СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 29
ДУУ 20 Цуглааныг маань ивээгээч
Зөвлөгөө хэрхэн өгөх вэ?
«Би чамайг ажиглан, зөвлөгөө өгнө» (ДУУ. 32:8, ШЕ).
ГОЛ САНАА
Бусдад тустай зөвлөгөө хэрхэн өгөх вэ?
1. Хэн зөвлөгөө өгөх хэрэгтэй вэ? Тайлбарлана уу.
ТА ЗӨВЛӨГӨӨ өгөх дуртай юу? Дуртай ч хүн байдаг, дургүй ч хүн байдаг. Бүр зарим нь зөвлөгөө өгнө гэхээс айдаг. Ямар ч санагдах бай зөвлөх хэрэгтэй үе бид бүгдэд гардаг. Яагаад? Учир нь энэ нь ах дүүстээ хайраа илэрхийлэх нэг арга юм. Дагалдагч нь болохыг хүсвэл бид нэг нэгнээ хайрлах ёстойг Есүс хэлсэн (Ёох. 13:35). Мөн «чин сэтгэлийн зөвлөгөө» нөхөрлөлийг зузаатгадаг гэж Библид бий (Сур. 27:9, ШЕ).
2. Ахлагчид яах хэрэгтэй вэ? Яагаад? (Бас «Ажлын өдөр болдог цуглааны үеэр зөвлөгөө өгөх нь» гэсэн хавсралтыг үзээрэй).
2 Ялангуяа ахлагчид хэрхэн сайн зөвлөгөө өгөхөө мэддэг байх хэрэгтэй. Ехова болон Есүс тэднийг хурлынханд санаа тавиулахаар томилсон (1 Петр 5:2, 3). Жишээ нь тэд илтгэл тавихдаа Бурхны Үгэнд үндэслэн зөвлөдөг. Мөн хувь хүнд зөвлөгөө өгдөг. Еховагаас холдсон хүмүүсийг хуралдаа буцаж ирэхэд нь тусалдаг. Ахлагчид, түүнчлэн бид бүгд бусдад хэрхэн сайн зөвлөгөө өгөх вэ?
3. а) Хэрхэн сайн зөвлөгч байх вэ? (Исаиа 9:6; бас «Зөвлөгөө өгөхдөө Есүсийг дуурайгаарай» гэсэн хавсралтыг үзээрэй). б) Энэ өгүүллээр юуны тухай ярилцах вэ?
3 Бид Библийн баатрууд, ялангуяа Есүсийн жишээнээс хэрхэн сайн зөвлөгч байх талаар их юмыг мэдэж авна. Түүний олон цол хэргэмийн нэг нь «Гайхамшигт Зөвлөгч» ажээ (Исаиа 9:6-г уншина). Энэ өгүүллээр, хэн нэгэн биднээс зөвлөгөө өгөхийг гуйсан болон гуйгаагүй үед яах хэрэгтэйг ярилцана. Бас цагийг нь олж, зөв аргаар зөвлөгөө өгөхийн чухлыг ярилцана.
ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХИЙГ ГУЙВАЛ
4, 5. Хэн нэгэн зөвлөгөө өгөхийг гуйвал юуны түрүүнд өөрөөсөө юу гэж асуух хэрэгтэй вэ? Жишээ хэлнэ үү.
4 Хэн нэгэн зөвлөгөө өгөхийг гуйвал та яах вэ? Эхэндээ баярлаад шууд зөвлөгөө өгье гэж бодож магадгүй юм. Гэхдээ юуны түрүүнд өөрөөсөө «Би энэ асуудлаар үнэхээр зөвлөж чадах уу?» гэж асуух хэрэгтэй. Заримдаа шууд зөвлөхийн оронд тухайн асуудлын талаар хамгийн сайн мэддэг хүнд хандахыг хэлж өгч болох юм.
5 Жишээ нь дотнын найз тань хүнд өвчин тусжээ. Тэрбээр хэд хэдэн эмчилгээний аргыг судалж эхэлснээ хэлээд аль нь илүү дээр болох талаар саналаа хэлэхийг танаас хүсэв. Та аль нэгийг нь дээр гэж бодож болох ч тухайн өвчнийг мэргэжлийн эмч шиг мэдэхгүй. Тиймээс энэ тохиолдолд мэргэжлийн эмч олоход найздаа туслах нь хамгийн сайн арга юм.
6. Зөвлөгөө өгөхөөсөө өмнө яах нь зүйтэй байж болох вэ?
6 Зарим асуудлаар зөвлөгөө өгч чадах юм шиг санагдсан ч тэр даруй өгөх нь тийм ч сайн биш байж мэднэ. Сургаалт үгс 15:28-д (ШЕ) «Зөв хүн хариулахаасаа өмнө эргэцүүлж боддог» гэж бий. Тиймээс юу хэлэхээ мэдэж байсан ч эхлээд бие даан судалж, залбирч, хэлэх үгээ сайтар бодох нь зүйтэй байж болох юм. Ингэснээр Еховагийн хүсэлд нийцсэн зөвлөгөө өгч чадна. Зөнч Натаны жишээг ярилцъя.
7. Зөнч Натаны жишээнээс юу мэдэж авах вэ?
7 Давид Еховад зориулж сүм барих хүсэлтэйгээ зөнч Натанд хэлжээ. Натан үүнийг нь дэмжиж «Сэтгэлд байгаа бүхнээ хийгтүн» гэж тэр даруй хариулдаг. Уг нь азнаж байгаад Еховагаас эхлээд асуух хэрэгтэй байв. Яагаад? Учир нь Давидаар сүм бариулах нь Еховагийн хүсэл биш байлаа (Ш.дээд 17:1–4). Хэн нэгэн зөвлөгөө өгөхийг гуйхад хариулах гэж яарахгүй байх нь ухаалаг болохыг энэ явдал харуулж байна (Яак. 1:19).
8. Зөвлөхөөсөө өмнө сайтар бодох ёстойн бас нэг шалтгаан юу вэ?
8 Зөвлөхөөсөө өмнө сайтар бодох ёстойн бас нэг шалтгаан бий. Хэрэв бид буруу зөвлөгөө өгснөөс болж нөгөө хүн хохирол амсвал хариуцлагыг нь хамт үүрэх хэрэгтэй болно. Эхлээд сайтар бодоод дараа нь зөвлөгөө өгөх нь маш чухал гэдэг нь ойлгомжтой.
ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХИЙГ ГУЙГААГҮЙ ҮЕД
9. Ахлагч нар зөвлөгөө өгөхөөсөө өмнө юуг магадлах ёстой вэ? (Галат 6:1).
9 Ахлагчдад «замаасаа хазайсан» Гэрчид зөвлөгөө өгөх хэрэг гардаг (Галат 6:1-ийг уншина). Тухайн хүн ноцтой нүгэл үйлдэхэд хүргэж болзошгүй ухаалаг бус алхам хийсэн байж болох юм. Ахлагчид түүнд мөнх амийн замаас гарахгүй байхад нь туслахыг зорьдог (Яак. 5:19, 20). Гэхдээ тохирсон зөвлөгөө өгье гэвэл эхлээд замаасаа гарцаагүй хазайсан эсэхийг нь магадлах хэрэгтэй. Тухайн хүний гаргасан шийдвэр өөрсдийнхөөс нь ялгаатай л бол Еховад таалагдахгүй гэсэн үг биш гэдгийг ахлагчид ойлгодог (Ром 14:1–4). Харин Еховатай тогтоосон харьцаандаа сэв суулгах ямар нэгэн юм үнэхээр хийснийг нь мэдээд зөвлөгөө өгөхөөр болбол яах вэ?
10–12. Гуйгаагүй үед зөвлөгөө өгөхөөр болбол ахлагчид яах хэрэгтэй вэ? Жишээ хэлнэ үү (Бас зургийг үзээрэй).
10 Зөвлөгөө гуйгаагүй үед зөвлөх нь ахлагчдад амаргүй санагдах нь ойлгомжтой. Яагаад? Элч Паулын хэлснээр, хүн замаасаа хазайснаа өөрөө мэдээгүй байж болох юм. Ийм учраас яагаад зөвлөгөө өгөөд байгааг нь ойлгохгүй байж мэднэ. Тиймээс зөвлөгөөг нь нааштай хүлээж авахад туслахын тулд ахлагчид зарим алхам хийж сэтгэл зүрхийг нь бэлдэх хэрэгтэй.
11 Гуйгаагүй үед зөвлөгөө өгөхийг хатуу хөрсөнд ургамал тарихтай зүйрлэж болно. Тариачин үр суулгахаасаа өмнө юуны түрүүнд хөрсөө сэндийлж зөөлрүүлдэг. Дараа нь үрээ суулгана. Эцэст нь усална. Үүнтэй адилаар зөвлөгөө өгөхөөсөө өмнө ахлагч зарим зүйлийг хийх хэрэгтэй. Жишээ нь тэр хүнд үнэхээр санаа тавьдгаа, хэлэх юм байгаагаа цагийг нь олоод эвтэйхэн ойлгуулна. Хэрэв тэр ахлагч хайр халамжтай, сайхан сэтгэлтэйгээрээ хурлынхандаа танигдсан хүн бол зөвлөгөөг нь дуртайяа сонсоно.
12 Ярилцаж байхдаа, хүн бүр алдаа гаргадгийг, зөвлөгөө хэрэгтэй үе байдгийг дурдан «хөрсөө үргэлжлүүлэн зөөлрүүлж» болох юм (Ром 3:23). Тэгэхдээ аядуу зөөлөн, хүндэтгэлтэй ярьж, ямар алдаа гаргаж байгааг нь Библиэс үзүүлнэ. Гэрчийг алдаагаа хүлээн зөвшөөрсний дараа ахлагч «үр суулгах» буюу алдаагаа засахын тулд яах хэрэгтэйг тодорхой хэлж өгнө. Эцэст нь түүнийг чин сэтгэлээсээ магтаж, хамт залбиран «үрээ усална» (Яак. 5:15).
Зөвлөгөө өгөхийг гуйгаагүй хүнд зөвлөхдөө хайраа илэрхийлж, сэтгэл зүрхийг нь бэлдээрэй (10–12-р догол мөрийг үзээрэй)
13. Зөвлөгөөг нь ойлгосон эсэхийг ахлагчид хэрхэн магадлах вэ?
13 Заримдаа сонсож байгаа хүн зөвлөгөөг буруу ойлгох нь бий. Үүнээс сэрэмжлэхийн тулд ахлагчид яах вэ? Хүндэтгэлтэй ярьж, асуултаа эвтэйхэн асууна (Ном. 12:11). Ийнхүү өгсөн зөвлөгөөг нь ойлгож байгаа эсэхийг нь мэдэж авна.
ЦАГИЙГ НЬ ОЛЖ, ЗӨВ АРГААР
14. Уурласан үедээ яагаад зөвлөгөө өгөх ёсгүй вэ?
14 Бид бүгдээрээ төгс бус учир заримдаа нэгнийгээ гомдоох юм хэлэх юм уу хийчихдэг (Кол. 3:13). Тэр бүү хэл, уурлуулчихдаг гэж Библид бий (Эф. 4:26). Гэхдээ уурласан үедээ зөвлөгөө өгөхөөс зайлсхийх ёстой. Яагаад? «Учир нь уурласан хүн Бурхны зөв гэж үздэг юмыг хийдэггүй» (Яак. 1:20). Хэрэв ууртай үедээ зөвлөгөө өгвөл нөхцөл байдлыг улам муутгаж болзошгүй. Гэхдээ таныг уурлуулсан хүнд юу бодож, ямар санагдсанаа огт хэлж болохгүй гэсэн үг биш. Харин тайвширсныхаа дараа л ярилцвал илүү үр дүнтэй. Иовд сайн зөвлөгөө өгсөн Елихугийн жишээг ярилцъя.
15. Елихугийн жишээнээс юу мэдэж авах вэ? (Бас зургийг үзээрэй).
15 Хуурамч гурван тайвшруулагч Иовыг буруутгахад өөрийгөө өмгөөлж юу ярихыг нь Елиху хэдэн өдрийн турш тэвчээртэй сонссон. Тэрбээр Иовыг их өрөвдсөн. Гэхдээ бас ихэд уурласан. Учир нь Иов өөрийнхөө буруугүйг батлах гээд Еховагийн тухай үнэн бус юм ярьсан. Тэгсэн ч Елиху ярих ээлжээ хүлээж, зөвлөгөө өгөхдөө тайван, хүндэтгэлтэй ярьсан (Иов 32:2; 33:1–7). Елихугийн жишээнээс бид чухал юм мэдэж авна. Зөвлөгөөг цагийг нь олж, зөв аргаар буюу хүндэтгэлтэй байж, хайрын сэтгэлээр өгөх нь хамгийн үр дүнтэй (Ном. 3:1, 7).
Елиху Иовд маш их уурласан ч тайвширсныхаа дараа хүндэтгэлтэй, аядуу зөөлөн ярьсан (15-р догол мөрийг үзээрэй)
ЗӨВЛӨГӨӨ ӨГДӨГ, АВДАГ БАЙГААРАЙ
16. Дуулал 32:8-аас та юу ойлгосон бэ?
16 Ехова: «Би чамайг ажиглан, зөвлөгөө өгнө» гэж хэлдэг (Дуулал 32:8-ыг уншина, ШЕ). Энэ нь бидэнд үргэлж тусална гэсэн үг. Тэрбээр зөвлөгөө өгөөд зогсохгүй зөвлөснийг нь хэрхэн хэрэгжүүлэхийг ч зааж өгдөг. Ямар сайхан жишээ вэ! Хэн нэгэнд зөвлөгөө өгөх хэрэгтэй болбол Еховаг дуурайн урамшуулан зоригжуулж, зөв шийдвэр гаргахад нь тусалж байцгаая.
17. Библид үндэслэсэн зөвлөгөө өгдөг ахлагчид юутай зүйрлэм бэ? (Исаиа 32:1, 2).
17 Өнөөдөр бид сайн зөвлөгөө өгдөг, авдаг байх нь хэзээ хэзээнээс илүү хэрэгтэй болоод байна (2 Тим. 3:1). «Усгүй газар дахь ус» хүнийг сэргээдэг шиг ахлагчид Библиэс тодорхой зөвлөгөө өгөн биднийг урамшуулж, Еховад цаашдаа ч үйлчлэхэд маань тусалдаг (Исаиа 32:1, 2-ыг уншина, ШЕ). Бидний юу сонсмоор байгааг мэддэг ч, юу хэрэгтэйг зөвлөдөг найзууд бол «сийлбэртэй мөнгөн аяган дахь алтан алимтай адил» үнэ цэнтэй бэлэг юм (Сур. 25:11, ШЕ). Бүгдээрээ сайн зөвлөгөө өгдөг, авдаг байхын тулд суралцсаар байцгаая.
ДУУ 25 Хайраар маань биднийг таниг