Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • еб бүлэг 7 х. 59-70
  • Цуглааны ач холбогдол

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Цуглааны ач холбогдол
  • Еховагийн хүсэл тааллыг биелүүлдэг байгууллага
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • ЦУГЛААНУУД
  • АМРАЛТЫН ӨДӨР БОЛДОГ ЦУГЛААН
  • АЖЛЫН ӨДӨР БОЛДОГ ЦУГЛААН
  • ДЭЛГЭРҮҮЛЭХ АЖЛЫН ЦУГЛААН
  • ШИНЭ ЭСВЭЛ ЖИЖИГ ХУРЛЫН ЦУГЛААН
  • ДҮҮРГИЙН ЧУУЛГАН
  • БҮСИЙН ЧУУЛГАН
  • ДУРСАХ ЦУГЛААН
  • Дэлгэрүүлэх ажлын цуглааны зорилгыг санах нь
    Христиан үйлчлэл 2015
  • Цуглааныг сэтгэл сэргээм болгоход та хувь нэмэр оруулдаг уу?
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2010
  • Еховагийн Гэрчүүдийн цуглаан танд ямар ашиг тустай вэ?
    Үүрд жаргалтай амьдраарай!—Библийн интерактив хичээл
  • Бурхнаа шүтэхээр цуглах ёстойн учир
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Судлахад зориулсан)—2016
Илүү дэлгэрэнгүй харах
Еховагийн хүсэл тааллыг биелүүлдэг байгууллага
еб бүлэг 7 х. 59-70

БҮЛЭГ 7

Цуглааны ач холбогдол

ЕХОВАГИЙН ард түмэн хамтдаа цугладаг болсноос хойш хэдэн зуун жил өнгөрч байна. Эртний Израйлын бүх эрчүүд жил бүр гурван гол баярыг тэмдэглэхээр Иерусалимд очдог байв (Д.хууль 16:16). I зуунд Христийн дагалдагчид тогтмол, ихэнхдээ нэгнийхээ гэрт цугладаг байсан (Флм. 1, 2). Өнөө үед ч бид цуглаан, чуулган зохион байгуулдаг. Бурхны ард түмэн яагаад цугладаг вэ? Шүтлэгийнх нь нэг салшгүй хэсэг учраас тэр ажээ (Дуу. 95:6; Кол. 3:16).

2 Цуглаанд ирсэн бүх хүн ач тус хүртдэг. Бурхан израйлчуудад жилд нэг удаа тэмдэглэдэг Майхан баярын 7 дахь жил болгонд юу хийх ёстойг нь хэлэхдээ «Ард түмнийг, эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд, хүүхэд багачууд, танай хотод байгаа харийн хүмүүсийг цуглуул. Тэдэнд түүнийг сонсгон, зааж, өөрийн Бурхан ЭЗЭНээс айн эмээж, энэ хуулийн бүх үгийг сахин мөрддөг болго» гэжээ (Д.хууль 31:12). Бид гол нь, Еховагаар заалгахын тулд цугладаг (Ис. 54:13). Бас цуглаанд очоод бие биетэйгээ илүү сайн танилцаж, нэг нэгнийгээ урамшуулан зоригжуулах сайхан боломж бүрддэг. Түүнээс гадна итгэл нэгтнүүдтэйгээ нөхөрлөхийн сайхныг мэдэрдэг.

ЦУГЛААНУУД

3 Есүсийн шавь нар МЭ 33 оны Пентекостын өдрөөс хойш элч нарын сургаалыг шимтэн сонсож, «өдөр бүр сүмд нэгэн зорилготой цугладаг» байжээ (Үйлс 2:42, 46). Христийн дагалдагчид хамтдаа цуглахдаа Судраас болон элч нарын, бас бусад дагалдагчийн илгээсэн захидлыг уншдаг байв (1 Кор. 1:1, 2; Кол. 4:16; 1 Тес. 1:1; Яак. 1:1). Мөн залбирна (Үйлс 4:24–29; 20:36). Заримдаа миссионерын аяллын сонин сайхныг сонсоно (Үйлс 11:5–18; 14:27, 28). Библийн сургаал болон зөгнөлүүд хэрхэн биелсэн тухай ярилцана. Христийн дагалдагч хүн ямар байх ёстойг, Бурханд хэрхэн үнэнч байх талаар заавар зөвлөгөө авна. Түүнээс гадна сайн мэдээг идэвх зүтгэлтэй тунхаглах урам сэргээм үгс сонсдог байжээ (Ром 10:9, 10; 1 Кор. 11:23–26; 15:58; Эф. 5:1–33).

Эцсийн өдрүүдийн энэ хэцүү цагт цуглаанд тогтмол очиж урам зориг авах хэрэгтэй

4 Элч нарын үед цуглааныг хэрхэн явуулдаг байсан, тэр л жишгээр өнөөдөр цуглааныг явуулдаг. Бид Еврей 10:24, 25-д байдаг дараах зөвлөгөөг дагадаг. «Нэг нэгэндээ санаа тавьж, цуглаан таслах зуршилтай зарим хүнийг дуурайлгүй үргэлж цуглаж, бие биеэ урамшуулан зоригжуулж байя. Тэр өдөр ойртож байгаа учир энэ бүхнийг бүр их анхааръя». Эцсийн өдрүүдийн энэ хэцүү цагт цуглаанд тогтмол очиж урам зориг авах хэрэгтэй. Тэгж байж Еховатай тогтоосон харьцаагаа улам батжуулж, үнэнч байж чадна (Ром 1:11, 12). Бид «хорон муу, нүгэлт үеийнхний дунд» амьдардаг учраас Бурханд таалагддаггүй болон энэ ертөнцийнхний хүсдэг зүйлд автахгүйн тулд чадах бүхнээ хийдэг (Флп. 2:15, 16; Тит 2:12–14). Еховагийн ард түмний дунд байхаас илүү сайхан газар хаана байна вэ? (Дуу. 84:10). Бурхны Үгийг судалж, ярилцахаас илүү ач тустай зүйл байгаа гэж үү? Бидний сайн сайхны төлөө зохион байгуулдаг цуглаануудын талаар ярилцъя.

АМРАЛТЫН ӨДӨР БОЛДОГ ЦУГЛААН

5 Амралтын өдөр болдог цуглааны эхний хэсэг бол бүх хүнд, түүний дотор анх удаа ирсэн хүмүүст зориулан тавьдаг Библид үндэслэсэн илтгэл юм. Энэхүү нийтийн илтгэл шинээр ирсэн хүмүүст болон хурлын дэлгэрүүлэгчдэд Бурхныг таньж мэдэх хэрэгцээгээ хангахад нь чухал үүрэгтэй (Үйлс 18:4; 19:9, 10).

6 Есүс Христ, элч нар, бусад дагалдагчид нь ч Еховагийн орчин үеийн үйлчлэгчдийнхтэй адилхан аргаар нийтийн цуглаан явуулдаг байжээ. Есүс энэ дэлхий дээрх хамгийн агуу илтгэгч байсан нь тодорхой. «Хэн ч, хэзээ ч энэ хүн шиг яриагүй» гэж түүний тухай хэлсэн байдаг (Ёох. 7:46). Тэрээр эрх мэдэлтэй хүний ёсоор ярьж, сонсогчдынхоо гайхлыг төрүүлдэг байжээ (Мат. 7:28, 29). Үг сургаалыг нь зүрх сэтгэлдээ хоногшуулж үр шимийг нь хүртсэн хүн олон (Мат. 13:16, 17). Элч нар Есүсийн үлгэр жишээг дагасан. Жишээлбэл Петр МЭ 33 оны Пентекостын өдөр олон түмний зүрх сэтгэлийг хөдөлгөсөн илтгэл тавьжээ. Энэ тухай Үйлс 2:14-36-д бичсэн байдаг. Илтгэлийг нь сонсоод мянга мянган хүн сурч мэдсэнээ ажил хэрэг болгосон. Мөн Афин хотод Паулын илтгэлийг сонсоод Есүсийн дагалдагч болсон хүн олон байв (Үйлс 17:22–34).

7 Өнөө үед ч мөн долоо хоног бүр хурлын цуглаанд тавьдаг нийтийн илтгэл болон дүүрэг, бүсийн чуулганы нийтийн илтгэлээс сая сая хүн ач тус хүртэж байна. Эдгээр илтгэлийн ачаар Библийг зөв ойлгож, Хаант төрийн үйл хэрэгт тууштай оролцдог. Ямар ч хүнийг цуглаан чуулганд урьдаг бол Библийн үндсэн сургаалыг мэдэж авахад тэдэнд тусалж байна гэсэн үг.

8 Нийтийн илтгэлийн сэдэв янз бүр байдаг. Уг илтгэлүүдээс Библийн сургаал, зөгнөлийг ойлгохоос гадна гэр бүл, хосууд, залуучуудад тулгардаг асуудлыг шийдэхэд тустай Библийн зарчим, зөвлөгөөг мэдэж авдаг. Бас Гэрч хүний баримталбал зохих ёс суртахууны хэм хэмжээний талаар сурч, Еховагийн бүтээлийн гайхамшигтай танилцдаг. Түүнээс гадна Библид гардаг бат итгэл, эр зориг, үнэнч байдлын жишээ болсон хүмүүсийн тухай мэдэж авч, тэдний үлдээсэн жишээнээс сургамж авдаг.

9 Нийтийн илтгэлээс бүрэн дүүрэн ач тус хүртэхийн тулд илтгэлийг анхааралтай сонсож, илтгэгчийг Библийн зүйл уншиж, тайлбарлахад Библиэ нээгээд дагуулж харах нь чухал (Лук 8:18). Ингэдэг бол илтгэлээр ярьж буй зүйлийг сайн ойлгож, ойлгосноо зүрх сэтгэлдээ хоногшуулж, ажил хэрэг болгоно (1 Тес. 5:21).

10 Хуралд илтгэл тавих эрчүүд хангалттай байвал нийтийн илтгэлийг долоо хоног бүр тавьдаг. Мөн бусад хурлаас илтгэгч урих нь бий. Хэрэв хуралд илтгэл тавих хүн цөөхөн бол яах вэ? Боломжийнхоо хэрээр нийтийн илтгэлийг тавих нь сайн.

11 Амралтын өдөр болдог цуглааны хоёр дахь хэсэг бол «Харуулын цамхаг» судлал юм. Судлахад зориулсан «Харуулын цамхаг» сэтгүүлд нийтлэгддэг өгүүллүүдийг асуулт хариултын журмаар хэлэлцдэг. Ехова бидэнд өөртэй нь дотносоход хэрэгтэй бүгдийг цаг тухайд нь уг сэтгүүлээр өгдөг.

12 Библийн зарчмыг өдөр тутмын амьдралдаа хэрхэн баримтлахыг судлах өгүүлэлд байнга онцолдог. Үүний ачаар бид «энэ ертөнцийн хандлагыг» тууштай сөрж, муу муухай зүйлээс хол байдаг (1 Кор. 2:12). Бас Библийн сургаалын талаарх ойлголт шинэчлэгдсэнийг, зөгнөл хэрхэн биелж байгааг «Харуулын цамхаг» сэтгүүлд тодорхой тайлбарладаг. Тийм учраас бид үнэнээс чанга зуурч, «шударга зөв хүмүүсийн жимээр» тууштай алхдаг (Дуу. 97:11; Сур. 4:18). «Харуулын цамхаг» судлалд сууж, оролцдог бол Еховагийн амласан шинэ ертөнц дэх найдвараа тод санаж, баяр хөөртэй байна (Ром 12:12; 2 Петр 3:13). Итгэл нэгтнүүдтэйгээ хамт цугладаг бол Бурхны агуу хүчний нөлөөгөөр бий болдог зан чанаруудыг өөртөө төлөвшүүлнэ, Бурханд идэвх зүтгэлтэй үйлчлэх хүсэл бадарна (Гал. 5:22, 23). Түүнээс гадна сорилтыг тэвчих сэтгэлийн тэнхээтэй байж, «ирээдүйнхээ төлөө сайн суурь тавьж» улмаар «жинхэнэ аминаас зуурна» (1 Тим. 6:19; 1 Петр 1:6, 7).

13 «Харуулын цамхаг» судлалын ач тусыг яавал бүрэн дүүрэн хүртэх вэ? Судлах өгүүллийг ганцаараа эсвэл гэр бүлээрээ урьдчилан сайтар бэлдэж, дурдсан Библийн зүйлүүдийг уншиж, цуглаан дээр өөрийн үгээр хариулаарай. Ингэвэл үнэнийг зүрх сэтгэлдээ хоногшуулна, бусдадаа урам зориг хайрлана. Бусад хүнийг хариулахад анхааралтай сонсдог бол долоо хоног бүрийн өгүүллээс их зүйлийг мэдэж авна.

АЖЛЫН ӨДӨР БОЛДОГ ЦУГЛААН

14 Долоо хоног бүр цуглааны танхимд цуглаж «Бурхны үйлчлэгчийн амьдрал, үйл хэрэг» цуглааныг явуулдаг. Энэ цуглаан гурван хэсэгтэй бөгөөд Бурхны үйлчлэгч хүнд байх ёстой чадваруудыг эзэмшүүлэх зорилготой (2 Кор. 3:5, 6). Цуглааны хуваарь, ярилцах сэдвийг «Бурхны үйлчлэгчийн амьдрал, үйл хэрэг—Цуглаанаар үзэх материал»-д нийтэлдэг. Бас дэлгэрүүлэх ажилд хэрэглэх ярианы жишээг бичсэн байдаг.

15 Эхний хэсэг нь «Бурхны үгэн дэх эрдэнэс» юм. Библид гардаг үйл явдалтай дэлгэрэнгүй танилцаж, өнөөгийн амьдралд ямар сургамжтайг мэдэж авдаг. Энэ хэсэгт илтгэл сонсож, Библиэс уншиж, бас тухайн долоо хоногийн хуваарийн дагуу Библиэс уншсанаа хэлэлцдэг. «Амьдрал, үйл хэрэг цуглаанаар үзэх материал»-д гардаг тайлбартай зураг, газрын зураг, он цагийн хэлхээс, дасгал ажил нь Библид гардаг үйл явдлыг ойлгоход тус дөхөм болдог. Ийнхүү Библийн үйл явдлыг тал бүрээс нь сайн ойлгох нь бидэнд тус болохоос гадна бусдад заахад тусалдаг. Үүний ачаар бид «чадварлаг болж, аливаа сайн үйлд бүрэн бэлтгэгддэг» (2 Тим. 3:16, 17).

16 «Дэлгэрүүлэх чадвараа сайжруулах нь» гэсэн хоёр дахь хэсэг нь дэлгэрүүлэх, заах ажлыг үр өгөөжтэй хийдэг болоход биднийг бэлтгэдэг. Даалгавар биелүүлэхээс гадна ярианы жишээний видеог үзэж хэлэлцдэг. Энэ хэсэг биднийг «шавийн хэлтэй» болоход тусалдаг учраас «ядарсан хүнд үгээр хэрхэн туслахыг мэдэж» авдаг (Ис. 50:4).

17 «Бурхны үйлчлэгчийн ёсоор амьдрах нь» гэсэн гурав дахь хэсгээс Библийн зарчмыг өдөр тутмын амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэхийг мэдэж авдаг (Дуу. 119:105). Гол хэсэг нь «Библи судлал» юм. «Харуулын цамхаг» судлалын нэгэн адил асуулт хариултын журмаар явуулдаг.

18 Ахлагчдын зөвлөлийн зохицуулагч эсвэл зохицуулагчид тусалдаг ахлагч сар бүр «Амьдрал, үйл хэрэг цуглаанаар үзэх материал»-ыг хүлээж аваад материалтай сайтар танилцсаны дараа хуваарь гаргадаг. Уг цуглааныг ахлагчдын зөвлөлийн зөвшөөрсөн, заах чадвартай ахлагч хөтлөн явуулдаг. Хөтлөгч нь цуглаан цагтаа эхэлж, цагтаа дуусаж байгаа эсэхийг хянахаас гадна даалгавар биелүүлсэн хүмүүсийг магтаж, заавар зөвлөгөө өгөх үүрэгтэй.

19 «Амьдрал, үйл хэрэг цуглаан»-д тогтмол бэлдэж, оролцдог бол Библийн мэдлэгээ тэлж, зарчмыг улам сайн ойлгон, сайн мэдээг итгэлтэй тунхаглаж, шавь бэлдэх чадвартай болно. Баптисм хүртээгүй дэлгэрүүлэгч хүн ч ахан дүүсийн хайрыг мэдэрч, хөтөлбөрөөс урам зориг авдаг. Энэ болон бусад цуглаанд бэлдэхэд «Харуулын цамхаг номын сан», JW Library®, «Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН» зэрэг нь тустай байдаг. Цуглааны танхимд байдаг номын санг бас ашиглаж болно. Тэнд манай байгууллагаас гаргадаг ном хэвлэлүүд, «Харуулын Цамхаг Нийгэмлэгийн хэвлэлийн товьёг» (англи), «Еховагийн Гэрчүүдэд зориулсан судалгааны лавлах», Библийн янз бүрийн орчуулга, «Библийн үгийг цагаан толгойн дарааллаар бичсэн түүвэр» (англи), толь бичгүүд болон судлахад зориулсан өөр олон материал бий. Номын санд байгаа ном хэвлэлийг цуглааны өмнө эсвэл дараа ямар ч хүн ашиглаж болно.

ДЭЛГЭРҮҮЛЭХ АЖЛЫН ЦУГЛААН

20 Ажлын өдрүүд болон амралтын өдрүүдэд янз бүрийн цагт дэлгэрүүлэх ажлын цуглаан болдог. Ихэнхдээ айлд юм уу өөр тохиромжтой газар цугладаг. Бас цуглааны танхимд ч хийж болдог. Дэлгэрүүлэх хэсгийнхээ ойролцоо хэд хэдэн газар бүлэг бүлгээрээ цөөхүүлээ цуглах нь дэлгэрүүлэх ажлын цуглаан болон хэсэг рүүгээ явахад дэлгэрүүлэгчдэд амар. Бас хүмүүсийг хурдан хуваарилж, хэсэг рүү нь аль болох хурдан явуулах боломжтой болдог. Түүнээс гадна дэлгэрүүлэгчидтэй ойр байж, санаа тавихад бүлэг хариуцагчид тустай. Ийнхүү цөөхүүлээ цуглах нь янз бүрийн давуу талтай ч заримдаа хэд хэдэн бүлэг хамтдаа цуглах шаардлагатай болж мэдэх юм. Жишээлбэл ажлын өдөр болдог цуглаанд цөөхөн дэлгэрүүлэгч ирдэг бол зарим бүлгийг нэгтгэх эсвэл бүх бүлэг цуглааны танхим юм уу өөр тохиромжтой газар цуглаад хэсэг рүүгээ явах нь сайн байж болох юм. Бас хамт дэлгэрүүлэх хүн олоход амар байдаг. Баярын өдрүүдэд цуглааны танхимд цуглах нь илүү тохиромжтой байж мэднэ. Эсвэл зарим хурал «Харуулын цамхаг» судлалын дараа дэлгэрүүлэх ажлын цуглаан хийх нь дээр гэж үзэж болох юм.

21 Хэрэв бүлгүүд тус тусдаа цуглах бол бүлэг хариуцагч дэлгэрүүлэх ажлын цуглааныг хөтөлдөг. Заримдаа бүлэг хариуцагч өөрт нь туслах хүнийг эсвэл шаардлага хангасан Гэрчийг уг цуглааныг хөтлүүлэхээр томилдог. Хөтлөгч дэлгэрүүлэхэд тус болох зүйлийг хэлэлцэхээр бэлдэх учиртай. Дэлгэрүүлэгчдийг хуваарилсны дараа нэг хүн бусдыгаа төлөөлөн залбирдаг. Дараа нь дэлгэрүүлэгчид хэсэг рүүгээ даруй явна. Дэлгэрүүлэх ажлын цуглаан 5–7 минут үргэлжилдэг. Харин хурлын цуглааны дараа хийж байгаа бол үүнээс ч богино байх ёстой. Дэлгэрүүлэгчдэд урам зориг хайрлах, дэлгэрүүлэхэд тус болох удирдамж заавар өгөх учиртай. Шинэ дэлгэрүүлэгч болон тусламж хэрэгтэй хүнийг туршлагатай дэлгэрүүлэгчтэй хамт явуулбал ач тустай.

ШИНЭ ЭСВЭЛ ЖИЖИГ ХУРЛЫН ЦУГЛААН

22 Дагалдагчдын тоо нэмэгдэхийн хэрээр хурлын тоо нэмэгддэг. Шинээр хурал байгуулах анкетыг ихэнхдээ дүүрэг хариуцагч бөглөдөг. Зарим тохиолдолд жижиг бүлэг хамгийн ойр байдаг хуралтай нэгдсэн нь илүү үр дүнтэй байдаг.

23 Зарим жижиг хуралд зөвхөн эмэгтэйчүүд байх тохиолдол байж болох юм. Тийм үед эмэгтэйчүүд залбирах болон цуглаан хөтлөхдөө Библийн зарчмын дагуу толгойдоо юм өмсөх хэрэгтэй (1 Кор. 11:3–16). Цуглаан хөтлөхдөө ихэнхдээ сонсогчдын өөдөөс харж сууна. Илтгэл тавьдаггүй. Харин байгууллагаас гаргасан ном хэвлэлээс уншиж, уншсанаа тайлбарлах юм уу хэлэлцүүлэх, үзүүлбэр үзүүлэх зэргээр цуглааныг явуулж болдог. Салбар луу захиа явуулах, хурлын үйл ажиллагааг зохицуулах ажлыг салбар тухайн хурлын нэг эмэгтэйд даатгадаг. Яваандаа шаардлага хангасан эрчүүд гарвал эдгээр үүргийг хариуцуулна.

ДҮҮРГИЙН ЧУУЛГАН

24 Нэг өдрийн дүүргийн чуулган жилд хоёр удаа болдог. Нэг дүүрэгт харьяалагддаг бүх хурал уг чуулганд оролцдог. Баяр хөөрөөр бялхсан энэ арга хэмжээнд оролцож буй бүх хүнд бие биеэ «илүү их хайрлах» боломж олддог (2 Кор. 6:11–13). Еховагийн байгууллага дэлгэрүүлэгчдийнхээ хэрэгцээ шаардлагыг харгалзан үзэж чуулганы сэдэв, хөтөлбөрийг Библид үндэслэн бэлддэг. Чуулган дээр илтгэл сонсож, үзүүлбэр, ганц хүний яриа, жүжиг, видео үзэж, итгэл нэгтнүүдийнхээ ярилцлагыг сонсдог. Эдгээр цагаа олсон мэдээлэл чуулганд хүрэлцэн ирсэн бүх хүний урам зоригийг бадраадаг. Шинээр дагалдагч болж буй хүмүүс чуулганаар баптисм хүртэж, Еховад өөрийгөө зориулснаа батлан харуулдаг.

БҮСИЙН ЧУУЛГАН

25 Бүсийн чуулган жилд нэг удаа, гурван өдөр болдог. Хэд хэдэн дүүргийн хурлууд нийлээд хийдэг учраас маш олон хүн цугладаг. Цөөн хуралтай салбар бүх хурлаа цуглуулж, нэг дор бүсийн чуулганаа хийх нь үр дүнтэй. Бүсийн чуулганыг зохион байгуулах арга хэмжээ тухайн газрын нөхцөл байдал, байгууллагаас ирдэг зааварт үндэслэн улс орнуудад ялгаатай байх нь бий. Үе үе зарим улсад олон улсын болон тусгай чуулган зохион байгуулагдаж, янз бүрийн улс орны хэдэн арван мянган Гэрч оролцож болох юм. Еховагийн байгууллагаас зохион байгуулдаг эдгээр чуулганы тухай нийтэд мэдэгдсэний ачаар Хаант төрийн тухай сайн мэдээг сонссон хүмүүс олон байдаг.

26 Еховагийн ард түмний хувьд чуулганд очих нь хамтдаа Ехова Бурхнаа алдаршуулах баярт мөч билээ. Бас Библийн сургаалын талаарх зарим ойлголт шинэчлэгдсэнийг бүсийн чуулганаас мэдэж авдаг. Бие даан юм уу хурлаар судлахад зориулсан эсвэл дэлгэрүүлэх ажилд ашиглах шинэ ном хэвлэл зарим чуулганаар гардаг. Хүмүүс чуулган дээр баптисм хүртдэг. Еховатай улам дотносоход чуулган чухал үүрэг гүйцэтгэдэг. Түүнээс гадна Еховагийн Гэрчүүд олон улсын ахан дүүгийн барилдлагад нэгдсэн, Христийн дагалдагчдын онцлог шинжийг тусган харуулдаг ард түмэн гэдгийн тодоос тод баталгааг чуулганаас харж болдог (Ёох. 13:35).

27 Еховагийн ард түмний зохион байгуулдаг цуглаан, чуулганд суусан хэн боловч Еховагийн хүсэл тааллыг биелүүлэх урам зориг, хүч тэнхээтэй болдог. Бас итгэлийг маань сулруулж болзошгүй янз бүрийн муу нөлөөнөөс хамгаалагддаг. Түүнээс гадна цуглаан, чуулганаар Ехова Бурхнаа магтан алдаршуулах сайхан боломж олддог (Дуу. 35:18; Сур. 14:28). Төгсгөлийн энэ цаг үед амьдарч буй ард түмнийхээ урам зоригийг бадраахын тулд энэ бүхнийг зохион байгуулдаг Ехова Бурхандаа талархаад баршгүй!

ДУРСАХ ЦУГЛААН

28 Дэлхийн өнцөг булан бүрд буй Еховагийн Гэрчүүд жил бүр Эзний оройн зоог буюу Христийн нас барсныг дурсах цуглааныг зохион байгуулдаг (1 Кор. 11:20, 23, 24). Энэ бол Еховагийн ард түмний хувьд хамгийн чухал цуглаан юм. Христийн дагалдагчид бид энэ цуглааныг хийх тушаалтай билээ (Лук 22:19).

29 Дурсах цуглааны өдөр нь Библид гардаг Дээгүүр өнгөрөх баярын өдөртэй давхацдаг (Ег. 12:2, 6; Мат. 26:17, 20, 26). Израйлчууд МЭӨ 1513 онд Египетийн боолчлолоос чөлөөлөгдсөнөө дурсан жил бүр Дээгүүр өнгөрөх баярыг тэмдэглэдэг байсан. Ехова израйлчуудыг чөлөөлөхдөө еврей хуанлийн эхний сарын 14 дэх өдрийг сонгоод Дээгүүр өнгөрөх баярын хургыг идэж, Египетээс гарахыг тушаажээ (Ег. 12:1–51). Израйлчууд хаврын тэнцлийн өдөрт хамгийн ойр гарах хавирган сар Иерусалимд үзэгдсэн өдрөөс 13 өдрийг тоолж Дээгүүр өнгөрөх баярын товыг тогтоодог байв. Үүний дагуу бол ер нь дурсах цуглааныг хаврын тэнцлийн өдрөөс хойш гарах анхны бүтэн сартай өдөр тэмдэглэдэг.

30 Дурсах цуглааныг хэрхэн тэмдэглэх тухай хэлсэн Есүсийн үг Матай 26:26–28-д байдаг. Энэ бол үлгэр домгоос үүсэлтэй зан үйл биш ээ. Харин Есүстэй хамт Хаант төрийг барилцах хүмүүс бэлгэдлийн идээнээс хүртдэг тусгай арга хэмжээ юм (Лук 22:28–30). Бурханд өөрийгөө зориулсан бусад хүн болон шинээр ирсэн бүх хүн Дурсах цуглаанд ажиглагчаар оролцдог. Уг цуглаанд ирснээрээ Еховагийн хүн төрөлхтнийг аврахын тулд Хүү Есүс Христээрээ дамжуулан хийсэн бүхэнд нь талархдагаа илэрхийлж байгаа хэрэг юм. Дурсах цуглаанаас хэд хоногийн өмнө тусгай илтгэл тавьдаг. Энэ нь хүмүүст уг цуглаанд оролцох болон Библийн хичээл хийхийн чухлыг онцлох зорилготой.

31 Еховагийн ард түмэн бид цуглаан, чуулгандаа очихыг тэсэн ядан хүлээдэг. Тэнд «сайн юм хийдэг, хайрладаг болоход» суралцдаг (Евр. 10:24). Бас итгэмжит ухаалаг боолын нэн чухал, цагаа олсон заавар зөвлөгөөг сонсож Еховатай тогтоосон харьцаагаа батжуулдаг. Ехова бүх үйлчлэгчээ болон Библийн үнэнийг сонирхдог бүх хүнийг цуглаан, чуулганд тогтмол очиж, ач тусыг нь бүрэн дүүрэн хүртээсэй гэж хүсдэг. Байгууллагаараа дамжуулан Еховагийн хийдэг бүхэнд сэтгэл зүрхнийхээ угаас талархдаг учраас ард түмэн нь эв нэгдэлтэй байдаг. Хамгийн гол нь Еховагаа магтан алдаршуулдаг (Дуу. 111:1).

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах