Үр дүнтэй аян
Чуулган болохоос гурван долоо хоногийн өмнө дэлгэрүүлэгчид хурлынхаа хэсэгт дэх сонирхсон хүмүүсийг чуулганд урих аянд оролцдог. Жил бүр ийм аянд оролцох хүндтэй шалтгаан байдаг. Урилга авч чуулганд ирсэн хүмүүс Библид үндэслэсэн илтгэл сонсож, янз бүрийн тасагт сайн дурынхан зохион байгуулалттай ажиллаж байгааг, бүгд эв нэгдэлтэй, биеэ зөв авч явж байгааг хараад сэтгэл нь хөдөлжээ (Дуу. 110:3; 133:1; Ис. 65:13, 14). Гэхдээ чуулган болох газраас хол амьдардаг хүмүүст урилга тараах нь үр дүнтэй байх болов уу?
2011 онд болсон мужийн чуулганы дараа салбарт нэгэн эмэгтэйгээс захидал иржээ. Тэрбээр хаалганых нь завсар урилга үлдээснийг авсан аж. Энэ эмэгтэй Еховагийн Гэрчүүдийг ирэхэд ер нь хаалгаа тайлдаггүй байжээ. Тэрбээр захидалдаа «Би өөрийгөө дутах юмгүй хүн гэж бодож байлаа. Надад сайхан орон гэр, хань ижил байна. Гэвч жаргалтай байгаагүй. Амьдралын утга учир юу юм бол гэж бодож байлаа. Тэгээд хагас сайн өдрийн хөтөлбөрт суухаар 320 км замыг туулсан юм» хэмээн бичжээ. Тэр эмэгтэйд чуулганы хөтөлбөр сайхан санагдсан учир нөхөр лүүгээ яриад тэр газраа хонож бүтэн сайн өдрийн хөтөлбөрт суух гэж байгаагаа хэлсэн аж. Захидалд цааш нь «Би бүх илтгэлийг нь сонссон. Олон ч Гэрчтэй танилцсан. Ийм сайхан орчинд байгаад л баймаар санагдсан» гэсэн байна. Тэрбээр гэртээ хариад Библи заалгах болж дөрвөн сарын дараа баптисм хүртээгүй дэлгэрүүлэгч болжээ. «Урилга авсандаа үнэхээр их баярласан. Амьдрал минь одоо л жинхэнэ утга учиртай болж байна» гэж тэрбээр хэлжээ.
Урилга авсан хэн нэг нь чуулганд ирнэ. Тийм учраас урилга тараах аянд идэвхтэй оролцоорой. Урилга үлдсэн бол чуулган болох өдөр албан бусаар дэлгэрүүлэхийн тулд авч ирээрэй.
[5-р хуудасны хавсралт]
Урилга яаж тараах вэ?
Аль болох олон хүнд урилга тараахын тулд товч ярих хэрэгтэй. Жишээлбэл: «Сайн байна уу? Бид олон оронд ийм урилга тарааж байгаа юм. Танд бас өгье. Дэлгэрэнгүй мэдээллийг урилгаас уншаарай» гэж хэлж болно. Урам зоригтой яриарай. Урилгаа амралтын өдрөөр тараахдаа тохиромжтой бол сэтгүүл бас өгөөрэй.