Дэлгэрүүлэх ажлын цуглааны зорилгыг санах нь
1. Дэлгэрүүлэх ажлын цуглааны зорилго юу вэ?
1 Есүс 70 дагалдагчаа дэлгэрүүлэх аянд илгээхээсээ өмнө цуглаан хийсэн (Лук 10:1–11). «Ургацын Эзэн» Ехова удирдан чиглүүлэх учраас хүчин мөхөстөхгүй гэдгийг нь сануулж урамшуулсан. Амжилттай дэлгэрүүлэхэд хэрэгтэй заавар зөвлөгөө өгч, «хоёр хоёроор нь» хуваарилсан. Өнөө үед ч дэлгэрүүлэх ажлын цуглаан урамшуулан зоригжуулж, чадвар сайжруулж, эмх журамтай байлгах гэсэн зорилготой хэвээрээ.
2. Дэлгэрүүлэх ажлын цуглааныг хэр удаан хийдэг болох вэ?
2 Дэлгэрүүлэгчдийг хуваарилж, хэсэг өгөөд залбирахад, дэлгэрүүлэх ажлын цуглаан 10–15 минут болдог байсан. Харин 4-р сараас эхлэн 5–7 минут болдог болно. Хурлын цуглааны дараа дэлгэрүүлэх ажлын цуглаан хийх бол бүр ч товч хийх учиртай. Дэлгэрүүлэгчид аль хэдийн Библид үндэслэсэн сайхан цуглаанд суучихсан байгаа шүү дээ. Дэлгэрүүлэх ажлын цуглааныг товч хийх тул урьдынхаасаа олон цаг дэлгэрүүлнэ. Түүнчлэн эхлэгч, дэлгэрүүлэгчид цуглаанд очихоосоо өмнө дэлгэрүүлээд эхэлчихсэн бол түрхэн зуур саатна гэсэн үг.
3. Дэлгэрүүлэх ажлын цуглааныг дэлгэрүүлэгчдэд хамгийн тохиромжтой байхаар хийе гэвэл яах хэрэгтэй вэ?
3 Дэлгэрүүлэх ажлын цуглааныг дэлгэрүүлэгчдэд хамгийн тохиромжтой байхаар зохион явуулах ёстой. Ахлагчдын зөвлөл хурлынхаа хэрэгцээ шаардлагыг харгалзан үзэж байгаад цуглаан яаж хийх талаар хамгийн оновчтой шийдвэр гаргадаг. Ер нь, нэг дор олуулаа цугласнаас бүлгүүд тус тусдаа цугласан нь үр дүнтэй байдаг. Очиход амар байхаас гадна дэлгэрүүлэх хэсэгтээ ойр байж болох юм. Түүнчлэн, бүлэг хариуцагч дэлгэрүүлэгчдийг хуваарилахад цаг бага орно. Бас бүлгийнхээ хүн нэг бүрд санаа тавих боломжтой. Дэлгэрүүлэгчдийг хуваарилж, хэсэг өгсний дараа товчхон залбирна.
4. Дэлгэрүүлэх ажлын цуглааныг бусад цуглаанаас ач холбогдол багатай гэж үзэх ёсгүйн учир юу вэ?
4 Бусад цуглаантай адил чухал: Дэлгэрүүлэх ажлын цуглааныг дэлгэрүүлэх гэж байгаа хүмүүст зориулж хийдэг. Тийм болохоор хурлынхан бүгдээрээ нэг дор цугладаггүй. Гэхдээ дэлгэрүүлэх ажлын цуглааныг чухал биш, бусад цуглааныг бодвол ач холбогдол багатай гэж үзэх учиргүй. Бүх цуглааныг Ехова зохион байгуулдаг. Биднийг бие биеэ сайн үйлсэд хөхүүлэн урамшуулаасай гэж хүсдэг (Евр. 10:24, 25). Тиймээс цуглааны хөтлөгч, Еховад алдрыг өргөхийн тулд, бас итгэл нэгтнүүдийнхээ төлөө сайтар бэлдэх учиртай. Дэлгэрүүлэх гэж байгаа бол цуглаанд очихыг бодоорой.
Дэлгэрүүлэх ажлын цуглааныг чухал биш, бусад цуглааныг бодвол ач холбогдол багатай гэж үзэх учиргүй
5. а) Дэлгэрүүлэх ажлын цуглааныг зохион байгуулахад үйлчлэлийн харгалзагч ямар үүрэгтэй вэ? б) Эмэгтэй хүн дэлгэрүүлэх ажлын цуглааныг яаж хөтлөх ёстой вэ? (6-р хуудсыг үзнэ үү).
5 Хөтлөгч цуглаандаа яаж бэлдэх ёстой вэ? Цуглаан дээр биелүүлэх даалгавраа эрт авбал сайн бэлдэх боломж бүрддэг. Дэлгэрүүлэх ажлын цуглаан хөтлөх даалгаврын тухайд ч мөн адил. Бүлгээр цуглахад бүлэг хариуцагч туслагч хоёрын аль нэг нь хөтөлдөг. Харин хурлаараа цуглахаар бол хөтлөгчийг үйлчлэлийн харгалзагч томилдог. Зарим үйлчлэлийн харгалзагч хуваарь гаргаад хөтлөх хүмүүст өгдөг. Бас мэдээллийн самбарт хаддаг. Цуглаан чанартай болох эсэх нь хөтлөгчийн заах, зохион байгуулах чадвараас бас шалтгаалдгийг санаж хөтлөгчийг томилох учиртай. Заримдаа ахлагч, туслах үйлчлэгч эсвэл баптисм хүртсэн, төлөвшсөн эрэгтэй цуглаан хөтлөх боломжгүй байж мэднэ. Ийм тохиолдолд үйлчлэлийн харгалзагч баптисм хүртсэн, төлөвшсөн эмэгтэйг томилдог («Эмэгтэй хүн хөтлөхөөр бол» гэсэн өгүүллийг үзнэ үү).
6. Цуглаан хөтлөхөөр бол сайтар бэлдэх нь яагаад чухал бэ?
6 Дэлгэрүүлэгчийн сургууль, Үйлчлэх цуглаан дээр биелүүлэх даалгавартаа бид нухацтай хандаж урьдаас сайтар бэлддэг. Тэр өдрийн даалгаврыг цуглаанд очих замдаа бэлдэхгүй биз дээ? Дэлгэрүүлэх ажлын цуглаан хөтлөх даалгаврын тухайд ч ялгаагүй. Дэлгэрүүлэх ажлын цуглаан урьдынхаас товч болох учраас сайтар бэлдэх нь их чухал. Ингэвэл сайхан ч цуглаан болно, цагтаа ч багтана. Хэсгийн байршлыг урьдаас аваагүй бол бэлтгэл сайтай гэж хэлэх аргагүй.
7. Хөтлөгч юу ярьж болох вэ?
7 Юу ярих вэ? Газар бүр өөрийн гэсэн онцлогтой болохоор итгэмжит боол дэлгэрүүлэх ажлын цуглаанд зориулж тойм гаргадаггүй. «Дэлгэрүүлэх ажлын цуглаанаар юу ярих вэ?» гэсэн хүснэгтээс санаа аваарай. Ихэнхдээ хэлэлцүүлэг маягаар хөтөлнө. Заримдаа сайтар бэлдсэн үзүүлбэр юм уу jw.org-оос тохирох видео үзүүлнэ. Тухайн өдөр дэлгэрүүлэгчдэд юу хэрэг болохыг бодож байгаад дэлгэрүүлэх ажлын цуглаанд бэлдэх нь хөтлөгчийн үүрэг юм.
Тухайн өдөр дэлгэрүүлэгчдэд юу хэрэг болохыг бодож байгаад дэлгэрүүлэх ажлын цуглаанд бэлдэх нь хөтлөгчийн үүрэг юм
8. Бямба, ням гаригт дэлгэрүүлэх ажлын цуглаанаар юу хэлэлцвэл сайн бэ?
8 Тухайлбал, бямба гаригт ихэнх дэлгэрүүлэгч сэтгүүл тараадаг. Бямба гаригт дэлгэрүүлдэг хүмүүсийн дунд ажлын өдөр дэлгэрүүлж амждаггүй хүн олон байдаг. Тэд Гэр бүлийн Библийн хичээлээрээ бэлдсэн оршил үгийн жишээг сайн санахгүй байж болох юм. Тийм болохоор «Христиан үйлчлэл»-ийн арын хуудсан дахь оршил үгийн жишээг давтвал сайн. Бас сэтгүүлийн оршил үгийг сүүлийн үеийн мэдээ, үйл явдал, баяр ёслол зэрэгтэй яаж холбох тухай ярьж болно. Сэтгүүл авсан хүнтэй дахин уулзах үндэс яаж тавих тухай хэлэлцсэн ч болно. Тухайн улирлын дугаарыг тарааж үзсэн хүмүүсээс яаж тараасныг нь асууж, туршлагаасаа хуваалцахыг уриална. Ням гаригт, тухайн сард тарааж буй хэвлэлд үндэслэн дээрх аргаар хэлэлцэж болно. «Сайн мэдээ», «Бурханд дуулгавартай байгтун», «Библийн сургаал» зэрэг гарын авлагыг хэзээ ч санал болгож болдог учраас эдгээрийн тухай товч ярьж болох юм.
9. Тусгай аяны үеэрх амралтын өдрүүдэд юу ярих вэ?
9 Тусгай аяны үеэрх амралтын өдрүүдэд урилга, танилцуулга тараангаа сэтгүүл яаж өгөх тухай, эсвэл сонирхсон хүнтэй таарвал яах талаар ярилцаж болно. Түүнчлэн, аянд идэвхтэй оролцохын чухлыг харуулсан тохиолдлыг ярьж болно.
10, 11. Дэлгэрүүлэх ажлын цуглааныг амжилттай хийхэд дэлгэрүүлэгчдийн хувь нэмэр их гэхийн учир юу вэ?
10 Дэлгэрүүлэгчид цуглаандаа яаж бэлдэх ёстой вэ? Дэлгэрүүлэх ажлын цуглааныг амжилттай хийхэд дэлгэрүүлэгчид ч хувь нэмэр оруулдаг. Бусдадаа ярьж өгөх юмтай байя гэвэл Гэр бүлийн хичээлээрээ юм уу хувиараа дэлгэрүүлэх ажилд бэлдээрэй. Сэтгүүл, ном хэвлэлээ цуглаанд ирэхээсээ өмнө цүнхлээд ирвэл цуглаан дууссаны дараа юунд ч сатааралгүй дэлгэрүүлэх ажилдаа шууд гарна.
11 Дэлгэрүүлэх ажлын цуглаанд хэдэн минутын өмнө очихоор төлөвлөх нь нэн чухал. Бид бүгдээрээ хурлын цуглаанд эрт очихыг хичээдэг. Харин дэлгэрүүлэх ажлын цуглаанд цагтаа очих нь бүр ч чухал. Яагаад? Ер нь, дэлгэрүүлэгчдийг хуваарилахад олон юм тооцох хэрэг гардаг. Жишээ нь, цуглаанд цөөн хүн ирвэл өмнө нь явж байсан хэсэг рүү явуулж магадгүй. Цуглаанд явган ирсэн хүмүүсийг хол газар явуулахаар бол унаатай хүмүүстэй хуваарилж болно. Гэмт хэрэг их гардаг хэсэг рүү явахаар бол эрэгтэй дэлгэрүүлэгчдийг эмэгтэй дэлгэрүүлэгчидтэй хамт юм уу ойр хавьд нь явуулах хэрэгтэй. Бие муутай дэлгэрүүлэгчдийг өгсүүр биш газар, эсвэл цөөхөн давхартай хэсэг рүү явуулдаг. Дэлгэрүүлэгч болоод удаагүй хүнийг туршлагатай дэлгэрүүлэгчтэй хуваарилах нь бий. Харин дэлгэрүүлэх ажлын цуглаанд хоцорч очвол энэ бүхнийг харгалзаж үзээд шинээр хуваарилах хэрэгтэй болно. Заримдаа хоцрох хүндтэй шалтгаан гардаг нь үнэн. Гэхдээ хоцрох зуршилтай болсон бол өөртөө дараах асуултыг тавих хэрэгтэй. «Би яагаад хоцроод байна вэ? Цуглаанаа эрхэмлэхгүй байна уу? Хувийн зохион байгуулалт муутай байна уу?»
12. Та дэлгэрүүлэхдээ урьдчилан тохирдог бол яах хэрэгтэй вэ?
12 Дэлгэрүүлэгчдийг цуглаан дээр хуваарилдаг. Зарим дэлгэрүүлэгч цуглаанд очихоосоо өмнө хоорондоо тохирдог. Та бас тэгдэг бол, «өргөнөөр нээлттэй» байж, зөвхөн дотны найзуудтайгаа биш, янз бүрийн хүнтэй явж үзээрэй (2 Кор. 6:11–13). Дэлгэрүүлэгч болоод удаагүй хүнд заах чадвараа сайжруулахад нь тусалж хамт явж байгаарай (1 Кор. 10:24; 1 Тим. 4:13, 15). Ямар ч заавар өгсөн баримтлаарай. Аль хэсгээр, хаанаас явж эхлэхийг зааж өгвөл дагаарай. Цуглаан дуусангуут дэлгэрүүлэх хэсэг рүүгээ яваарай.
13. Хүн бүр үүргээ ухамсарлан, чадах бүхнээ хийвэл дэлгэрүүлэх ажлын цуглаан ямар байх вэ?
13 Есүсийн явуулсан 70 хүн «баяртайгаар буцан иржээ» (Лук 10:17). Дэлгэрүүлэхээсээ өмнө Есүстэй уулзсан учраас амжилтад хүрсэн. Өнөө үед ч дэлгэрүүлэх ажлын цуглаан үр өгөөжөө өгдөг. Ирсэн хүн бүр үүргээ ухамсарлаж, чадах бүхнээ хийвэл дэлгэрүүлэх ажлын цуглаан урамшуулан зоригжуулах, чадвар сайжруулах, эмх журамтай байлгах гэсэн зорилгодоо хүрнэ. Бас сайн мэдээг «бүх үндэстэнд» тунхаглах даалгавраа биелүүлэхэд маань тустай (Мат. 24:14).