9 сарын 3, лхагва
Иосеф ... Еховагийн тэнгэрийн элчийн хэлснээр Мариатай гэрлэв (Мат. 1:24).
Иосеф Еховагийн удирдамжийг дуртайяа дагадаг байснаар илүү сайн нөхөр болсон. Бурхан түүнд дор хаяж 3 удаа гэр бүлтэй нь хамаатай удирдлага заавар өгсөн. Иосеф тэр бүрд маш том өөрчлөлт гаргах байсан ч шууд дагасан (Мат. 1:20; 2:13–15, 19–21). Ийнхүү тэрбээр Мариаг хамгаалж, түүнд санаа тавьж чадсан. Иосеф юу хийхийг Мариа хараад илүү их хайрлаж, хүндэлдэг болсон нь ойлгомжтой. Нөхрүүд ээ, та нар гэр бүлдээ санаа тавихын тулд Иосефыг дуурайж Библид үндэслэсэн заавар хайгаарай. Том өөрчлөлт гаргах байсан ч зааврыг дагавал эхнэрээ хайрладгаа батална, гэр бүлийн нандин холбоогоо батжуулна. Гэрлээд 20 жил болж буй, Вануатуд амьдардаг Гэрч эмэгтэй: «Еховагийн удирдлага зааврыг хайж, дагаж байгаа нөхрийгөө харахлаар хүндлэх сэтгэл илүү их төрдөг. Зөв шийдвэр гаргасан гэдэгт нь итгээд тайван байдаг» гэжээ. хц23.05 х. 21 д/м 5
9 сарын 4, пүрэв
Тэнд нэгэн их зам харгуй буй болж Ариун Их Зам гэж нэрлэгдэнэ (Ис. 35:8).
Вавилоноос буцаж ирсэн иудейчүүд Бурхны «ариун ард түмэн» болох байв (Д.хууль 7:6). Гэхдээ тэд Еховад таалагдахын тулд өөрчлөгдөх хэрэгтэй байсан. Тухайн үеийн иудейчүүдийн ихэнх нь Вавилонд төрсөн учир вавилончуудын баримталдаг хэм хэмжээ, үзэл бодлын нөлөөнд автагсад олон байв. Вавилоноос чөлөөлөгдсөнөөс хойш хэдэн арван жилийн дараа захирагч Нехемиа, зарим хүүхэд Израйлд төрсөн ч еврей хэлээ мэдэхгүй байгааг хараад мэл гайхав (Д.хууль 6:6, 7; Нех. 13:23, 24). Бурхны Үгний ихэнх хэсгийг бичсэн еврей хэлээ хүүхдүүд ойлгохгүй бол Еховаг хэрхэн хайрлаж, түүнийг шүтэх билээ? (Езр. 10:3, 44). Тиймээс иудейчүүдэд өөрчлөх юм их байсан. Гэхдээ цэвэр шүтлэг сэргэж эхэлсэн Израйлд ирээд өөрчлөгдөх нь илүү амар байсан болов уу (Нех. 8:8, 9). хц23.05 х. 15 д/м 6–7
9 сарын 5, баасан
ЭЗЭН унасан бүхнийг өндийлгөж, Сөхөрсөн бүхнийг босгодог (Дуу. 145:14).
Бид хүсэл тэмүүлэлтэй, сахилга баттай байсан ч саад бэрхшээл биднийг тойрохгүй. Жишээ нь «санамсаргүй тохиолдлоос» болоод зорьсондоо хүрэхэд шаардагдах цаг заваа алдаж болох юм (Ном. 9:11, ШЕ). Сэтгэлээр унагаж, хүч тэнхээг бардаг бэрхшээл бас тохиолдож магадгүй (Сур. 24:10). Мөн төгс бусаасаа болоод алдаа гаргачихдаг (Ром 7:23). Түүнчлэн өөрийн эрхгүй ядрах үе байдаг (Мат. 26:43). Ийм саад бэрхшээлийг хэрхэн давах вэ? Саад тулгарвал бүү шантраарай. Библид бичсэнээр бэрхшээл нэг биш удаа тохиолддог ч бид өндийж босдог. Тийм ээ, саад бэрхшээлийг үл тоон урагшилсаар байвал та Еховад таалагдах хүсэлтэйгээ батална. Ехова таныг зорилгоо биелүүлэхийн тулд хэчнээн их хичээж байгааг хараад маш их баярлах нь гарцаагүй! хц23.05 х. 30 д/м 14–15