Бурхны амлалтад итгэж амьдрах нь
«Би бол Бурхан, өөр байхгүй. Над шиг Бурхан байхгүй. Би бүр эхнээс эцсийг нь тунхаглаж, хийгдээгүй байгаа зүйлсийг өнө эртнээс мэдүүлсэн» (ИСАИА 46:9, 10)
1, 2. Дэлхийнхний үйл хэрэгт Бурхан оролцоно гэдэгт хүмүүс ямар ямар үзэлтэй байдаг вэ?
БУРХАН дэлхийн үйл хэрэгт хэр зэрэг оролцдог вэ? Энэ асуудал дээр хүмүүсийн санал бодол зөрөлддөг. Зарим хүн Бурхныг дэлхийн амьдралд ердөө ч оролцдоггүй гэж үздэг. Бүтээх үедээ бүхнийг хөдөлгөөнд оруулсан нь Бурхан бидний тусын тулд үйл ажиллагаа явуулах хүсэлгүй юм уу эсвэл тийм боломжгүйг харуулж байна гэх нь бий. Энэ тохиолдолд Бурхан, хүүгээ шинэ дугуй унуулаад зам дээр гарган, түлхэж явуулаад буцаад явчихсан нэгэн аавтай адилхан болж байна. Хүү унана уу байна уу тэр зүгийн тэнгэр мэдэх хэрэг. Юу ч тохиолдсон аав яаж ч чадахгүй боллоо гэсэн үг.
2 Зарим хүний боддогоор Бурхан бидний алхам бүрийг чиглүүлж, өөрийнхөө бүтээсэн дэлхийд болж буй бүхий л зүйлд шууд оролцдог гэнэ. Хэрэв тийм бол Бурхан сайныг хийгээд зогсохгүй хүн төрөлхтөнд тохиолдож буй эмгэнэлт явдал, гэмт хэргийн хариуцлагыг ч хүлээх юм байна гэсэн дүгнэлтэд олон хүн хүрэхсэн. Бурхан үнэн хэрэгтээ яадаг тухай мэдээ түүнээс юу хүлээх хэрэгтэйг бидэнд мэдүүлэх болно. Тэгснээр, Бурхны амлалт заавал биелнэ гэсэн бидний итгэл бэхжинэ (Еврей 11:1).
3. а) Ехова санаа зорилготой гэдгийг бид хаанаас мэддэг вэ? б) Еховаг санаа зорилгоо «хэлбэржүүлдэг» үздэгийн учир юу вэ?
3 Бурхан хүмүүсийн үйл хэрэгт оролцохдоо цаанаа санаа зорилго агуулдаг гэдгийг харгалзан үзэх нь нэн чухал. Түүний нэр өөрөө үүнийг гэрчилдэг. «Ехова» гэдэг нь «Тэр болдог» гэсэн утгатай. Ехова амлалт бүрийнхээ Биелүүлэгч нь болж хүсэл тааллаа үе шаттайгаар хэрэгжүүлдэг. Иймд түүний тухай урьдаас «төлөвлөдөг» буюу үгчлэн илэрхийлбэл, ирээдүйн үйл явдал болон үйл хэрэгтэй холбогдуулан санаа зорилгоо «хэлбэржүүлдэг» гэж бичсэн байдаг (Хаадын дэд 19:25; Исаиа 46:11). Ятсаар гэдэг еврей үгийг «ваарчин» гэсэн утгатай нэгэн төрлийн үгээр илэрхийлж болно (Иеремиа 18:4, ШЕ). Хэсэгхэн шавраар чамин гоё ваар урлан хийдэг уран чадварлаг ваарчин шиг Ехова ч «шавраар урлан хийх» буюу, өөрөөр хэлбэл хүсэл тааллаа биелүүлэхийн тулд үйл явдлыг залан чиглүүлж чаддаг (Эфэс 1:11).
4. Бурхан хүн амьдрахад зориулж дэлхийг хэрхэн бэлдсэн бэ?
4 Еховагийн санаа зорилго бол дэлхийг дур булаам сайхан нутаг болгож, дуулгавартай төгс хүмүүсээр дүүргэх явдал байв (Исаиа 45:18). Ехова анхны эрэгтэй эмэгтэй хүнийг бүтээхээсээ бүр урьд тэдэнд зориулж, шаардлагатай бэлтгэл ажлыг хайрын сэтгэлээр хийсэн. Тэрбээр далай хуурай газар хоёрыг хэрхэн зааглан, өдөр шөнийг хэрхэн тогтоосон тухай Эхлэл номын эхний бүлэгт хүүрнэжээ. Дараа нь амьтан, ургамлыг бүтээв. Хүмүүсийг амьдрахад зориулж дэлхийг бэлдэхэд олон мянган жил шаардагдаж байлаа. Санасан хэрэг нь амжилттай дуусав. Анхны эрэгтэй эмэгтэй хүн гайхамшигт диваажин Еденд амьдралаа эхэлсэн билээ. Тэнд тэднийг жаргалтай байлгах бүх л юм байлаа (Эхлэл 1:31). Тухайн үед Ехова эрхэм дээд санаа зорилгоо хэрэгжүүлэхийн тулд өөрийн гарын ажил хэргийг үе шаттайгаар «эмхлэн», дэлхийн үйл хэргийг шууд эрхэлж байв. Хүний гэр бүл өсөн нэмэгдсэнтэй холбогдож дээрх асуудалд ямар нэг өөрчлөлт гарсан болов уу?
Ехова хүмүүсийн үйл хэрэгт хэмжээ хязгаартай оролцдог
5, 6. Бурхан хүмүүсийн үйл хэрэгт оролцохдоо яагаад хэмжээ хязгаартай байдаг вэ?
5 Ехова хүмүүсийн үйл хэргийг хянаж, чиглүүлэх хүчтэй ч тийн үйлддэггүй. Энэ нь хэд хэдэн учир шалтгаантай. Эдгээр шалтгааны нэг нь хүмүүс Бурхны дүр төрхөөр, сонгох эрх чөлөөтэйгөөр бүтээгдсэн явдал юм. Ехова биднээр өөрийнхөө тушаалыг гүйцэтгүүлэх гэж албаддаггүй. Тиймээс биднийг оньст хүүхэлдэйтэй адилтгаж болохгүй (Дэд хууль 30:19, 20; Иошуа 24:15). Бид хэдийгээр хийсэн хэргийнхээ хариуцлагыг Бурхны өмнө хүлээдэг ч гэсэн амьдралдаа эзэн нь байх эрх чөлөөг тэр бидэнд хайрын сэтгэлээр өгсөн (Ром 14:12; Еврей 4:13).
6 Болж буй үйл явдалд Бурхан оролцдоггүйн өөр нэг шалтгаан нь Еден цэцэрлэгт Сатаны өдүүлсэн маргаантай асуудалтай холбоотой. Сатан Бурхны дээд эрх мэдлийн шударга эсэхэд эргэлзээ төрүүлсэн. Бие даасан амьдралын замыг хүмүүст нээж өгөх юм шиг сэтгэгдэл төрөхүйц нэгэн зүйлийг Сатан Евад санал болгосон бөгөөд тэр саналыг эхлээд Ева, хожим нь түүний нөхөр Адам хүлээн авчээ (Эхлэл 3:1–6). Бурхан үүний хариуд Сатаны бий болгосон маргаантай асуудлын үнэн эсэхийг шалгахын тулд хүмүүс өөрөө өөрсдийгөө хэсэг хугацаанд удирдахыг зөвшөөрсөн. Тийм учраас өнөөгийн хүмүүсийн гаргаж байгаа алдааны гэм бурууг Бурханд тохож болохгүй. Мосе самуун дэгдээгчдийн талаар: «Тэд Түүний [Бурхны] өмнө самуурсан. Тэд самуун учраас Түүний хүүхдүүд биш юм» гэж бичжээ (Дэд хууль 32:5, ШЕ).
7. Еховад хүн төрөлхтөн хийгээд дэлхийтэй холбоотой ямар санаа зорилго байдаг вэ?
7 Ямар ч гэсэн хүмүүст эрх чөлөө олгож, бие даасан засаглалтай байж үзэхийг зөвшөөрөхдөө Ехова хүмүүсийн үйл хэргээс бүрмөсөн холдон хөндийрсөн гэж хэлж болохгүй. Хэрэв хөндийрсөн бол бид түүний амлалтууд биелнэ гэдэгт итгэж чадахгүй байх байсансан. Хэдийгээр, Адам Ева хоёр Бурхны дээд эрх мэдлийн эсрэг боссон ч гэсэн Ехова хүн төрөлхтөн хийгээд дэлхийтэй холбоотой, хайраар бялхсан санаа зорилгоо өөрчлөөгүй. Тэрбээр дэлхийг төгс, дуулгавартай, аз жаргалтай хүмүүсээр дүүрсэн Диваажин болгох нь зайлшгүй (Лүүк 23:42, 43). Еховаг зорилгодоо хэрхэн аажмаар хүрч буйг Библийн Эхлэлээс аваад Илчлэлт номд тодорхойлон бичсэн байдаг.
Бурхан хүсэл тааллаа гүйцэлдүүлэхийн тулд үйлддэг
8. Израильчуудыг Амласан газарт аваачихын тулд яах шаардлагатай байсан бэ?
8 Бурхан израилийн ард түмэнтэй харьцсан байдлаараа санаа зорилгоо биелүүлдгээ үзүүлсэн. Ехова израильчуудыг Египетээс чөлөөлж, Амласан газар болох сүү, бал урсдаг газар аваачихаа Мосед батлан хэлсэн (Египетээс гарсан нь 3:8). Энэ үг хүч хайрласан, асар их ач холбогдолтой үг байлаа. Энэ бол явахад нь саад болж байсан хүчирхэг ард түмний гараас израильчуудыг чөлөөлөх тухай үг байсан юм. Тэд нэгдэн нийлсэн хүмүүсийнхээ хамт гурван саяд хүрчээ (Египетээс гарсан нь 3:19). Бурхны хөтөлж авчирсан нутагт хүчирхэг ард түмэн амьдардаг байсан. Тэд израильчуудыг ирэхэд хүчтэй эсэргүүцэл үзүүлсэн юм (Дэд хууль 7:1). Уг нутагт орохын өмнө цөл газар байсан болохоор израильчуудад хоол хүнс, уух ус хэрэгтэй байлаа. Энэ нөхцөл байдал Еховад өөрийн хосгүй хүч чадал хийгээд ид шидээ харуулах боломж олгосон юм (Левит 25:38).
9, 10. а) Иошуа ямар учраас Бурхны амлалт найдвартай гэж баталсан бэ? б) Бурхан үнэнч албатуудаа шагнадаг гэдэгт итгэлтэй байх нь аль хир чухал вэ?
9 Бурхан израильчуудыг Египетээс гаргахдаа хэд хэдэн хүчирхэг үйлс бүтээсэн. Нэгд, тэрбээр Египетийн ард түмэнд бүрэлгэн сүйтгэх арван гамшиг учруулсан. Дараа нь израильчуудад аврагдах боломж олгож Улаан тэнгисийг таслан хуваах үед тэдний хойноос нэхэж байсан Египетийн цэргүүд амь үрэгдсэн (Дуулал 78:12, 13, 43–51). Дараа нь тэрээр израильчуудыг 40 жилийн турш цөлөөр хэсүүчлэн амьдрахад нь халамжлан санаа тавьж, маннагаар хооллож, ус өгч тэр ч байтугай хувцас нь элэгдэж, хөл нь хавдахаас сэргийлж байлаа (Дэд хууль 8:3, 4). Израильчуудыг Амласан газарт орсноос хойш Ехова тэдний дайснуудыг дарж өгдөг байсан. Еховагийн амлалтад бат итгэж байсан Иошуа энэ бүхнийг өөрийнхөө нүдээр үзсэн билээ. Тиймд тухайн үеийн ахлагч нарт «Бурхан Эзний тань та нарт өгсөн бүх сайн амлалтаас нэг нь ч бүтэлгүйтэн унаагүй, нэг нь ч хөсөрдөөгүй ба бүгд биелсэн гэдгийг та нар бүх зүрх сэтгэлдээ мэдэж байгаа» хэмээн итгэл төгс хэлжээ (Иошуа 23:14).
10 Орчин үеийн христосын шашинтнууд Иошуагийн нэгэн адил Бурхан өөрт нь үйлчилдэг хүмүүсийн тусын тулд үйл хэргээ явуулахыг хүсдэг төдийгүй тэгж чаддаг гэдэгт хатуу итгэдэг. Үүнд итгэхгүйгээр бид бүрэн итгэлтэй байж чадахгүй. Элч Паул «Итгэлгүйгээр таалагдах боломжгүй юм. Учир нь Бурханд ойртон очиж буй хүн... Түүнийг хайгч хүмүүст Тэр Шагнагч болдог гэдэгт итгэх ёстой» гэж бичжээ (Еврей 11:6).
Бурхан ирээдүйг урьдаас мэддэг
11. Юуны ачаар Бурхан амлалтуудаа биелүүлэх чадвартай вэ?
11 Бурхан, хэдийгээр хүмүүст сонгох эрх чөлөө олгож, өөрөөс нь хамааралгүйгээр удирдан захирахыг зөвшөөрсөн боловч тэрээр санаа зорилгоо гүйцэлдүүлэхийг хүсдэг төдийгүй ингэх чадвартай гэдгийг бид ойлголоо. Гэхдээ Бурхны амлалтууд эргэлт буцалтгүйгээр биелэхэд нөлөөлдөг өөр зүйл бий. Ехова ирээдүйг урьдаас мэдэж чаддаг билээ (Исаиа 42:9). Бурхан зөнчөөрөө дамжуулан «Өнө эртний, өнгөрсөн зүйлийг санагтун. Учир нь Би бол Бурхан, өөр байхгүй. Би бол Бурхан. Над шиг Бурхан байхгүй. Би бүр эхнээс эцсийг нь тунхаглаж, хийгдээгүй байгаа зүйлсийг өнө эртнээс мэдүүлсэн. «Миний зорилго хэрэгжинэ. Би өөрийн таалсан бүхнээ гүйцэтгэнэ» гэж Би тунхаглаж байна» хэмээн хэлсэн (Исаиа 46:9, 10). Туршлагатай тариаланч хүн үрээ хэзээ, хаана суулгахыг мэддэг ч суулгасан үр цаашид хэрхэн урган соёолохыг бүрэн тодорхой мэддэггүй. Гэвч, «мөнхийн Хаан»-д бүх юм тодорхой байдаг агаад санаа зорилгоо гүйцэлдүүлэхийн тулд хэзээ, хаана үйл хэргээ явуулж, юу хийх вэ гэх зэрэг бүхнийг яг нарийн урьдчилан мэдэх чадвартай билээ (1 Тимот 1:17, ШГ).
12. Ноагийн үед Ехова ирээдүйг урьдчилан мэдэх чадвараа хэрхэн ашигласан бэ?
12 Бурхан ирээдүйг урьдаас мэдэх чадвараа Ноагийн үед хэрхэн ашигласныг анхааран үзье. Бүх дэлхийг дүүргэн байсан нүгэлт хэргээс болоод Бурхан дуулгаваргүй хүн төрөлхтнийг эцэслэн устгахаар шийджээ. 120 жилийн дараа буюу хэзээ хийхээ тэрээр тодорхойлжээ (Эхлэл 6:3). Ехова энэ үеийг тогтоохдоо ёс бус хүмүүсийг зүгээр нэг устгах бус харин хэзээ устгахаа тооцжээ. Ехова төлөвлөгөөндөө зөв хүмүүсийг аврахаа урьдчилан заасан байлаа. (Эхлэл 5:29 харьцуул.) Бурхан мэргэн ухаанаараа энэхүү зорилгодоо хүрэхийн тулд хүмүүст үүрэг даалгавар хэзээ өгөхийг ч урьдчилан мэддэг байсан. Тэрээр Ноад шаардлагатай бүхнийг дэлгэрэнгүй мэдээлсэн. Ноа «гэрийнхнийгээ аврахын төлөө» хөвөгч авдар барих хэрэгтэй байсан ба харин муу хүмүүсийг дэлхий нийтийн үерийн мөхөл хүлээж байлаа (Еврей 11:7; Эхлэл 6:13, 14, 18, 19).
Аварга том барилгын төсөл
13, 14. Хөвөгч авдрыг барих нь ямар учраас жирийн даалгавар биш байв?
13 Уг асуудлыг Ноагийн үзэл бодлын үүднээс авч үзье. Ноа Бурханд итгэдэг нэгэн байсан болохоор Бурхнаас үл эмээгчдийг Ехова устгах чадвартай гэдгийг мэддэг байв. Гэвч түүний өмнө нэгэн ажлыг хийж гүйцэтгэх хэрэгтэй байлаа. Энэ ажил нь итгэл үнэмшил ихээхэн шаардсан ажил ажээ. Хөвөгч авдар барих агуу том төсөл байлаа. Бурхан хөвөгч авдрын хэмжээг зааж хэлсэн. Тэрхүү хөвөгч авдар уртаараа орчин үеийн спортын зарим талбайгаас ч том байсан ба харин өндрөөрөө таван давхар байшинтай дүйцэхүйц байлаа (Эхлэл 6:15). Гэтэл барих хүмүүс нь туршлагагүй цөөн тооны хэдхэн хүн байв. Тэд бидэнд одоо байдаг шиг тийм багаж хэрэгсэл, техникгүйгээр барих хэрэгтэй болсон юм. Түүнээс гадна, улиран ирэх жилүүдийн нөхцөл байдал барилгын ажилд саад бэрхшээл учруулах уу эсвэл аятай сайхнаар нөлөөлөх үү гэдгийг Ноа Ехова шиг урьдчилан мэдэж чадахгүй байлаа. Барилгын материалыг хэрхэн бэлтгэн цуглуулах, амьтдыг хэрхэн яаж барьж авах хийгээд ямар хоол хүнс хичнээн хэмжээгээр хэрэг болох мөн Бурхны зөгнөн хэлсэн Үер чухам хэзээ болох вэ гэх зэрэг олон асуудлыг Ноа эргэцүүлэн бодсон байх учиртай.
14 Тэрчлэн, нийгмийн байдлыг харгалзан үзэхгүй байхын аргагүй юм. Ёс бус юм хэмжээ хязгааргүй болсон байв. Тэр цагт хорон муу тэнгэрэлчүүд болоод жирийн эмэгтэйчүүдийн эрлийз үр удам болох нефилимүүд дэлхийг ёс бус үйлээр дүүргэж байлаа (Эхлэл 6:1–4, 13). Мөн хөвөгч авдрыг нууцаар барих аргагүй байв. Ноагийн юу хийж байгааг хүмүүс гайхан сонирхож, Ноа ч тэдэнд ярьж тайлбарласан байх (2 Пэтр 2:5). Хүмүүс тэднийг магтан сайшаана гэж найдаж болох байсан уу? Юу л бол доо! Үнэнч Енох ёс бус хүмүүсийг устгах талаар хэдэн жилийн өмнө тунхаглаж байсан. Түүний түгээж байсан мэдээнд хүмүүс ихэд хорсон зэвүүцэж байсан болохоор Бурхан Енохыг «авч явсан» буюу Бурхны дайснуудын гарт түүнийг зэрлэг балмадаар бүү үхэж үрэгдээсэй гэсэндээ түүний амийг авсан нь эргэлзээгүй (Эхлэл 5:24; Иуда 14, 15; Еврей 11:5). Ноагийн хувьд бол олонд таагүй мэдээг зөвхөн дэлгэрүүлээд зогсохгүй мөн хөвөгч авдар барих хэрэгтэй байлаа. Харин хөвөгч авдрыг барьж байгуулсан нь тэр үеийнхээ ёс бус хүмүүсээс айж эмээгээгүй Ноагийн үнэнч байдлын баталгаа болсон!
15. Энэ даалгаврыг биелүүлж чадна гэдэгтээ Ноа ямар учраас итгэлтэй байсан бэ?
15 Хөвөгч авдар барих ажлыг Төгс Хүчит Бурхан өөрөө дэмжиж, ивээж байгаа гэдгийг Ноа мэдэж байлаа. Ехова өөрөө Ноад энэхүү ажлыг даалган өгөөгүй гэж үү? Бурхан бүх дэлхийн Усан галавын үеэр гэр бүлийнхнийхээ хамт барьж бэлэн болсон хөвөгч авдарт орж, амьд мэнд үлдэнэ гэдгийг Ноад батлан хэлсэн. Тэр ч бүү хэл Бурхан энэ нь эргэлзээгүй гэдгийг нотолж, гэрээ байгуулсан (Эхлэл 6:18, 19). Ехова түүнд энэ үүрэг даалгаврыг өгөхдөө бүхнийг эргэцүүлэн бодож, шүүн тунгаасан гэдгийг Ноа мэдэж байсан биз. Түүнээс гадна, шаардлагатай тохиолдолд Ехова түүнд туслах хангалттай хүч чадалтай гэдгийг мэдэж байсан. Итгэл нь Ноаг хөвөгч авдар барихад хүргэсэн. Үр удам нь болох Абрахаамын адилаар Ноа ч гэсэн «Бурхан амласнаа биелүүлэх чадвартай гэдэгт итгэж байлаа» (Ром 4:21).
16. Хөвөгч авдар барих үеэр Ноагийн итгэл хэрхэн батжиж бэхжсэн бэ?
16 Он цаг өнгөрөхийн хирээр хөвөгч авдар хэв дүрсэндээ орж, Ноагийн итгэл ч батжин бэхжиж байлаа. Барилгын ажилд тулгарах бэрхшээлүүд хийгээд барилгын материалыг бэлтгэх асуудлууд шийдвэрлэгджээ. Сорилтууд нэгэнт ард үлдсэн байлаа. Ямар ч саад тотгор уг ажлыг зогсоож чадахгүй байв. Наогийн гэр бүлийнхэн Еховагийн хамгаалалт болоод тусламж дэмжлэгийг мэдэрч байлаа. Ноа шантарсангүй, харин түүний «итгэлийн сорилт тэсвэр хатуужлыг төрүүлжээ» (Иакоов 1:2–4). Эцсийн эцэст хөвөгч авдар барих ажил дуусч, Усан галав эхэлж Ноа гэр бүлийнхнийхээ хамтаар амьд мэнд үлдсэн билээ. Бурхны амлалтууд биелэхийг хожим Иошуа үзсэн шиг Ноа ч үзсэн юм. Ноа шагнагдсан билээ.
Ехова ажилд тусламж дэмжлэг үзүүлдэг
17. Бидний цаг үе юугаараа Ноагийн өдрүүдийг санагдуулдаг вэ?
17 Бидний амьдарч буй энэ өдрүүд Ноагийн өдрүүдийг санагдуулах болно гэж Есүс урьдчилан хэлсэн. Бурхан ёс бус хүмүүсийг дахин устгахаар шийдсэн бөгөөд энэ нь хэзээ болох хугацааг мөн тогтоожээ (Матай 24:36–39). Тэрчлэн тэрээр зөв хүмүүсийг аврах бэлтгэлийг хангасан. Энэ нь Ноа хөвөгч авдар барих хэрэгтэй байсан бол өнөөгийн Бурхны албатууд Еховагийн санаа зорилгыг зарлан тунхаглаж, түүний Үгийг хүмүүст сурган, дагалдагч нарыг бэлтгэх явдал юм (Матай 28:19).
18, 19. Сайн мэдээг дэлгэрүүлэх ажлыг Ехова ивээдэг гэдгийг бид хаанаас мэддэг вэ?
18 Хэрэв Ехова Ноатай хамт байж, түүнд тусламж дэмжлэг үзүүлэн, хүч чадал өгөөгүйсэн бол хөвөгч авдрыг барихгүй байх байсан. (Дуулал 127:1 харьцуул.) Үүнтэй адилаар, Еховагийн тусламж дэмжлэггүйгээр жинхэнэ христосын шашин тэсэн үлдэж, цэцэглэн мандахгүй байсан. Нэгдүгээр зуунд олон түмэнд хүндлэгддэг хуулийн багш, фариссай Гамалиэл үүнийг ухааран ойлгожээ. Иудейн Зөвлөл элчүүдийг алах гэхэд нь тэрээр шүүгч нарт сануулан: «Энэ хүмүүсээс хол байцгаая, тэднийг зүгээр л явуулчих. Хэрэв тэдний зорилго, үйлс хүнээс эхтэй бол нурж унах болно. Хэрэв Бурхнаас бол та нар тэднийг дийлж үл чадна» гэж хэлжээ (Үйлс 5:38, 39).
19 Нэгдүгээр зууны үеийн болоод өнөөгийн дэлгэрүүлэх ажлын амжилт нь энэ үйл хэрэг бол хүнийх бус харин Бурхных гэдгийг баталдаг. Дараагийн нийтлэлд энэхүү өргөн цар хүрээтэй ажлын бага бус амжилтад нөлөөлсөн гайхалтай нөхцөл байдал хийгээд үйл явдлын талаар өгүүлнэ.
Хэзээ ч итгэл бүү алдар!
20. Сайн мэдээг дэлгэрүүлэх ажилд бидэнд хэн тусалдаг вэ?
20 Бид «хэцүү цагт» амьдарч байгаа ч гэсэн Ехова нөхцөл байдлыг бүрэн дүүрэн хянаж байгаа гэдэгт итгэлтэй байж болно. Тэрээр ард түмнээ дэмжин бэхжүүлдэг. Харин ард түмэн нь ёс бус эд юмсын тогтолцоог устгахаар Бурхны товлосон цагийг хүртэл дэлгэрүүлэх ажлыг хийж дуусгахыг зорьж тэмүүлдэг (2 Тимот 3:1; Матай 24:14). Бурхан биднийг «хамтран зүтгэгчдээ» байхыг урьдаг (1 Коринт 3:9). Ажилд маань Есүс Христ бидэнтэй хамт байдаг ба бид тэнгэрэлчүүдийн удирдлага болоод тусламжид найдаж болно гэдэгт итгэдэг (Матай 28:20; Илчлэлт 14:6).
21. Бид юунд итгэх итгэлээ хэзээ ч алдаж болохгүй вэ?
21 Ноа болон түүний гэр бүлийнхэн Еховагийн амлалтад итгэснээрээ Усан галаваас аврагджээ. Өнөөдөр үүнтэй адилаар итгэдэг тэр хүмүүс ирээдүйн «үлэмж их зовлонгийн» үеэр аврагдах болно (Илчлэлт 7:14). Бид сэтгэл хөдөлгөм үед амьдарч байна. Өмнө маань гайхамшигтай үйл явдлууд хүлээж байна! Удахгүй Бурхан зөв нь нутагладаг шинэ тэнгэр хийгээд шинэ газрын алдарт эрин үеийг авчирснаар үйл хэргээ эхлэх болно (2 Пэтр 3:13). Бурхан амласан аль ч амлалтаа биелүүлэх чадалтай гэдэгт итгэх итгэлээ хэзээ ч бүү алдаарай (Ром 4:21).
Давтах асуултууд
◻ Ямар учраас Ехова хүмүүсийн алхам бүрийг чиглүүлдэггүй вэ?
◻ Еховагийн, Израильчуудтай харьцах явцад санаа зорилгоо биелүүлэх чадвар нь хэрхэн илэрхий болсон бэ?
◻ Ирээдүйг урьдаас харах Еховагийн чадвар нь Ноагийн үед хэрхэн илэрсэн бэ?
◻ Бурхны амлалтуудад хир зэрэг итгэлтэй байж болох вэ?