БҮЛЭГ НЭГ
Гэр бүлээрээ жаргалтай амьдрах нууц байдаг уу?
1. Ямар учраас бат бэх гэр бүл нийгэмд чухал байдаг вэ?
ГЭР БҮЛ бол дэлхий дээрх хамгийн анхны байгууламж бөгөөд нийгэмд чухал үүрэг гүйцэтгэдэг. Гэр бүл бат бэх бол нийгэм хөгждөгийг түүх батлан харуулдаг. Хүүхэд гэр бүлийн орчинд л зөв, сайн хүн болж хүмүүждэг.
2–5. а) Жаргалтай айлын хүүхэд айх юмгүй явдгийн учрыг хэлнэ үү. б) Зарим гэр бүлд ямар бэрхшээл тулгардаг вэ?
2 Аз жаргалтай гэр бүлийн гишүүд амар тайван, аюулгүй аж төрдөг. Өв тэгш гэр бүлийг төсөөлөөд үзье. Халуун бүлээрээ ширээ тойрон сууж оройн хоол идэнгээ тэр өдрийн сонин сайхныг ярилцана. Хүүхдүүд сургууль дээр нь юу болсныг аав ээждээ нууж хаалгүй ярина. Хамтдаа сайхан амраад шинэ өдрийг эрч хүчтэй угтана.
3 Жаргалтай айлын хүүхэд аав ээж нь анхаарч халамжилдгийг, өвдлөө гэхэд шөнөжин сахиж асрахыг нь мэддэг. Мэдэхгүй чадахгүй юмаа аав ээжээсээ асуугаад мэдчихнэ. Эргэн тойронд нь саар юм их байлаа ч айх юмгүй тайван байдаг.
4 Хүүхэд өсөж том болоод өөрийн гэсэн гэр бүлтэй болдог. Дорнын нэгэн зүйр үгэнд «Үртэй болсон хүн эцэг эхдээ хэчнээн их өртэйгөө ухаардаг» гэж байдаг аж. Эцэг эхээрээ хайрлуулж өссөн, ачийг нь хариулахыг боддог хүн гэр бүлээ ч сайн сайхан авч явахыг хичээдэг бөгөөд ач зээтэй болсон, өтөл буурал эцэг эхээ харж ханддаг.
5 Үүнийг уншаад та: «Би гэрийнхэндээ хайртай л даа. Гэхдээ манайх энэ номд гарч байгаа айлтай адилгүй ээ. Би ч, манай хүн ч ажил гээд явчихна, хоногтоо л бараагаа харалцана. Бид голдуу мөнгө төгрөг ярьдаг» гэх юм уу «Хүүхэд, ач зээ нар маань өөр газар амьдардаг. Бараг уулзалддаггүй юм даа» гэж хэлж болох юм. Тийм ээ, амьдрал санаснаар болж бүтэхгүй байх нь олонтаа. Гэхдээ жаргалтай амьдардаг гэр бүл олон бий. Яаж? Гэр бүлээрээ жаргалтай амьдрах нууц гэж байдаг уу? Байдаг! Ямар нууц байдгийг ярилцахаасаа өмнө нэг чухал асуултыг авч үзье.
ГЭР БҮЛ ГЭЖ ЮУ ВЭ?
6. Энэ номд ямар гэр бүлийг онцолж үзэх вэ?
6 Өрнөдийн орнуудад гэр бүл гэдгийг эцэг эх, хүүхдүүд гэж ойлгох нь түгээмэл байдаг. Хамаатан садантайгаа холбоотой байдаг ч амьдралд нь тэр бүр оролцдоггүй. Өвөө эмээ нь чадал боломжтой байхдаа тусдаа амьдрах нь бий. Энэ номд эцэг эх, хүүхдээс бүрдсэн гэр бүлийн талаар голлон ярилцана. Гэхдээ сүүлийн жилүүдэд ганц бие эцэг, өрх толгойлсон эх, хоёр дахь амьдралаа зохиосон эсвэл гэр бүл болсон ч тодорхой шалтгаанаар тусдаа амьдардаг хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа нь ажиглагдаж байна.
7. Зарим айлын амьдрал ямар байдаг вэ?
7 Зарим улс оронд эцэг эх, хүүхдүүд, өвөө эмээ, хамаатнууд нэг дор амьдардаг. Хүүхдүүд нь нас дээр гарсан эцэг эхээ харж ханддаг. Холын хамаатнууд ойр дотно байж, бие биеийнхээ амьдрал ахуйд тус дэм болдог. Тухайлбал, ах дүү нарынхаа юм уу холын хамаатныхаа хүүхдийг өсгөх, заримдаа бүр сургалтынх нь төлбөрийг төлөх гэх мэтээр тусалдаг. Энэ номд тайлбарлах зарчмууд ийм гэр бүлд ч тустай.
ГЭР БҮЛД ТУЛГАРЧ БУЙ АЮУЛ
8, 9. Гэр бүлийн амьдралд өөрчлөлт гарч байгаа нь юунаас харагддаг вэ?
8 Харамсалтай нь, орчин үед сайн гэхээсээ саар юм гэр бүлд их гардаг болсон. Жишээ нь, Энэтхэгт эхнэр хүн нөхрийнхөө аав ээж, ах дүүтэй нь нэг дор амьдарч, гэрийн ажлыг тэдний санаанд тааруулж хийдэг. Гэхдээ сүүлийн үед энэтхэг эмэгтэйчүүд гэрлэсэн ч ажил төрөл хийх нь түгээмэл болжээ. Гэлээ ч эзэгтэйн үүргээ биелүүлэх ёстой гэсэн ойлголт одоо ч хадгалагдаж байгаа. Энэ байдлаас үүдээд олон оронд, ажил хийдэг эмэгтэй гэрийн ажлыг хэр их хийх ёстой вэ гэсэн асуудал хөндөгдөж байна.
9 Гэрлэснийхээ дараа эцэг эх, өвөө эмээ, ах дүүтэйгээ хамт амьдрах нь азийн орнуудад нийтлэг байдаг. Гэхдээ барууны соёл нэвтрэхийн зэрэгцээ эдийн засгийн байдал муудаж байгаагаас уламжлалаа дагаж амьдардаг гэр бүл цөөрч байна. Тиймээс олон хүн өндөр настай эцэг эхээ харж хандах үүргээ биелүүлэхийн оронд төвөгшөөдөг болжээ. Зарим хүн нас дээр гарсан эцэг эхтэйгээ зүй бусаар харьцдаг. Хөгшчүүлийг үл хайхрах, тэдэнтэй зүй бусаар харьцах явдал олон оронд гардаг болсон.
10, 11. Европт гэр бүлийн байдал өөрчлөгдөж байгааг ямар баримт харуулж байна вэ?
10 Гэр бүл салах нь нэмэгдсээр жирийн явдал болж байна. Жишээ нь, Испанид хэдэн жилийн өмнө 100 гэр бүл тутмын 1 нь салдаг байсан бол одоо бараг 12 нь салж байна. Гэр бүл салалтын тоогоор Европт тэргүүлдэг Британид (10 гэр бүлийн 4 нь салдаг) ганц бие эцэг, өрх толгойлсон эхийн тоо огцом нэмэгджээ.
11 Германд гэр бүл болох уламжлал алдагджээ. 1990-ээд оны байдлаар тус улсын нийт өрхийн 35 хувийг ганцаараа амьдардаг хүмүүс, 31 хувийг 2 ам бүлтэй айл эзэлж байв. Бас Францад гэр бүл болох нь багасаж, салалт нэмэгджээ. Гэрлэсэн ч урьдынхыг бодоход эрт салдаг болсон. Гэр бүлээ батлуулахгүйгээр хамт амьдрахыг илүүд үздэг хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа аж. Үүнтэй төстэй явдал дэлхий нийтэд ажиглагдаж байна.
12. Гэр бүл өөрчлөгдөж байгаа нь хүүхдэд хэрхэн нөлөөлж байна вэ?
12 Хүүхдийн тухайд юу хэлж болох вэ? АНУ болон бусад олон оронд гэрлээгүй хүмүүс, бүр өсвөр насны охид ч хүүхэд гаргадаг. Өөр өөр хүний хүүхэд төрүүлдэг залуу охид ч олон болжээ. Тоо бүртгэлээс үзэхэд, орон гэргүй, гудамжинд амьдардаг хүүхдийн тоо дэлхий дахинд олон саяд хүрсэн нь эцэг эх нь харгис хэрцгий ханддагийн улмаас гэрээсээ дайждаг, эсвэл тэжээх чадалгүй эцэг эхдээ хаягддагийнх аж.
13. Гэр бүлээрээ жаргалтай амьдрахад юу саад болж байна вэ?
13 Тийм ээ, гэр бүл гэдэг байгууламж аюулд өртөөд байгаа нь илэрхий байна. Түүнчлэн, өсвөр насныхны дуулгаваргүй явдал, гэр бүлийн хүчирхийлэл, архидалт, хүүхэдтэй зүй бус харьцах явдал болон бусад ноцтой асуудал гэр бүлээрээ жаргалтай амьдрахад саад болдог. Хүүхэд томчуудын олонх нь гэр бүлийнхэнтэйгээ тайван амгалан амьдарч чадахаа больжээ.
14. а) Гэр бүлийн амьдрал юунаас болоод дордож байна гэж зарим хүн үздэг вэ? б) Өнөөгийн нийгэм ямар байхыг І зууны нэг хуульч хэрхэн дүрсэлсэн бэ? Энэ үгийн үнэн болох нь гэр бүлийн амьдралаас харагдаж байна уу?
14 Гэр бүлийн амьдрал яагаад дордож байна вэ? Эмэгтэйчүүд ажил хийдэг болсон нь гэр бүлд сөрөг нөлөө үзүүлдэг гэж зарим хүн боддог байхад хүмүүс ёс суртахууны хувьд доройтсоноос болж байна гэж зарим нь үздэг. Өөр олон шалтгааныг дурдаж болох юм. Гэр бүлд янз бүрийн зовлон бэрхшээл учрахыг хоёр мянга орчим жилийн өмнө нэгэн алдартай хуульч хэлжээ. Тэрбээр: «Эцсийн өдрүүдэд хэцүү цаг ирнэ гэдгийг мэдэж ав. Учир нь хүмүүс өөрсдийгөө хайрлагчид, мөнгийг хайрлагчид, сагсуурагчид, их зантай, доромжлогчид, эцэг эхдээ захирагдахгүй, үл талархагч, ариун бус, үл хайрлагч, эвлэршгүй, гүжирдэгчид, биеэ хянадаггүй, хэрцгий, сайныг үзэн ядагчид, тэрслэгчид, бодлогогүй, биеэ тоодог, Бурханыг хайрлагчид байхаас илүү зугаа цэнгэлийг хайрлагчид болох болно» гэжээ (2 Тимот 3:1–4). Энэ үг өнөөдөр биелж байгаа гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Нийгэм ийм байхад гэр бүлийн амьдрал дордох нь гайхах зүйл биш ээ.
ГЭР БҮЛЭЭРЭЭ ЖАРГАЛТАЙ АМЬДРАХ НУУЦ
15–17. Гэр бүлээрээ жаргалтай амьдрахын нууцыг илчилдэг ямар ном байдаг вэ?
15 Яавал гэр бүлээрээ жаргалтай амьдрах талаар их ч ярьдаг, их ч бичдэг. Барууны орнуудад зөвлөгөө бүхий ном сэтгүүл, гарын авлага хаа сайгүй байдаг. Гэхдээ хүмүүсийн санал зөвлөгөө нэг нэгнийхтэйгээ зөрчилддөг бөгөөд өнөөдөр тустай гэгддэг ч маргааш нь ашиггүйд тооцогддог.
16 Тэгвэл гэр бүлээрээ жаргалтай амьдрахад тус болох найдвартай заавар зөвлөгөөг хаанаас авах вэ? 1900 гаруй жилийн өмнө бичигдсэн нэг номыг та сонирхох болов уу? Эсвэл аль эртний, үеэ өнгөрөөсөн ном гэж үзэх үү? Үнэндээ, гэр бүлээрээ жаргалтай амьдрахын нууцыг тэр номоос л мэдэх боломжтой.
17 Энэ ном бол Библи юм. Библийг Бурхан бичүүлсэн гэдэг нь олон янзын баримтаар нотлогдсон. Библид «Тэр номын бүх үг Бурханы онгод оруулан бичүүлсэн үг бөгөөд хүмүүжүүлэхэд, бурууг засахад, Бурханд таалагдах амьдралыг заахад тустай» гэж байдаг (2 Тимот 3:16, ШГ). Гэр бүлд тулгардаг бэрхшээлийг давж, «бурууг засахад» Библи хэрхэн тусалдгийг энэ гарын авлагаас мэдэж аваарай.
18. Гэр бүлийн талаарх Библийн зөвлөгөөг найдвартай гэж үзэж болохын учир юу вэ?
18 Библийн зөвлөгөөг дагавал гэр бүлээрээ жаргалтай амьдарна гэхлээр үнэмшилгүй санагдаж болох л доо. Гэхдээ та нэг зүйлийг бодоод үз дээ. Библийн зохиогч нь гэр бүлийг Санаачлагч юм (Эхлэл 2:18–25). Библид бичсэнээр, зохиогчийг нь Ехова гэдэг (Дуулал 83:18, 1838 оны орчуулга)a. Дэлхий дээрх бүх гэр бүлийг Бурхны ачаар бий болсон гэж үзэж болно. Ехова хүнийг бүтээсэн цагаасаа эхлэн ажиглаж ирсэн бөгөөд гэр бүлд ямар бэрхшээл тулгардгийг мэддэг, бас тэдгээрийг хэрхэн давахыг зааж зөвлөдөг. Түүхээс харахад гэр бүлийн амьдралдаа Библийн зарчмыг чин сэтгэлээсээ баримталдаг хүн аз жаргалтай амьдардаг ажээ.
19–21. Библийн зөвлөгөөг ажил хэрэг болговол гэр бүл бэрхшээлийг давж болдгийг ямар жишээ харуулж байна вэ?
19 Хэдэн жишээ үзье. Индонезийн нэг эмэгтэй мөрийтэй тоглоомд донтоод гурван хүүхдээ гаргуунд нь хаяж, нөхөртэйгөө хэл амаа олохоо байгаад хэдэн жил болжээ. Тэрбээр Библийн хичээл хийж, Библид итгэдэг болсон байна. Зөвлөгөөг нь сахисны ачаар сайн эхнэр болжээ. Хүчин чармайлт гарган Библийн зарчмыг баримталсны үрээр тэднийх жаргалтай амьдарч байгаа аж.
20 Нэг испани эмэгтэй: «Гэрлээд ганцхан жил өнгөрөхөд л нөхөр бид хоёр таарч тохирохоо больсон» гэж ярьсан юм. Хэрэлдэж маргахаас бусад цагт нөхөртэйгөө ярьдаггүй, олон юман дээр санаа нийлдэггүй байжээ. Охин нь нялх байсан ч тэд хууль ёсоор тусдаа амьдаръя гэж ярилцсан аж. Гэхдээ гэр бүлд тустай зөвлөгөө Библид байдгийг дуулаад сонирхож үзжээ. Библийн зөвлөгөөг дагасны ачаар тэр хоёр удалгүй бие биетэйгээ сайхан харьцдаг, жаргалтай гэр бүл болсон байна.
21 Библийн зөвлөгөө настай хүмүүст ч тустай. Нэг япон гэр бүлд юу тохиолдсоныг үзье. Нөхөр нь их түргэн зантай, заримдаа бүр харгис дээрэнгүй авирладаг байжээ. Охидыгоо Библийн хичээл хийдэг болоход эцэг эх нь хоёулаа дургүй байв. Гэтэл удалгүй аав нь охидтойгоо хамт хичээл хийдэг болоход эхнэр нь дургүй хэвээрээ байсан ч Библийн зарчим гэр бүлд нь хэрхэн сайнаар нөлөөлж байгааг хэдэн жилийн дараа анзаарчээ. Охид нь ээждээ халамжтай, нөхөр нь аядуу зөөлөн болсон байв. Эцэст нь тэр эмэгтэй өөрөө ч Библийн хичээл хийдэг болж, ач тусыг нь үзжээ. Энэ эмэгтэй: «Бид хоёр одоо л жинхэнэ эхнэр нөхөр болсон» гэж ярьдаг.
22, 23. Аль ч үндэстний хүн гэр бүлээрээ жаргалтай амьдрахын нууцыг Библиэс мэдэж болдог гэхийн учир юу вэ?
22 Гэр бүлээрээ жаргалтай амьдрахын нууцыг мэддэг болсон олон сая хүний цөөн хэдийнх нь жишээг үзлээ. Энэ хүмүүс Библийн зөвлөгөөг мэдэж аваад зогсоогүй мэдлэгийнхээ дагуу амьдарсан байна. Тэд бусдын адил хүчирхийлэл, ёс бус явдлаар дүүрсэн, мөнгө төгрөгний бэрхшээл гардаг нийгэмд амьдардаг. Бас төгс бус хэвээрээ л байгаа. Гэлээ ч гэр бүлийг Санаачлагчийн хүсэлд нийцүүлж амьдрахыг хичээдгийн үрээр аз жаргалтай явна. Библид бичсэнээр, Ехова бол «тустайг сурган, [биднийг] явах ёстой замаар [маань] удирддаг» Бурхан билээ (Исаиа 48:17).
23 Библи 2000 орчим жилийн өмнө бичигдэж дууссан боловч зөвлөгөө нь одоо ч үнэ цэнэтэй. Бас Библи бол Америк юм уу барууны ном биш, бүх хүнд зориулсан ном юм. Ехова «нэгнээс хүмүүн төрөлхтний үндэстэн бүрийг бүтээсэн» бөгөөд хүний мөн чанарыг мэддэг (Үйлс 17:26). Библийн зөвлөгөөг ямар ч хүн ажил хэрэг болгох боломжтой. Хэрэв та зөвлөгөөг нь дагавал гэр бүлээрээ жаргалтай амьдрахын нууцыг олно.
[Зүүлт]
a Бурхны нэрийн талаар Еховагийн Гэрчүүдийн гаргасан «Библийн сургаалыг зөв ойлгох нь» номын 195–197-р хуудасны хавсралтыг үзнэ үү.