БҮЛЭГ 2
Сайн мөс чанартай байх нь
«Сайн мөс чанартай бай» (1 ПЕТР 3:16).
1, 2. Луужинг юунд хэрэглэдэг вэ? Мөс чанартай адилтгаж болохын учир юу вэ?
ЗАХ хязгааргүй далайд хөлөг онгоцоо залуурдах далайчин, хээр талаар хөндлөн гулд хэрэх аянчин, огторгуйн уудамд хөвөлзөх сэмжин үүлэн дээгүүр дүүлэн нисэх нисэгчид юу хэрэгтэй вэ? Луужин. Зүг чиг олох орчин үеийн ямар нэгэн багаж хэрэгсэлгүй үед луужин хэрэглэхгүй бол аюул болно шүү дээ.
2 Луужин гэдэг нь үргэлж чанх хойд зүгийг заадаг соронзон зүүтэй, зүг чиг олох авсаархан багаж юм. Зөв ажилладаг луужинг сайн газрын зурагтай хамт хэрэглэвэл амь насаа ч аварч болдог. Луужинг Бурхнаас заяасан «бэлэг» болох мөс чанартай адилтгаж болох юм (Иаков 1:17). Хүн мөс чанартай байгаагүйсэн бол зөв буруугаа мэдэхгүй төөрч будлих байсан. Үүргээ зөв биелүүлдэг мөс чанартай хүн амьдралын зөв замыг олж, тэр замаасаа хазайлгүй явдаг. Тэгэхлээр одоо, мөс чанар гэж юу болох, ямар үүрэг гүйцэтгэдгийг нь авч үзье. Дараа нь, 1) Мөс чанараа хэрхэн сургах вэ? 2) Бусдын мөс чанарыг ямар учраас хүндэтгэх хэрэгтэй вэ? 3) Сайн мөс чанартай байхын ач тус юу вэ? гэсэн асуултыг ярилцъя.
МӨС ЧАНАР БА ТҮҮНИЙ ҮҮРЭГ
3. Мөс чанар гэж орчуулсан грек үг ямар утгатай вэ? Ямар өвөрмөц чадварыг хэлдэг вэ?
3 Библид «мөс чанар» гэж орчуулсан грек үг нь «хамт» гэсэн утгатай «син», «мэдлэг» гэсэн утгатай «эйдисис» гэдэг хоёр үгнээс бүтдэг бөгөөд зөв буруугийн талаарх төрөлхийн мэдлэгийг хэлдэг. Бурхан хүнд өөрийгөө хянах өвөрмөц чадвар хайрласан бөгөөд чухам үүгээрээ хүн дэлхий дээрх бусад бүх бүтээлээс ялгардаг. Өөрөөр хэлбэл, үйл хэргээ хянаж, ёс суртахуунтай үйлдэл хийсэн эсэхээ үнэлж цэгнэж чаддаг. Мөс чанар нь хүний үйл хэрэг, зан чанар, шийдвэр зэргийг хянаж, шүүдэг. Мөс чанар ухаалаг шийдвэр гаргахад хөтлөх нь ч бий, мунхаг шийдвэр гаргахаас сэрэмжлүүлэх нь ч бий. Зөв сайн үйл хийхэд мөс чанар тайван байдаг бол буруу юм хийхэд шаналж өвддөг.
4, 5. а) Адам Ева хоёр мөс чанартай байсныг юу харуулдаг вэ? Тэд Бурхны хуулийг зөрчсөн нь ямар үр дагаварт хүргэсэн бэ? б) Мөс чанар ямар үүрэг гүйцэтгэдгийг Бурхны эртний үйлчлэгчдийн жишээгээр тайлбарлана уу.
4 Бурхан хүнийг бүр анхнаас нь мөс чанартай бүтээжээ. Адам Ева хоёр нүгэл үйлдсэнийхээ дараа ичсэн нь мөс чанартай байсан хэрэг (Эхлэл 3:7, 8). Тэдний мөс чанар хэчнээн өвдсөн ч тус болохоосоо нэгэнт өнгөрчээ. Учир нь Адам Ева хоёр Бурхны хуулийг санаатайгаар зөрчин, Ехова Бурхандаа тэрсэлж, дайсан нь болсон. Тэд төгс хүмүүс байсан учир ямар шийдвэр гаргаж байгаагаа мэдэж байсан. Тиймээс нэгэнт гаргасан шийдвэрийг яах ч аргагүй байв.
5 Гэтэл төгс бус хэр нь мөс чанартаа захирагдаж чадсан хүмүүс байдаг. Жишээ нь, Бурхны үнэнч үйлчлэгч Иов: «Би өөрийн зөв шударгыг баримталж байгаа бөгөөд буцахгүй юм. Миний зүрх амьдралын минь аль ч өдрийг зэмлэдэггүй» гэж хэлсэнa (Иов 27:6). Иов аливааг үйлдэхдээ ч, шийдэхдээ ч мөс чанараараа удирдуулдаг, мөс сайтай хүн байв. Тиймдээ ч мөс чанар нь өөрийг нь буруутгах, ичээх зэргээр «зэмлэдэггүй» гэж ам бардам хэлсэн. Өөр нэг жишээ үзье. Нэгэн удаа Давид Еховагийн тосолсон Саул хаанд ихэд хүндэтгэлгүй ханджээ. «Үүний дараа ... сэтгэл нь ихэд зовов» гэж Библид байдаг (1 Самуел 24:5). Мөс чанар өвдөхийн зовлонг биеэрээ үзсэн Давид тийм гоомой хэрэг хийж болохгүйг ойлгож, сургамж авсан биз ээ.
6. Бүх хүнд мөс чанар байдгийг юу харуулдаг вэ?
6 Тэгвэл Еховад үйлчилдэг хүмүүс л мөс чанартай юу? Элч Паул ариун сүнсээр удирдуулан: «Харь үндэстнүүд Хуульгүй боловч төрөлх байдлаараа Хуулийн зүйлсийг үйлдвэл, Хуульгүй боловч тэдгээр нь өөрсдөд нь хууль болдог. Хуулийн шаарддаг үйлс нь тэдний зүрх сэтгэлд бичигдсэнийг тэд харуулдаг. Тэдний мөс чанар ч хамт гэрчилж, тэдний бодол санаа ч нэг нэгнээ буруутгадаг, эсвэл өмгөөлдөг» гэж бичжээ (Ром 2:14, 15). Еховагийн хуулийг огт мэддэггүй хүмүүс ч мөс чанартаа хөтлөгдөн, Бурхны зарчимд нийцдэг үйл хийх нь бий.
7. Ямар үед мөс чанар буруу удирддаг вэ?
7 Гэхдээ мөс чанар заримдаа буруу удирддаг. Луужин металл эд зүйлд ойрхон байвал буруу ажиллаж, зүү нь хойд зүгийг бус, өөр зүгийг заадаг. Бас сайн газрын зураг харахгүйгээр дан ганц луужин хэрэглэхэд тус болох нь бага. Хэрэв хүн аминч үзэлдээ дийлдвэл мөс чанар нь буруу ажилладаг луужинтай адил болно. Бас Бурхны Үгээр удирдуулахгүй бол мөс чанар олон чухал асуудлын зөв бурууг ялгаж салгаж чадахгүй. Тиймээс, үүргээ зөв биелүүлдэг мөс чанартай байя гэвэл Еховагийн ариун сүнсээр удирдуулах хэрэгтэй. Паул: «Миний мөс чанар ... Ариун Сүнсээр гэрчилж байна» гэж бичсэн байдаг (Ром 9:1, 2). Мөс чанараа ариун сүнсээр удирдуулахын тулд яах хэрэгтэй вэ? Сургах хэрэгтэй.
МӨС ЧАНАРАА СУРГАХ НЬ
8. а) Зүрх мөс чанарт хэрхэн нөлөөлдөг вэ? Шийдвэр гаргахдаа хамгийн гол нь юуны талаар бодох хэрэгтэй вэ? б) Мөс чанар өвдөхгүй л бол зөв юм хийж байна гэсэн үг үү? (Зүүлт үзнэ үү).
8 Тэгвэл мөс чанараараа шийдвэр гаргахын тулд яах хэрэгтэй вэ? Зарим хүн аливаа асуудлыг хүссэнээрээ шийдчихээд, «Миний мөс чанар өвдөхгүй байна» гэдэг. Зүрхний хүсэл мөс чанарыг үүргээ биелүүлж чадахгүй болтол нь хүчтэй оргилж болох юм. Библид: «Зүрх бол бүх зүйлээс илүү хуурамч бөгөөд эдгэршгүй өвчтэй юм. Үүнийг хэн ойлгож чадах билээ?» гэж байдаг (Иеремиа 17:9). Тийм учраас, шийдвэр гаргахдаа зүрхнийхээ хүслийг бус, Ехова Бурхны хүсэл тааллыг бодох нь хамгийн чухал юм.b
9. Бурхнаас эмээх гэж юу гэсэн үг вэ? Бурхнаас эмээх сэтгэл мөс чанар хоёр ямар холбоотой вэ?
9 Зөв сургасан мөс чанартай хүн шийдвэр гаргахдаа өөрийн дур хүслийг бус, Бурхнаас эмээхийг урьтал болгодог. Нэг жишээ үзье. Захирагч Нехемиа Иерусалимын оршин суугчдаас алба гувчуур авах эрхтэй байсан боловч тэгээгүй юм. Учир нь тэрбээр ард түмэнд нь нэрмээс болж Бурхны дургүйг хүргэхийг огтхон ч хүсээгүй ажээ. Нехемиа: «Би Бурхнаас эмээсэн учир тийн үйлдсэнгүй» гэж бичсэн байдаг (Нехемиа 5:15). Бурхнаас чин сэтгэлээсээ эмээх буюу тэнгэрийн Эцэгтээ таалагдахгүй байх вий гэсэн сэтгэлтэй байх нь амин чухал юм. Бурхнаас ингэж сүсэглэн эмээдэг хүн шийдвэр гаргахдаа Үгээр нь удирдуулахыг хичээдэг.
10, 11. Согтууруулах ундаа хэрэглэх талаар Библийн ямар ямар зарчим байдаг вэ? Эдгээр зарчмыг хэрэгжүүлж, Бурхнаар удирдуулахын тулд яах хэрэгтэй вэ?
10 Жишээлбэл, согтууруулах ундаа уух эсэхээ шийдэхдээ Бурхны Үгээр хэрхэн удирдуулж болох вэ? Найз нөхөдтэйгөө уулзах юм уу үдэшлэг уулзалтын үеэр «Уух уу, болих уу?» гэдгээ шийдэх хэрэг цөөнгүй гардаг. Үүний тулд, эхлээд, энэ асуудлаар Библид ямар зарчим байдгийг мэдэх хэрэгтэй. Согтууруулах ундааг зөв зохистой хэрэглэхийг Библид хориглодоггүй. Дарсыг Бурхны өгсөн бэлэг гэж үзэж болно (Дуулал 104:14, 15). Гэхдээ архидан согтуурч, утга учиргүй найрлан цэнгэхийг буруушаадаг (Лук 21:34; Ром 13:13). Түүнээс гадна, архидан согтуурахыг завхайрах, садар самуун үйлдэх гэх зэргийн ноцтой нүглийн тоонд оруулдагc (1 Коринт 6:9, 10).
11 Иймэрхүү зарчмын дагуу мөс чанараа сургавал мэдрэмж нь улам сайжирдаг. Тиймээс үдэшлэг уулзалтын үеэр согтууруулах ундаа уух эсэхээ шийдэхдээ: «Энэ үдэшлэг ямар үдэшлэг вэ? Эмх журмаа алдаж, утга учиргүй найрлан цэнгэх юм биш биз? Би, ер нь, яадаг билээ? Архи уух дуртай бил үү? Архи уухгүйгээр байж чадах уу? Сэтгэлээ сэргээхийн тулд архи уудаг уу? Тааруулж ууж чаддаг бил үү?» гэх мэтийн асуултыг бодож үзэх хэрэгтэй. Библийн зарчим болон дээрх шиг асуултуудыг эргэцүүлэн бодохын зэрэгцээ Еховагаар удирдуулахын тулд залбирах нь зүйтэй (Дуулал 139:23, 24). Ингэвэл Еховагийн ариун сүнсээр удирдуулахад бэлэн байгаагаа харуулна. Бас мөс чанараа Бурхны зарчмаар сургаж байна гэсэн үг. Гэхдээ бодож үзүүштэй бас нэг зүйл бий.
БУСДЫН МӨС ЧАНАРЫГ ХҮНДЭТГЭХИЙН УЧИР
Согтууруулах ундаа уух эсэхээ шийдэхэд Библиэр сургасан мөс чанар тусална
12, 13. Христиануудын мөс чанар өөр өөр байдаг нь ямар учиртай вэ? Өөр мөс чанартай хүмүүст хэрхэн хандах хэрэгтэй вэ?
12 Христиануудын мөс чанар харилцан адилгүй байдаг нь гайхмаар санагдаж болох юм. Нэг христианд таалагддаг, буруушаах үндэсгүй юм нөгөөд нь зохисгүй санагддаг байж магадгүй. Тухайлбал, найз нөхөдтэйгөө хамт нэг оройг сайхан өнгөрүүлэн, архи дарс уух нь нэг христианд таатай байхад нөгөөд нь их таагүй санагддаг байж болох юм. Ямар учраас христиануудын үзэл бодол ийм ялгаатай байдаг юм бол? Шийдвэр гаргахдаа бусдын үзэл бодлыг хүндэтгэх хэрэгтэйн учир юу вэ?
13 Хүмүүсийн мөс чанар харилцан адилгүй байдаг нь өсөж хүмүүжсэн орчин зэргээс нь шалтгаалдаг. Зарим хүн урьд нь тэмцэж байсан ч бүрэн ялж чадаагүй сул талаа сайн мэддэг (Хаадын дээд 8:38, 39). Ялангуяа, согтууруулах ундаа уух зуршилтайгаа тэмцэж байсан хүмүүсийн хувьд энэ нь их эмзэг асуудал байдаг. Хэрэв танайд ирсэн зочдын дунд тийм хүн байгаад, мөс чанараараа удирдуулан, уухгүй гэж шийдлээ гэхэд та гомдох уу? Эсвэл архиар шахах уу? Үгүй биз дээ. Тэр хүн хувийн шалтгаанаа олны өмнө хэлэхгүй байж болно шүү дээ. Тиймд, учир шалтгааныг нь мэдэх ч бай, үгүй ч бай, итгэл нэгтнээ христиан ёсоор хайрлаж, мөс чанарыг нь хүндэтгэх хэрэгтэй.
14, 15. Нэгдүгээр зууны христианууд ямар асуудалд мөс чанарын улмаас өөр өөрөөр ханддаг байсан бэ? Паул юу гэж зөвлөсөн бэ?
14 Нэгдүгээр зууны христианууд ч өөр өөр мөс чанартай байсныг Паулын үг харуулдаг. Тухайлбал, зарим христиан хиймэл шүтээнд өргөл болгосон хоол хүнсийг хэрэглэж болохгүй гэж үздэг байжээ (1 Коринт 10:25). Харин элч Паулын мөс чанар тийм хоол хүнсийг зах дээр зарагдахад нь авч хүнсэнд хэрэглэхийг буруушаадаггүй байв. Түүний хувьд, аливаа хоол хүнс угаасаа Еховагийн бүтээл учир амьгүй шүтээнд өргөсөн байсан ч, мөн чанартаа, Еховагийн бүтээл хэвээрээ л үлддэг байв. Гэхдээ тэрбээр энэ асуудалд өөрөөр ханддаг хүмүүс байдгийг мэддэг байлаа. Тэдний зарим нь христиан болохоосоо өмнө хиймэл шүтээн шүтдэг байсан учир хиймэл шүтээнтэй өчүүхэн ч болов холбоотой бүх юмыг христиан хүн цээрлэх ёстой гэж боддог байжээ. Тэгвэл энэ асуудлыг яаж шийдсэн бэ?
15 Паул: «Хүчтэй бид өөрсдийнхөө сэтгэлд нийцүүлэлгүй, хүчгүйнхээ сул дорой байдлыг үүрэх ёстой. Учир нь Христ ч гэсэн Өөрийнхөө сэтгэлд нийцүүлээгүй» гэж хэлсэн (Ром 15:1, 3). Энэ нь христиан хүн Христийг дуурайн, ах дүү нарынхаа эрх ашгийг өөрийнхөөсөө дээгүүр тавих учиртайг зөвлөсөн хэрэг байв. Паулын хувьд гэвэл, итгэл нэгтэн буюу Христийн хонийг бүдрүүлэхгүйн тулд мах огт идэхгүй гэдгээ хэлсэн. Учир нь Христ тэр л хүний төлөө амиа өгснийг Паул ойлгодог байв (1 Коринт 8:13; 10:23, 24, 31–33).
16. Мөс чанарынхаа улмаас зарим зүйлийг хийдэггүй христианууд өөр бодолтой христиануудыг шүүмжлэх ёсгүйн учир юу вэ?
16 Нөгөөтэйгүүр, христиан хүн мөс чанарынхаа улмаас хийдэггүй зүйлээ бусдад тулгах учиргүй (Ром 14:10). Бусдыг шүүмжлэхийн оронд өөрийгөө хянаж цэгнэж байвал мөс чанар маань үүргээ зөв биелүүлж байгаа нь тэр. Есүс: «Шүүгдэхгүйн тулд чи бүү шүү» гэснийг санаж явцгаая (Матай 7:1). Мөс чанараараа гаргасан бусдын шийдвэрийг шүүмжлэн ярьж явах нь тун зохисгүй. Бие биеэ нураах бус, босгон байгуулж, хайр болон эв нэгдлийг хөгжөөцгөөе (Ром 14:19).
САЙН МӨС ЧАНАРТАЙ БАЙХЫН АЧ ТУС
Сайн мөс чанар амьдрал гэдэг их замд найдвартай удирдаж, сэтгэлийг амрааж, баяр хөөр эдлүүлдэг
17. Олон хүний мөс чанар ямар болсон бэ?
17 Элч Петр: «Сайн мөс чанартай бай» хэмээн бичжээ (1 Петр 3:16). Ехова Бурхны нүдэнд цэвэр гэж тооцогддог мөс чанар их ач тустай. Тийм мөс чанар өнөөдрийн хүмүүсийнхээс огт өөр юм. Тэдний мөс чанар, Паулын хэлснээр, «халуун төмрөөр тамгалагдсан» аж (1 Тимот 4:2). Халуун төмөрт түлэгдсэн арьс сорвижиж, мэдрэмжгүй болдог шиг тэдний мөс чанар сорвижиж, мэдрэмжээ алдан, үхмэл болсон тул буруу юм хийхэд нь өвдөж шаналан, өөрсдийг нь буруутгахаа больдог. Буруутгасан ч тэд юман чинээ санадаггүй.
18, 19. а) Өөрийгөө буруутгах нь ямар ач тустай байж болох вэ? б) Чин сэтгэлээсээ гэмшсэн хэдий ч урьдын явдлаас болж мөс чанар зовоогоод байвал яах хэрэгтэй вэ?
18 Хүнд өөрийгөө буруутгах сэтгэл төрөх нь мөс чанар нь шаналж байгаагийн шинж буюу буруу хэрэг хийснийг нь хэлээд байгаа хэрэг юм. Тэр сэтгэлээ үл тоомсорлохын оронд хийсэн хэргээ гэмшвэл ноцтой нүгэл үйлдсэн байлаа ч Бурхан уучилж магадгүй. Жишээ нь, Давид хаан ноцтой нүгэл үйлдсэн боловч чин сэтгэлээсээ гэмшсэн учир Бурхан уучилсан билээ. Тэрбээр хийсэн хэргээ жигшиж, Бурхны хуулийг хойшид зөрчихгүй байхаар эрс шийдсэнийхээ ачаар Еховаг «сайн бөгөөд уучлахад бэлэн» гэдгийг өөрийн биеэр үзсэн (Дуулал 51:1–19; 86:5). Гэтэл хийсэн хэргээ гэмшсэн хэдий ч мөс чанар зовоогоод байвал яах вэ?
19 Заримдаа, нүгэл үйлдсэн хүн чин сэтгэлээсээ гэмшсэн атал мөс чанар нь буруутгаж, хэт их шаналгадаг. Ийм л үед, Еховаг хүний зүрх сэтгэлээс аугаа гэдгийг санах хэрэгтэй. Бид Еховаг уучлах дуртай, хайрын Бурхан гэж бусдад ярьдаг шүү дээ. Тэгвэл одоо, өөрөө энэ үгэндээ итгэх нь зүйтэй (1 Иохан 3:19, 20). Мөс чанар цэвэр бол сэтгэл амар байж, энэ ертөнцийн хүмүүсийн ойлгодоггүй жинхэнэ баяр хөөрийг эдэлнэ. Урьд нь ноцтой нүгэл үйлдэж байсан боловч одоо сэтгэлийн амар тайвныг эдэлж, сайн мөс чанартай яваа хүн христиануудын дунд олон бий (1 Коринт 6:11).
20, 21. а) Энэ ном ямар зорилготой вэ? б) Христианууд бид ямар эрх чөлөө эдэлдэг вэ? Эрх чөлөөгөө хэрхэн эдлэх нь зөв бэ?
20 Энэ номын зорилго бол таныг тэр жинхэнэ баяр хөөр эдэлж, Сатаны ёс бус тогтолцооны эцсийн өдрүүдийг сайн мөс чанартайгаар даван туулахад туслах явдал юм. Гэхдээ христиан хүний эргэцүүлэн бодож, өдөр тутмынхаа амьдралд хэрэгжүүлэх учиртай Бурхны хууль тушаал болгоныг, бас мөс чанараараа шийдэж болдог бүх асуудалд хамаатай нарийн дүрэм журмыг бичсэнгүй. Та Бурхны Үгийг өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлэх аргыг мэдвэл мөс чанараа сургаж, илүү мэдрэмжтэй болгож чадна. Тэгвэл энэ ном зорилгодоо хүрлээ гэсэн үг. Мосегийн хуулийг сахихын тулд израильчууд зүйл болгоныг нь нэгбүрчлэн дагах ёстой байсан бол, «Христийн хуулийг» сахихын тулд христиан хүн мөс чанараараа удирдуулан, Библийн зарчмыг баримтлан амьдарч сурах шаардлагатай (Галат 6:2). Тэгэхлээр, Ехова христиануудад хосгүй эрх чөлөө өгчээ гэсэн үг. Харин энэ эрх чөлөөгөө «муу муухайг далдлах халхавч» болгон ашиглах учиргүйг сануулдаг (1 Петр 2:16). Эрх чөлөөгөө Еховад хайртайгаа харуулах боломж гэж үзэж байцгаая.
21 Библийн зарчмыг амьдралдаа хэрэгжүүлэхийн тулд залбирч байгаад эргэцүүлэн бодож, ажил хэрэг болговол анх Еховатай танилцаад хөгжүүлж эхэлсэн нэг чухал чадвараа сайжруулна. Өөрөөр хэлбэл, сайн мууг ялгах «мэдрэмжээ» «дадлагажуулан» сургана (Еврей 5:14). Библиэр сургасан мөс чанар тань өдөр болгон ач тус авчирна. Аянчин хүнд луужин тустай байдаг шиг христиан хүнд мөс чанар нь тэнгэрийн Эцэгтээ таалагддаг шийдвэр гаргахад нь тусалдаг. Энэ бол Бурхны хайран дотор өөрсдийгөө сахих нэг чухал арга юм.
a Еврей сударт «мөс чанар» гэсэн утгатай тогтсон үг байдаггүй. Гэхдээ энэ зүйлд мөс чанар гэдэг ойлголтыг илэрхийлсэн нь тодорхой байна. Ер нь, «зүрх» гэдэг үгээр дотор хүнийг хэлдэг. Тиймээс, энд хэрэглэсэн «зүрх» гэдэг үгээр дотор хүний салшгүй хэсэг буюу мөс чанарыг хэлжээ. «Мөс чанар» гэж орчуулдаг грек үг Христиан Грек сударт 30 орчим удаа гардаг.
b Мөс чанар өвдөхгүй л бол зөв юм хийж байна гэсэн үг биш гэдэг нь Библиэс харагддаг. Тухайлбал, элч Паул: «Өөрийнхөө эсрэг мэдэх юм надад байхгүй ч үүгээрээ би зөвтгөгдөөгүй. Харин намайг шүүгч нэгэн бол Эзэн мөн» гэж хэлжээ (1 Коринт 4:4). Христиануудыг хавчдаг зарим хүний мөс чанар нь өвдөж зовохгүйгээр хяхаж хавчдаг байж болох юм. Тэд урьдын Паулын адилаар энэ үйлдлээ Бурханд таалагддаг гэж боддог. Иймд, мөс чанар хүнд өөрт нь төдийгүй Бурхны нүдэнд цэвэр байх нь чухал юм (Үйлс 23:1; 2 Тимот 1:3).
c Архинд донтсон хүмүүс тохируулж уух ямар ч чадваргүй учир тэдний хувьд уухгүй байх нь л «тохируулж» байгаа хэрэг юм гэж эмч мэргэжилтнүүд анхааруулдаг.