Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • хц25 5 сар х. 8-13
  • Ехова таныг тайвшруулна

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Ехова таныг тайвшруулна
  • Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2025
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • ӨРШӨӨНГҮЙ СЭТГЭЛЭЭР УУЧИЛДАГ
  • БИДЭНД НАЙДВАР ӨГДӨГ
  • АЙХАА БОЛИХОД ТУСАЛДАГ
  • Ехова «эмтэрсэн зүрхтэй хүмүүсийг анагаадаг»
    Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2024
  • Мэдэхгүйгээ хүлээн зөвшөөрч даруу байгаарай
    Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2025
  • Та хэзээ ч ганцаараа биш
    Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2025
  • Дараах асуултын хариуг мэдэж аваарай
    2025–2026 Дүүрэг хариуцагч оролцох дүүргийн чуулганы хөтөлбөр
Илүү дэлгэрэнгүй харах
Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2025
хц25 5 сар х. 8-13

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 20

ДУУ 23 Ехова бол бидний хүч чадал

Ехова таныг тайвшруулна

«Энэрч өршөөдөг Эцэг, ямар ч үед тайвшруулдаг Бурхан магтагдах болтугай» (2 КОР. 1:3).

ГОЛ САНАА

Вавилоны цөллөгт байсан иудейчүүдийг Ехова хэрхэн тайвшруулснаас бид юу мэдэж авах вэ?

1. Цөлөгдсөн иудейчүүд ямар нөхцөлд амьдарч байсныг хэлнэ үү.

ВАВИЛОНД цөлөгдсөн иудейчүүдийн сэтгэл санаа ямар байсныг төсөөлье. Эх нутаг нь үгүйрэн хоосорсон байв. Тэд өөрсдийн болон эцэг өвгөдийнхөө үйлдсэн нүглийн гайгаар олзлогдож, харь нутагт цөлөгдсөн (Ш.дэд 36:15, 16, 20, 21). Тэнд тодорхой хэмжээгээр эрх чөлөөтэй амьдарч байсан нь үнэн (Иер. 29:4–7). Гэлээ гэсэн ч өөрсдийнх нь хүссэн амьдрал биш болохоор амар байгаагүй л байх. Үнэндээ яг ямар байсан бол? «Бид Вавилоны голын эрэг дээр суугаад Сионыг санан уйлж билээ» гэж цөллөгт байсан нэг үнэнч хүн дуулжээ (Дуу. 137:1, ШЕ). Сэтгэлээр унасан тэдэнд тайвшрал хэрэгтэй байв. Гэхдээ хэрхэн тайвшрах вэ?

2, 3. а) Ехова цөлөгдсөн иудейчүүдийн төлөө юу хийсэн бэ? б) Энэ өгүүллээр юу үзэх вэ?

2 Ехова бол «ямар ч үед тайвшруулдаг Бурхан» (2 Кор. 1:3). Хайр халамжтай Бурхан маань өөртэй нь дотно хэнийг ч тайвшруулдаг. Цөлөгдөгсдийн дунд сахилгын арга хэмжээг хүлээн зөвшөөрч, өөр лүү нь буцаж ирэх хүн байгаа гэдгийг Ехова мэдэж байв (Ис. 59:20). Тэрбээр иудейчүүдийг цөлөгдөхөөс 100 гаруй жилийн өмнө зөнч Исаиаг удирдан нэрээр нь нэрлэсэн номыг бичүүлсэн. Ямар зорилгоор вэ? Исаиа: «“Миний ард түмэн тайвшрагтун, тайвшрагтун” хэмээн та нарын Бурхан айлдаж байна» гэжээ (Ис. 40:1). Тийм ээ, Ехова цөллөгт байсан иудейчүүдийг зөгнөлийн энэхүү номоороо тайвшруулсан.

3 Тэдний адилаар бидэнд бас тайвшрал хэрэгтэй үе байдаг. Энэ өгүүллээр, Ехова цөлөгдөгсдийг хэрхэн тайвшруулсныг ярилцана. Тэрбээр 1) гэмшсэн нэгнийг уучлахаа амлаж, 2) ард түмэндээ найдвар өгч, 3) айхаа болиход нь тусалсан. Биднийг ч өнөөдөр ийн тайвшруулдгийг ярилцъя.

ӨРШӨӨНГҮЙ СЭТГЭЛЭЭР УУЧИЛДАГ

4. Ехова өршөөнгүй Бурхан гэдгээ хэрхэн харуулсан бэ? (Исаиа 55:7).

4 Ехова бол «энэрч өршөөдөг Эцэг» (2 Кор. 1:3). Цөлөгдөгсдийг гэмшвэл уучлахаа амлаж өршөөнгүй гэдгээ харуулсан (Исаиа 55:7-г уншина). Тэрбээр: «Мөнхийн энэрэл хайраар чамайг энэрнэ» гэжээ (Ис. 54:8). Хэрхэн өршөөсөн бэ? Иудейчүүд үйлдсэн хэргийнхээ үр дагаврыг амсах ёстой хэдий ч Ехова тэднийг Вавилонд үүрд үлдээхгүй гэдгээ амласан. Тэнд хэсэг хугацаанд л байх ажээ (Ис. 40:2). Энэ амлалтыг сонсоод гэмшсэн хүмүүс ямар их тайвширсан бол оо!

5. Ехова өгөөмрөөр уучилдагт бид иудейчүүдээс илүү бат итгэдэг гэхийн учир юу вэ?

5 Бид юу мэдэж авах вэ? Ехова үйлчлэгчдээ өгөөмрөөр уучилдаг. Үүнд бид цөллөгт байсан иудейчүүдээс илүү бат итгэдэг. Ингэж хэлэхийн учир юу вэ? Ехова нүглийг маань юунд үндэслэн уучилдгийг бид мэддэг. Исаиагийн бичсэн зөгнөлөөс бараг 700 жилийн дараа Ехова хайртай Хүүгээ дэлхий рүү илгээж, гэмшсэн бүх нүгэлтний төлөө амийг нь золиос болгон өгсөн. Энэ золиосонд үндэслэн нүглийг маань нэгмөсөн уучилдаг (Үйлс 3:19; Ис. 1:18; Эф. 1:7). Бид үнэхээр өршөөнгүй Бурханд үйлчилж байгаа биз!

6. Ехова ууч сэтгэлтэйг бодохоор яагаад тайвширдаг вэ? (Бас зургийг үзээрэй).

6 Өөрийгөө буруутгаад явдаг хүнийг Исаиа 55:7-д бичсэн Еховагийн үг тайвшруулдаг. Зарим маань, ялангуяа алдааныхаа горыг амсаад зовж яваа хүн гэмшсэн хэдий ч өөрийгөө буруутгасаар байдаг. Харин нүглээ гэмшиж, алдаагаа зассан бол Ехова уучилсан гэдэгт итгэх ёстой. Тэрбээр уучилсан тул нүглийг маань ор тас мартана (Иеремиа 31:34-тэй харьцуулаарай). Тиймээс бид ч мартах учиртай. Бидний өнгөрсөн хугацаанд гаргасан алдаа бус, одоо юу хийж байгаа нь Еховад чухал (Езе. 33:14–16). Мөн удахгүй, энэрч өршөөдөг Эцэг маань биднийг алдаанаасаа болж амсдаг бүх зовлонгоос бүрмөсөн ангижруулна.

Гэрч залуу итгэлтэй алхаж байна. Зургууд: Түүний өмнө нь юу хийж байсныг болон одоо юу хийж байгааг харуулжээ. Өмнө хийж байсан буруу зүйлс: 1. Хүчирхийллийн агуулгатай видео тоглоом тоглодог байсан. 2. Согтууруулах ундаа хэтрүүлэн ууж, тамхи татдаг байсан. 3. Компьютероосоо зохисгүй юм үздэг байсан. Одоо хийж байгаа зүйлс: 1. Цуглааны танхим цэвэрлэж байна. 2. Настай Гэрч эмэгтэйтэй ярилцаж байна. 3. Дэлгэрүүлж байна.

Бидний өнгөрсөн хугацаанд гаргасан алдаа бус, одоо юу хийж байгаа нь Еховад чухал (6-р догол мөрийг үзээрэй)


7. Яавал нүглээ илчлэх хүсэл төрөх вэ?

7 Ноцтой нүглээ нуун дарагдуулснаас болж сэтгэл өвддөг бол яах вэ? Библид ахлагчдаас тусламж авахыг уриалдаг ч ингэх нь амаргүй байж болох юм (Яак. 5:14, 15). Гэхдээ ахлагчид Еховагийн адилаар хайрын, өршөөнгүй сэтгэлтэй, бидэнд туслахаар томилогдсон эрчүүд гэдгийг санавал юу болсноо ярих хүсэл төрнө. Сэтгэл нь их шаналж байсан Артурa гэдэг Гэрч эрэгтэй Еховагийн өршөөнгүй сэтгэлийн ачаар хэрхэн тайвширсныг бодъё. Тэрбээр: «Би бараг нэг жил порно үзсэн. Гэхдээ мөс чанарын тухай нэг илтгэл сонсоод эхнэр болон ахлагчдад нүглээ илчилсэн. Үүний дараа тайвширсан ч сэтгэл минь өвдөөд л байв. Ехова надтай найз хэвээрээ байхыг хүсдэг бөгөөд хайрладаг учраас сахилгажуулдгийг ахлагч нар сануулсан. Үүнийг сонсоод сэтгэл минь хөдөлж, Ехова намайг уучилсныг ойлгосон» гэж ярьжээ. Тэрбээр одоо эхлэгч, туслах үйлчлэгчээр үйлчилдэг. Алдаагаа хүлээн зөвшөөрч чин сэтгэлээсээ гэмшвэл Ехова дуртайяа уучилдгийг мэдэх нь үнэхээр тайвширмаар!

БИДЭНД НАЙДВАР ӨГДӨГ

8. а) Ехова цөлөгдөгсдөд ямар найдвар өгсөн бэ? б) Исаиа 40:29–31-д бичсэнээр, гэмшсэн иудейчүүд найдварын ачаар яасан бэ?

8 Вавилоны эзэнт гүрэн олзолсон хүмүүсээ барагтай л бол сулладаггүй байсан тул эх нутагтаа буцах ямар ч найдваргүй гэж иудейчүүд бодсон байх (Ис. 14:17). Гэхдээ Ехова ард түмэндээ найдвар өгсөн. Тэднийг чөлөөлөхөө амласан бөгөөд амлалтаа заавал биелүүлэх нь гарцаагүй (Ис. 44:26; 55:12). Үнэндээ Вавилон нь Еховагийн нүдэнд хумхийн тоос шороо мэт билээ (Ис. 40:15). Нэг үлээхэд л шороо хийсэж алга болдог. Найдвар нь цөлөгдөгсдөд хэрхэн нөлөөлсөн бэ? Тайвшруулсан нь ойлгомжтой. Гэхдээ ингээд л болчихоогүй. Исаиа: «ЭЗЭНд найдагчдын хүч нь шинэчлэгдэнэ» гэжээ (Исаиа 40:29–31-ийг уншина). Тийм ээ, тэд найдсан учир «жигүүр дээрээ элин халих» бүргэд мэт хүчирхэгжсэн.

9. Ехова амлалтаа биелүүлнэ гэдэгт итгэх ямар үндэс цөлөгдөгсдөд байсан бэ?

9 Аль хэдийн биелсэн зөгнөлүүд цөлөгдөгсдийн хувьд Ехова амлалтаа биелүүлнэ гэдэгт итгэх гол үндэс болсон. Жишээлбэл ассиричууд Израйлын хойд хаант улсыг эзэлж, ард иргэдийг нь олзлон авсан (Ис. 8:4). Хожим нь вавилончууд Иерусалимыг устгаж, оршин суугчдыг нь олзолжээ (Ис. 39:5–7). Мөн Зедекиа хааны нүдийг сохолж, Вавилон руу авч явсан (Иер. 39:7; Езе. 12:12, 13). Цөлөгдөгсөд Еховагийн хэлсэн бүхэн яг таг биелснийг мэдэж байлаа (Ис. 42:9; 46:10). Энэ нь Ехова тэднийг чөлөөлнө гэсэн амлалтад итгэх итгэлийг батжуулсан нь гарцаагүй!

10. Эцсийн энэ өдрүүдэд найдвараа тод харахын тулд яах вэ?

10 Бид юу мэдэж авах вэ? Сэтгэлээр унасан үедээ ирээдүйд биелэх Еховагийн амлалтуудын тухай бодохлоор тайвширч, хүчтэй болдог. Дэлхийн нөхцөл байдал улам муудаж, Бурхны дайснууд биднийг эсэргүүцдэг. Гэхдээ сэтгэлээр хэтэрхий унах ёсгүй. Ехова бидэнд жинхэнэ амар тайван, аюулгүй нөхцөлд мөнх амьдрах гайхалтай найдвар өгсөн. Энэ найдвараа зүрх сэтгэл, оюун бодолдоо тод байлгах хэрэгтэй. Эс тэгвэл үзэсгэлэнтэй сайхан байгалийг халтайсан цонхоор харахтай адил найдвар маань бүдгэрнэ. Хэрхэн «цонхоо цэвэрлэж» найдвараа тод харах вэ? Шинэ ертөнцөд амьдрал хэчнээн сайхан байхыг төсөөлөн бодох цаг тогтмол гаргаарай. Найдварынхаа тухай өгүүлэл судалж, видео үзэж, дуу сонсож болно шүү дээ. Бас биелээсэй гэж боддог амлалтуудынхаа талаар Еховатай ярилцаж болохгүй нь юу билээ?

11. Архаг хууч өвчтэй эмэгтэй хэрхэн хүч тэнхээтэй болдог вэ?

11 Жой гэдэг Гэрч эмэгтэй архаг хууч өвчтэй. Хэрхэн тайвширч, хүчтэй болдгоо ийнхүү ярьсан. «Би маш их сэтгэлээр унасан үедээ намайг сайн ойлгодог Ехова Бурхандаа дотроо байгаа бүхнээ ярьдаг. Ехова надад “хэрээс хэтэрсэн хүч өгч” хариулдаг» (2 Кор. 4:7). Мөн тэрбээр «“Би өвчтэй байна” гэж нэг ч оршин суугч өгүүлэхгүй» шинэ ертөнцөд өөрийгөө байгаагаар төсөөлөн боддог ажээ (Ис. 33:24). Бид ч Еховад сэтгэлээ уудлан залбирч, найдвараа анхаардаг бол хүч тэнхээтэй болно.

12. Еховагийн амлалтууд биелнэ гэдэгт итгэх ямар үндэс байгаа вэ? (Бас зургийг үзээрэй).

12 Еховагийн амлалтууд биелнэ гэдэгт итгэх үндэс иудейчүүдэд хангалттай байсан шиг бидэнд ч мөн адил. Одоо биелж байгаа зөгнөлүүдийг бодоорой. Жишээлбэл, «зарим хэсэг нь хүчтэй байх атал нөгөө хэсэг нь хэврэг» Англи-Америкийн эзэнт гүрэн захирч буй үед бид амьдарч байна (Дан. 2:42, 43). Мөн «хаа сайгүй ... газар хөдөлж» байгааг сонсдог. Түүнчлэн бид «бүх үндэстэнд» дэлгэрүүлдэг (Мат. 24:7, 14). Эдгээр болон өөр олон зөгнөл биелж буйг хараад хараахан биелээгүй нь ч биелнэ гэдэгт итгэх итгэл улам батаждаг.

Гэрч эмэгтэй Библийн зөгнөлүүдийг уншиж, эргэцүүлэн бодож байна. Зургууд: 1. Дугуйтай тавиурын дэргэд зогсоод дэлгэрүүлж буй Гэрч хос нэг залуутай ярилцаж байна. 2. Аав хүү хоёр байгалийн гамшгийн улмаас учирсан хохирлыг хараад зогсож байна. 3. Даниел номын 2-р бүлэгт гардаг, Небухаднезарын зүүдэндээ үзсэн баримлын тавхайг нэг чулуу оноод буталж байна. 4. Хүмүүс диваажин дэлхийд аз жаргалтай байна.

Өнөөдөр бидний нүдэн дээр биелж буй зөгнөлүүд бол Еховагийн амлалтуудад итгэх үндэс мөн (12-р догол мөрийг үзээрэй)


АЙХАА БОЛИХОД ТУСАЛДАГ

13. а) Чөлөөлөгдөх үед нь иудейчүүдэд ямар амаргүй нөхцөл байдал тулгарах байсан бэ? б) Исаиа 41:10–13-т бичсэнээр Ехова тэднийг хэрхэн тайвшруулсан бэ?

13 Ехова иудейчүүдэд гайхалтай найдвар өгч тайвшруулсан ч чөлөөлөгдөх үед нь амаргүй нөхцөл байдал тулгарахыг мэдэж байлаа. Түүний зөгнөсний дагуу нэгэн хүчирхэг хаан Вавилоны ойролцоох үндэстнүүдийг сүйрүүлж, Вавилоныг ч заналхийлэх ажээ (Ис. 41:2–5). Гэхдээ иудейчүүдэд айх хэрэг байсан уу? Ехова тэдэнд «Би чамтай хамт байгаа тул бүү ай! Өөрийнхөө талаар бүү санаа зов. Учир нь Би чиний Бурхан» гэсэн сэтгэл тайвшруулам үгийг аль эрт хэлсэн байв (Исаиа 41:10–13-ыг уншина). «Би чиний Бурхан» гэж яагаад хэлсэн бэ? Ард түмэн нь өөрийг нь шүтэх ёстойг мэддэг тул энэ тухай дахин хэлэх шаардлагагүй байв. Харин тэдэнтэй хамт байдгаа, бас тусална гэдгээ сануулах гээд хэлжээ (Дуу. 118:6).

14. Ехова айсан цөлөгдөгсдийг бас хэрхэн тайвшруулсан бэ?

14 Бас Ехова хязгааргүй хүч, шавхагдашгүй мэдлэгтэйгээ сануулж, айж эмээсэн цөлөгдөгсдийг тайвшруулсан. Тэнгэрт түгсэн оддыг хараарай гэжээ. Тэрбээр оддыг бүтээгээд зогсохгүй бүгдийг нь нэрээр нь дууддаг (Ис. 40:25–28). Тэгэхээр үйлчлэгч нэг бүрийнхээ нэрийг мэдэхгүй гэж үү? Од гаргийг бүтээх хүчтэй юм чинь ард түмэндээ туслах хүчтэй, чадалтай нь ойлгомжтой. Тийм ээ, цөлөгдөгсдөд санаа зовох юм уу айх шалтгаан байгаагүй.

15. Бурхан удахгүй болох үйл явдалд иудейчүүдийг хэрхэн бэлдсэн бэ?

15 Ехова ард түмэндээ чөлөөлөгдөх цаг нь болохоор юу хийхийг хэлж өгсөн. Исаиагаар дамжуулан «Өрөөндөө ороод хаалгаа хаагтун. Уур хилэн өнгөртөл түр зуур нуугдагтун» гэжээ (Ис. 26:20). Кореш хаан Вавилоныг эзлэхэд энэ зөгнөл эхний удаа биелсэн. Эртний Грекийн нэгэн түүхчийн хэлснээр Кореш Вавилон руу нэвтрэхдээ «гэрээсээ гарсан бүх хүний амийг хороохыг [цэргүүддээ] тушаасан». Вавилоны оршин суугчид хэр их айдаст автсаныг төсөөл дөө! Харин иудейчүүд Еховагийн зааврыг дагасан учраас аврагдсан бололтой.

16. Бид удахгүй болох үйл явдлаас яагаад айхгүй вэ? (Бас зургийг үзээрэй).

16 Бид юу мэдэж авах вэ? Удахгүй хүн төрөлхтний түүхэнд хэзээ ч болж байгаагүй агуу их гамшиг болно. Тэр үед хүмүүс сандарч, айна. Харин Еховагийн ард түмэн бид айж мэгдэхгүй. Учир нь Ехова бол бидний Бурхан гэдгийг мэддэг. «[Биднийг] аврах цаг ойрхон» байгаа тул зоригтой байна (Лук 21:28). Эвсэн нэгдсэн үндэстнүүд бидэн рүү дайрахад ч Еховадаа бат итгэсэн хэвээр байна. Тэрбээр тэнгэрийн элч нараараа хамгаалуулж, амь аврах заавар өгнө. Заавраа хэрхэн өгөх вэ? Одоохондоо яг таг хэлж мэдэхгүй ч хурлаар дамжуулан өгөх бололтой. Хурлууд нь аюулгүй байх «өрөө» байж болох юм. Удахгүй болох энэ явдлаас өмнө дор бүрнээ хэрхэн бэлдэх вэ? Ах дүүстэйгээ дотносож, байгууллагын зааврыг дуртайяа дагаж, Ехова байгууллагаа удирддагт бат итгэх ёстой (Евр. 10:24, 25; 13:17).

Агуу их гамшгийн үеэр нэг өрөөнд цугласан ах дүүс маань хамтдаа Библи уншиж байна. Нэг Гэрч эрэгтэй цонхоор харагдах шөнийн тэнгэрийг заахад бусад нь ч харж байна.

Ехова аврах хүчтэй, чадвартайг бид мэддэг тул агуу их гамшиг болоход айхгүй (16-р догол мөрийг үзээрэй)b


17. Ехова тайвшруулна гэдэгт итгэдэг хүн яах вэ?

17 Иудей цөлөгдөгсөд амаргүй нөхцөлд амьдарч байсан ч Ехова тэднийг тайвшруулсан. Биднийг ч ялгаагүй. Ирээдүйд юу ч тохиолдсон Ехова тайвшруулна гэдэгт найдсаар байгаарай. Тийм ээ, тэрбээр агуу их өршөөнгүй Бурхан гэдэгт итгээрэй. Найдвараа батжуулаарай. Өөрийн Бурхан Еховатайгаа хамт байвал айх зүйл ердөө ч байхгүйг санаж яваарай.

БИБЛИЙН ДАРААХ ЗҮЙЛ ТАНЫГ ХЭРХЭН ТАЙВШРУУЛСАН БЭ?

  • Исаиа 55:7

  • Исаиа 40:29–31

  • Исаиа 41:10–13

ДУУ 152 Бидний хүч, бидний найдвар, бидний итгэл

a Зарим нэрийг өөрчлөв.

b ЗУРГИЙН ТАЙЛБАР: Хэдэн итгэл нэгтэн маань цугларчээ. Үйлчлэгчид нь хаана ч амьдардаг байсан Ехова аварч хамгаалах хүчтэй, чадвартай гэдэгт тэд итгэдэг.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах