Гэр бүлүүд ээ, Бурхны хурлын хэсэг болохын хувьд түүнийг алдаршуулагтун
«Би чуулганы («хурлын», ШЕ) дотор Эзэнийг магтан дуулна» (ДУУЛАЛ 26:12).
1. Залбирах, гэртээ Библи судлахаас өөр ямар зүйл жинхэнэ шүтлэгийн чухал хэсэг болдог вэ?
ЕХОВАГ шүтэж мөргөнө гэдэг нь зөвхөн залбирах, гэртээ Библи судлах төдийгүй Бурхны хурлын үйл хэрэгт оролцоно гэсэн үг. «Эрэгтэй эмэгтэй хүмүүс, хүүхэд багачууд болон бүх ардыг» Бурхны замаар нь замнуулахын тулд түүний хуулинд сургахаар цуглуулах зарлигийг эртний Израильд өгчээ (Дэд хууль 31:12, ШЕ; Иошуа 8:35). Ахмад настангууд, «харчууд ба бүсгүйчүүдийн» аль алиныг нь Еховагийн нэрийг алдаршуулан магтахыг уриалсан байдаг (Дуулал 148:12, 13). Үүнтэй адилхан зүйл ч христосын шашинтны хуралд болдог. Дэлхий даяарх Хаанчлалын Танхимуудад болдог хэлэлцүүлэгт эрэгтэй эмэгтэй хүмүүс, хүүхдүүд чөлөөтэй оролцдог бөгөөд ингэж оролцох нь олон хүнд таатай байдаг (Еврей 10:23–25).
2. а) Хүүхдүүд цуглаан дээр уйдахгүй байх гол хүчин зүйл нь ямар учраас бэлтгэл байдаг вэ? б) Хэний жишээ чухал вэ?
2 Хүүхдүүдийг хурлын амьдралд дасахад нь туслахын тулд ихээхэн хүчин чармайлт шаардлгатай болж магадгүй. Зарим хүүхэд эцэг эхээ дагаад цуглаанд ирдэг хэрнээ тэнд болж байгаа үйл ажиллагаанд сонирхол нь татагддаггүй. Үүний учир юунд байдаг вэ? Мэдээжээр, ихэнх хүүхэд анхаарлаа богино хугацаанд төвлөрүүлээд удалгүй сонирхол нь буурдаг. Тэгвэл урьдчилан бэлтгэх нь уг бэрхшээлийг шийдвэрлэхэд дөхөмтэй. Хүүхэд бэлтгэлгүйгээр цуглаанд үр дүнтэй оролцож чаддаггүй (Сургаалт үгс 15:23). Урьдчилсан бэлтгэлгүй бол хүсэл сэтгэлийг нь хангахуйц итгэл үнэмшилтэй болоход тэдэнд хэцүү байх болно (1 Тимот 4:12, 15). Тэгвэл яах вэ? Нэгдүгээрт, эцэг эхчүүд өөрсдөөсөө бид цуглаандаа бэлддэг бил үү? гэж асуух хэрэгтэй. Тэдний үлгэр жишээ хүчтэй нөлөө үзүүлдэг (Лүүк 6:40). Гэр бүлээрээ судлах тодорхой төлөвлөгөөтэй байх нь мөн чухал үүрэг гүйцэтгэж болно.
Зүрх сэтгэлийг төлөвшүүлэх
3. Гэр бүлийн судлалаараа зүрх сэтгэлийг төлөвшүүлэхийн тулд яагаад онцгой хүчин чармайлт хэрэгтэй ба үүнд юу шаардлагатай вэ?
3 Гэр бүлийн судлалын цаг нь зөвхөн толгой тархийг мэдлэгээр дүүргэх цаг бус мөн зүрх сэтгэлийг төлөвшүүлдэг цаг байх ёстой. Үүний тулд гэр бүлийн гишүүдийн өмнө тулгарч буй бэрхшээлүүд болон хүн бүрийн талаар хэрхэн санаа тавьж байна вэ гэдэгт анхаарах шаардлагатай болдог. Ехова бол «зүрхийг харагч» билээ (Судрын дээд 29:17, ШЕ).
4. а) «Ухаан мөхөс» байх гэдэг нь ямар утгатай вэ? б) «Зүрх сэтгэлтэй болохын» тулд яах хэрэгтэй вэ?
4 Ехова үр хүүхдийн маань зүрхийг шинжихдээ чухам юу олж хардаг бол оо? Тэдний ихэнх нь би Бурхныг хайрладаг гэж хэлэх байх. Энэ бол сайшаалтай хэрэг. Гэвч, Еховаг дөнгөж таньж эхэлж байгаа залуу хүний хувьд туршлага нь хязгаарлагдмал байдаг. Тийм хүн туршлагагүйгээсээ болоод Библид бичсэнээр «ухаан мөхөс» байдаг. Түүний санаа бодол нь бүхэлдээ муу биш байж болох юм. Гэвч, зүрх сэтгэл нь Бурхны тааллыг жинхэнэ ёсоор олох хүртэл цаг хугацаа хэрэгтэй. Үүний тулд санаа бодол, хүсэл эрмэлзлэл, дур сонирхол, сэтгэл мэдрэмж, амьдралын зорилго зэргээ төгс бус хүний хувьд хийж чадах тэр л хэмжээгээр Бурхны таалалд нийцүүлэх хэрэгтэй. Хэрэв хүн ингэж төлөвших аваас «зүрх сэтгэлтэй болно» (Сургаалт үгс 9:4; 19:8, ШЕ).
5, 6. Хүүхдүүдээ «зүрх сэтгэлтэй болоход» нь эцэг эхчүүд хэрхэн тусалж болох вэ?
5 Хүүхдүүдээ «зүрх сэтгэлтэй болоход» нь эцэг эхчүүд тусалж чадах уу? Хэн ч өөр бусдын зүрх сэтгэлийг сайн сайхан болгож үл чадна. Бид бүгдээрээ сонгох эрх чөлөөтэй бөгөөд юуны тухай эргэцүүлэн бодохыг өөрсдөдөө зөвшөөрдгөөс их зүйл хамаардаг. Гэхдээ, эцэг эхчүүд ухаалаг байж, хүүхдийнхээ зүрх сэтгэл ямар байгааг болон ямар тусламж хэрэгтэй байгааг мэдснээрээ хүүхдийнхээ санаа бодлыг ойлгож чадна. «Энэ тухай чи юу гэж бодож байна вэ?» «Үнэн хэрэгтээ чи юу хийхийг хүсэж байна вэ?» гэх зэрэг асуулт тавиарай. Дараа нь юу гэж хариулахыг нь анхааралтай сонсоорой. Хүүхдийн хэлж ярьсанд хэтэрхий нарийн хандах хэрэггүй (Сургаалт үгс 20:5). Хэрэв та зүрх сэтгэлд нь хүрэхийг хүсэж байгаа бол сайхан сэтгэлээр хандах, хүүхдийг ойлгох, хайрлах нь чухал шүү.
6 Хүүхдүүдээ зөв хүн болгон хүмүүжүүлэхийн тулд сүнсний үр жимсний талаар, түүний чанар болгоны талаар байнга ярьж, гэрийнхнийгээ тийм сайхан зан чанаруудтай болгохын тулд анхаарч ажиллаарай (Галат 5:22, 23). Бид зөвхөн Еховаг болон Есүс Христийг хайрлах ёстой гэж ярих бус харин ямар учраас тэднийг хайрладаг ба энэ хайраа хэрхэн илэрхийлж болох вэ гэх мэт шалтгаануудыг хэлэлцэх хэрэгтэй. Ингэснээр бид тэднийг хайрлаж сурна (2 Коринт 5:14, 15). Зөв үйл ямар ач тустай вэ гэдгийг эргэцүүлэн бодуулах замаар тийн хандах хүслийгнь хөгжүүлээрэй. Алив муу бодол санаа, үг яриа болон явдал үйл нь ямар хор уршиг тарьж болох талаар шүүн ярилцаж, тийм юмыг үзэн яддаг болгон хүмүүжүүлэхийг хичээгээрэй (Амос 5:15; 3 Иохан 11). Сайн болоод саар бодол санаа, үг яриа хийгээд явдал үйл нь Еховатай харьцах харьцаанд хэрхэн нөлөөлж болдгийг ойлгуулаарай.
7. Бэрхшээлийг даван туулж, шийдвэр гаргахдаа Еховатай дотно харьцаагаа хэвээр хадгалж үлдэхэд нь хүүхдүүдэд хэрхэн тусалж болох вэ?
7 Хүүхэд элдэв бэрхшээлтэй тулгарсан юм уу эсвэл чухал шийдвэр гаргах шаардлагатай болсон үед: «Энэ талаар Ехова юу боддог гэж чи үзэж байна вэ? Еховагийн тухай ямар мэдлэг чамайг яг ингэж хэлэхэд хүргэв? Энэ тухайгаа Еховад хэлж залбирсан уу?» гэх зэргээр асууж болно. Хэрэв та бүхэн үүнийг хүүхдээ аль болох бага байхаас нь хийж эхэлбэл Бурхны хүсэл тааллыг цаг ямагт бодолцдог бөгөөд түүнийг биелүүлдэг журмыг амьдралдаа хэвшил болгоход нь тэдэнд туслах болно. Еховатай хувийн ойр дотно харьцааг хөгжүүлэн, түүний замаар замнах нь баяр жаргал эдлүүлдэг гэдгийг тэд ойлгох болно (Дуулал 119:34, 35). Энэ нь тэдэнд жинхэнэ Бурхны хуралд хамрагдах боломжтой болсныхоо төлөө талархах сэтгэлийг төрүүлдэг.
Хурлын цуглаанд бэлтгэх
8. а) Гэр бүлийн судлалын үед анхаарал татсан бүх асуудлыг харгалзан үзэхэд юу тусладаг вэ? б) Энэ судлал нь хэр зэрэг чухал вэ?
8 Гэр бүлээрээ судлах явцад олон зүйлд анхаарлаа хандуулах хэрэгтэй болдог. Тэр болгоныг хэрхэн харгалзан үзэх вэ? Бүх асуудлыг нэгэн зэрэг шийдвэрлэх боломжгүй юм. Гэхдээ хийх ажлынхаа жагсаалтыг урьдчилан гаргах нь их тустай гэдгийг ойлгоно байх (Сургаалт үгс 21:5). Түүнийгээ байн байн эргэн харж, чухам юуг онцгой анхаарах хэрэгтэй вэ гэдгийг тодорхойлж бай. Гэр бүлийнхээ гишүүн нэг бүрийн амжилт ололтыг анхааран сонирх. Гэр бүлээрээ судлах нь бидний өнөөгийн амьдралд тусалдаг төдийгүй ирээдүйн мөнх амьдралд бэлтгэдэг христосын шашинтны сургалтын салшгүй чухал хэсэг мөн билээ (1 Тимот 4:8).
9. Гэр бүлийн судлалын цагаараа ямар зорилгуудад хүрэхээр аажуу уужуу ажиллаж болох вэ?
9 Та нар гэр бүлийн судлалын цагаараа хурлын цуглаандаа бэлддэг үү? Хамтарч хичээллэн, тавьсан зорилгодоо хүрэхээр аажуу уужуу ажиллаж болно. Эдгээрийн заримыг биелүүлэхэд хэдэн долоо хоног, сар, тэр ч бүү хэл бүр хэдэн жил шаарддагдаж болох юм. Дараах зорилгуудыг өмнөө тавьж болно. Тухайлбал: 1) гэр бүлийн гишүүн бүр хурлын цуглаан дээр хариулж тайлбарлахад бэлэн байх; 2) хүн бүр өөрийн үгээр тайлбарлах; 3) хариулахдаа Библийн зүйлүүдээс ашиглах; 4) судалж буй сэдвийг амьдралдаа хэрэглэж болох талаас нь авч үзэх. Энэ бүхэн бол үнэнийг ойлгож, хүлээж авахад хүнд тустай (Дуулал 24:4, 5).
10. а) Бид хурлын цуглаан болгонд хэрхэн анхаарлаа хандуулж болох вэ? б) Юуны учир энэ нь чухал вэ?
10 Танай гэр бүлийн судлал гол төлөв «Харуулын цамхаг» сэтгүүлийн нийтлэл судалахад зориулагдсан байлаа ч, хурлын ном судлал, теократ үйлчлэлийн Сургууль болон үйлчлэх цуглаанд бэлтгэхийн чухлыг бүү мартаарай. Эдгээр нь мөн Еховагийн замаар замнахад биднийг сургадаг хөтөлбөрийн чухал хэсэг юм. Цуглаанд та бүхэн гэр бүлээрээ үе үе бэлдэж болно. Тэгсэнээрэ та нар маш чухал зүйлийг хэвшил болгоно. Үүний үр дүнд цуглаанаас илүү их зүйлийг мэдэж авдаг болно. Энэ бүхнээс гадна, цуглаанд байнга урьдчилан бэлтгэхийн ашиг тус болон бэлтгэхийн тулд тодорхой цаг зав гаргахын чухлыг ярилцаарай.
11, 12. Хурлын цуглаан дээр дуулах дуунуудаа урьдчилан бэлдэх нь ямар ач тустай ба үүнийг яаж гүйцэтгэж болох вэ?
11 «Амийн Бурхны зам» чуулган биднийг цуглааныхаа хөтөлбөрийн нэгэн хэсэг болох дуугаа урьдчилан бэлтгэж байхыг сануулсан. Үүнийг та бүхэн мөрдөж байгаа юу? Дуу бол библийн үнэнийг зүрх сэтгэлдээ хоногшуулахад маань бидэнд туслахын зэрэгцээ хурлын цуглааныг баяр баясгалантай болгодог.
12 Цуглаан дээр дуулах дууныхаа үгийг уншин, зарим үгийнх нь утга учрыг шүүн ярилцах замаар урьдчилан бэлтгэх нь дуугаа зүрх сэтгэлийнхээ угаас дуулахад маань бидэнд туслах болно. Эртний Израильчууд хөгжмийн зэмсгийг гол төлөв шүтлэг мөргөлдөө ашигладаг байлаа (Судрын дээд 25:1; Дуулал 27:7). Танай гэрийнхнээс хөгжим тоглодог хүн бий юү? Тэгвэл ирэх долоо хоногийнхоо цуглаанууд дээр дуулах Хаанчлалын дуунуудаас хөгжимдөн дуулж, бүх гэр бүлээрээ сургуулилж болохгүй нь юу билээ? Тэрчлэн дууны бичлэгийг ашиглаж болох юм. Зарим оронд ах эгч нар маань хөгжим хэрэглэхгүйгээр маш сайхан дуулцгаадаг. Тэд замаар явж байхдаа юм уу талбайдаа ажиллаж байхдаа ирэх долоо хоногийн цуглаан дээр дуулах дуунуудаа байнга дуулж байдаг (Эфэс 5:19).
Дэлгэрүүлэх ажилд гэр бүлээрээ бэлтгэх нь
13, 14. Дэлгэрүүлэх үйлчлэлд зүрх сэтгэлийг маань бэлтгэж өгдөг гэр бүлийн хэлэлцүүлэг яагаад чухал ач холбогдолтой вэ?
13 Еховагийн тухай болон санаа зорилгынх нь талаар бусад хүмүүст гэрчлэх явдал бол бидний амьдралын чухал хэсэг мөн (Исаиа 43:10–12; Матай 24:14). Дэлгэрүүлэх ажил нас сүүдрээс маань хамаарахгүйгээр бидэнд ихээхэн баяр хөөр авчирдаг бөгөөд хэрэв бид үйлчлэлдээ сайтар бэлтгэх юм бол илүү ихийг хийж чадна. Бид үүнийг гэр бүлийнхээ хүрээнд хэрхэн хийж болох вэ?
14 Шүтлэгтэй холбоотой бүх л зүйлд зүрх сэтгэлийнхээ угаас хандах нь чухал. Бид зөвхөн юу хийх гэж байгаа тухайгаа төдийгүй ямар учраас үүнийг хийх болов гэдгээ шүүн ярилцах хэрэгтэй. Иосафат хааны үед ард түмнийг Бурхны хуулиар дамжуулан сургадаг байсан. Гэтэл, ард түмэн «зүрх сэтгэлээ төдий л тууштай хандуулсангүй» гэж Библид бичсэн байдаг. Энэ нь тэднийг жинхэнэ шүтлэг мөргөлөөс нь холдуулж, толгойгий нь эргүүлж болох зүйлийн өмнө хүчин мөхөс болгодог (Судрын дэд 20:33; 21:11, ШЕ). Бид дэлгэрүүлэх ажилд зарцуулсан цаг болон тараасан хэвлэлийнхээ талаар тайлан өгөхийн тулд дэлгэрүүлдэггүй. Бидний үйлчлэл нь Еховад болон амийг сонгоход нь боломж олгох ёстой хүмүүст үзүүлж байгаа хайрын маань илэрхийлэл байх ёстой (Еврей 13:15). Ийм үйлчлэлд бид «Бурхны хамтран зүтгэгчид» юм (1 Коринт 3:9). Энэ бол асар том нэр төрийн хэрэг мөн! Бид үйлчлэлд тэнгэрэлчидтэй хамтран ажилладаг (Илчлэлт 14:6, 7). Долоо хоног бүр гэр бүлийн судлалаараа хамтран хэлэлцэх юм уу эсвэл «Бичээсийг өдөр бүр нягтлан үзэх» товхимлыг гэр бүлийнхээ хүрээнд уншин ярилцах нь тийм албыг итгэн тохоосных нь учир талархан бахархах онцгой боломжийг бидэнд олгож байгаа юм.
15. Бид дэлгэрүүлэх үйчлэлд гэр бүлээрээ хэзээ бэлтгэж болох вэ?
15 Заримдаа та нар тухайн долоо хоногийн дэлгэрүүлэх үйлчлэлд гэр бүлийнхээ гишүүдийг оролцуулах бэлтгэл болгон гэр бүлээрээ судлан хэлэлцдэг үү? Ингэх нь маш их тустай байж болох юм (2 Тимот 2:15). Тийм бэлтгэл бол үйлчлэл ач холбогдолтой бөгөөд үр өгөөжтэй болоход тусладаг. Заримдаа дэлгэрүүлэх үйлчлэлийн бэлтгэлд гэр бүлийн судлагааны цагаа бүгдий нь зориулж болно. Гэхдээ та нар дэлгэрүүлэх үйлчлэлийн асуудлыг гол төлөв гэр бүлээрээ судлах цагийнхаа төгсгөлд богино хугацаагаар юм уу эсвэл долоо хоногийн өөр өдөр хэлэлцэж болно.
16. Энэ догол мөрөнд дурьдсан зүйл бүрийн ач холбогдлыг шүүн ярилцана уу.
16 Гэр бүлийн судлалыг хэд хэдэн зүйл дээр төвлөрүүлж болно. Жишээ нь: 1) дэлгэрүүлэх үедээ хэлэх үгээ болон Бичээсээс унших зүйлээ давтаж бэлтгэх; 2) хүн болгон боломжийнхоо хирээр өөрийн цүнх, Библи, тэмдэглэлийн дэвтэр, үзэг буюу харандаатай байж, танилцуулга ба бусад ном хэвлэлээ үрчийлгэн муухай болгохгүй байх талаар санаа тавих хэрэгтэй. Цүнх заавал үнэтэй байх албагүй, харин түүнийгээ цэвэр нямбай авч явах нь чухал; 3) албан бусаар хэзээ, хаана дэлгэрүүлж болохыг шүүн хэлэлцэх. Тийм хэлэлцүүлэг болгоны дараа бэлтгэлийн цагаараа ярилцсан зүйлээ амьдралд хэрэгжүүлэн хамтдаа дэлгэрүүлээрэй. Сайхан үг хэлэх хэрэгтэй. Гэхдээ, шууд л учиргүй олон зөвлөгөө өгөхгүй байхыг хичээгээрэй.
17, 18 а) Дэлгэрүүлэх үйлчлэлд гэр бүлээрээ урьдчилан бэлтгэх нь түүнийг хэрхэн үр өгөөжтэй болгодог вэ? б) Дэлгэрүүлэх үйлчлэлд бэлтгэхдээ долоо хоног бүр юун тухай ярилцаж болох вэ?
17 Есүс Христээс дагалдагчдадаа өгсөн даалгаварын үндсэн хэсэг нь шавь нар бэлдэх явдал юм (Матай 28:19, 20). Зөвхөн дэлгэрүүлэх ажил хийх нь шавь нар бэлдэхэд хангалттай бус. Тэднийг сургах хэрэгтэй. Энэ талаар үр дүнд хүрэхэд гэр бүлийн судлал танд хэрхэн тусалж болох вэ?
18 Давтан очих боломжтой хүнийхээ талаар гэр бүлээрээ хэлэлцээрэй. Хэн нэг нь хэвлэл авсан, харин нөгөө нэг нь зүгээр л сонссон байж болох юм. Заримтай нь айлаас айлд үйлчлэх үедээ, нөгөө заримтай нь захаар юм уу сургууль дээр албан бусаар дэлгэрүүлэх үедээ ярилцсан байж болно. Та бүхэн Бурхны Үгийг удирдлага болгоорой (Дуулал 24:9; Езекиел 9:4). Тухайн долоо хоногт та нарын хэн нь хэнийд очихоо шийдээрэй. Тэр хүнтэйгээ та нар юу ярих вэ? Гэр бүлээрээ хэлэлцэх нь гэр бүлийн гишүүн бүрийг урьдчилан бэлтгэхэд нь тусладаг. Сонирхогч хүмүүстээ уншиж өгнө гэсэн Бичээсийн тусгай сэдвүүдээ, мөн тэрчлэн «Бурхан биднээс юу шаарддаг вэ?» товхимолоос юм уу эсвэл «Мөнхийн амь уруу хөтлөх мэдлэг» номноос зохих санаануудыг зурж тэмдэглэх хэрэгтэй. Нэг удаагийн очилтоороо хэтэрхий их юм ярилцах нь зохимжгүй. Айлчлалынхаа төгөсгөлд дараагийн уулзалтаараа хариулах нээлттэй асуулт тавьж орхиорой. Гэр бүлийн гишүүд давтан очилт болон давтан очилтынхоо цаг, зорилгыг долоо хоног тутам хамтдаа төлөвлөж яагаад болохгүй гэж? Ингэвэл гэр бүлээрээ хийх дэлгэрүүлэх үйлчлэлийг улам үр өгөөжтэй болгодог.
Тэднийг Еховагийн замаар замнахыг үргэлжлүүлэн сурга
19. Еховагийн замаар замнахаа үргэлжлүүлэхэд гэр бүлийн гишүүдэд юу хэрэгтэй ба үүнд юу тус дэм болдог вэ?
19 Энэ ёс бус нийгэмд гэр бүлийн тэргүүн байна гэдэг амаргүй хэрэг. Сатан болон түүний албидууд Еховагийн үйлчлэгчдийн шүтлэг бишрэлийн байдлыг эвдэн бусниулахыг хичээж байдаг (1 Пэтр 5:8). Түүнээс гадна өнөөдөр эцэг эхчүүдэд, ялангуяа ганц бие эцэг эхэд ихээхэн хавчилга учирдаг болсон байна. Хүссэн болгоноо хийе гэтэл цаг үл олдно. Гэвч, нэг удаагийнхаа оролдлогоор ядаж ганц ч болтугай зүйлийг хийх боломжтой байсан ч хүчин чармайлт гаргах хэрэгтэй бөгөөд тийм байдлаар гэр бүлийн судалгааныхаа хөтөлбөрийг аажмаар сайжруулбал зохино. Ойр дотныхоо хүнийг Еховагийн замаар хатуу итгэлтэйгээр замнахыг нь харахад танд хэчнээн бахдалтай вэ! Еховагийн замаар тууштай замнахын тулд гэр бүлийн гишүүд хурлын цуглаанууд болон дэлгэрүүлэх үйлчлэлд дуртай байх хэрэгтэй. Үүний тулд сэтгэл зүрхийг төлөвшүүлж, хүн болгоныг хурлын үйл ажиллагаанд ухамсартайгаар оролцоход нь тусладаг бэлтгэл хэрэгтэй.
20. 3 Иоханы 4-т бичсэн тэр баяр баясгаланг улам олон эцэг эх хүртэн эдлэхэд юу тусалж болох вэ?
20 Сүнслэг тусламж үзүүлсэн хүмүүсийнхээ талаар элч Паул: «Өөрийн хүүхдүүдийг үнэн дотор явж байгааг сонсохоос эрхэм баяр баясгалан надад үгүй билээ» гэж бичжээ (3 Иохан 4). Хэрэв, гэр бүлийн судлал нь тодорхой зорилготойгоор явагддаг бөгөөд тэргүүн нь гэр бүлийнхээ гишүүн бүрийн хэрэгцээний талаар санаа тавьж, сайхан сэтгэлээр ханддаг бол тэр гэр бүлийнхэн баяр хөөртэй байх болно. Эцэг эхчүүд амийн Бурхны замд талархан хамгийн зөв замаар замнахад нь гэрийнхэндээ тусладаг (Дуулал 18:8–12).
Та санаж байна уу?
◻ Хурлын цуглаанд бэлдэх нь хүүхдүүдийн хувьд яагаад чухал вэ?
◻ Хүүхдүүдээ «зүрх сэтгэлтэй болоход» нь эцэг эхчүүд хэрхэн тусалж болох вэ?
◻ Хурлын бүх л цуглаанд бэлдэхэд гэр бүлийн судлал хэрхэн тусладаг вэ?
◻ Дэлгэрүүлэх үйлчлэлд гэр бүлээрээ бэлдэх нь биднийг яаж идэвхтэй болгодог вэ?