Еховаг гэр бүлээрээ шүтэцгээе
1 Эрт цагт хүмүүс олон юмыг гэр бүлээрээ хийдэг байв. Тухайлбал, хамтдаа гэр орны ажлаа ч хийдэг, Еховаг ч шүтдэг байсан (Лев. 10:12–14; Д.хууль 31:12). Орчин үед байдал өөрчлөгдөж гэр бүлийн гишүүд аливааг хамт хийх нь улам бүр ховор болж байна. Гэхдээ христиан гэр бүлүүд хамт байхын чухлыг, ялангуяа Бурхныг гэр бүлээрээ шүтэхийн чухлыг ойлгодог. Гэр бүлүүд өөрийг нь эв нэгдэлтэй шүтэхэд гэр бүлийг Санаачлагчид таатай байдаг.
2 Хамт дэлгэрүүлэх: Сайн мэдээг гэр бүлээрээ дэлгэрүүлэхэд гэр бүлийн харьцаа бэхэждэг. Тэгэхлээр ахлагч хүн хурлынхаа гишүүдтэй хамт дэлгэрүүлэхээс гадна эхнэр, хүүхэдтэйгээ тогтмол дэлгэрүүлэх учиртай (1 Тим. 3:4, 5). Явуулын харгалзагчид хүртэл шахуу хуваарьтай байдаг хэр нь эхнэртэйгээ цуг дэлгэрүүлдэг.
3 Эцэг эхчүүд хүүхэдтэйгээ дэлгэрүүлбэл дэлгэрүүлэх чадвараа сайжруулахад нь туслах боломж бүрддэг. Хүүхэд эцэг эхийгээ дэлгэрүүлэх ажлаас баяр хөөр эдэлж, сэтгэлийн таашаал авдгийг хараад зогсохгүй Еховаг болон бусдыг хайрладгийг нь ухаардаг (Д.хууль 6:5–7). Нэг дор амьдардаг хүүхдээ том болсон ч хамт дэлгэрүүлж байх нь чухал. 15-21 насны гурван хүүтэй нэг хос одоо ч хүүхдүүдтэйгээ тогтмол дэлгэрүүлдэг аж. Эцэг нь: «Хамт дэлгэрүүлэх бүрдээ нэг юм зааж өгдөг. Хүүхдүүдтэйгээ дэлгэрүүлэхдээ сэтгэлийг нь сэргээж, урмыг нь хугалахгүй байхыг хичээдэг» гэж хэлжээ.
4 Хамт бэлдэх: Дэлгэрүүлэх ажилд гэр бүлээрээ бэлдэхийн ач тусыг олон гэр бүлийн туршлага харуулдаг. Гэрийнхэн нь дэлгэрүүлэгч юм уу айлын хүн болж оршил үг бэлдэхэд хүүхдүүд дуртай байдаг. Зарим гэр бүл оршил үгийг Гэр бүлийн хичээлийн төгсгөлд хүүхдүүдтэйгээ хамт бэлддэг байна.
5 Чухал бөгөөд сайхан ажилд дотнынхоо хүмүүстэй хамт оролцоход таатай байдаг. Нэг гэр бүлийн хүмүүс хамтдаа айлаар дэлгэрүүлнэ, давтан уулзалт хийнэ, Библийн хичээл явуулна гэдэг хэчнээн сайхан! Еховаг гэр бүлээрээ шүтдэг хэн боловч «Би болон манай гэрийнхэн, бид ЭЗЭНд үйлчилнэ» гэдэг үгийг чин сэтгэлээсээ хэлэхийг хүсэх биз ээ (Иош. 24:15).