргөх хэрэгтэй байлаа (Лук 2:22–24). Ингээд нөхөр хүүхэдтэйгээ замд гарчээ. Хүүгийн минь ирээдүйд гүйцэтгэх үүргийг тахилч ямар нэгэн онцгой аргаар мэдэх болов уу гэж аян замын турш бодсон ч байж болох юм. Үнэхээр ч тийм юм болсон. Гэхдээ Мариагийн бодсоноос огт өөр байлаа. Энэ хүүхэд амласан Мессиа буюу Христ болно гэдгийг Ехова «үнэнч хүн» Симеон болон 84 настай Анна гэдэг зөнч эмэгтэйгээр хэлүүлжээ (Лук 2:25–38).

14. Ехова Мариаг хэрхэн ивээсэн бэ?

14 Хүүг нь сайн асарч халамжлан, өсгөж хүмүүжүүлж байгаа Мариаг хайрлаж хүндэлдгээ Ехова баталсаар байсан. Яаж? Мариагийн хийсэн, хэлсэн зүйлийг Үгэндээ бичүүлжээ. Есүс 3,5 жилийн турш Хаант төрийн тухай дэлгэрүүлж явсан. Тэгэхэд Мариа хамт яваагүй бололтой. Бэлэвсэрч хоцроод Назартаа үлдсэн байх. Тийм болохоор олон сайхан зүйлийг үзэж чадаагүй. Гэлээ ч Есүсийг амьсгал хураах үед дэргэд нь байжээ (Ёох. 19:26). Хожим нь Есүсийн шавь нартай хамт Иерусалимд цугладаг болов. Тэгтэл Тавь дахь өдрийн баяр болж Бурхны агуу хүч шавь нар дээр буусан (Үйлс 1:13, 14). Мариа тэнд байж бусад шавийн адил тослогдсон бол тэнгэрт Есүстэй үүрд хамт байх боломжтой болсон гэсэн үг. Энэ бол Бурхны үнэнч үйлчлэгч Мариагийн хувьд гайхалтай шагнал юм!

ЕХОВА ХҮҮГЭЭ ХАЙРЛАЖ ХҮНДЭЛДЭГ

15. Ехова Хүүгээ хайрладгаа дэлхий дээр байхад нь хэрхэн баталсан бэ?

15 Есүс тухайн үеийнхээ төр, шашны удирдагчдаар хүндлүүлэхийг хүсээгүй. Харин Еховад тоогдож, хайрлуулахыг хүсдэг байсан. Ехова гурван удаа тэнгэрээс ярьж өөрт нь хайртайгаа хэлдэг. Тэгэхэд Есүс хэчнээн их урамшсан бол оо. Есүсийг Иордан голд баптисм хүртээд гарч ирэхэд Ехова: «Энэ бол миний таалан соёрхдог, хайрт Хүү минь билээ» гэж хэлдэг (Мат. 3:17). Үүнийг Есүсээс гадна баптисм хүртээгч Ёохан л сонссон бололтой. Есүсийг нас барахаас бараг жилийн өмнө «Энэ бол миний хайртай хүү. Би хүүгээ таалан соёрхдог. Түүний үгийг дагаж байгтун» хэмээн Еховагийн хэлэхийг гурван элч сонсжээ (Мат. 17:5). Эцэст нь Есүсийг нас барахаас хэдхэн хоногийн өмнө Ехова тэнгэрээс дахин ярьсан (Ёох. 12:28).

Ёохан Есүст баптисм хүртээхэд Бурхны агуу хүч тэнгэрээс тагтаа мэт буун ирж байна, тэд Бурхны ярихыг сонсож байна; Есүс тэнгэрийн хаан ширээндээ заларсан байна

Хүүдээ хүндэтгэл үзүүлсэн Еховагаас та юу сурсан бэ? (15–17-р догол мөрийг үзээрэй)

16, 17. Ехова Есүсийг огт бодож байгаагүйгээр нь хэрхэн хүндэтгэсэн бэ?

16 Бурхныг доромжилсон хэмээн гүтгүүлж, гутамшигтайгаар үхнэ гэдгээ Есүс мэдэж байсан ч «Миний хүслээр биш, таны хүслээр болог» гэж залбирсан (Мат. 26:39, 42). Тэрээр ертөнцөд нэр алдраа дуурьсгахыг хүсээгүй. Эцэгтээ сайшаагдахын тулд «шонд тарчлахыг тэвчсэн бөгөөд гутамшиг болохоос ичээгүй» (Евр. 12:2).

17 Есүс: «Би таны дэргэд байхдаа алдар хүндтэй байсан. Одоо намайг тийм алдар хүндтэй болгооч» гэж залбирчээ (Ёох. 17:5). Үүнээс илүү юм хүсээгүй. Еховагийн хүссэнийг хийсэн юм чинь тусгай шагнал авна гэж бодоогүй. Тэгвэл Ехова яасан бэ? Огт бодож байгаагүйгээр нь хүндэтгэл үзүүлсэн. Есүсийг амилуулж, «өмнөхөөс нь илүү их эрх мэдэл» өгчээ. Бас урьд нь хэнд ч өгч байгаагүй шагнал өгсөн. Есүс хэзээ ч үхэхгүйгээр тэнгэрт мөнх амьдрах боломжтой болсон!b (Флп. 2:9; 1 Тим. 6:16). Үнэнч байсныг нь үнэлж гайхалтай шагнал олгожээ!

18. Энэ ертөнцөд алдар нэрээ дуурьсгах гэж улайрахаас хэрхэн сэрэмжлэх вэ?

18 Энэ ертөнцөд алдар нэрээ дуурьсгах гэж улайрахаас хэрхэн сэрэмжлэх вэ? Ехова үнэнч үйлчлэгчдээ хэзээ ямагт сайшаадаг, санаанд оромгүйгээр шагнадгийг бүү мартаарай. Ирээдүйд бид төсөөлж ч байгаагүй ивээл хүртэж болох шүү дээ! Харин одоо зовлонг тэвчиж, бэрхшээлийг даван туулах шаардлагатай. Энэ ертөнц ч, энэ ертөнцөд дуурьссан алдар нэр ч «үгүй болно» гэдгийг үргэлж санаж явцгаая (1 Ёох. 2:17). Хайр халамжтай тэнгэрийн Эцэг Ехова маань шударга учраас бидний үйл хэргийг, нэрийнх нь төлөөх хайрыг маань мартахгүй (Евр. 6:10). Тийм ээ, Ехова биднийг сайшаадаг, шагнадаг. Бүр санаанд оромгүй шагнал ч өгч магадгүй!

a Библийн бусад орчуулгад «ашиггүй», «дампуу», «хоосон», «золгүй» гэж бичсэн байдаг.

b Еврей Сударт үхэшгүй мөнхийн амийн талаар огт дурдаагүйг бодвол энэ нь санаанд оромгүй шагнал байсан байж болох юм.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах