Жинхэнэ христианууд бүгдээрээ сайн мэдээ тунхаглагчид юм
«ЭЗЭНд дуулж, Түүний нэрийг магтагтун. Түүний авралын сайн мэдээг өдрөөс өдөрт тунхаглагтун» (ДУУЛАЛ 96:2).
1. Хүмүүс ямар сайн мэдээ сонсох хэрэгтэй вэ? Тийм мэдээ тараахад Еховагийн Гэрчүүд үлгэр жишээ хэрхэн үзүүлдэг вэ?
ӨДӨР БҮР гай зовлон тохиолдож байдаг энэ ертөнцөөс дайн, гэмт хэрэг, өлсгөлөн, дарангуйлал удахгүй устаж үгүй болно гэх Библийн зарыг мэдэх үнэхээр тайвширмаар (Дуулал 46:9; 72:3, 7, 8, 12, 16). Үнэндээ, энэ нь хүн болгоны сонсох хэрэгтэй сайн мэдээ биш гэж үү? Еховагийн Гэрчүүд тийн үздэг. Тэд «аз жаргалын сайн мэдээг» тунхаглагчид хэмээн газар сайгүй алдаршсан билээ (Исаиа 52:7). Сайн мэдээ дэлгэрүүлэх шийдэмгий байдлаасаа болоод олон Гэрч мөрдлөг хавчлагад өртдөг нь үнэн. Гэхдээ тэд бусдын сайн сайхны төлөө чин сэтгэлээсээ явдаг юм. Гэрчүүдийн хичээл зүтгэл, хатан тэвчээрийг нотлох баримт олон бий!
2. Еховагийн Гэрчүүд хичээл зүтгэл гаргадгийн нэг шалтгаан юу вэ?
2 Өнөөдөр Еховагийн Гэрчүүд нэгдүгээр зууны христиануудын гаргаж байсан шиг хичээл зүтгэл гаргадаг. Ромын католик шашны нэг сонинд: «Нэгдүгээр зууны христианууд баптисм хүртсэн тэр мөчөөсөө эхлээд л Евангели [сайн мэдээ] тараах үүрэгтэйгээ мэдэрдэг байсан. Боолууд Евангелийг ам дамжуулан тараадаг байв» хэмээн үнэн зөв бичжээ («L’Osservatore Romano»). Еховагийн Гэрчүүд нэгдүгээр зууны христиануудыг дуурайн тийн чармайдгийн учир юу вэ? Нэгдүгээрт, тэдний дэлгэрүүлдэг сайн мэдээ бол Ехова Бурхны өөрийнх нь мэдээ юм. Хичээл зүтгэл гаргахад үүнээс илүү шалтгаан гэж байх уу? «ЭЗЭНд дуулж, Түүний нэрийг магтагтун. Түүний авралын сайн мэдээг өдрөөс өдөрт тунхаглагтун» хэмээсэн дуулалчийн үгийг хүлээн авснаа тэд дэлгэрүүлэх ажлаараа харуулдаг (Дуулал 96:2).
3. а) Еховагийн Гэрчүүд хичээл зүтгэл гаргадгийн хоёр дахь шалтгаан юу вэ? б) «[Бурхны] аврал» гэж юу гэсэн үг вэ?
3 Дуулалчийн үг бидэнд Еховагийн Гэрчүүдийн хичээж зүтгэдгийн хоёр дахь шалтгааныг хэлж өгдөг. Тэд авралын тухай дэлгэрүүлдэг. Зарим хүн бусдын амьдралд тустай гэж нийгэм, эдийн засаг, эрүүл мэндийн болон бусад салбарт ажилладаг. Тийм чармайлт үнэхээр магтууштай. Гэхдээ бусдын төлөө ганц хүний хийж чадах зүйл «[Бурхны] аврал»-тай харьцуулахад туйлын хязгаарлагдмал бөлгөө. Ехова Есүс Христээр дамжуулан номхон даруу хүмүүсийг нүгэл, өвчин, үхлээс аварна. Тийн аврагдсан хүмүүс мөнх амьдарна! (Иохан 3:16, 36; Илчлэлт 21:3, 4). Аврал бол өнөөдрийн христиануудын, «[Бурхны] алдрыг үндэстнүүдийн дунд, Түүний гайхамшигт үйлсийг бүх ард түмний дунд тунхаглагтун. Учир нь ЭЗЭН агуу бөгөөд агуугаар магтагдах юм. Бүх бурхнаас илүүгээр Түүнээс эмээвэл зохино» хэмээсэн үгийг хүлээн аваад дэлгэрүүлж байгаа «гайхамшигт үйлсийн» нэг мөн (Дуулал 96:3, 4).
Эзний жишээ
4-6. а) Еховагийн Гэрчүүд чармайдгийн гурав дахь шалтгаан юу вэ? б) Сайн мэдээ дэлгэрүүлэх ажилд Есүс хэрхэн хичээл зүтгэл гаргадаг байсан бэ?
4 Еховагийн Гэрчүүдийн чармайдаг гурав дахь шалтгаан бол Есүс Христийн жишээг дуурайдаг явдал юм (1 Петр 2:21). Тэрхүү төгс хүн «зовогсдод сайн мэдээг дэлгэрүүлэх» даалгаврыг бүх зүрх сэтгэлээрээ хүлээн авсан билээ (Исаиа 61:1; Лук 4:17–21). Тийм учраас Есүс сайн мэдээ тунхаглагч болсон. Тэрээр «хаанчлалын сайн мэдээг тунхаглаж», Галил болоод Иудейн нутгаар хөндлөн гулд явсан (Матай 4:23). Олон хүн сайн мэдээг хүлээж авна гэдгийг мэдэж байсан учраас Есүс шавь нартаа: «Ургац үнэндээ арвин боловч ажилчид нь цөөн байна. Тиймээс ургацын Эзнээс ургацандаа ажилчдыг явуулахыг залбиран гуйцгаа» гэж хэлсэн (Матай 9:37, 38).
5 Есүс залбирсан ёсоороо бусдыг сайн мэдээ тунхаглахад сургасан. Хожим элч нараа дэлгэрүүлэх ажилд бие даалган илгээхдээ: «Та нар явж, „Тэнгэрийн хаанчлал ойрхон байна“ гэж тунхаглагтун» хэмээн хэлсэн. Тэр үеийн нийгмийн тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэх хөтөлбөр боловсруулах юм уу, эсвэл тухайн үед газар аваад байсан авилгалыг зогсоохын тулд улс төрийн тэмцэл зохион байгуулсан бол дээр байсан юм биш үү? Үгүй. Есүс дагалдагчдадаа: «Та нар явж, ...тунхаглагтун» гэж хэлэн, сайн мэдээ тунхаглагч бүх христианд ганц л даалгавар өгсөн (Матай 10:5–7).
6 Бүр сүүлд Есүс «Бурхны хаанчлал... ойрхон байна» гэсэн мэдээ тунхаглуулахаар шавь нараасаа өөр хэсэг илгээсэн. Тэд буцаж ирээд дэлгэрүүлэх ажлынхаа амжилтаас илтгэн ярихад Есүс хязгааргүй баярласан. Тэрээр: «Тэнгэр газрын Эзэн, Эцэг Таныгаа Би магтъя. Та эдгээр зүйлсийг мэргэн хүмүүс, ухаантнаас нуун далдалж, балчир хүүхдүүдэд илчилсэн билээ» хэмээн залбирсан (Лук 10:1, 8, 9, 21). Загасчлах, тариа тарих зэргээр гар хумхилгүй ажилладаг байсан Есүсийн шавь нар Израилийн өндөр боловсролтой шашны удирдагчидтай харьцуулахад «балчир хүүхдүүд» байсан. Гэхдээ тэдгээр шавь бүх мэдээнээс хамгийн сайныг нь дэлгэрүүлэхэд суралцсан байлаа.
7. Есүсийг тэнгэрт өргөгдсөний дараа дагалдагчид нь сайн мэдээг эхний ээлжид хэнд дэлгэрүүлсэн бэ?
7 Есүсийг тэнгэрт өргөгдсөний дараа дагалдагчид нь авралын сайн мэдээг үргэлжлүүлэн дэлгэрүүлсэн (Үйлс 2:21, 38–40). Тэд эхний ээлжид хэнд дэлгэрүүлсэн бэ? Бурхныг мэддэггүй үндэстнүүд уруу очсон уу? Үгүй ээ. Тэдний анхны талбай Израиль байсан бөгөөд Израилийн ард түмэн Еховаг мэддэг болсоор 1 500 гаруй жилийн нүүр үзжээ. Есүсийн шавь нар Еховаг олон зууны турш шүтэж ирсэн хүн ам бүхий улс оронд дэлгэрүүлэх шаардлага байсан уу? Тийм ээ. Есүс тэдэнд: «Ариун Сүнс та нар дээр ирэхэд, та нар хүчийг олж, тэгээд Иерусалим, бүх Иудей, Самари тэр байтугай энэ дэлхийн хязгаар хүртэл Намайг гэрчлэх болно» гэж хэлсэн (Үйлс 1:8). Бусад бүх үндэстний адил израильчууд ч бас тэр сайн мэдээ сонсох шаардлагатай байв.
8. Еховагийн Гэрчүүд өнөөдөр нэгдүгээр зууны Есүсийн дагалдагчдыг хэрхэн дуурайдаг вэ?
8 Өнөөдөр Еховагийн Гэрчүүд мөн адил бүх дэлхий даяар дэлгэрүүлж байна. Тэд Иоханы үзсэн «газар дээр суугчид ба аливаа үндэстэн, овог, хэлтэн, ард түмэнд тунхаглах мөнхийн сайн мэдээ» бүхий тэнгэр элчтэй хамтран ажилладаг (Илчлэлт 14:6). Еховагийн Гэрчүүд 2001 онд христ шашинтай гэгдэх орнуудыг оруулаад дэлхийн 235 улс орон, нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулсан. Христ шашны ертөнцийн сүмүүд үйл ажиллагаагаа аль хэдийнээс явуулж байгаа газар нутагт Еховагийн Гэрчүүд дэлгэрүүлэх нь буруу юу? Зарим хүнийхээр бол буруу гэнэ. Тэр ч байтугай тэд Еховагийн Гэрчүүдийг «хониноос нь хулгайлдаг» гэж үздэг. Гэхдээ, Еховагийн Гэрчүүд тэр үеийнхээ даруу иудейчүүдэд Есүсийн хэрхэн хандаж байсныг санадаг. Тэд өөрийн гэсэн лам санваартантай байсан хэдий ч энэ нь Есүсийг сайн мэдээ дэлгэрүүлэхэд саад болоогүй. «Хүмүүсийг хараад Тэр өрөвджээ. Учир нь тэд хоньчингүй хонин сүрэг мэт тарж, туйлдсан байлаа» (Матай 9:36). Зарим шашныхан өөрсдийгөө илүү эрх мэдэлтэй гэж тунхагладгаас болоод Еховагийн Гэрчүүд Ехова болон түүний Хаанчлалын тухай мэддэггүй даруу хүмүүстэй тааралдахдаа тэдэнд сайн мэдээ хэлэхгүй өнгөрөх ёстой юу? Есүсийн элч нарын жишээгээр бид «үгүй» гэж хариулдаг. Сайн мэдээ ямар ч яриагүйгээр «бүх үндэстэнд» тунхаглагдах ёстой (Марк 13:10).
Эртний христианууд бүгдээрээ сайн мэдээ тунхагладаг байсан
9. Нэгдүгээр зуунд христиан хурлынхнаас дэлгэрүүлэх ажилд хэн оролцож байсан бэ?
9 Нэгдүгээр зуунд дэлгэрүүлэх ажилд хэн оролцдог байсан бэ? Христианууд бүгдээрээ сайн мэдээ тунхаглагчид байсныг баримт гэрчилдэг. Зохиолч У. С. Уильямс: «Түүхийн баримтууд эртний христианууд бүгд... сайн мэдээ тунхагладаг байсныг үндсэндээ баталдаг» хэмээн тэмдэглэжээ. МЭ 33 оны Пентекостын өдөр болсон үйл явдлын талаар Библид: «Тэд [эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд] бүгд Ариун Сүнсээр дүүрч, мөнөөх Сүнсээр дамжуулан өгөгдсөнийг харь хэлээр ярьж эхлэв» гэж байдаг. Эрэгтэй эмэгтэй, залуу хөгшин, боол чөлөөт хүн гэлтгүй бүгд сайн мэдээ тунхаглагчид болцгоосон (Үйлс 1:14; 2:1, 4, 17, 18; Иоел 2:28, 29; Галат 3:28). Мөрдлөг хавчлагаас болоод олон христиан хүн Иерусалимаас зугтаж, «тархсан хүмүүс явсан зүг бүрдээ үгийг тунхагласаар байв» (Үйлс 8:4). Тусгайлан томилсон цөөн хэсэг хүн бус, харин «тархсан хүмүүс» бүгд сайн мэдээ тунхаглаж байлаа.
10. Иудейн тогтолцоо унахаас өмнө Есүсийн ямар хоёр даалгавар биелсэн бэ?
10 Эртний христианууд тийм л байсан. Есүс: «Хаанчлалын энэхүү сайн мэдээ бүх үндэстэнд гэрчлэл болж дэлхий даяар тунхаглагдана. Тэгээд төгсгөл ирнэ» гэж зөгнөсөн (Матай 24:14). Энэ зөгнөл нэгдүгээр зуунд биелэх үед иудейн, шашны болоод улс төрийн тогтолцоог Ромын цэрэг устгахаас өмнө сайн мэдээ өргөн дэлгэрүүлэгдчихсэн байв (Колоссай 1:23). Цаашид Есүсийн бүх дагалдагч «Явж, бүх үндэстнийг дагалдагч болгогтун. Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр тэдэнд баптисм хүртээж, Миний та нарт тушаасан бүгдийг сахин биелүүлэхийг тэдэнд заа» хэмээсэн тушаалыг нь биелүүлсэн (Матай 28:19, 20). Эртний христианууд, номхон даруу хүмүүсийг Есүст итгэхийг ятгаж уриалчихаад дараа нь өөрсдөөр нь замыг нь хайлгадаг эдүгээгийн зарим шашны номлогчид шиг юм хийдэггүй байсан. Харин ч тэд тийм хүмүүсийг Есүсийн шавь болоход нь заан сургаж, шавь болсныхоо дараа өөрсдөө бусдад сайн мэдээ дэлгэрүүлэн, шавь бэлддэг болоход нь туслан, хурлууд зохион байгуулж байлаа (Үйлс 14:21–23). Өнөөдөр Еховагийн Гэрчүүд энэ л жишээг дагадаг юм.
11. Өнөөдөр хүн төрөлхтөнд хамгийн сайн мэдээг хэн тунхагладаг вэ?
11 Паул, Барнаб болон нэгдүгээр зууны бусад христианууд шиг өөр оронд миссионер болон очиж ажилладаг Еховагийн Гэрчүүд байдаг. Улс төрийн буюу сайн мэдээ дэлгэрүүлэх даалгавраас нь хөндийрүүлдэг өөр үйл ажиллагаанд оролцдоггүй учраас тэдний ажил үнэхээрийн ашиг тустай байдаг. Тэд «явж, ...тунхаглагтун» хэмээсэн Есүсийн тушаалыг чанд биелүүлдэг. Гэхдээ Еховагийн Гэрчүүдийн ихэнх нь хилийн чанадад миссионерээр үйлчилдэггүй. Тэдний ихэнх нь өөрийнхөө хэрэгцээг хангахын тулд ажил хөдөлмөр эрхэлдэг ба зарим нь сургуульд суралцдаг. Зарим нь үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлдэг. Тийм хэдий ч Гэрчүүд бүгд мэдэж авсан сайн мэдээгээ бусадтай хуваалцдаг. Залуу хөгшин, эрэгтэй эмэгтэй гэлтгүй бүгд л: «Үгийг тунхагла. Цагаа олсон ч, олоогүй ч бэлэн байгтун» гэсэн Библийн уриа дуудлагыг баяр хөөртэйгөөр хүлээн авдаг (2 Тимот 4:2). Тэд нэгдүгээр зууны христианууд шиг «Есүс Христийн тухай сайн мэдээг тасралтгүйгээр сургаж, тунхагласаар байна» (Үйлс 5:42, ШЕ). Еховагийн Гэрчүүд хүн төрөлхтөнд хамгийн сайн мэдээ тунхагладаг юм.
Прозелитизм үү, эсвэл сайн мэдээ тунхаглах ажил уу?
12. «Прозелитизм» гэж юу вэ? Түүнд хэрхэн ханддаг болсон бэ?
12 Грек хэлэнд «өөрчлөгдсөн» гэсэн утгатай pro·se’ly·tos (просилитос) гэдэг үг байдаг. Энэ үгнээс «шашин шүтлэгийг өөрчлөх» гэсэн утгатай «прозелитизм» гэдэг үг үүссэн. Өнөөдөр зарим хүн прозелитизмийг хортой гэж үздэг. Тэр байтугай Дэлхийн Сүмүүдийн Зөвлөлөөс нийтэлсэн нэгэн баримтад «прозелитизмийн нүглийн тухай» хэмээн бичжээ. Ямар учраас? Католик шашны нэгэн бүтээлд: «Үнэн алдартны шашны сүмүүдийн эцэс төгсгөлгүй гомдлоос болоод „прозелитизм“ гэдгийг шашинд хүчээр оруулах гэж ойлгоход хүрсэн» хэмээн тайлбарлажээ («Catholic World Report»).
13. Прозелитизмийн учруулж болох хор хөнөөлийн ямар ямар жишээ байна вэ?
13 Прозелитизм хортой юу? Тийм байж болно. Есүсийн хэлснээр хуулийн багш нар болон фарисайчуудын прозелитизм нь тэдний шашныг хүлээн авсан хүмүүсийн хувьд хортой ажээ (Матай 23:15). «Шашинд хүчээр оруулах» нь буруу гэдэг нь ойлгомжтой. Жишээ нь: Түүхч Иосеф Флавийн бичсэнээр маккабей хүн Иохан Хиркан едомчуудыг байлдан эзэлснийхээ дараа тэднийг «хөвч хөндүүлэн, иудейн хуулийн дагуу амьдарсан нөхцөлд нутагтаа үлдэхийг зөвшөөрсөн». Хэрвээ едомчууд иудейн засаг захиргаанд амьдрахыг хүсвэл иудейн шашныг дагах ёстой байлаа. МЭ наймдугаар зуунд Их Карл Европын умард хэсгээр нутагладаг христ шашин шүтдэггүй саксончуудыг байлдан эзэлж, хүчээр христ шашинтан болгосон гэж түүхчид үздэгa. Гэтэл тэр саксончууд болон едомчууд шинэ шашнаа хир зэрэг чин сэтгэлээсээ хүлээж авсан бол оо? Нялх балчир Есүсийг хороохыг оролдсон едом гаралтай Херод хаан Бурхны онгодоор бичүүлсэн Мосегийн Хуулийг аль хир чин сэтгэлээсээ мөрдөн сахиж байсан бол оо? (Матай 2:1–18).
14. Христ шашны ертөнцийн зарим миссионер өөрийнхөө шашинд оруулахын тулд хүмүүст ямар шахалт үзүүлдэг вэ?
14 Өнөөдөр хүмүүсийг шашинд хүчээр оруулдаг хүртээх үйл ажиллагаа явагдаж байна уу? Зарим нэг талаар тийм гэж хэлж болно. Христ шашны ертөнцийн зарим миссионер, гадаадад боловсрол эзэмшүүлэх санал тавих замаар хүмүүсийн анхаарал татахыг оролддог тухай мэдээ байдаг. Эсвэл тэд өлсөж ядарсан дүрвэгсдэд хоол унд өгөх нэрийн дор номлол сургаалаа явуулдаг. 1992 оны үнэн алдартны шашны хамбуудын их хурлаас гаргасан баримт бичигт «прозелитизмийг заримдаа эд агуурсаар дур сонирхлыг нь татах, заримдаа хүчирхийллийн янз бүрийн хэлбэрийг ашиглах замаар хэрэгжүүлж байна» хэмээн тэмдэглэжээ.
15. Еховагийн Гэрчүүд прозелитизмийг энэ үгийн орчин үед илэрхийлэх болсон утгаар явуулдаг уу? Тайлбарлана уу.
15 Хүмүүсийг шашин шүтлэгээ өөрчлөхийг шахаж, шаардаж болохгүй. Еховагийн Гэрчүүд тийм үйл ажиллагаа явуулдаггүй нь ойлгомжтойb. Тэгэхлээр тэд прозелитизмийг энэ үгийн орчин үед илэрхийлэх болсон утгаар явуулдаггүй. Харин нэгдүгээр зууны христианууд шиг сайн мэдээг хүн болгонд дэлгэрүүлдэг. Уг мэдээг сайн дураараа хүлээн авсан хэнийг ч болов Библи судлан улам гүнзгий мэдлэгтэй болохыг дуртайяа урьдаг. Тийн сонирхсон хүмүүс Бурхан болон түүний санаа зорилгын талаар зөвхөн Библийн нарийн зөв мэдлэгт тулгуурласан итгэлтэй болох боломжтой. Ингэснээр тэд аврагдахын тулд Ехова Бурхныг нэрээр нь дуудах болно (Ром 10:13, 14, 17). Сайн мэдээг хүлээж авах эсэх нь хүн болгоны хувийн хэрэг юм. Хэн ч шахаж шаарддаггүй. Хэрэв шахаж шаардсанаас болоод хүн шашин шүтлэгээ хүчээр өөрчилбөл энэ нь утгагүй хэрэг болно. Бурханд таалагдахын тулд чин сэтгэлээсээ шүтэх ёстой (Дэд хууль 6:4, 5; 10:12).
Орчин үед сайн мэдээг тунхаглаж байгаа байдал
16. Еховагийн Гэрчүүдийн явуулж байгаа сайн мэдээ тунхаглах ажил орчин үед хүрээгээ хэрхэн тэлж байна вэ?
16 Орчин үед Еховагийн Гэрчүүд Матай 24:14-ийг өргөн хүрээнд биелүүлэн, Хаанчлалын тухай сайн мэдээ дэлгэрүүлж байна. Сайн мэдээ тунхаглах ажилдаа тэдний ашигладаг нэг чухал хэрэгсэл бол «Харуулын цамхаг» сэтгүүл юмc. «Харуулын цамхаг»-ийн анхны дугаар гарч байх 1879 онд уг сэтгүүл ганцхан хэлээр 6 000 орчим хувь хэвлэгдэж байжээ. Тэр цагаас хойш 122 жилийн дараа буюу 2001 он гэхэд 141 хэлээр, 23 042 000 хувь хэвлэгддэг болжээ. Үүний зэрэгцээ Еховагийн Гэрчүүдийн дэлгэрүүлэх үйл ажиллагаа улам өргөн цар хүрээтэй болсон. XIX зуунд дэлгэрүүлэх ажилд жилд хэдхэн мянган цаг зарцуулдаг байсан бол 2001 онд 1 169 082 225 цаг зарцуулж, сар бүр дунджаар 4 921 702 Библийн үнэ төлбөргүй хичээл явуулжээ. Энэ хосгүй сайхан ажил ямар их өргөн хүрээтэй явагдаж вэ! Уг ажилд 6 117 666 идэвхтэй дэлгэрүүлэгч оролцсон байна.
17. а) Өнөөдөр хүмүүс ямар ямар хуурамч бурхан шүтэж байна вэ? б) Хэл яриа, яс үндэс, нийгмийн байдлаасаа хамаарахгүйгээр хүн бүр ямар мэдлэгтэй болох шаардлагатай вэ?
17 Дуулалч: «Хүмүүсийн бүх бурхад бол хоосон шүтээнүүд, харин ЭЗЭН тэнгэрүүдийг бүтээсэн» хэмээн хэлжээ (Дуулал 96:5). Өнөөгийн шашингүйн ертөнцөд хүмүүс үндсэрхэг үзэл, үндэсний бэлэг тэмдэг, нэр цуутай хүмүүс, материаллаг зүйлс, тэр байтугай эд баялгийг хүртэл шүтээнээ болгодог болжээ (Матай 6:24; Ефес 5:5; Колоссай 3:5). Мохандас Ганди нэгэнтээ: «Өнөөдрийн Европын улс орнуудыг би ор нэрийн төдий христ шашинтан орнууд гэж... үзэж байна. Үнэн хэрэгтээ тэд Маммоныг [эд баялгийг] шүтдэг» хэмээн хэлжээ. Үнэндээ бол сайн мэдээ газар сайгүй дэлгэрүүлэгдсэн байх ёстой. Хэл яриа, яс үндэс, нийгмийн байдлаасаа хамаарахгүйгээр хүн бүр Ехова болон түүний санаа зорилгын тухай мэдэх шаардлагатай. Бид дуулалчийн: «ЭЗЭНд өгөгтүн, ЭЗЭНд алдар ба хүч чадлыг өгөгтүн. ЭЗЭНд нэрийнх нь алдрыг өгөгтүн» хэмээсэн үгийг бүх хүн хүлээн аваасай гэж хүсдэг (Дуулал 96:7, 8). Еховагийн Гэрчүүд, Еховаг зохих ёсоор алдаршуулахын тулд түүний тухай мэдлэгтэй болоход нь, бусдад тусалдаг. Сайн мэдээг дуртайяа хүлээн авсан хүмүүс асар их ашиг тусыг хүртдэг. Ямар ашиг тус вэ? Энэ тухай дараагийн өгүүллээс үзнэ.
[Зүүлт]
a «Католик шашны нэвтэрхий толь»-д бичсэнээр Реформацийн үед «Cuius regio, illius et religio» («Захирч байгаа хүн л ямар шашин байхыг тодорхойлно») гэсэн уриан дор хүмүүсийн шашин шүтлэгийг хүчээр өөрчилж байжээ («The Catholic Encyclopedia»).
b 2000 оны арван нэгдүгээр сарын 16-нд болсон АНУ-ын Олон улсын шашин шүтлэгийн эрх чөлөөний комиссын хуралд оролцогчдоос нэг нь шашинд хүчээр оруулах гэсэн оролдлого болон Еховагийн Гэрчүүдийн үйл ажиллагааны хоорондын ялгааг гаргаж тавьсан. Еховагийн Гэрчүүдийг дэлгэрүүлэхэд хэн ч гэсэн «Би үүнийг сонирхдоггүй» гэж хэлээд хаалгаа хаах эрхтэй байдаг нь ажиглагджээ.
c Сэтгүүлийн бүтэн нэрийг «Еховагийн Хаанчлалыг тунхаглагч Харуулын цамхаг» гэдэг.
Та тайлбарлаж чадах уу?
• Еховагийн Гэрчүүд сайн мэдээг ямар учраас хичээл зүтгэлтэй тунхагладаг вэ?
• Еховагийн Гэрчүүд христ шашны ертөнцийн сүмүүд үйл ажиллагаагаа явуулдаг газарт ч гэсэн дэлгэрүүлдгийн учир юу вэ?
• Еховагийн Гэрчүүд прозелитизмийг энэ үгийн орчин үед илэрхийлэх болсон утгаар явуулдаггүйн учир юу вэ?
• Эдүгээ Еховагийн Гэрчүүдийн сайн мэдээ тунхаглах ажил хир өргөжсөн бэ?