8 сарын 30, бямба
Бурхан биднийг тайвшруулсан шиг ... хүмүүсийг тайвшруул[аарай] (2 Кор. 1:4).
Ехова зовж буй хүнийг тайвшруулж, сэргээдэг. Бид Еховаг хэрхэн дуурайх вэ? Нэг арга нь бусдыг өрөвдөж, тайвшруулахад тустай зан чанарыг хөгжүүлэх юм. Энэ нь ямар зан чанар вэ? Бид үргэлж бие биеэ хайрлаж, «тайвшруулж байхын» тулд яах вэ? (1 Тес. 4:18). Бие биеэ гэсэн сэтгэл, ах дүү шигээ хайрлах хайр, сайхан сэтгэлийг хөгжүүлэх хэрэгтэй (Кол. 3:12; 1 Петр 3:8). Эдгээр нь яагаад тустай вэ? Ах дүүгээ өрөвдөж, тэднийгээ гэсэн сэтгэлтэй болбол зовж буй нэгнийгээ тайвшруулах хүсэл өөрийн эрхгүй төрнө. Есүс: «Зүрх сэтгэл нь юугаар дүүрнэ, түүнийгээ ярьдаг. Сайн хүний зүрх сэтгэл сайн юмаар дүүрэн байдаг» гэжээ (Мат. 12:34, 35). Шаардлагатай үед нь ах дүүгээ тайвшруулах нь хайрладгаа илэрхийлэх чухал аргуудын нэг яах аргагүй мөн. хц23.11 х. 10 д/м 10–11
8 сарын 31, ням
Хэрсүү ухаантнууд ойлгоно (Дан. 12:10).
Библийн зөгнөлийг ойлгоё гэвэл тусламж авах хэрэгтэй. Дараах жишээг бодъё. Та таньж мэдэхгүй газраар найзтайгаа аялж байна. Гэхдээ найз тань тэр газрыг болон аль замаар явж хаа хүрэхээ сайн мэддэг. Тиймээс хамт явахыг зөвшөөрсөнд та найздаа баярлах байх! Үүн шиг Ехова ямар цаг үед амьдарч байгааг маань, бас цаашид бидэнд юу тохиолдохыг мэддэг. Тиймээс Библийн зөгнөлийг ойлгохын тулд даруу байж Еховагаас тусламж авах хэрэгтэй (Дан. 2:28; 2 Петр 1:19, 20). Еховаг үр хүүхдэдээ сайн сайхныг хүсдэг эцэг эхтэй адилтгаж болно (Иер. 29:11). Гэхдээ хүмүүн эцэг эхээс ялгаатай нь Ехова ирээдүй ямар болохыг яг таг хэлж чаддаг. Тэрбээр ирээдүйд болох чухал үйл явдлуудыг бидэнд мэдүүлэхийн тулд Үгэндээ зөгнөлүүдийг бичүүлсэн (Ис. 46:10). хц23.08 х. 8 д/м 3–4
9 сарын 1, даваа
Өглөө нар [бидний дээр] манда[на] (Лук 1:78).
Бурхан хүн төрөлхтний бүх асуудлыг шийдэх хүчийг Есүст өгсөн. Гайхамшиг үйлддэг байсан Есүс бидний хэзээ ч үгүй хийж чадахгүй бэрхшээлийг байхгүй болгох чадалтайгаа баталсан. Жишээ нь хүн төрөлхтний өвлөж авсан нүгэл, нүглийн үр дагавар өвчин, үхлээс ангижруулах хүч чадалтай (Мат. 9:1–6; Ром 5:12, 18, 19). Мөн хүмүүсийн «элдэв төрлийн» өвчнийг эдгээж, бүр нас барагсдыг ч амилуулах чадалтайгаа харуулсан (Мат. 4:23; Ёох. 11:43, 44). Түүнчлэн хүчтэй салхийг намдааж, хорон муу чөтгөрүүдээс ангижруулах чадалтай (Марк 4:37–39; Лук 8:2). Ехова Хүүдээ ийм их хүч хайрласныг бодохоор үнэхээр сэтгэл тайвширч байгаа биз? Бурхны Хаант төр ирээдүйд ивээнэ гэсэн амлалт гарцаагүй биелнэ гэдэгт бид итгэдэг. Есүс бол тэнгэрийн Хаант төрийн Хаан. Түүний үйлдсэн гайхамшгууд нь ирээдүйд дэлхий даяар юу хийхийг нь харуулдаг. хц23.04 х. 3 д/м 5–7