Дэлгэрүүлэх ажлын ур чадвараа үргэлж сайжруулъя
1. Дэлгэрүүлэх ажилд ахиц гаргах хэрэгтэйг I зууны дагалдагчдын ямар жишээ харуулдаг вэ?
1 Христианууд бид дэлгэрүүлэх ажлынхаа чадварыг сайжруулах учиртай. Есүс дагалдагчдаа дэлгэрүүлэх ажилд сургаж, ахиц гаргахад нь тусалж байсан (Лук 9:1–5; 10:1–11). Акул Прискила хоёр ч Аполыг «хажуу тийш нь авч гараад, түүнд [Бурханы] замыг улам ч зөв тайлбарлаж өгсөн» (Үйлс 18:24–26). Мөн Паул сайн мэдээг чадварлаг дэлгэрүүлдэг Тимотод, заадаг юмаа үргэлж хэрэгжүүлэхийг захидаг байсан. Ингэснээр ахиц дэвшил нь «бүгдэд илэрхий» болох байв (1 Тим. 4:13–15). Сайн мэдээ дэлгэрүүлэн Эзэнд үйлчлээд олон жил болсон ч, бид дэлгэрүүлэх ажлынхаа ур чадварыг сайжруулсаар байх хэрэгтэй.
2. Бусдаас яаж суралцах вэ?
2 Бусдаас суралцах нь: Дэлгэрүүлэх чадвараа сайжруулах нэг арга нь бусдаас суралцах юм (Сур. 27:17). Нэгнийхээ дэлгэрүүлж байгааг сайн ажиглаарай. Хүнтэй яриа өрнүүлж чаддаг дэлгэрүүлэгчээс зөвлөгөө авч анхааралтай сонсоорой (Сур. 1:5). Давтан уулзалт хийх, Библийн шинэ хичээлтэй болох, эсвэл өөр янз бүрийн аргаар дэлгэрүүлэхэд яах ёстойгоо мэдэхгүй байна уу? Санаачилга гаргаад хэсгийнхээ харгалзагчаас эсвэл туршлагатай дэлгэрүүлэгчээс тусламж гуйгаарай. Чадвараа сайжруулахад маань Ехова агуу хүчээрээ тусалдгийг санан, байнга залбирч гуйгаарай (Лук 11:13).
3. Тусламж гуйгаагүй байхад зөвлөгөө өгвөл яах хэрэгтэй вэ?
3 Тусламж гуйгаагүй байхад зөвлөгөө өгвөл битгий гомдоорой (Ном. 7:9). Аполын адилаар даруу байж, туслахад нь талархаарай. Ухаалаг хүн зөвлөгөөг сонсдог (Сур. 12:15).
4. Дэлгэрүүлэх ажлын чадвараа сайжруулах ямар хүндтэй шалтгаан байдгийг Есүс хэлсэн бэ?
4 Ахиц гарган Бурхнаа алдаршуулах нь: Есүс дагалдагчдадаа дэлгэрүүлэх ажлын чадвараа сайжруулахыг уриалахдаа жишээ татсан. Тэрбээр өөрийгөө усан үзмийн модтой, тослогдсон дагалдагчдаа мөчрүүдтэй зүйрлэсэн. Есүсийн хэлснээр Ехова үржил шимтэй мөчир бүрийг «их жимстэй болгохын тулд» тайрч арчилдаг (Иох. 15:2). Усан үзмийн цэцэрлэгийн эзэн моддынхоо мөчрийг үржил шимтэй байлгахыг хүсдэгийн адилаар Ехова биднээс «уруулын үр жимс» гаргах чадвараа үргэлж сайжруулаасай гэж хүсдэг (Евр. 13:15). Дэлгэрүүлэх ажлын чадвараа сайжруулбал ямар үр дүнд хүрэх вэ? Есүс: «Та нарын их жимс ургуулснаар Эцэг минь алдаршуулагдана» гэжээ (Иох. 15:8).