Биднийг сайхан ирээдүй хүлээж байна
АМЬДРАЛ өнөөдөр Бурхны санаж зорьсны дагуу биш байна. Уг нь дэлхий маань, хэмжээгүй эрх мэдэлтэй Бүтээгчээ хүндэлдэг, түүнд захирагдаж, ач тусыг нь хүртдэг, сайхан зан чанарыг нь дуурайдаг хүмүүсээр дүүрэх ёстой байсан. Хоорондоо эвтэй сайхан харьцаатай байж, үр хүүхдээ өсгөж, шинэ юм нээж, дэлхийгээ диваажин болгох учиртай байлаа.
БУРХАН ДЭЛХИЙГ САНАА ЗОРИЛГЫНХОО ДАГУУ ӨӨРЧИЛНӨ
«Тэрээр дэлхийн хязгаарт хүртэл дайныг зогсоодог» (Дуулал 46:9).
«Дэлхийг устгагчдыг устгах цаг болжээ» (Илчлэл 11:18).
«“Би өвчтэй байна” гэж нэг ч оршин суугч өгүүлэхгүй» (Исаиа 33:24).
«Миний сонгосон хүмүүс өөрсдийнхөө гарын бүтээлийг өмсөнө» (Исаиа 65:22).
Эдгээр зөгнөл хэрхэн биелэх вэ? Бурхан Хүү Есүсээ тэнгэрээс дэлхийг захирах төгс засгийн газрын тэргүүнээр томилсон. Энэ засгийн газрыг Библид Бурхны Хаант төр гэдэг (Даниел 2:44). Библид Есүсийн тухай «Бурхан ... хаан ширээг түүнд өгнө. Тэрээр Хаан болж ... захирна» гэж байдаг (Лук 1:32, 33).
Есүс дэлхий дээр амьдарч байхдаа олон гайхамшиг үйлдсэн. Ийнхүү хаан болсон хойноо хүн төрөлхтнийг одоогийнхоос хавьгүй сайхан амьдруулна гэдгээ харуулсан юм.
ЕСҮС ДУУЛГАВАРТАЙ ХҮМҮҮСИЙН ТӨЛӨӨ ЮУ ХИЙХ ВЭ?
Есүс төрөл бүрийн өвчин эмгэгийг эдгээж байсан. Ийнхүү хүн төрөлхтнийг өвдөхийн зовлонгоос ангижруулахаа харуулсан (Матай 9:35).
Далайн шуургыг намжааснаас нь байгалийн хүчийг захирч хөнөөл гамшгаас хамгаалах чадалтай нь харагддаг (Марк 4:36–39).
Олон мянган хүнийг хооллож, хүний бүх хэрэгцээг хангахаа харуулсан (Марк 6:41–44).
Нэг хуриман дээр усыг дарс болгосон нь хүмүүст амьдралын баяр баяслыг мэдрүүлэхийг хүсдэг нь харагддаг (Ёохан 2:7–11).
Бурхан өөрт нь хайртай хүмүүсийн төлөө ийм сайхан ирээдүйг бэлдэж байна. Та тэр цагийг үзэхийн тулд нэгэн «замаар» явах хэрэгтэй. Тэр «зам нь нарийн бөгөөд цөөхөн хүн үүнийг олдог» гэж Библи бичсэн байдаг (Матай 7:14).
САЙХАН ИРЭЭДҮЙ РҮҮ ХӨТЛӨХ ЗАМЫГ ОЛОХ НЬ
Амь руу хөтөлдөг зам гэж юу вэ? «Би бол чиний Бурхан ЭЗЭН мөн. Би чамд тустайг сурган, чамайг явах ёстой замаар чинь удирддаг» гэж Бурхан хэлдэг (Исаиа 48:17). Энэ бол хүний амьдралын хамгийн сайн зам.
Есүс: «Би бол зам, үнэн, амь» гэж хэлсэн (Ёохан 14:6). Бид Есүсийн заасан үнэнд итгэх ёстой. Мөн Бурхантай дотносож, ач тусыг нь хүртээсэй гэсэндээ үзүүлсэн түүний жишээг дагах учиртай.
Амь руу хөтөлдөг замыг хэрхэн олох вэ? Их олон «зам» буюу шашин байдаг ч Есүс ийн анхааруулсан. «Намайг “Эзэн минь, Эзэн минь” гэсэн болгон тэнгэрийн Хаант төрд орохгүй. Харин тэнгэрт байдаг миний Эцгийн хүслийг биелүүлдэг хүн л орно» (Матай 7:21). Есүс бас «Тэднийг та нар үйл хэргээр нь танина» гэж хэлсэн (Матай 7:16). Хуурамч ба жинхэнэ шашны ялгааг Библийн тусламжтайгаар мэдэх боломжтой (Ёохан 17:17).
Амь руу хөтөлдөг замаар хэрхэн замнах вэ? Амь өгсөн Нэгнийг таньж мэдэх учиртай. Таньж мэдэхийн тулд «Хэн бидэнд амь өгсөн бэ? Нэрийг нь хэн гэдэг вэ? Ямар зан чанартай вэ? Хүмүүсийн төлөө юу хийдэг вэ? Биднээс юу хүсдэг вэ?» гэсэн асуултуудад хариу авах хэрэгтэй.
Ехова Бурхан хүмүүсийг ажиллаж хөдөлмөрлөн, идэж уун, тоглож наадан, гэр бүлтэй болж, үр хүүхэд өсгөх төдийхнөөр бүтээгээгүй. Хүмүүс бид Бүтээгчээ таньж мэдэн, анд нөхөр нь болох боломжтой. Бид хүсэл тааллыг нь биелүүлбэл Бурханд хайртайгаа батална. Есүс: «Тэд мөнхийн амьтай болохын тулд цорын ганц жинхэнэ Бурхан таныг ... үргэлж таньж мэдэх ёстой» гэж хэлсэн (Ёохан 17:3).
БУРХАН ТАНД «ТУСТАЙГ СУРГАХ» ГЭЖ БИБЛИЙГ ӨГСӨН (ИСАИА 48:17).
ЗАМД ГАРАХ НЬ
Цорын ганц жинхэнэ Бурхны таалалд нийцэхийн тулд зарим нэг зүйлээ өөрчлөх шаардлагатай. Энэ нь тийм амар биш ч энэ замаар алхаж эхэлбэл амьдрал маань илүү сайхан болно. Бурхны тухай чухал асуултуудын хариуг олохыг хүсэж байвал Еховагийн Гэрчүүдээр Библи заалгаарай. Тэд таны хүссэн үед, боломжтой гэсэн газар Библи заана. Манай www.pr418.com/mn гэсэн саит руу орж бидэнтэй холбоо бариарай.