Библи гэж юу вэ?
Библийн хариулт
Библи нь 66 ариун судраас бүрддэг бөгөөд ойролцоогоор 1 600 жилийн турш бичигджээ. Библид «Бурхны үг» өөрөөр хэлбэл Бурхны захиас, сургаал байдаг (1 Тесалоник 2:13).
Энэ өгүүлэлд:
Библийн тухай баримт
Библийг хэн бичсэн бэ? Библийн зохиогч нь Бурхан бөгөөд 40 орчим эрэгтэй хүнийг удирдан бичүүлсэн. Тэдний заримаас нь дурдвал Мосе, Давид Хаан, Матай, Марк, Лук, Ёохан нар юм.a Бурхан тэдэнд санаа бодлоо мэдүүлэн үгээ бичүүлжээ (2 Тимот 3:16).
Үүнийг нарийн бичгээрээ захиа бичүүлсэн захиралтай зүйрлэж болох юм. Хэдий нарийн бичиг захиаг бичсэн ч захирлын санаа бодлыг буулгасан тул уг захиа нь захирлынх юм. Үүний нэгэн адил, Библийг хүмүүсээр бичүүлсэн хэдий ч зохиогч нь Бурхан.
«Библи» ямар утгатай үг вэ? «Библи» нь «жижиг номууд» гэсэн утга бүхий «библиа» гэдэг грек үгнээс гаралтай. Библийг бүрдүүлдэг жижиг номуудын бүрэн цуглуулгыг «библиа» гэдэг энэ грек үгээр нэрлэдэг байжээ.
Библи хэзээ бичигдсэн бэ? Библийг МЭӨ 1513 оноос эхлэн ойролцоогоор 1 600 жилийн турш бичиж МЭ 98 оны үед дуусгажээ.
Библийн эх хувь хаана байдаг вэ? Библийн эх хувилбар олдоогүй. Энэ нь Библи бичээчид амархан элэгдэж үгүй болдог папирус болон илгэн цаасыг хэрэглэдэг байсантай холбоотой гэж үздэг. Гэсэн хэдий ч мэргэжлийн бичээчид Библийн бичвэрүүдийг олон зуун жилийн турш нягт нямбай дахин дахин хуулан бичдэг байсны ачаар агуулга нь алдагдалгүй өдийг хүртэл хадгалагдан үлдсэн юм.
«Хуучин Гэрээ», «Шинэ Гэрээ» гэж юу вэ? Хуучин Гэрээ нь Библийн нэг хэсэг бөгөөд Еврей Судар гэж ч нэрлэдэг. Учир нь ихэнх хэсэг нь еврей хэлээр бичигдсэн.b Шинэ Гэрээ нь грек хэл дээр бичигдсэн бөгөөд Грек Судар гэдэг нэрээрээ олонд танигджээ. Энэ хоёр судраас Библи буюу Ариун Судар бүрддэг.c
Библид юу юу байдаг вэ? Библид түүх, хууль, зөгнөл, яруу найраг, сургаалт үгс, дуу болон захианууд гэсэн янз бүрийн хэсгүүд бий («Библийн судрууд» жагсаалтыг үзнэ үү).
Библи юун тухай өгүүлдэг вэ?
Библийн эхний ном Төгс хүчит Бурхан тэнгэр, газар хийгээд түүн дээрх бүх зүйлсийг хэрхэн бүтээсэн тухай товч түүхээр эхэлдэг. Бурхан Библиэр дамжуулан Ехова хэмээх нэрээ мэдүүлдэг бөгөөд өөрийг нь таньж мэдэхийг уриалдаг (Дуулал 83:18, 1838 оны орчуулга).
Бурхныг гүтгэж нэр төрд нь халдсан тухай мөн Бурхан нэр хүндээ хэрхэн сэргээх талаар Библид өгүүлдэг.
Түүнчлэн хүн төрөлхтний болон дэлхийн талаарх Бурхны санаа зорилгыг илчилдэг. Хүн төрөлхтний зовлонгийн шалтгааныг Бурхан хэрхэн арилгахыг ч энэ ном хэлж өгдөг.
Библид өдөр тутмын амьдралд хэрэгтэй зөвлөгөө ч бас бий. Жишээ нь:
Бусадтай сайн харьцаатай байх тухай: «Өөрт тань яаж хандаасай гэж хүснэ, өөрөө ч мөн бусдад тийнхүү ханд» (Матай 7:12).
Утга нь: Бусдыг өөрсөдтэйгөө яаж харьцаасай гэж хүснэ түүн шигээ бусадтай харьцах хэрэгтэй.
Стрессээ тайлах тухай: «Тиймээс маргаашийн төлөө хэзээ ч бүү санаа зов. Учир нь маргаашийн зовлонг маргааш үзнэ» (Матай 6:34).
Утга нь: Ирээдүйд юу болох талаар хэт санаа зовохын оронд өнөөдрөөрөө амьдрахыг хичээх хэрэгтэй.
Ханиа жаргалтай байлгах тухай: «Хүн бүр өөрийгөө хайрладаг шигээ эхнэрээ хайрлах ёстой. Харин эхнэр хүн нөхрөө гүнээ хүндэтгэх ёстой» (Эфэс 5:33).
Утга нь: Хосуудын жаргалтай амьдралын нууц нь хайр ба хүндлэл юм.
Библи өөрчлөгдсөн үү?
Үгүй ээ. Судлаачид Библийн эртний гар бичмэлүүдийг өнөөгийн Библитэй нягт нямбай харьцуулж үзсэний үндсэн дээр гол агуулга нь огтхон ч өөрчлөгдөөгүйг тогтоожээ. Хэрэв санаа зорилгыг нь хүн төрөлхтөн уншаад ойлгоосой гэж Бурхан хүсдэг юм бол өөрийн үгийг өөрчлөгдөшгүй байлгахаар арга хэмжээ авах нь ойлгомжтой d (Исаиа 40:8).
Библийн олон янзын орчуулга байдгийн учир
Эртний хэл дээр бичигдсэн Библийг орчин үеийн ихэнх уншигчид ойлгохгүй нь тодорхой. Гэхдээ Библид «бүх үндэстэн, бүх овог, бүх хэлтэн бүх ард түмэнд» зориулсан «сайн мэдээ» бий (Илчлэл 14:6). Тиймээс тэрхүү сайн мэдээг уншиж, зөв ойлгохын тулд хүмүүст мэддэг хэлээр нь орчуулсан Библи зайлшгүй хэрэгтэй.
Библийг орчуулдаг гурван янзын арга бий:
Үгчлэн орчуулах арга нь үг тус бүрийг аль болох шууд утгаар нь буулгадаг.
Утгачлан орчуулах арга нь эх материал дахь утгыг гаргахад голчлон анхаардаг.
Найруулсан орчуулга нь уншихад тааламжтай байлгах үүднээс үг хэллэгийг чөлөөтэй өөрчилдөг. Гэхдээ энэ арга нь зарим тохиолдолд жинхэнэ утга санааг нь бүрхэгдүүлдэг талтай.
Утгыг нь алдагдуулахгүйгээр орчин үеийн ойлгомжтой үг хэллэгээр Бурхны үгийг хүн төрөлхтөнд үнэн зөв хүргэхэд Библийн сайн орчуулгын гол зорилго оршдог.e
Хэний шийдвэрээр Библийн үгс бичигдсэн бэ?
Библид юу гэж бичүүлэхийг зохиогч нь өөрөө буюу Бурхан шийдсэн. Эхлээд тэрбээр эртний израйл үндэстнийг сонгон «иудейчүүдэд мэдээ өгсөн» билээ. Ийнхүү Бурхан тэдэнд Еврей Судрыг итгэмжлэн даатгасан юм (Ром 3:2).
Библийн номуудаас алдагдсан уу?
Үгүй. Библи бол нэг нь ч алдагдаагүй бүрэн бүтэн ном. Саяхан олдсон эртний зарим бичвэрүүдийг Библид хамаатай гэж үздэг хүмүүс байж болох юм.f Харин Библи өөрийн гэсэн шалгууртай (2 Тимот 1:13). Энэ шалгуурын дагуу Библийн номууд Бурхнаар удирдуулан бичигдсэн бөгөөд өөр хоорондоо нягт уялдаа холбоотой байдаг. Тэгэхээр эртний бичвэр болгоныг Библид хамаатай гэж үзэх боломжгүй байх нь.g
Библийн зүйлийг хэрхэн олох вэ?
Библийн судрууд
a Библийн бүх номын нэрс, хэн, хэзээ бичсэн тухай «Библийн номнуудын хүснэгт» гэсэн хэсгээс үзнэ үү.
b Библийн багахан хэсэг нь эртний еврей хэлтэй нэлээд төстэй арамей хэлээр бичигдсэн.
c Библийн олон уншигчид «Еврей Судар» болон «Христиан Грек Судар» гэсэн нэрсийг илүүд үздэг. Учир нь «Хуучин Гэрээ» хоцрогдож «Шинэ Гэрээ»-гээр орлуулсан гэж ташаа ойлгогдохоос сэргийлдэг.
d «Библийг хүн өөрчилж эсвэл зохиож бичсэн үү?» гэсэн өгүүллийг үзнэ үү.
e «Шинэ ертөнц» орчуулга нь үнэн зөв, ойлгомжтой тул олон хүн унших дуртай байдаг. «“Шинэ ертөнц орчуулга” үнэхээр үнэн зөв үү?» гэсэн өгүүллийг үзнэ үү.
f Эдгээр бичвэрүүдийг нийтэд нь Апокриф гэдэг. «Британника нэвтэрхий толь»-д дурдсанаар «Библийг бүрдүүлдэг хүлээн зөвшөөрөгдсөн бүх судруудад хамааралгүй бичвэрүүдийг Библитэй холбогдолтой ном зохиолуудад [ийнхүү нэрлэсэн байдаг]» хэмээжээ. Энэ нь Библид албан ёсоор багтдаг судруудтай огтхон ч хамаагүй.
g «Апокриф сайн мэдээний ном—Есүсийн тухай нууцлагдсан үнэнийг илчилдэг үү?» гэсэн өгүүллийг үзнэ үү (англи).