Уншигчдын асуулт
Еховагийн Гэрчүүд яагаад айлаар дэлгэрүүлдэг вэ?
▪ Есүс дагалдагчдадаа «Явж, бүх үндэстнийг дагалдагч болгогтун. . . . Тэдэнд заа» хэмээн тушаасныг Библид бичсэн байдаг (Матай 28:19, 20). Энэ тушаал христиан хүн бүрд хамаатай юу? Хамаатай гэж Есүсийн эртний дагалдагчид ойлгодог байсан. Жишээлбэл, Есүсийн шавь Петр: «Гэрчлэн, ард олонд дэлгэрүүлэхийг Тэр [Есүс] бидэнд тушаасан юм» гэж хэлжээ (Үйлс 10:42). Мөн элч Паул: «Би шахалтад байдаг. Хэрэв би сайн мэдээг тунхаглахгүй бол энэ нь надад зовлон болдог» гэжээ (1 Коринт 9:16).
Есүсийн тушаалыг Паул Петр хоёр төдийгүй І зууны бүх христиан биелүүлж байв. Тэд дэлгэрүүлэх ажлаараа олонд танигдсан юм (Үйлс 5:28–32, 41, 42). Еховагийн Гэрчүүд ч эртний христиануудыг дууриадаг. Тэд Есүсийн дэлгэрүүлж байсан мэдээ буюу «тэнгэрийн хаанчлалын» тухай хүмүүст тунхагладаг (Матай 10:7).
Хаанчлалын мэдээг хэнд хүргэх учиртай вэ? Есүс газар газрын бүх хүнд дэлгэрүүлэх хэрэгтэйг онцлон шавь нартаа «Та нар . . . дэлхийн хязгаар хүртэл Намайг гэрчлэх болно» хэмээсэн (Үйлс 1:8). Өнөөгийн ёс бус ертөнцийн төгсгөл ирэхээс өмнө «Хаанчлалын энэхүү сайн мэдээ бүх үндэстэнд гэрчлэл болж дэлхий даяар тунхаглагдана» гэж бүр зөгнөжээ (Матай 24:14). Тийм ч учраас І зууны христианууд зөвхөн танилууддаа эсвэл шашин шүтлэггүй хүмүүст биш, бүх хүнд дэлгэрүүлэхийг хичээж байсан (Колоссай 1:23; 1 Тимот 2:3, 4). Еховагийн Гэрчүүд ч бүх хүнд сайн мэдээ дуулгахыг зорьдог.a
Хаанчлалын мэдээг дэлгэрүүлэх хамгийн үр дүнтэй ямар арга байна вэ? Сайн мэдээг яавал олон хүнд хүргэж болохыг мэддэг Есүс шавь нараа хот тосгодоор явуулж, айлаар дэлгэрүүлэх ажил хийлгэсэн (Матай 10:7, 11, 12). Есүсийг үхээд амилсны дараа ч шавь нар нь «айлаас айлд» дэлгэрүүлж байсан (Үйлс 5:42). Тэд Есүсийн адилаар хүнтэй уулзаж болох газар бүр, олон нийтийн газраар ч дэлгэрүүлсэн (Иохан 4:7–26; 18:20; Үйлс 17:17). Орчин үед ч Еховагийн Гэрчүүд ижил аргаар сайн мэдээг тунхагладаг.
Есүсийн хэлснээр, сайн мэдээг хүлээж авахгүй хүн бас байх аж (Матай 10:14; 24:37–39). Ингэлээ гээд христиан хүн шантрах уу? Их хохирол учруулсан газар хөдлөлтийн дараа аврах ажилд оролцож байна гэж бодъё. Цаг зав гарган хайсан ч амьд хүн цөөхөн олдлоо гээд эрлийн ажлаа зогсоох уу? Яалаа гэж! Нэг ч болов хүнийг аврах найдвар байгаа цагт цөхрөлтгүй хайна биз дээ. Есүс Бурхны Хаанчлалын тухай сайн мэдээг хүлээн авах хүнийг олох найдвар байгаа л бол ажлаа тууштай хийхийг шавь нартаа захисан (Матай 10:23; 1 Тимот 4:16). Еховагийн Гэрчүүд тийм хүнийг хайн айлаар дэлгэрүүлдэг нь Бурхныг болон хүмүүсийг хайрладгийнх юм. Учир нь хүний амь нас Хаанчлалын мэдээг сонсож, хүлээн авах эсэхээс шалтгаална (Матай 22:37–39; 2 Тесалоник 1:8).
Таны уншиж байгаа энэ сэтгүүл Библийн тэр сайн мэдээг хүргэдэг. Та илүү ихийг мэдэхийг хүсвэл Еховагийн Гэрчүүдийг дараа ирэхэд нь ярилцах юм уу энэ сэтгүүлийг эрхлэн гаргагчдад хандаарай.
[Зүүлт]
a Одоогийн байдлаар Еховагийн Гэрчүүд 236 оронд сайн мэдээ дэлгэрүүлдэг. Өнгөрсөн жил дэлхий даяар 1,7 тэрбум цаг дэлгэрүүлж, 8,5 сая Библийн хичээл заажээ.