Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • хцн17 №. 3 х. 8-10
  • Дотны хүн тань эдгэршгүй өвчтэй бол

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Дотны хүн тань эдгэршгүй өвчтэй бол
  • Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Нийтэд зориулсан)—2017
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • ОРЧИН ЦАГИЙН ТУЛГАМДСАН АСУУДАЛ
  • БЭЛТГЭЛТЭЙ БАЙХ НЬ
  • АСАРЧ ТОЙЛОХ НЬ
  • БОДИТ БАЙДАЛТАЙ ЭВЛЭРЭХ НЬ
  • ХАМГИЙН САЙН АСРАГЧ
  • Настан буурлуудаа асран халамжлах нь
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2014
Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Нийтэд зориулсан)—2017
хцн17 №. 3 х. 8-10
Нэгэн хос, хүнд өвчтэй дотны хүнтэйгээ эмчилгээний тухай ярилцаж байна

Эртхэн илэн далангүй ярилцах нь чухал

Дотны хүн тань эдгэршгүй өвчтэй бол

ДООРИН, 54 настай нөхөр Вээслигээ тархины хүнд хэлбэрийн хавдартай гэж оношлогдсоныг сонсоод ихэд цочирджээ.a Нөхрийг нь хэдхэн сарын настай гэж эмч хэлсэн аж. Доорин: «Би чихэндээ ч итгээгүй. Хэдэн 7 хоног ухаан балартсан юм шиг явсан. Өөрт минь ийм зүйл тохиолдоно чинээ санасангүй» хэмээн дурссан юм.

Доорины ингэж хэлэх нь ч аргагүй. Эдгэршгүй өвчнөөр хэн ч, хэзээ ч өвддөг. Ийм өвчинтэй хүнийг ар гэрийнхэн нь асран тойлоход бэлэн байдаг нь сайшаалтай. Гэвч өвчтэй хүн асарна гэдэг амаргүй ажил. Эдгэршгүй өвчтэй нэгнээ гэрийнхэн нь хэрхэн тайвшруулж, асран халамжилж болох вэ? Өвчнийх нь шат ахих тусам хүний сэтгэл санаа янз бүр болно. Тийм үед асарч байгаа нэгэн нь яах ёстой вэ? Өвчний сүүлийн шатанд яах хэрэгтэй вэ? Эхлээд эдгэршгүй өвчтэй хүнийг асарна гэдэг хэр зэрэг хэцүү ажил болохыг авч үзье.

ОРЧИН ЦАГИЙН ТУЛГАМДСАН АСУУДАЛ

Зуугаад жилийн өмнө хөгжингүй оронд ч хүн амын дундаж наслалт богино байв. Халдварт өвчин, осол зэргээс болоод хүмүүс шууд л нас бардаг байжээ. Эмнэлгийн тоо цөөхөн учраас ихэнх нь гэртээ эмчлүүлж, асруулж байгаад нас бардаг байсан. Харин одоо нөхцөл байдал их өөрчлөгдсөн.

Орчин үеийн анагаах ухаанд ахиц дэвшил гарснаар эмч нар өвчинтэй эрчимтэй тэмцэж, амь насыг уртасгадаг болсон. Урьд нь хүн өвчин тусангуутаа л үхдэг байсан бол одоо олон жил амьдарч болдог болсон. Нас уртассан ч эмчлэгдсэн гэж бас хэлэх аргагүй. Зарим хүн маш хүнд өвчтэй учраас заавал хэн нэгний асаргаа сувилгаанд байх шаардлагатай байдаг. Ийм өвчтнийг асарна гэдэг үнэхээр амаргүй.

Хүнд өвчтөн гэртээ биш, эмнэлэгт нас бардаг болжээ. Үхэх хүртэл нь өвчтөнд юу тохиолддогийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Өвчтэй нэгнээ нас эцэслэх хүртэл нь асарсан цөөхөн хүн л мэднэ. Яг юу болдгийг мэдэхгүйгээсээ болоод ч тэр үү, асарна гэхээс халширч мэдэх юм. Ийм хүнд юу тус болох вэ?

БЭЛТГЭЛТЭЙ БАЙХ НЬ

Дээр дурдсан Доориний адилаар, дотны хүн нь үхлүүт өвчтэй болсныг сонсоод олон хүн сэтгэлийн гүн хямралд ордог. Санаа зовж, айж түгшин, уй гашууд автахад яах хэрэгтэй вэ? Бурханд үнэнч нэгэн хүн: «Бид Танд мэргэн зүрхийг өргөхийн тулд Өөрсдийнхөө өдрүүдийг тоолохыг бидэнд зааж өгөөч» хэмээн залбирчээ (Дуулал 90:12). Ухаалаг байхад туслаач гэж гуйн залбирвал хүнд өвчтэй дотны хүнээ нас эцэслэх хүртэл нь хамгийн сайн асарч чадна.

Бэлтгэлтэй байх хэрэгтэй. Дотны хүн тань ярих, шийдвэр гаргах чадвараа алдахын цагт өмнөөс нь хэн шийдвэр гаргах вэ гэдгийг өөртэй нь эртхэн ярьж хэлэлцэх нь ухаалаг хэрэг юм. Гэхдээ энэ тухай өвчтөн өөрөө ярих хүсэлтэй байвал яриарай. Сэхээн амьдруулах арга хэмжээ авахуулах, эмнэлэгт хэвтэх, бусад эмчилгээ хийлгэх эсэхийг ний нуугүй ярилцах хэрэгтэй. Ингэвэл үл ойлголцох юм уу чадвараа алдсан хүний өмнөөс хэн нэг нь арга буюу шийдвэр гаргаад дараа нь түүндээ харамсаж, өөрийгөө буруутгах хэрэг гарахгүй. Эртхэн илэн далангүй ярилцвал хүнд өвчтнийг асрах гэсэн гол юмаа л анхаарна. «Зөвлөгөө дутсанаас төлөвлөгөө бүтэлгүйтнэ» гэсэн үг Библид бий (Сургаалт үгс 15:22).

АСАРЧ ТОЙЛОХ НЬ

Асрагчийн гол үүрэг бол өвчтнийг тайвшруулах юм. Үхлүүт өвчтэй хүнийг хайр халамжаар дутаахгүй, ганцаардуулахгүй байх нь чухал. Үүний тулд яах хэрэгтэй вэ? Өвчтний сэтгэлийг сэргээсэн, таатай санагдах ном зохиол уншиж өгөх юм уу, дуу дуулж болно. Дотны хүн нь гарыг нь атгаад аядуу зөөлөн ярихад өвчтөн тайвширдаг.

Эргэлтээр ирж байгаа хүнийг өвчтөнтэй уулзуулах нь тустай байдаг. «Сонсгол нь таван мэдрэхүйгээс хамгийн сүүлд алдагддаг. [Өвчтөн] унтаж байгаа юм шиг харагдаж болох ч сонсож байдаг учраас өөрт нь хэлмээргүй зүйлийг битгий яриарай» хэмээн нэгэн судалгаанд бичжээ.

Болж өгвөл хамт залбираарай. Нэгэн удаа элч Паул хамтран зүтгэгчидтэйгээ туйлын хүнд нөхцөлд ороод байсан тухай Библид гардаг. Бүр амь насанд нь аюул учраад байжээ. Хаанаас тусламж эрсэн бэ? Паул найзууддаа «Та нар бидний төлөө залбирвал бидэнд тусалж байгаа хэрэг» гэж хэлсэн байдаг (2 Коринт 1:8–11). Өвчин нь хүндэрсэн үед залбирах шиг чухал зүйл байхгүй.

БОДИТ БАЙДАЛТАЙ ЭВЛЭРЭХ НЬ

Хайртай дотны маань хүн үхнэ гэдгийг бодохлоор үнэхээр хэцүү байдаг. Учир нь үхэл бол байх ёсгүй зүйл. Бид үхлийг амьдралд байх л зүйл гэж бодох ёсгүй (Ром 5:12). Бурхны Үгэнд үхлийг «дайсан» гэж бичсэн байдаг (1 Коринт 15:26). Тийм учраас дотны хүнээ алдмааргүй санагдах нь жирийн хэрэг юм.

Цаашдаа ямар хүндрэл бэрхшээл гарч болохыг урьдчилан тооцоолбол гэр бүлийн бусад гишүүдэд сандарч тэвдэх зүйл гарахгүй. Аливааг аль болох тайван хийхийг бодно. Өвчтөнд тохиолддог зарим зүйлийг «Сүүлчийн 7 хоног» гэсэн хавсралтаас харж болно. Өвчтөн болгонд ийм юм тохиолдох юм уу яг энэ дарааллаар болно гэсэн үг биш.

Дотны хүнээ нас барсны дараа, урьд нь тусалмаар байна гэж байсан найзынхаа тусламжийг авах нь ухаалаг хэрэг юм. Асрагч болон талийгаачийн ар гэрийнхнийг нь тайвшруулах хүн хэрэгтэй. Хэцүү бүхэн дууссан, талийгаач одоо зовохоо больсон гэдгийг нь тэдэнд ойлгуулах хэрэгтэй байдаг. Хүнийг бүтээсэн Нэгэн «үхэгсэд юу ч мэддэггүй» гэж тодорхой хэлдэг (Номлогчийн үгс 9:5).

ХАМГИЙН САЙН АСРАГЧ

Нэгэн эмэгтэй, хүнд өвчтнийг эмнэлэгт эргэж байна

Бусдын тусламж илүүдэхгүй

Хүнд өвчтэй нэгнээ асрах үед ч, нас бараад гашуудах үед ч Бурханд найдах нь чухал. Бурхан бусад хүнээр сэтгэлийн дэм хайрласан үг хэлүүлэх юм уу, туслуулж болох юм. Доорин: «Би хүнээс тусламж авч сурсан. Зөндөө их туслуулаад сайхан байсан. Ехова нөхөр бид хоёрт “Би та нартай хамт байна шүү. Та хоёрт тусална” гэж хэлж байгаа юм шиг санагдсан. Би тусыг нь хэзээ ч мартахгүй» гэж ярьсан юм.

Тийм ээ, Ехова Бурхан бол хамгийн сайн асран халамжлагч. Бүтээгч маань бидний зовлон, уй гашууг ойлгодог. Бидэнд хэрэгтэй тусламж үзүүлж, бэрхийг давахад зоригжуулж ч чадна, зоригжуулах ч хүсэлтэй. Хамгийн гайхалтай нь, Бурхан удахгүй үхлийг үгүй болгож, ой санамжиндаа байгаа бүх хүнийг амилуулна (Ёохан 5:28, 29; Илчлэл 21:3, 4). Тэр цагт бүх хүн «Үхэл чи хүнийг зовоодог хорон хүчээ алдсан учир ялагдлаа» гэж хэлсэн элч Паулын үгтэй санал нийлнэ (1 Коринт 15:55).

a Нэрсийг өөрчлөв.

СҮҮЛЧИЙН 7 ХОНОГ

Сүүлчийн 7 хоногт өвчтөнд дараах шинжүүдийн зарим нь эсвэл бүгдээрээ илэрдэгb:

  • Хоолны дуршил буурна. Уруулд нь глицерин түрхэх юм уу духан дээр нь хүйтэн жин тавьж өгвөл өвчтөн тайвширч болох юм.

  • Ганцаараа эсвэл цөөхөн хүнтэй байхыг хүснэ. Орчныг нам гүм, тайван байлгаарай.

  • Олон цаг унтана.

  • Тавгүйтнэ. Тавгүй байгаагаа илэрхийлэхэд нь хорьж болиулж болохгүй. Аядуу зөөлөн ярьж тайвшруулах хэрэгтэй.

  • Ухаан санаа нь орж гарна. Өвчтний ухаан санаа орж гарч байлаа ч нэрээ хэлж, хүндэтгэлтэйгээр сонсоорой.

  • Өтгөн шингэнээ барьж чадахгүйд хүрнэ. Өвчтнийг болон ор дэвсгэрийг нь аль болох цэвэрхэн байлгаарай.

  • Амьсгалах нь өөрчлөгдөнө. Амьсгалж байхдаа ёолох нь тайвширсных байж болох юм.

  • Дотор нь давчдана. Дэрийг нь өндөрлөж өгвөл нь дотор нь онгойж магадгүй.

  • Арьсны өнгө өөрчлөгдөнө. Чухал эрхтнүүд рүү цус гүйж байгаа учраас арьсных нь өнгө өөрчлөгдөж болох юм.

b Эх сурвалж: The Metropolitan Hospice of Greater New York

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах