Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • хц14 1/15 х. 7-11
  • Мөнхийн Хаан Еховаг шүтье

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Мөнхийн Хаан Еховаг шүтье
  • Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2014
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • «ҮЕҮДИЙН ХААНЫ» ӨНӨР ГЭР БҮЛ
  • БУРХНЫГ ЭСЭРГҮҮЦСЭН ТЭРСЛҮҮ ХӨВГҮҮД
  • УСАН ГАЛАВЫН ДАРААХ ЕХОВАГИЙН ЗАСАГЛАЛ
  • ЕХОВА ИЗРАИЛИЙН ХААН БОЛСОН НЬ
  • ЕХОВА ШИНЭ ХААНЫГ ТОМИЛСОН НЬ
  • ҮЕҮДИЙН ХААНЫГ ШҮТЭГТҮН
  • Еховагийн хэмжээгүй эрх мэдэл ба Бурхны Хаанчлал
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2007
  • Бурхны амлалтад итгэж амьдрах нь
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг Тунхагладаг 1999
Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2014
хц14 1/15 х. 7-11

Мөнхийн Хаан Еховаг шүтье

«Үеүдийн Хаанд ... хүндлэл ба алдар нь үеийн үед байх болтугай» (1 ТИМ. 1:17).

ХАРИУЛНА УУ

  • Бид яагаад Еховагаар удирдуулахыг хүсдэг вэ?

  • Ехова хүн төрөлхтөнд хайраа хэрхэн илэрхийлдэг вэ?

  • Та ямар учраас «үеүдийн Хааныг» шүтдэг вэ?

1, 2. а) «Үеүдийн Хаан» гэж хэн бэ? Ингэж хэлэхийн учир юу вэ? (Өгүүллийн эхний зургийг үзнэ үү). б) Бид яагаад Еховагаар удирдуулахыг хүсдэг вэ?

СВАЗИЛАНДЫН хаан II Собуза бараг 61 жил төр барьжээ. Улс орноо ийм олон жил удирдсан хүн орчин үеийн хаадын дунд ховор. Гэсэн хэдий ч түүнтэй харьцуулшгүй удаан хугацаанд хааны сэнтийд заларч буй Нэгэн бий. Библид түүнийг «Үеүдийн Хаан» гэж бичсэн байдаг (1 Тим. 1:17). Хэмжээгүй эрхт энэ Хааны хэн болохыг дуулалч: «ЭЗЭН [Ехова] бол үүрд мөнхөд Хаан юм» хэмээн хэлжээ (Дуу. 10:16).

2 Бурхны засаглалын хамрах хугацаа хүнийхтэй адилгүй. Ехова хэрхэн удирддагийг ойлгохлоор бид түүнд өөрийн эрхгүй татагддаг. Эртний Израилийг 40 жил удирдсан нэг хаан: «ЭЗЭН бол өрөвч, нигүүлсэнгүй, уурлахдаа удаан болоод хайр энэрлээр элбэг баян. ЭЗЭН Өөрийн сэнтийг тэнгэрт залсан бөгөөд Түүний хаанчлал бүхнийг захирдаг» хэмээн Бурхныг магтжээ (Дуу. 103:8, 19). Ехова бидний Хаан төдийгүй хайр халамжтай тэнгэрийн Эцэг юм. Эцэг гэхийн учир юу вэ? Еден цэцэрлэгт самуун дэгдсэнээс хойш Ехова эрх мэдлээ хэрхэн хэрэгжүүлж ирсэн бэ? Эдгээр асуултын хариуг мэдвэл Еховатай улам дотносож, чин зүрхний угаас түүнд үйлчилнэ.

«ҮЕҮДИЙН ХААНЫ» ӨНӨР ГЭР БҮЛ

3. Еховагийн гэр бүлийн анхны гишүүн хэн бэ? Бурхны «хөвгүүд» гэж хэн бэ?

3 Ехова цорын ганц Хүүгээ бүтээгээд ямар их баярласан бол оо! Тиймээс Эцгийн ёсоор хайрлаж, олон сая төгс тэнгэр элч бүтээх ажилдаа оролцуулсан (Кол. 1:15–17). Библид эдгээр тэнгэр элчийг Еховагийн «хүслийг биелүүлэн, Түүнд үйлчилдэг» гэж бичсэн байдаг. Ехова тэднийг «хөвгүүдээ» гэж үзэн хүндэтгэдэг. Тэд Еховагийн гэр бүлийн гишүүд юм (Дуу. 103:20–22; Иов 38:7).

4. Хүн хэрхэн Еховагийн гэр бүлийн гишүүн болсон бэ?

4 Ехова тэнгэр газрыг бүтээснийхээ дараа өнөр өтгөн гэр бүлтэй болсон. Дэлхийг нөхөн сэргэх чадвартай, үзэсгэлэнтэй сайхан болгоод эцэст нь Адам гэдэг анхны эрэгтэй хүнийг өөрийн дүр төрхөөр бүтээжээ (Эх. 1:26–28). Бүтээгчийнхээ хувьд тэрбээр Адамыг дуулгавартай байгаасай гэж хүссэн нь ойлгомжтой. Бас халамжтай Эцэг учраас сайхан сэтгэлээр удирдамж заавар өгсөн. Энэ нь Адамын эрх чөлөөг боогдуулсан хэтэрхий хатуу заавар байгаагүй юм (Эхлэл 2:15–17-г уншина уу).

5. Бурхан дэлхийг хүмүүсээр дүүргэхийн тулд юу хийсэн бэ?

5 Харьяат албатууддаа гэр бүлийн гишүүн шиг ханддаг хаан бараг байдаггүй. Харин Ехова үйлчлэгчдээ гэр бүлийн гишүүн гэж үзэн хариуцлагатай үүрэг оноодог. Жишээ нь, Адамд ан амьтныг захирах, тэдэнд нэр өгөх сонирхолтой бөгөөд ухаан сорьсон ажил даалгасан (Эх. 1:26; 2:19, 20). Бурхан дэлхий дээр амьдрах олон сая төгс хүнийг нэг нэгээр нь бүтээхийн оронд Ева гэдэг төгс эмэгтэйг бүтээж Адамд эхнэр болгон өгчээ (Эх. 2:21, 22). Дараа нь үр хүүхэдтэй болж дэлхийг дүүргэх боломж олгосон. Тэд өв тэгш нөхцөлд Еден цэцэрлэгийн хил хязгаарыг аажим аажмаар өргөжүүлэн дэлхийгээ бүхэлд нь диваажин болгох байв. Тэгээд тэнгэр элч нартай хамт Еховаг үүрд мөнхөд шүтэх байлаа. Ехова Адам Ева хоёрыг эцгийн ёсоор хайрлаж ийм сайхан ирээдүй бэлэглэжээ!

БУРХНЫГ ЭСЭРГҮҮЦСЭН ТЭРСЛҮҮ ХӨВГҮҮД

6. а) Бурхны гэр бүлд тэрс явдал хэрхэн гарсан бэ? б) Ехова захирах эрхээ алдаагүй гэхийн учир юу вэ?

6 Харамсалтай нь, Адам Ева хоёр Еховаг хэмжээгүй эрхт Эзэн гэж хүлээн зөвшөөрөөгүй юм. Харин Бурхны эсрэг тэрсэлсэн тэнгэр элч болох Сатаныг дагажээ (Эх. 3:1–6). Бурхнаар удирдуулахаа больсноос хойш өөрсдөө төдийгүй үр удам нь өвчин зовлон, үхэл хагацал үзэх болсон (Эх. 3:16–19; Ром 5:12). Ингээд Бурхныг дуулгавартай дагадаг хүн байхгүй болжээ. Тэгвэл Бурхан дэлхий болон хүн төрөлхтнийг захирах эрх мэдлээ алдсан хэрэг үү? Огтхон ч үгүй. Анхны хоёр хүнийг Еден цэцэрлэгээс хөөн гаргаад дахин оруулахгүйн тулд херубуудыг харуулд гаргажээ. Ингэж эрх мэдлээ хэрэгжүүлсэн (Эх. 3:23, 24). Үүний зэрэгцээ, үнэнч тэнгэр элч болон хүмүүсээс бүрдсэн гэр бүлээ дахин нэгтгэхээ мэдэгдэн эцгийн хайр илэрхийлжээ. Сатаныг устгаж, Адамын үйлдсэн нүглийн хор уршгийг арилгах «үр» (ШЕ) бий болгохоо амласан (Эхлэл 3:15-ыг уншина уу).

7, 8. а) Ноагийн үед хүмүүс ямар янзтай байсан бэ? б) Ехова дэлхийг цэвэрлэж, хүмүүсийг аврахын тулд юу хийсэн бэ?

7 Түүнээс хойш олон зуун жил өнгөрөхөд Еховад үнэнч хүмүүс цөөхөн ч болов байсан. Тухайлбал, Абел Енох нарыг дурдаж болно. Гэхдээ ихэнх хүн Еховаг Эцэг, Хаан гэж үзэхийг хүсээгүй. Ноагийн үе гэхэд «дэлхий хүчирхийллээр дүүрсэн» байлаа (Эх. 6:11). Тэгвэл Ехова эрх мэдлээ хэрэгжүүлэхээ больсон гэсэн үг үү? Энэ талаар Библид юу гэж байдаг вэ?

8 Ноагийн түүхийг аваад үзье. Ехова түүнийг гэр бүлийнхэнтэй нь аврах зорилгоор аварга том хөвөгч авдар хийх нарийн зааварчилгаа өгчээ. Түүнчлэн Ноагаар «зөвт байдлыг» тунхаглуулж хүн төрөлхтөнд хайртайгаа харуулсан (2 Петр 2:5). Ноа хүмүүст гэмшихийг уриалж, удахгүй болох сүйрлийн талаар сэрэмжлүүлж байсан нь лавтай. Харамсалтай нь нэг ч хүн сонсоогүй. Ноагийн гэр бүлийнхэн хүчирхийлэл, ёс бус явдал гаарсан ертөнцөд олон жил амьдарчээ. Тэднийхэн наймуулаа үнэнч байсан учир халамжит Эцэг Ехова тэднийг хамгаалж ивээсэн. Дэлхий дахиныг хамарсан усан галав юүлүүлж тэрслүү хүн төрөлхтөн, ёс бус тэнгэр элчүүдийг устгасан. Эрх мэдлээ ийнхүү хэрэгжүүлжээ (Эх. 7:17–24).

[10-р хуудасны хүснэгт]

Ехова эрх мэдлээ хэрэгжүүлсээр ирсэн (6, 8, 10, 12, 17-р догол мөрийг үзнэ үү)

УСАН ГАЛАВЫН ДАРААХ ЕХОВАГИЙН ЗАСАГЛАЛ

9. Усан галавын дараа Ехова хүн төрөлхтөнд ямар боломж олгосон бэ?

9 Ноа гэр бүлийнхэнтэйгээ хөвөгч авдраас гараад баяр хөөрөөр цалгиж, хайрлан халамжлагч, авран хамгаалагч Ехова Бурхандаа талархсан нь лавтай. Тэгээд шууд тахилын ширээ босгож Еховад тахил өргөсөн. Бурхан тэднийг ерөөж «Та нар олон үр хүүхэдтэй, өнөр өтгөн болж, газар дэлхийг дүүргэгтүн» гэж хэлжээ (Эх. 8:20—9:1). Еховаг гэр бүлээрээ шүтэж, дэлхийг дүүргэх боломж хүн төрөлхтөнд дахин нэг удаа олдсон юм.

10. а) Усан галавын дараа хүмүүс Еховагийн эсрэг хэрхэн тэрсэлсэн бэ? б) Ехова хүсэл тааллаа биелүүлэхийн тулд юу хийсэн бэ?

10 Гэхдээ хүн төрөлхтөн усан галавын дараа төгс болоогүй. Сатан болон тэрслүү тэнгэр элчүүд үл үзэгдэх байдлаар хүмүүст нөлөөлсөөр байсан. Хүмүүс удалгүй сайхан сэтгэлтэй Еховагийн эсрэг тэрслэн босжээ. Тэдний нэг нь Ноагийн жич хүү Нимрод юм. Библид түүний тухай «Еховаг эсэргүүцдэг хүч чадалтай анчин» (ШЕ) гэж бичсэн байдаг. Тэрбээр Бабел гэх зэрэг том хот байгуулж өөрийгөө «Шинарын газар нутгийн» хаанаар өргөмжилсөн (Эх. 10:8–12). «Үеүдийн Хаан» Ехова дэлхийг дүүргэх гэсэн санаа зорилгод нь саад хийсэн тэрслүү хаанд ямар арга хэмжээ авсан бэ? Хүмүүсийн хэлийг хутгалдуулсан. Нимродыг дэмжигчид ойлголцохоо болин «бүх дэлхий даяар» тарж явжээ. Тэд хаана ч очсон хуурамч шашнаа шүтсээр байсан. Бас өөрсдийнхөө аргаар бие биеэ захирсан (Эх. 11:1–9).

11. Ехова анд нөхөр Абрахамдаа үнэнчээ хэрхэн баталсан бэ?

11 Усан галаваас хойш олон хүн хуурамч бурхад шүтэж ирсэн. Гэхдээ Еховаг шүтдэг үнэнч хүмүүс ч байв. Жишээ нь, Абрахам Еховагийн үгэнд орж Ур хотын тав тухтай амьдралаа орхин майханд олон жил суусан (Эх. 11:31; Евр. 11:8, 9). Абрахамын нүүж очсон нутаг хавиар хаант улсууд олон байсан бөгөөд ихэнх нь хана хэрэмтэй байв. Ехова Абрахамын гэр бүлийг тэднээс хамгаалж байсан. Үр хүүхдээ хамгаалдаг эцэг хүний адилаар Бурхан үйлчлэгчдээ хэрхэн хамгаалдгийг нэгэн дуулалч бичихдээ «Тэр тэднийг дарлахыг хэнд ч зөвшөөрөөгүй бөгөөд тэдний төлөө хаадыг ч зэмлэсэн» гэжээ (Дуу. 105:13, 14). Ехова үнэнч анд Абрахамдаа «Чамаас хаад гарах болно» хэмээн амласан (Эх. 17:6; Иак. 2:23).

12. Ехова хэмжээгүй эрх мэдэлтэйгээ фараонд хэрхэн харуулсан бэ? Тэгэхэд нь израильчууд яасан бэ?

12 Ехова Абрахамын хүү Исаак, ач хүү Иаковыг ивээж тэдний үр удмаас хаадыг гаргахаа батлан хэлжээ (Эх. 26:3–5; 35:11). Гэтэл Иаковын үр удам хаадыг төрүүлэхээсээ өмнө Египетэд боолчлогдсон билээ. Ехова амлалтаа биелүүлээгүй хэрэг үү? Эсвэл эрх мэдлээ хэрэгжүүлэхээ больсон гэсэн үг үү? Тийм биш ээ. Товлосон цаг нь болоход Ехова зөрүүд фараонд хэмжээгүй эрх мэдэлтэйгээ харуулж агуу хүчээ үзүүлсэн. Тэгэхэд нь израильчууд Еховад итгэжээ. Ехова ч тэднийг Улаан тэнгис дундуур явуулж ер бусын аргаар аварсан. Ийнхүү Орчлонт ертөнцийн хэмжээгүй эрхт Эзэн гэдгээ баталсан. Ард түмнээ халамжит Эцгийн ёсоор аврахдаа агуу эрх мэдлээ ашиглажээ (Египетээс гарсан нь 14:13, 14-ийг уншина уу).

ЕХОВА ИЗРАИЛИЙН ХААН БОЛСОН НЬ

13, 14. а) Израильчууд Еховагийн тухай юу гэж дуулсан бэ? б) Ехова Давидад юу гэж амласан бэ?

13 Израилийн ард түмэн Египетийн боолчлолоос гайхамшгаар чөлөөлөгдөөд Еховаг магтан алдаршуулж ялалтын дуу дуулсныг «Египетээс гарсан нь» номын 15-р бүлэгт тэмдэглэсэн байдаг. Мөн бүлгийн 18-р зүйлд «ЭЗЭН үүрд мөнх хаанчилна» гэжээ. Тийм ээ, Ехова шинээр байгуулагдсан Израилийн Хаан болсон. Гэхдээ хүмүүс үл үзэгдэгч Хаантайдаа сэтгэл нь ханаагүй. Египетээс чөлөөлөгдсөнөөсөө хойш 400 орчим жилийн дараа израильчууд хөрш зэргэлдээх улс үндэстнүүдийнх шиг хаантай болгож өгөхийг Бурхнаас гуйсан (1 Сам. 8:5). Гэсэн хэдий ч Ехова урьдын адил Хаан хэвээрээ байсан нь Израилийн хоёр дахь хаан Давидын үед тодорхой болжээ.

14 Давид гэрээний авдрыг Иерусалимд авчирсан. Энэ баярт үйл явдлын үеэр левичүүд Еховаг магтан «ЭЗЭН хаанчилдаг [«Хаан болсон», ШЕ]» гэж дуулсныг Шастирын дээд 16:31-д тэмдэглэжээ. Үүнээс үүдээд, «Ехова мөнхийн Хаан юм бол Хаан болсон гэсэн нь ямар учиртай юм бэ?» гэсэн асуулт гарч болох юм. Тодорхой цаг үед онцгой асуудлыг шийдэхдээ эрх мэдлээ хэрэгжүүлэх юм уу төлөөлөгчөө томилохыг Хаан болох гэж ойлгож болно. Үүнийг зөв ойлгох нь маш чухал юм. Давидыг нас барахын өмнө Ехова засаг төрийг нь мөнх байлгахаа амлан «Би чамаас гарах үрийг чинь чиний дараа босгож, түүний хаанчлалыг тогтооно» гэж айлдсан (2 Сам. 7:12, 13) Үүнээс хойш 1 000 гаруй жилийн дараа Давидын хүү буюу «үр» тодорсон.

ЕХОВА ШИНЭ ХААНЫГ ТОМИЛСОН НЬ

15, 16. Есүс хэзээ ирээдүйн Хаан болж тослогдсон бэ? Есүс дэлхий дээр байхдаа Хаанчлалын төлөө юу хийсэн бэ?

15 МЭ 29 онд Баптисм хүртээгч Иохан: «Тэнгэрийн хаанчлал ойрхон байна» хэмээн тунхаглаж эхэлсэн (Мат. 3:2). Тэрбээр Есүст баптисм хүртээжээ. Тэр үед Ехова Хүүгээ тосолж Мессиа, тэнгэрийн Хаанчлалын ирээдүйн Хаан болгосон. Тэгээд «Энэ бол Миний хайрт Хүү. Түүнд Миний таалал оршдог» хэмээн хэлсэн нь эцгийн ёсоор хайрладгийн илрэл байлаа (Мат. 3:17).

16 Есүс дэлхий дээр даалгавраа биелүүлж байхдаа Эцгээ алдаршуулжээ (Иох. 17:4). Тэрбээр Бурхны Хаанчлалын талаар тунхагласан (Лук 4:43). Тэр байтугай, Хаанчлал ирээсэй гэж залбирч байхыг дагалдагчдадаа заасан (Мат. 6:10). Ирээдүйн Хаан учраас «Бурханы хаанчлал нь та нарын дунд байна» гэж өөрийг нь эсэргүүцэж байсан хүмүүст хэлжээ (Лук 17:21). Үхэхийнхээ өмнөх орой дагалдагчидтайгаа Хаанчлалын гэрээ байгуулсан. Ийнхүү өөртэй нь хамт Бурхны Хаанчлалын хаан болж захирах хосгүй боломжийг үнэнч шавь нартаа өгчээ (Лук 22:28–30-ийг уншина уу).

17. Есүс МЭ 33 онд юуг захирч эхэлсэн бэ? Юу хүлээх хэрэгтэй байсан бэ?

17 Бурхны Хаанчлалын Хаан Есүс хэзээ төр барьж эхлэх байсан бэ? Тэр даруйдаа эхлээгүй. Элч нартайгаа гэрээ байгуулснаас хойш хэдэн цагийн дараа цаазаар авахуулж, дагалдагчид нь түүнийг орхин зугтсан (Иох. 16:32). Гэхдээ бүх зүйл урьдын адил Еховагийн эрх мэдэлд байлаа. Гурав дахь өдөр нь Ехова Хүүгээ амилуулжээ. МЭ 33 оны Пентекостын өдөр Есүс тослогдсон дагалдагчдаасаа бүрдсэн христиан хурлыг захирч эхэлсэн (Кол. 1:13). Гэхдээ амласан «үрийн» хувьд эрх мэдлээ хэрэгжүүлэх цагаа хүлээх хэрэгтэй байсан. Ехова Хүүдээ «Би чиний дайснуудыг хөлийн чинь гишгүүр болгох хүртэл Миний баруун гар талд суу» гэж айлджээ (Дуу. 110:1).

ҮЕҮДИЙН ХААНЫГ ШҮТЭГТҮН

18, 19. Танд ямар хүсэл төрж байна вэ? Дараагийн өгүүллээр юу үзэх вэ?

18 Оюун ухаант бүтээлүүд хэмжээгүй эрх мэдэлтэй Еховад захирагдахаа больсноос хойш олон мянган жил болж байна. Гэсэн хэдий ч Ехова захирах эрхээ алдаагүй. Халамжит эцгийн ёсоор, Ноа Абрахам Давид зэрэг үнэнч үйлчлэгчдээ хайрлан хамгаалж, санаа тавьдаг байсан. Энэ бүхнийг бодохлоор мөнхийн Хаандаа захирагдаж, улам дотносох хүсэл өөрийн эрхгүй төрж байгаа биз?

19 Гэхдээ дараах асуулт гарч болох юм. Өнөө үед Ехова хэрхэн Хаан болсон бэ? Бид Еховагийн Хаанчлалын үнэнч албат гэдгээ хэрхэн батлах вэ? Өнөр гэр бүлийнх нь төгс гишүүд болохын тулд яах хэрэгтэй вэ? Бурхны Хаанчлал ирээсэй гэж залбирдаг маань ямар учиртай вэ? Эдгээр асуултын хариуг дараагийн өгүүллээр үзнэ.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах