9 сарын 1, даваа
Өглөө нар [бидний дээр] манда[на] (Лук 1:78).
Бурхан хүн төрөлхтний бүх асуудлыг шийдэх хүчийг Есүст өгсөн. Гайхамшиг үйлддэг байсан Есүс бидний хэзээ ч үгүй хийж чадахгүй бэрхшээлийг байхгүй болгох чадалтайгаа баталсан. Жишээ нь хүн төрөлхтний өвлөж авсан нүгэл, нүглийн үр дагавар өвчин, үхлээс ангижруулах хүч чадалтай (Мат. 9:1–6; Ром 5:12, 18, 19). Мөн хүмүүсийн «элдэв төрлийн» өвчнийг эдгээж, бүр нас барагсдыг ч амилуулах чадалтайгаа харуулсан (Мат. 4:23; Ёох. 11:43, 44). Түүнчлэн хүчтэй салхийг намдааж, хорон муу чөтгөрүүдээс ангижруулах чадалтай (Марк 4:37–39; Лук 8:2). Ехова Хүүдээ ийм их хүч хайрласныг бодохоор үнэхээр сэтгэл тайвширч байгаа биз? Бурхны Хаант төр ирээдүйд ивээнэ гэсэн амлалт гарцаагүй биелнэ гэдэгт бид итгэдэг. Есүс бол тэнгэрийн Хаант төрийн Хаан. Түүний үйлдсэн гайхамшгууд нь ирээдүйд дэлхий даяар юу хийхийг нь харуулдаг. хц23.04 х. 3 д/м 5–7
9 сарын 2, мягмар
Бурхны агуу хүч бүх юмыг, Бурхны гүн юмыг ч илчилдэг (1 Кор. 2:10).
Хэрэв танай хурал олон дэлгэрүүлэгчтэй бол гар өргөж байгааг тань заримдаа анзаараагүйгээс болоод цаашдаа хариулахгүй гэж бодож болох юм. Гэхдээ бүү бууж өгөөрэй. Цуглаанд очих бүрдээ хэд хэдэн хариулт бэлдэх нь тустай. Тэгвэл эхний удаа биш юм аа гэхэд дараа нь хариулах боломж гарч л таарна. «Харуулын цамхаг» судлалын цуглаанд бэлдэхдээ догол мөр болгон гол сэдэвтэй ямар холбоотойг бодоорой. Ингэвэл хэлэлцүүлэгт илүү идэвхтэй оролцож чадна. Түүнчлэн тайлбарлахад амаргүй Библийн сургаалыг бичсэн догол мөрийг анхаарч хариулт бэлдээрэй. Яагаад? Учир нь ийм догол мөрийн асуултад цөөхөн хүн хариулдаг. Хэрэв удаа дараалан цуглаан дээр хариулах боломж гараагүй бол яах вэ? Та «Харуулын цамхаг» судлалын хөтлөгчид аль асуултад хариулахаа урьдчилан мэдэгдээрэй. хц23.04 х. 21–22 д/м 9–10
9 сарын 3, лхагва
Иосеф ... Еховагийн тэнгэрийн элчийн хэлснээр Мариатай гэрлэв (Мат. 1:24).
Иосеф Еховагийн удирдамжийг дуртайяа дагадаг байснаар илүү сайн нөхөр болсон. Бурхан түүнд дор хаяж 3 удаа гэр бүлтэй нь хамаатай удирдлага заавар өгсөн. Иосеф тэр бүрд маш том өөрчлөлт гаргах байсан ч шууд дагасан (Мат. 1:20; 2:13–15, 19–21). Ийнхүү тэрбээр Мариаг хамгаалж, түүнд санаа тавьж чадсан. Иосеф юу хийхийг Мариа хараад илүү их хайрлаж, хүндэлдэг болсон нь ойлгомжтой. Нөхрүүд ээ, та нар гэр бүлдээ санаа тавихын тулд Иосефыг дуурайж Библид үндэслэсэн заавар хайгаарай. Том өөрчлөлт гаргах байсан ч зааврыг дагавал эхнэрээ хайрладгаа батална, гэр бүлийн нандин холбоогоо батжуулна. Гэрлээд 20 жил болж буй, Вануатуд амьдардаг Гэрч эмэгтэй: «Еховагийн удирдлага зааврыг хайж, дагаж байгаа нөхрийгөө харахлаар хүндлэх сэтгэл илүү их төрдөг. Зөв шийдвэр гаргасан гэдэгт нь итгээд тайван байдаг» гэжээ. хц23.05 х. 21 д/м 5