8 сарын 29, баасан
Таны нэрийг ... мэдүүлсэн (Ёох. 17:26).
Есүс Бурхны нэр бол Ехова гэдгийг мэдүүлээд л болчихоогүй. Иудейчүүд Бурхны нэрийг угаасаа мэддэг байсан. Харин Есүс Эцгээ хэнээс ч илүү «таниулсан» (Ёох. 1:17, 18). Жишээлбэл Еврей Сударт Еховаг өршөөнгүй, өрөвч гэж байдаг (Ег. 34:5–7). Есүс энэхүү үнэнийг самуун хүү болон эцгийнх нь тухай сургаалт зүйрлэлээр урьд өмнөхөөс илүү тодорхой болгож өгсөн. Эцэг нь гэмшсэн хүүгээ ирж явааг «холоос хараад» гүйн очиж тэврэн, чин сэтгэлээсээ уучилсныг уншихлаар Ехова хэчнээн их өршөөнгүй, өрөвч гэдгийг маш сайн ойлгодог (Лук 15:11–32). Еховаг чухам ямар Бурхан гэдгийг танихад нь Есүс хүмүүст ийнхүү тусалсан. хц24.02 х. 10 д/м 8–9
8 сарын 30, бямба
Бурхан биднийг тайвшруулсан шиг ... хүмүүсийг тайвшруул[аарай] (2 Кор. 1:4).
Ехова зовж буй хүнийг тайвшруулж, сэргээдэг. Бид Еховаг хэрхэн дуурайх вэ? Нэг арга нь бусдыг өрөвдөж, тайвшруулахад тустай зан чанарыг хөгжүүлэх юм. Энэ нь ямар зан чанар вэ? Бид үргэлж бие биеэ хайрлаж, «тайвшруулж байхын» тулд яах вэ? (1 Тес. 4:18). Бие биеэ гэсэн сэтгэл, ах дүү шигээ хайрлах хайр, сайхан сэтгэлийг хөгжүүлэх хэрэгтэй (Кол. 3:12; 1 Петр 3:8). Эдгээр нь яагаад тустай вэ? Ах дүүгээ өрөвдөж, тэднийгээ гэсэн сэтгэлтэй болбол зовж буй нэгнийгээ тайвшруулах хүсэл өөрийн эрхгүй төрнө. Есүс: «Зүрх сэтгэл нь юугаар дүүрнэ, түүнийгээ ярьдаг. Сайн хүний зүрх сэтгэл сайн юмаар дүүрэн байдаг» гэжээ (Мат. 12:34, 35). Шаардлагатай үед нь ах дүүгээ тайвшруулах нь хайрладгаа илэрхийлэх чухал аргуудын нэг яах аргагүй мөн. хц23.11 х. 10 д/м 10–11
8 сарын 31, ням
Хэрсүү ухаантнууд ойлгоно (Дан. 12:10).
Библийн зөгнөлийг ойлгоё гэвэл тусламж авах хэрэгтэй. Дараах жишээг бодъё. Та таньж мэдэхгүй газраар найзтайгаа аялж байна. Гэхдээ найз тань тэр газрыг болон аль замаар явж хаа хүрэхээ сайн мэддэг. Тиймээс хамт явахыг зөвшөөрсөнд та найздаа баярлах байх! Үүн шиг Ехова ямар цаг үед амьдарч байгааг маань, бас цаашид бидэнд юу тохиолдохыг мэддэг. Тиймээс Библийн зөгнөлийг ойлгохын тулд даруу байж Еховагаас тусламж авах хэрэгтэй (Дан. 2:28; 2 Петр 1:19, 20). Еховаг үр хүүхдэдээ сайн сайхныг хүсдэг эцэг эхтэй адилтгаж болно (Иер. 29:11). Гэхдээ хүмүүн эцэг эхээс ялгаатай нь Ехова ирээдүй ямар болохыг яг таг хэлж чаддаг. Тэрбээр ирээдүйд болох чухал үйл явдлуудыг бидэнд мэдүүлэхийн тулд Үгэндээ зөгнөлүүдийг бичүүлсэн (Ис. 46:10). хц23.08 х. 8 д/м 3–4