9 дүгээр сар
9 сарын 1, даваа
Өглөө нар [бидний дээр] манда[на] (Лук 1:78).
Бурхан хүн төрөлхтний бүх асуудлыг шийдэх хүчийг Есүст өгсөн. Гайхамшиг үйлддэг байсан Есүс бидний хэзээ ч үгүй хийж чадахгүй бэрхшээлийг байхгүй болгох чадалтайгаа баталсан. Жишээ нь хүн төрөлхтний өвлөж авсан нүгэл, нүглийн үр дагавар өвчин, үхлээс ангижруулах хүч чадалтай (Мат. 9:1–6; Ром 5:12, 18, 19). Мөн хүмүүсийн «элдэв төрлийн» өвчнийг эдгээж, бүр нас барагсдыг ч амилуулах чадалтайгаа харуулсан (Мат. 4:23; Ёох. 11:43, 44). Түүнчлэн хүчтэй салхийг намдааж, хорон муу чөтгөрүүдээс ангижруулах чадалтай (Марк 4:37–39; Лук 8:2). Ехова Хүүдээ ийм их хүч хайрласныг бодохоор үнэхээр сэтгэл тайвширч байгаа биз? Бурхны Хаант төр ирээдүйд ивээнэ гэсэн амлалт гарцаагүй биелнэ гэдэгт бид итгэдэг. Есүс бол тэнгэрийн Хаант төрийн Хаан. Түүний үйлдсэн гайхамшгууд нь ирээдүйд дэлхий даяар юу хийхийг нь харуулдаг. хц23.04 х. 3 д/м 5–7
9 сарын 2, мягмар
Бурхны агуу хүч бүх юмыг, Бурхны гүн юмыг ч илчилдэг (1 Кор. 2:10).
Хэрэв танай хурал олон дэлгэрүүлэгчтэй бол гар өргөж байгааг тань заримдаа анзаараагүйгээс болоод цаашдаа хариулахгүй гэж бодож болох юм. Гэхдээ бүү бууж өгөөрэй. Цуглаанд очих бүрдээ хэд хэдэн хариулт бэлдэх нь тустай. Тэгвэл эхний удаа биш юм аа гэхэд дараа нь хариулах боломж гарч л таарна. «Харуулын цамхаг» судлалын цуглаанд бэлдэхдээ догол мөр болгон гол сэдэвтэй ямар холбоотойг бодоорой. Ингэвэл хэлэлцүүлэгт илүү идэвхтэй оролцож чадна. Түүнчлэн тайлбарлахад амаргүй Библийн сургаалыг бичсэн догол мөрийг анхаарч хариулт бэлдээрэй. Яагаад? Учир нь ийм догол мөрийн асуултад цөөхөн хүн хариулдаг. Хэрэв удаа дараалан цуглаан дээр хариулах боломж гараагүй бол яах вэ? Та «Харуулын цамхаг» судлалын хөтлөгчид аль асуултад хариулахаа урьдчилан мэдэгдээрэй. хц23.04 х. 21–22 д/м 9–10
9 сарын 3, лхагва
Иосеф ... Еховагийн тэнгэрийн элчийн хэлснээр Мариатай гэрлэв (Мат. 1:24).
Иосеф Еховагийн удирдамжийг дуртайяа дагадаг байснаар илүү сайн нөхөр болсон. Бурхан түүнд дор хаяж 3 удаа гэр бүлтэй нь хамаатай удирдлага заавар өгсөн. Иосеф тэр бүрд маш том өөрчлөлт гаргах байсан ч шууд дагасан (Мат. 1:20; 2:13–15, 19–21). Ийнхүү тэрбээр Мариаг хамгаалж, түүнд санаа тавьж чадсан. Иосеф юу хийхийг Мариа хараад илүү их хайрлаж, хүндэлдэг болсон нь ойлгомжтой. Нөхрүүд ээ, та нар гэр бүлдээ санаа тавихын тулд Иосефыг дуурайж Библид үндэслэсэн заавар хайгаарай. Том өөрчлөлт гаргах байсан ч зааврыг дагавал эхнэрээ хайрладгаа батална, гэр бүлийн нандин холбоогоо батжуулна. Гэрлээд 20 жил болж буй, Вануатуд амьдардаг Гэрч эмэгтэй: «Еховагийн удирдлага зааврыг хайж, дагаж байгаа нөхрийгөө харахлаар хүндлэх сэтгэл илүү их төрдөг. Зөв шийдвэр гаргасан гэдэгт нь итгээд тайван байдаг» гэжээ. хц23.05 х. 21 д/м 5
9 сарын 4, пүрэв
Тэнд нэгэн их зам харгуй буй болж Ариун Их Зам гэж нэрлэгдэнэ (Ис. 35:8).
Вавилоноос буцаж ирсэн иудейчүүд Бурхны «ариун ард түмэн» болох байв (Д.хууль 7:6). Гэхдээ тэд Еховад таалагдахын тулд өөрчлөгдөх хэрэгтэй байсан. Тухайн үеийн иудейчүүдийн ихэнх нь Вавилонд төрсөн учир вавилончуудын баримталдаг хэм хэмжээ, үзэл бодлын нөлөөнд автагсад олон байв. Вавилоноос чөлөөлөгдсөнөөс хойш хэдэн арван жилийн дараа захирагч Нехемиа, зарим хүүхэд Израйлд төрсөн ч еврей хэлээ мэдэхгүй байгааг хараад мэл гайхав (Д.хууль 6:6, 7; Нех. 13:23, 24). Бурхны Үгний ихэнх хэсгийг бичсэн еврей хэлээ хүүхдүүд ойлгохгүй бол Еховаг хэрхэн хайрлаж, түүнийг шүтэх билээ? (Езр. 10:3, 44). Тиймээс иудейчүүдэд өөрчлөх юм их байсан. Гэхдээ цэвэр шүтлэг сэргэж эхэлсэн Израйлд ирээд өөрчлөгдөх нь илүү амар байсан болов уу (Нех. 8:8, 9). хц23.05 х. 15 д/м 6–7
9 сарын 5, баасан
ЭЗЭН унасан бүхнийг өндийлгөж, Сөхөрсөн бүхнийг босгодог (Дуу. 145:14).
Бид хүсэл тэмүүлэлтэй, сахилга баттай байсан ч саад бэрхшээл биднийг тойрохгүй. Жишээ нь «санамсаргүй тохиолдлоос» болоод зорьсондоо хүрэхэд шаардагдах цаг заваа алдаж болох юм (Ном. 9:11, ШЕ). Сэтгэлээр унагаж, хүч тэнхээг бардаг бэрхшээл бас тохиолдож магадгүй (Сур. 24:10). Мөн төгс бусаасаа болоод алдаа гаргачихдаг (Ром 7:23). Түүнчлэн өөрийн эрхгүй ядрах үе байдаг (Мат. 26:43). Ийм саад бэрхшээлийг хэрхэн давах вэ? Саад тулгарвал бүү шантраарай. Библид бичсэнээр бэрхшээл нэг биш удаа тохиолддог ч бид өндийж босдог. Тийм ээ, саад бэрхшээлийг үл тоон урагшилсаар байвал та Еховад таалагдах хүсэлтэйгээ батална. Ехова таныг зорилгоо биелүүлэхийн тулд хэчнээн их хичээж байгааг хараад маш их баярлах нь гарцаагүй! хц23.05 х. 30 д/м 14–15
9 сарын 6, бямба
Сүрэгтээ үлгэр дуурайл болж байгаарай (1 Петр 5:3).
Залуус эхлэгчээр үйлчилбэл янз бүрийн хүмүүстэй хамтарч ажиллахыг сурдаг. Бас олсон мөнгөө зөв зарцуулж сурна (Флп. 4:11–13). Бүрэн цагаар үйлчлэхийн тулд эхлээд туслах эхлэгчээр үйлчлэх нь сайн. Олон хүн хэсэг хугацаанд туслах эхлэгчээр үйлчилж байгаад байнгын эхлэгч болдог. Ийнхүү эхлэгчээр үйлчилбэл байгууллагын барилгын ажилд оролцох, бетелчин болох зэрэг бүрэн цагаар үйлчлэх үүд хаалга нээгддэг. Христийн дагалдагч эрчүүд ахлагч болж хурлынхаа ах дүүстээ үйлчлэх зорилго тавих нь зүйтэй. Ийм эрчүүд «сайн ажлыг хүсдэг» гэж Библид бичжээ (1 Тим. 3:1). Ахлагч болохоос өмнө Гэрч эрэгтэй шаардлага хангаж туслах үйлчлэгч болох ёстой. Ахлагчдыг хурлынхандаа санаа тавихад туслах үйлчлэгчид дэмжиж ажилладаг. Ахлагч, туслах үйлчлэгчийн аль аль нь даруу байн итгэл нэгтнүүддээ үйлчилж, дэлгэрүүлэх ажилд идэвхтэй оролцдог. хц23.12 х. 28 д/м 14–16
9 сарын 7, ням
Залуухан байхдаа тэрээр өвөг эцэг Давидынхаа Бурханыг эрэлхийлж эхлэв (Ш.дэд 34:3).
Иосиа хаан өсвөр насандаа Еховатай улам дотносохыг хичээсэн. Тэрбээр Еховаг илүү их таньж мэдэхийг, түүний хүслийг биелүүлэхийг зорьжээ. Гэвч залуу хааны амьдрал амар байгаагүй. Ихэнх хүн хуурамч бурхан шүтэж байхад тэрбээр цэвэр шүтлэгийн талд бат зогсох хэрэгтэй байв. Үнэхээр ч тэгж чаджээ! Иосиа 20 ч хүрээгүй байхдаа ард олны дундаас хуурамч шүтлэгийг устгаж эхэлсэн (Ш.дэд 34:1, 2). Чи хүүхэд ч гэсэн Иосиаг дуурайн Еховатай дотносож, гайхалтай зан чанаруудыг нь илүү сайн мэдэж аваарай. Ингэвэл Еховад өөрийгөө зориулах хүсэлтэй болно. Өөрийгөө зориулна гэдэг нь яана гэсэн үг вэ? 14 настайдаа баптисм хүртсэн Лук: «Би одооноос эхлээд Еховад үйлчлэхийг амьдралынхаа эн тэргүүнд тавьж түүнийг баярлуулахыг хичээнэ» гэжээ (Марк 12:30). Хэрвээ чи ч гэсэн ийм хүсэлтэй бол хэчнээн их ивээл хүртэнэ гээч! хц23.09 х. 11 д/м 12–13
9 сарын 8, даваа
Та нартай мөр зэрэгцэн нөр их хөдөлмөрлөдөг, Эзний дагалдагч та нарыг удирддаг ... хүмүүсийг хүндлээрэй (1 Тес. 5:12).
Элч Паул энэ захиаг бичих үед Тесалоник дахь хурал байгуулагдаад жил ч болоогүй байв. Томилогдсон эрчүүд ч туршлагагүй, алдаа гаргадаг байсан байх. Гэхдээ тэд хүндэтгэл хүлээх зохистой. Агуу их гамшиг ойртох тусам ахлагч нарын зааврыг дагах нь одоогийнхоос илүү чухал болж мэднэ. Байгууллагын төв болон салбартай холбогдож чадахгүйд хүрч магадгүй. Тийм болохоор одооноос ахлагчдыг хайрлаж хүндлэхийг сурах нь чухал. Юу ч тохиолдсон ухаалаг байж тэдний төгс бус байдлыг бус, харин Ехова энэхүү үнэнч эрчүүдийг удирдуулахаар Христийг томилсон гэдгийг анхаарцгаая. Дуулга дайчны толгойг хамгаалдаг шиг найдвар оюун бодлыг хамгаалдаг. Найдвар маань бат байвал энэ ертөнцийнхний санал болгодог ямар ч юм үнэ цэнгүй гэдгийг ойлгоно (Флп. 3:8). Найдвар өвөрлөсөн бид саруул ухаантай байдаг. хц23.06 х. 11–12 д/м 11–12
9 сарын 9, мягмар
Мунхаг эмэгтэй нь чимээ дуулиантай агаад ... гэнэн нэгэн юм (Сур. 9:13).
«Мунхаг эмэгтэйн» урихыг сонссон хүн тэднийд очих эсэхээ шийдэх хэрэгтэй болдог. Садар явдлаас яагаад зайлсхийх ёстойг «Сургаалт үгс» номд бичсэн байдаг. «Мунхаг эмэгтэй»: «Хулгайлсан ус чихэрлэг» гэжээ (Сур. 9:17). «Хулгайлсан ус» гэж юу вэ? Библид эхнэр нөхөр хоёрын бэлгийн харилцааг сэтгэл сэргээм устай зүйрлэсэн (Сур. 5:15–18). Албан ёсоор гэрлэсэн хүмүүс бэлгийн амьдралаас таашаал авдаг. Энэ нь «хулгайлсан устай» зүйрлэм садар самуунаас ялгаатай. Хулгайч нууцаар ажилладаг шиг завхай хүн бас нууцаар садарладаг. Садар самуун явдалтай хүн горыг нь амсахгүй гэж боддог учраас «хулгайлсан усыг» амттай гэж боддог. Ямар их эндүүрэл вэ! Ехова бүгдийг харж байгаа. Еховагийн тааллыг алдахаас илүү гашуун зүйл үгүй бөгөөд өчүүхэн төдий ч «чихэрлэг» биш юм (1 Кор. 6:9, 10). хц23.06 х. 22 д/м 7–9
9 сарын 10, лхагва
Дурамжхан биелүүлсэн ч намайг нярвын үүргээс чөлөөлөхгүй (1 Кор. 9:17).
Та чин сэтгэлээсээ залбирдаггүй эсвэл дэлгэрүүлсэн ч баяр баясгалангүй болсон бол яах вэ? Баптисм хүртсэнээс хойш ийн санагдвал Еховагийн агуу хүчийг авахаа больсон гэж бүү дүгнээрэй. Бид төгс бус болохоор сэтгэл санаа маань янз янз болдог. Хичээл зүтгэлгүй болж байгаагаа анзаарвал элч Паулын тухай бодож үзээрэй. Тэрбээр Есүсийг дуурайхыг хичээдэг ч заримдаа урам зориггүй болдог байжээ. Харин сэтгэл санааны байдал нь ямар байгаагаас үл хамааран Паул үйлчлэлээ гүйцээхээр бат шийдсэн. Та бас шийдвэр гаргахдаа сэтгэл хөдлөлдөө бүү автаарай. Сэтгэл санаа ямар байгаагаас үл хамааран зөв юм хийхээр бат шийдээрэй. Ийнхүү сайныг үйлддэг бол урам зоригтой ч болно (1 Кор. 9:16). хц24.03 х. 11–12 д/м 12–13
9 сарын 11, пүрэв
Тэдэнд хайртайгаа батлаарай (2 Кор. 8:24).
Итгэл нэгтнүүдээ найрсгаар хүлээн авч, анд найзууд болбол хайрладгаа харуулж буй хэрэг (2 Кор. 6:11–13). Ихэнх хуралд янз янзын орчинд өссөн, өөр өөр зан чанартай хүмүүс байдаг. Хурлынхаа хүмүүсийн сайн зан чанарыг олж харахыг хичээвэл тэднийг гэсэн хайр улам лавширна. Бид Ехова шиг харж сурвал хүмүүсийг хайрладгаа батална. Бие биеэ хайрлах нь ялангуяа агуу их гамшгийн үед амин чухал. Тэр үед Ехова биднийг хэрхэн хамгаалах вэ? Эртний Вавилон хот дайралтад өртөхөд Ехова ард түмэндээ ямар заавар өгснийг анхааръя. Тэрбээр: «Миний ард түмэн, ирцгээ. Өрөөндөө ороод хаалгаа хаагтун. Уур хилэн өнгөртөл түр зуур нуугдагтун» гэжээ (Ис. 26:20). Агуу их гамшиг болоход бид ч энэ зааврыг дагах хэрэгтэй байх. хц23.07 х. 6–7 д/м 14–16
9 сарын 12, баасан
Өнөөгийн ертөнц өөрчлөгдөж байна (1 Кор. 7:31).
Бид уян хатан гэдгээрээ бусдад танигдахыг хичээх учиртай. Тиймээс өөрсдөөсөө «Хүмүүс намайг уян хатан, буулт хийдэг, хүлцэнгүй хүн гэж боддог болов уу? Эсвэл зөрүүд, хатуу ширүүн хүн гэж үздэг үү? Бусдыг сонсож, боломжтой бол тэдний хүслийг биелүүлдэг үү?» гэж асууж болох юм. Бид хэдийчинээ уян хатан байна, төдийчинээ Ехова Есүс хоёрыг дуурайдгаа харуулна. Нөхцөл байдал өөрчлөгдөхөд бид ухаалаг буюу уян хатан байх ёстой. Өөрчлөлтөөс болоод янз бүрийн асуудал тулгардаг. Жишээ нь бид өвчин тусаж магадгүй. Эсвэл мөнгө төгрөгөөр гачигдах юм уу төр засгийн байдлаас болж бидний амьдрал улам хэцүү болж мэднэ (Ном. 9:11). Байгууллагаас авсан даалгавар өөрчлөгдөх нь ч сорилт болж магадгүй. Дараах 4 зүйлийг хийвэл шинэ нөхцөлдөө дасан зохицож чадна. 1) Нөхцөл байдалтайгаа эвлэрэх, 2) цаашид юу хийж чадахаа анхаарах, 3) өөдрөг байх, 4) бусдад санаа тавих. хц23.07 х. 21–22 д/м 7–8
9 сарын 13, бямба
Ихэд хүндлэгддэг Даниел (Дан. 10:11).
Зөнч Даниелыг вавилончууд олзлох үед тэрбээр залуу байжээ. Гэхдээ олзлогчдын анхаарлыг татсан. Тэд Даниелын «гаднах төрхийг» хараад «согоггүй, үзэсгэлэн төгсийг», мөн нэр нөлөө бүхий гэр бүлээс гаралтайг нь анзаарчээ (1 Сам. 16:7). Тиймээс вавилончууд түүнийг хааны ордонд үйлчлүүлэх зорилгоор сургасан (Дан. 1:3, 4, 6). Даниелын чухам ямар хүн гэдгийг нь Ехова үнэлж, хайрладаг байсан. Дөнгөж 20 орчим настай Даниелыг тэрбээр олон жил өөрт нь үнэнчээр үйлчилсэн Ноа Иов хоёр шиг зөв хүн гэж үзжээ (Эх. 5:32; 6:9, 10; Иов 42:16, 17; Езе. 14:14). Ехова Даниелыг бүхий л амьдралынх нь туршид хайрласаар байсан (Дан. 10:11, 19). хц23.08 х. 2 д/м 1–2
9 сарын 14, ням
Хэчнээн өргөн, урт, өндөр, гүн болохыг ... гүйцэд ойлго (Эф. 3:18).
Хэрэв та байшин худалдаж авахаар болсон бол амьдрах байшингийнхаа талаар бүгдийг мэдэхийг хүсэх нь ойлгомжтой. Библийг бас ийнхүү уншиж, судалж болно. Нэг судлаач Библид бичсэнийг «маш өндөр, гүн суурьтай асар том барилгатай» зүйрлэжээ. Тэгвэл Библийг хэрхэн сайн мэдэж авах вэ? Гүйлгэн уншвал «Бурхны ариун үгийн үндсэн зарчим» буюу анхан шатны юмыг л мэдэж авна (Евр. 5:12). Харин байшинг сайтар шинжихийн тулд дотор нь орж шалгадагтай адил Библийг бүрэн ойлгоё гэвэл нямбай судлах хэрэгтэй. Нэг арга нь Библид бичсэн бүхэн хоорондоо хэрхэн холбогдож байгааг мэдэж авах юм. Бас ямар үнэн байдгийг мэдээд зогсохгүй, яагаад итгэж болохыг судлах учиртай. Бурхны Үгийг бүрэн ойлгохын тулд гүн утгатай үнэнийг судлах хэрэгтэй. Элч Паул Христийн дагалдагч ах дүүстээ «үнэн хэчнээн өргөн, урт, өндөр, гүн болохыг ... гүйцэд ойлгохын» тулд Бурхны Үгийг хичээнгүй судлахыг уриалсан. Ингэснээрээ тэдний итгэл «бат», «үндэс сайтай» болох байв (Эф. 3:14–19). Бид ч тэгэх ёстой. хц23.10 х. 18 д/м 1–3
9 сарын 15, даваа
Ах дүү нар аа, Еховаг төлөөлөн ярьдаг байсан зөнчид зовлонг дааж тэвчээртэй байсныг дуурай (Яак. 5:10).
Библид тэвчээртэй байсан олон хүний жишээ байдаг. Тэдний тухай судлахаар төлөвлөж болохгүй нь юу билээ? Жишээ нь Давид бага байхдаа Израйлын ирээдүйн хаан болохоор тослогдсон ч хаан ширээнд суух цагаа олон жил хүлээх хэрэгтэй байсан. Симеон Анна хоёр амласан Мессиаг хүлээнгээ Еховад үнэнчээр үйлчилсэн (Лук 2:25, 36–38). Эдгээр жишээг судлахдаа дараах асуултуудыг бодоорой. «Тэвчээртэй байхад нь энэ хүнд юу тус болсон бол? Тэвчээртэй байснаараа ямар ач тус хүртсэн бэ? Би хэрхэн дуурайх вэ?» Бас тэвчээргүй хүмүүсийн тухай судлах нь тустай байж болох юм (1 Сам. 13:8–14). Та өөрөөсөө «Энэ хүмүүс яагаад тэвчээргүй загнасан бэ? Тэвчээргүй байснаараа ямар муу үр дагаварт хүрсэн бэ?» гэж асуугаарай. хц23.08 х. 25 д/м 15
9 сарын 16, мягмар
Таныг Бурхны илгээсэн ариун нэгэн гэдэгт бид итгэсэн, бас таньж мэдсэн (Ёох. 6:69).
Элч Петр үнэнч байж, юу ч тохиолдсон Есүсийг дагахаа болиогүй. Үнэнч гэдгээ баталсан нэг явдал нь Есүс шавь нартаа ойлгомжгүй юм ярихад болсон (Ёох. 6:68). Ярьснаа тайлбарлахыг нь хүлээхийн оронд олон хүн Есүсийг дагахаа болиход Петр болиогүй. Зөвхөн Есүст «мөнх амьдруулах чадалтай үг» байгааг тэрбээр ойлгож байв. Петр болон бусад элч өөрийг нь хаяж явахыг Есүс мэдэж байсан. Гэсэн хэдий ч Петрийг буцаж ирээд үнэнч үйлчилнэ гэдэгт нь итгэдгээ хэлсэн (Лук 22:31, 32). Тэгээд ч Петр «зөв юм хийхийг хүсдэг ч махан бие нь сул дорой байдгийг» ойлгож байсан (Марк 14:38). Тиймээс өөрийг нь мэддэгээ үгүйсгэснийх нь дараа ч элчээ байлгахаа болиогүй. Есүс амилсныхаа дараа, магадгүй Петрийг ганцаараа байхад нь үзэгдсэн (Марк 16:7; Лук 24:34; 1 Кор. 15:5). Сэтгэлээр унасан элчид нь ямар их урамтай байсан бол оо! хц23.09 х. 22 д/м 9–10
9 сарын 17, лхагва
Хууль бус явдал нь уучлагдсан, нүгэл нь далдлагдсан хүн жаргалтай (Ром 4:7).
Ехова итгэлтэй хүний нүглийг далдлах буюу уучилж бүрмөсөн мартана (Дуу. 32:1, 2). Тиймээс итгэлд нь үндэслэн гэм зэмгүй буюу шударга сайн гэж үздэг. Абрахам, Давид болон бусад үнэнч үйлчлэгч Бурханд шударга сайн гэж тооцогдсон ч төгс бус, нүгэлтэй хэвээрээ байсан. Гэхдээ итгэсэн учраас Ехова тэднийг итгэлгүй хүмүүстэй харьцуулан гэм зэмгүй гэж үзсэн (Эф. 2:12). Элч Паул захидалдаа Бурхантай дотносоход итгэл зайлшгүй хэрэгтэйг онцолжээ. Абрахам Давид хоёр итгэлийнхээ ачаар Бурхантай дотноссоны адилаар бид ч ийнхүү дотносно. хц23.12 х. 3 д/м 6–7
9 сарын 18, пүрэв
Бурхны нэрийг олон түмэнд тунхаглах уруулын жимс буюу магтаалын тахилыг ... үргэлж өргөж байя (Евр. 13:15).
Христийн бүх дагалдагч өнөөдөр Бурхны Хаант төрийн үйл хэргийг урагшлуулахын тулд цаг хүч, эд хөрөнгөө зориулж Еховад тахил өргөх завшаантай. Бид хамгийн сайныгаа Еховад өргөснөөрөө түүнийг шүтэх завшааныг эрхэмлэдгээ харуулна. Элч Паул шүтлэгтэй холбоотой зайлшгүй хийх ёстой хэдэн зүйлийг дурдсан (Евр. 10:22–25). Үүнд Еховад залбирах, найдварынхаа талаар олон нийтэд тунхаглах, цуглаандаа тогтмол явах, нэг нэгнээ урамшуулан зоригжуулах зэрэг ордог. Ялангуяа «[Еховагийн] өдөр ойртож байгаа учир энэ бүхнийг бүр их анхаарах» учиртай. «Илчлэл» номд Еховагийн тэнгэрийн элч «Бурхныг шүт!» гэж хоёр удаа хэлсэн нь хэр их чухал болохыг нь онцолсон (Илч. 19:10; 22:9). Еховагийн бэлгэдлийн сүмийн тухай гүн утгатай үнэнийг болон агуу Бурхнаа шүтэх завшаантайгаа хэзээ ч мартахгүй байя! хц23.10 х. 29 д/м 17–18
9 сарын 19, баасан
Бие биеэ хайрлаж явцгаая (1 Ёох. 4:7).
Бид бүгд «бие биеэ хайрлаж явахыг» хичээдэг. Гэхдээ Есүсийн «Ихэнх хүний хайр хөрнө» гэж анхааруулсныг санаж явах нь чухал (Мат. 24:12). Шавь нар нь бие биеэ хайрлахаа болино гэж Есүс хэлээгүй. Харин бид эргэн тойрныхоо хайр илэрхийлдэггүй хүмүүсийн нөлөөнд автахаас болгоомжлох хэрэгтэй. Үүнийг санангаа дараах чухал асуултын хариуг мэдэж авъя. Ах дүүгээ халуун сэтгэлээр хайрлаж байгаа эсэхээ хэрхэн шалгах вэ? Зарим асуудалд хэрхэн хандаж байгаагаас итгэл нэгтнээ жинхэнэ ёсоор хайрладаг эсэх маань мэдэгдэнэ (2 Кор. 8:8). Жишээ нь элч Петр: «Хамгийн гол нь, бие биеэ халуун сэтгэлээр хайрла. Учир нь хайр тоо томшгүй нүглийг далдалдаг» гэж бичжээ (1 Петр 4:8). Тэгэхлээр ах дүүс маань алдаа гаргах юм уу биднийг гомдооход чин сэтгэлээсээ хайрладаг эсэх маань соригдоно. хц23.11 х. 10–11 д/м 12–13
9 сарын 20, бямба
Бие биеэ хайрла (Ёох. 13:34).
Хэрэв бид хурлынхаа зарим хүнийг хайрлаад бусдыг нь үгүй бол Есүсийн тушаалыг дагаагүй хэрэг. Мэдээж заримтай нь илүү дотно байх буруу биш ээ. Есүс бас тийм байсан (Ёох. 13:23; 20:2). Гэхдээ элч Петр хурлынхаа бүх хүнийг «ах дүү шиг хайрлахыг» бидэнд сануулсан (1 Петр 2:17). Тэрбээр бидэнд «нэг нэгнээ чин зүрхнийхээ угаас хайрлахыг» уриалсан (1 Петр 1:22). Энэ нь хайрлаж чадахгүй байгаа хүнийг хайрлана гэсэн үг. Жишээлбэл хурлын нэг хүн таныг гомдоовол яах вэ? Эхэндээ хайрлах нь битгий хэл өс санах байх. Петр өшөө авах нь Бурханд таалагддаггүйг Есүсээр заалгасан (Ёох. 18:10, 11). Тиймээс «Мууг муугаар, доромжлолыг доромжлолоор хариулахын оронд ерөө» гэж бичжээ (1 Петр 3:9). Та ах дүүгээ чин зүрхнээсээ хайрладаг болбол сайхан сэтгэл гаргаж, эвтэй байна. хц23.09 х. 28–29 д/м 9–11
9 сарын 21, ням
Эмэгтэйчүүд ... биеэ барьдаг, бүх талаар Бурханд үнэнч байх ёстой (1 Тим. 3:11).
Хүүхдүүд их хурдан том болдгийг хараад бид үнэхээр гайхдаг. Үнэндээ тэд хар аяндаа л том болчихдог. Харин Христийн төлөвшсөн дагалдагч болохын тулд хүчин чармайлт гаргах хэрэгтэй (1 Кор. 13:11; Евр. 6:1). Өөрөөр хэлбэл Еховатай маш дотно харьцаатай байх учиртай. Бурханд таалагдах хүн болж, ур чадвар эзэмшиж, ирээдүйн үүргээ сайн биелүүлэх бэлтгэлээ базаахад агуу хүчний тусламж бас хэрэгтэй (Сур. 1:5). Ехова хүнийг эрэгтэй, эмэгтэйгээр нь бүтээсэн (Эх. 1:27). Эрэгтэй, эмэгтэй хүн бие бялдрын хувьд ч ялгаатай, өөр бусад талаараа ч ялгаатай. Жишээлбэл Ехова аль алинд нь тодорхой үүрэг оноосон тул түүнийгээ гүйцэтгэхэд тустай зан чанар хөгжүүлж, ур чадвар эзэмших шаардлагатай (Эх. 2:18). хц23.12 х. 18 д/м 1–2
9 сарын 22, даваа
Бүх үндэстнийг шавь болгогтун. Эцэг, Хүү[гийн] ... нэрээр баптисм хүртээ (Мат. 28:19).
Эцгийг нь нэрээр нь дуудаасай гэж Есүс хүсдэг байсан уу? Мэдээж. Тухайн үеийн шашны зарим удирдагч Бурхны ариун нэрийг нүгэлтэй хүн дуудах ёсгүй хэмээн үздэг байсан бололтой. Харин Есүс Библийн үндэсгүй энэ уламжлалыг үл тоон Эцгийнхээ нэрийг магтан алдаршуулдаг байсан. Нэг жишээ бодъё. Есүс Герас нутагт нэг хүнийг чөтгөрүүдээс чөлөөлсөн. Тэндхийн хүмүүс Есүсээс айж, тэндээс явахыг гуйдаг (Марк 5:16, 17). Гэвч тэрбээр Еховагийн нэрийг тэдэнд мэдүүлэхийг хүссэн. Тиймээс чөтгөрөөс чөлөөлсөн хүнд өөрийг нь бус, Ехова юу хийснийг хүмүүст ярихыг тушаасан (Марк 5:19). Өнөөдөр ч биднийг Эцгийнх нь нэрийг дэлхий даяар мэдүүлээсэй гэж хүсдэг! (Мат. 24:14; 28:20). Бид хүслийг нь биелүүлбэл Хаан Есүсээ баярлуулна. хц24.02 х. 10 д/м 10
9 сарын 23, мягмар
Та нар ... миний нэрийн төлөө ... няцаж цуцаагүй (Илч. 2:3).
Эцсийн энэ хэцүү өдрүүдэд Еховагийн байгууллагад нэгдсэн маань үнэхээр завшаан билээ. Энэ ертөнц дэх амьдрал улам хэцүү болж байгаа ч Ехова тус дэм болох ах дүүсийг бидэнд өгсөн (Дуу. 133:1). Бас Еховагийн ачаар гэр бүлээрээ эв нэгдэлтэй байдаг (Эф. 5:33—6:1). Түүнчлэн ухаалаг, хэрсүү байхад тусалдаг учир бид жинхэнэ утгаар амар тайвныг мэдэрдэг. Гэхдээ үнэнч байж Еховад тууштай үйлчлэхийн тулд маш их хичээх хэрэгтэй. Яагаад? Заримдаа бид бусдын хэлсэн үг, хийсэн үйлдэлд гомддог. Мөн өөрийнхөө сул талаас болж, ялангуяа нэг алдаагаа дахин дахин гаргахад сэтгэлээр унадаг. Тиймээс 1) итгэл нэгтэн тань гомдооход, 2) ханьдаа урам хугарахад, 3) өөрөөсөө болж сэтгэлээр унахад Еховад тууштай үйлчлэх хэрэгтэй. хц24.03 х. 14 д/м 1–2
9 сарын 24, лхагва
Ахиж дэвшихийн төлөө хийсэн бүхнээ хийсээр байя (Флп. 3:16).
Еховагийн төлөө үйлчлэлээ өргөжүүлсэн итгэл нэгтнүүдийнхээ тухай та сонссон байх. Тэд Сайн мэдээ тунхаглагчийн сургууль дүүргэсэн юм уу хэрэгцээ ихтэй газар дэлгэрүүлэхээр нүүж очсон байж болох юм. Хэрэв боломжтой бол та бас ийм зорилго тавиарай. Еховагийн ард түмэн үйлчлэлээ өргөжүүлэхийг зорьдог (Үйлс 16:9). Харин яг одоо ийм зорилго тавьж чадахгүй бол яах вэ? Чадсан хүмүүсийг хараад өөрийгөө бүү голоорой. Гол нь тэвчээртэй байгаарай (Мат. 10:22). Та өөрийн чадвар, нөхцөл байдалд тохируулан Еховад үйлчилж байгаагаа үнэлж эрхэмлээрэй. Ингэх нь баптисм хүртсэнийхээ дараа Есүсийг үргэлж дагахад үнэхээр чухал (Дуу. 26:1). хц24.03 х. 10 д/м 11
9 сарын 25, пүрэв
Бүх алдаа дутагдлыг маань уужим сэтгэлээр уучилж өршөөсөн (Кол. 2:13).
Хэрэв бид гэмшвэл тэнгэрийн Эцэг маань уучлахаа амласан (Дуу. 86:5). Тэгэхээр буруугаа хүлээн үнэн голоосоо гэмшсэн бол Ехова уучилсан гэдэгт итгэж болно. Ехова хатуу чанга биш, уян хатан гэдгийг санаарай. Тэрбээр хэрээс хэтэрсэн зүйлийг биднээс хэзээ ч шаарддаггүй. Бид чадах бүхнээ хийсэн л бол өөрийнх нь төлөө хийсэн юуг ч үнэлдэг. Библид гардаг, чин сэтгэлээсээ Еховад үйлчилсэн хүмүүсийн жишээг эргэцүүлээрэй. Элч Паулын тухай бодъё. Тэрбээр мянга мянган километр зам туулж, олон хурал үүсгэн байгуулж, хэдэн арван жил идэвх зүтгэлтэй үйлчилсэн. Тэгвэл нөхцөл байдлаас болж дэлгэрүүлэх ажил нь хумигдсан үед Бурхны тааллыг алдсан уу? Үгүй ээ. Чадахыгаа хийсээр байсан учир Ехова ивээсэн (Үйлс 28:30, 31). Үүнтэй адилаар Еховад өгч чадах юм маань заримдаа хязгаарлагддаг. Гэхдээ гол нь, ямар сэтгэлээр үйлчилж байгаа нь Еховад чухал. хц24.03 х. 27 д/м 7, 9
9 сарын 26, баасан
Есүс өглөө эрт ... зэлүүд газар очоод залбирч байв (Марк 1:35).
Есүс Еховад залбирч шавь нартаа үлгэр дуурайл болсон. Дэлхий дээр үйлчилж байхдаа тэрбээр тогтмол залбирдаг байв. Ихэнхдээ завгүй, олон хүмүүсийн дунд байдаг байсан учир залбирах цагийг зориуд гаргах шаардлагатай байсан (Марк 6:31, 45, 46). Тиймээс ганцаараа байхын тулд өглөө эрт босдог байв. Нэг удаа чухал шийдвэр гаргахынхаа өмнө шөнөжин залбирсныг Библид бичсэн байдаг (Лук 6:12, 13). Түүнчлэн хамгийн хэцүү даалгавар биелүүлэхийнхээ өмнөх шөнө дахин дахин залбирсан (Мат. 26:39, 42, 44). Бид хэчнээн завгүй байсан ч залбирах цаг гаргах хэрэгтэйг Есүсийн жишээнээс ойлгосон. Есүсийг дуурайн өглөө эрт юм уу орой унтахынхаа өмнө залбирахын тулд зориуд цаг гаргах хэрэгтэй байж болох юм. Ингэдэг бол онцгой бэлэг өгсөн Еховад талархаж байгаа хэрэг. хц23.05 х. 3 д/м 4–5
9 сарын 27, бямба
Бурхан бидэнд өгдөг агуу хүчээрээ хайртайгаа мэдрүүлдэг (Ром 5:5).
Библийн дээрх зүйлд «мэдрүүлдэг» гэж бичсэнийг эх бичгээс нь харвал «цутгах» гэсэн утгатай үг хэрэглэдэг. Үүнийг нэг номд «усны урсгал цутгахтай» адилтган тайлбарлажээ. Еховагийн тослогдогсдыг гэсэн хайр хэчнээн агуу болохыг ямар гайхалтай дүрслээ вэ! Тэд өөрсдийгөө «Бурх[ны] ... хайрласан» хүмүүс гэдгээ мэддэг (Юуд. 1). Элч Ёохан энэ хайрын тухай юу гэж боддогоо «Эцэг биднийг ямар их хайрладгийг бодоод үз дээ. Биднийг хүүхдүүдээ гэж үздэг» гэж хэлжээ (1 Ёох. 3:1). Тэгвэл Ехова зөвхөн тослогдогсдыг хайрладаг уу? Үгүй. Бид бүгдийг ч хайрладгаа баталсан. Еховагийн хайрын хамгийн том баталгаа юу вэ? Золиос юм. Үүгээрээ орчлонт ертөнц дээрх хэний ч илэрхийлж байгаагүй агуу хайрыг харуулсан! (Ёох. 3:16; Ром 5:8). хц24.01 х. 28 д/м 9–10
9 сарын 28, ням
Миний дуудах өдөр дайснууд минь ухарна. Үүгээр би Бурхан миний талд байгааг мэднэ (Дуу. 56:9).
Дээрх зүйлээс Давид айдсаа ялахын тулд яасныг мэдэж болно. Амь нас нь аюулд орсон байсан ч Ехова өөрийнх нь төлөө юу хийхийг эргэцүүлэн бодсон. Яг хэрэгтэй цагт аварна гэдгийг нь мэдэж байв. Ехова түүнийг Израйлын дараагийн хаан болгохоо аль хэдийн хэлчихсэн байлаа (1 Сам. 16:1, 13). Амласан бүхэн нь заавал биелнэ гэдэгт Давид итгэлтэй байсан. Ехова таны төлөө юу хийнэ гэж амласан бэ? Бүх бэрхшээлээс гэтэлгэнэ гэж бид боддоггүй. Гэхдээ өнөө үед тулгардаг ямар ч сорилтыг шинэ ертөнцөд үгүй болгоно (Ис. 25:7–9). Бүтээгч маань төгс хүчтэй учир нас барагсдыг амилуулж, биднийг сэтгэл зүйн болон бие махбодын өвчнөөс ангижруулж, эсэргүүцэгчдийг устгана (1 Ёох. 4:4). хц24.01 х. 6 д/м 12–13
9 сарын 29, даваа
Алдаа зөрчил нь уучлагдсан бөгөөд нүгэл нь далдлагдсан нэгэн юутай ерөөлтэй вэ! (Дуу. 32:1).
Та яагаад Бурханд өөрийгөө зориулж баптисм хүртсэнээ бодоорой. Еховагийн талд байхыг хүссэн шүү дээ. Үнэнийг олсон гэдэгтээ хэрхэн итгэдэг болсноо санаарай. Еховагийн тухай үнэн зөв мэдлэгтэй болж, тэнгэрийн Эцгээ хайрлаж хүндэлсэн. Бас итгэлтэй болж чин сэтгэлээсээ гэмшсэн. Бурхны үзэн яддаг юмыг хийхээ больж, таалагддаг юмыг нь хийдэг болсон. Ехова таныг уучилсныг ойлгоод тайвширсан биз ээ (Дуу. 32:2). Цуглаанд явж, сурч мэдсэнээ хүмүүстэй хуваалцдаг болсон. Тэгээд Еховад өөрийгөө зориулж баптисм хүртээд Христийн дагалдагч болж амь руу хүргэх замаар явж байгаа. Та энэ замаасаа гарахгүй байхаар бат шийдсэн байх (Мат. 7:13, 14). Еховад тууштай үйлчилж, түүний тушаалуудыг дуулгавартай биелүүлцгээе. хц23.07 х. 17 д/м 14; х. 19 д/м 19
9 сарын 30, мягмар
Бурхан үнэнч билээ. Тиймээс хэрээс чинь хэтэрсэн сорилт та нарт тулгарахыг зөвшөөрөхгүй. Харин сорилт тулгарлаа гэхэд тэвчихэд туслан, гарах замыг зааж өгдөг (1 Кор. 10:13).
Та Еховад өөрийгөө зориулж залбирах үедээ юу гэж амласнаа эргэцүүлэн бодвол хорхой хүргэм ямар ч зүйлийг тэвчих хүчтэй болно. Жишээлбэл өөр хүний ханьтай сээтгэнэх үү? Мэдээж үгүй! Та ийм зүйл хийхгүй гэдгээ аль хэдийн Еховад амласан. Хэрэв муу хүслийг зүрх сэтгэлдээ суулгахгүй тэр дор нь таягдан хаявал дараа нь зовлонд унахгүй. Ийнхүү «хар санаатнуудын жим[ээс] ... эргэнэ» (Сур. 4:14, 15). Эцгээ баярлуулахаар бат шийдсэн Есүсийг санаарай. Тэгвэл бид Бурхны таалалд нийцэхгүй юунаас ч шууд татгалзаж чадна (Мат. 4:10; Ёох. 8:29). Сорилт, хорхой хүргэм зүйл тулгарахад Есүсийг «үргэлж дагахаар» шийдсэнээ харуулах боломж гардаг. Есүсийг дагахад тань Ехова тусална гэдэгт итгээрэй. хц24.03 х. 9–10 д/м 8–10