Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • хц11 3/15 х. 28-32
  • Иеремиа шиг сэргэг бай

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Иеремиа шиг сэргэг бай
  • Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2011
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • Чухал мэдээ
  • Хүмүүсийг хайрлах хайр
  • Бурхны өгсөн эр зориг
  • Чин сэтгэлийн баяр баясгалан
  • Сэргэг байж даалгавраа биелүүлэгтүн!
  • Иеремиа шиг зоригтой байгтун
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2004
  • Иеремиа Еховагийн талаар ярихаа болиогүй
    Хүүхэдтэйгээ хамт уншаарай
Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2011
хц11 3/15 х. 28-32

Иеремиа шиг сэргэг бай

«Би үгээ биелүүлэхийн тулд сэргэг байна» (ИЕР. 1:12, ШЕ).

1, 2. Еховагийн «эрт босдогийг» бүйлс модтой зүйрлэсний учир юу вэ?

БҮЙЛС бол Израиль, Ливаны толгодод ургадаг, эрт цэцэглэдэг моддын нэг юм. Бүйлсийн үзэсгэлэнт цагаан, ягаан цэцэгс 1-р сарын сүүлч, 2-р сарын эхээр дэлбээлдэг. Еврей нэрийг нь үгчлэн орчуулбал «сэрээгч нэгэн» гэсэн утгатай.

2 Ехова Иеремиаг зөнчөөр томилохдоо нэг чухал зүйлийг ойлгуулахын тулд бүйлс модны энэ онцлогийг жишээ болгон ашигласан. Иеремиа зөнчөөр үйлчилж эхлэхдээ бүйлс модон таягийг үзэгдлээр үзсэн. Ехова үүний учрыг тайлбарлан: «Би үгээ биелүүлэхийн тулд сэргэг байна» хэмээжээ (Иер. 1:11, 12, ШЕ). Бүйлс мод эрт «сэрдэг» шиг, Ехова бэлгэдлийн утгаар «эрт босож», хүмүүсийг дуулгаваргүй байхын аюулаас сэрэмжлүүлэхээр зөнчдөө илгээдэг байв (Иер. 7:25). Тэрбээр зөгнөлийн үгээ биелүүлтлээ амсхийлгүй «эрт босож» байсан. Тэгээд МЭӨ 607 онд товлосон цаг нь болоход Иудагийн тэрслүү ард түмнийг шүүн шийтгэжээ.

3. Еховаг ямар байгаа гэж итгэж болох вэ?

3 Ехова хүсэл тааллаа биелүүлэхийн тулд өнөөдөр ч сэргэг байгаа. Хэлсэндээ хүрэхгүй байна гэдэг Еховагийн хувьд боломжгүй юм. Ехова сэргэг байдаг нь танд ямар санагддаг вэ? Ехова амлалтаа биелүүлэхийн тулд энэ 2011 онд ч «сэргэг» байгаа гэж та итгэдэг үү? Хэрэв Еховагийн амлалт баттай биелнэ гэдэгт эргэлзэж байвал сүнслэг нойрноосоо одоо л сэрэх хэрэгтэй (Ром 13:11). Еховагийн зөнч Иеремиа үргэлж сэргэг байж чадсан. Бурхны өгсөн даалгаврыг биелүүлэхийн тулд юуны ачаар, яаж сэргэг байсныг нь судалбал Еховагаас авсан ажлаа бид яаж тууштай хийж болохыг мэдэж авна.

Чухал мэдээ

4. Мэдээ хүргэх ажил Иеремиад ямар учраас хэцүү санагдсан бэ? Мэдээгээ яаралтай хүргэх ёстой байсны учир юу вэ?

4 Иеремиа Еховагаас томилолт авч харуул болохдоо 25 орчим настай байсан бололтой (Иер. 1:1, 2). Тэгсэн хэр нь өөрийгөө ард түмний ахлагчид, эрх мэдэлтэй, нас тогтсон хүмүүстэй ярьж огт чадахгүй жулдрай жаал гэж боджээ (Иер. 1:6). Тэрбээр хүмүүст, ялангуяа, тахилчид, хуурамч зөнчид, удирдагчид болон «өөрийн чиглэлээр» замнадаг, «итгэлээс няцан эргэсэн» хүмүүсийг хурцаар шүүмжлэн, аймшигт шүүх мэдээ тунхаглах ёстой байв (Иер. 6:13; 8:5, 6). Бараг дөрвөн зууны туршид жинхэнэ шүтлэгийн төв болж байсан, Соломон хааны барьсан сүрлэг сүм нурж, Иуда улс Иерусалим хоттойгоо эзгүйрэн хоосорч, оршин суугчид нь олзлогдох гэж байлаа. Тиймд, Иеремиагийн тунхаглах ёстой мэдээ чухал байсан нь тодорхой!

5, 6. а) Орчин үед Ехова Иеремиагийн ангиар юу хийлгэж байгаа вэ? б) Одоо бид юу үзэх вэ?

5 Ехова хүн төрөлхтнийг хайрладаг учраас бэлгэдлийн харуулын үүрэг гүйцэтгэдэг тослогдсон христиануудын бүлэг буюу Иеремиагийн ангиар одоо ч сэрэмжлүүлэг өгүүлэн, энэ ертөнцийг шүүх гэж байгаагаа мэдэгддэг. Тэд хүмүүст ямар цаг үед амьдарч байгааг нь олон арван жил сануулсаар ирсэн (Иер. 6:17). Цагаа нарийн баримталдаг Ехова Бурхан алгуурлаж удааширдаггүйг Библид онцолсон байдаг. Еховагийн өдөр товлосон хугацаандаа, хүмүүсийн бодож санаагүй цаг мөчид болох ажээ (Зеф. 3:8; Марк 13:33; 2 Петр 3:9, 10).

6 Ехова сэргэг байдаг бөгөөд зөвт шинэ ертөнцийг яг товлосон цагтаа байгуулна гэдгийг Иеремиагийн ангийн гишүүд мэддэг учраас сэргэг байж, Еховагийн мэдээг яаралтай хүргэх шаардлага улам бүр нэмэгдэж байгааг ухаардаг. Мөн хамтран зүтгэгч нөхдөдөө сэргэг байж, дэлгэрүүлэхэд нь тусалдаг. Харин та яая гэж бодож байна вэ? Илүү идэвхтэй дэлгэрүүлмээр байна уу? Тэгж байж л Есүсийн хэлснээр, Еховад үйлчлэх эсэхээ шийдэх боломжийг бүх хүнд олгоно шүү дээ. Одоо, Иеремиаг даалгавраа биелүүлэхэд нь тус болсон, бас бидэнд ч хэрэг болох гурван чанарыг авч үзье.

Хүмүүсийг хайрлах хайр

7. Иеремиаг хэцүү нөхцөлд ч мэдээ тунхаглахад хайр нь хэрхэн тусалсныг тайлбарлана уу.

7 Иеремиа хүнд хэцүү нөхцөлд ч мэдээ тунхаглаж чадсаны нууц юу вэ? Тэрбээр хүмүүсийг хайрладаг байв. Ард түмний нуруун дээрх хүнд ачаа, гай зовлонгийн ихэнх нь хуурамч хоньчдын балаг гэдгийг Иеремиа ухааран ойлгожээ (Иер. 23:1, 2). Ингэж ухаарсны ачаар хүмүүсийг өрөвдөн хайрладаг байв. Тэрбээр нутаг нэгтнүүдээ Бурхны Үгийг сонсоосой, амьд мэнд үлдээсэй гэж ихэд хүсжээ. Гай гамшигт нэрвэгдэх гэж байсан тэднийг бодоод ихэд шаналсандаа бүр уйлж байв (Иеремиа 8:21; 9:1-ийг уншина уу). Иеремиа Еховагийн нэр хийгээд ард түмнийг хэчнээн их хайрлаж, тэдний төлөө санаа тавьсныг «Гашуудал» номд хурц тод дүрсэлжээ (Гаш. 4:6, 9). Та «хоньчингүй хонин сүрэг мэт тарж, туйлдсан» хүмүүсийг хараад Бурхны Хаанчлалын тухай сайн мэдээгээр тайвшруулахыг хүсдэггүй гэж үү? (Мат. 9:36).

8. Иеремиа зовж байхдаа ч өшөө аваагүй нь юунаас харагддаг вэ?

8 Туслах гэсэн сэтгэл рүү нь ус асган гай болсон хүмүүст ч Иеремиа өс санаж, шанг нь хүртээж байсангүй. Тэр байтугай, ёс бусыг үйлддэг Зедекиа хаанд хүртэл тэвчээртэй хандаж, сайхан сэтгэл гаргасан! Зедекиа өөрийг нь алахыг тушаахад Иеремиа Еховагийн дуу хоолойг сонсооч гэж хаанаас гуйсаар байсан (Иер. 38:4, 5, 19, 20). Бид ч бас Иеремиагийн адилаар, хүмүүсийг тийм их хайрладаг уу?

Бурхны өгсөн эр зориг

9. Иеремиа Бурхны ачаар эр зоригтой болсон гэхийн учир юу вэ?

9 Анх Еховаг томилолт өгөх гэхэд нь Иеремиагийн татгалзсаныг бодож үзвэл, угийн эр зориг, тэсвэр хатуужилтай хүн байгаагүй ажээ. Харин Бурханд бүрэн дүүрэн найдсан учраас л зөнчөөр үйлчлэх хугацаандаа ер бусын зоригтой байсан хэрэг. Ехова түүнтэй «хүчит нэгэн мэт» хамт байсан. Өөрөөр хэлбэл, даалгавраа биелүүлэх хүч чадал хайрлан, дэмжиж тусалжээ (Иер. 20:11). Иеремиа эр зоригоороо ихэд алдаршсан учраас Есүсийг дэлхий дээр үйлчилж байхад нь зарим хүн Иеремиа амилчихаж гэж бодож байжээ (Мат. 16:13, 14).

10. Тослогдсон үлдэгсдийг «үндэстнүүдийн хийгээд хаанчлалуудын дээр» байдаг гэхийн учир юу вэ?

10 Үндэстнүүд болон хаанчлалуудад шүүх мэдээ хүргэх даалгаврыг Иеремиа «үндэстнүүдийн Хаан» Еховагаас авч байсан (Иер. 10:6, 7). Тэгвэл тослогдсон үлдэгсэд «үндэстнүүдийн хийгээд хаанчлалуудын дээр» байдаг гэдэг нь юу гэсэн үг вэ? (Иер. 1:10). Зөнч Иеремиагийн адилаар, Бурхны тослогдсон үйлчлэгчид орчлонт ертөнцийн хэмжээгүй эрхт Эзнээс даалгавар авсан учраас үндэстнүүд хийгээд хаанчлалуудад шүүх мэдээг дэлхий даяар тунхаглах зүй ёсны эрхтэй. Өнөөгийн үндэстнүүд болон хаанчлалуудыг Бурхан товлосон цагтаа, сонгосон аргаараа үндсээр нь устгахыг Хамгийн дээд Нэгнээс эрх мэдэл авсан Иеремиагийн анги онгод оруулан бичүүлсэн Үгийнх нь цэвэр хэлээр тунхагладаг (Иер. 18:7–10; Илч. 11:18). Иеремиагийн анги Еховагийн шүүх мэдээг дэлхий даяар тунхаглах даалгавраа зогсолтгүй биелүүлэх шийдвэр төгс байдаг.

11. Бэрхшээл тулгарсан ч дэлгэрүүлсээр байхад юу туслах вэ?

11 Эсэргүүцэл, хайхрамжгүй хандлага юм уу хүнд хэцүү нөхцөл байдлаас болж сэтгэлээр унах нь гайхах зүйл биш (2 Кор. 1:8). Гэхдээ тийм үед ч дэлгэрүүлэх ажлаа Иеремиа шиг зогсолтгүй хийцгээе. Бүү зүрх алдаарай. Бурханд найдаж, эр зоригтой болоход туслахыг тасралтгүй гуйж байцгаая (1 Тес. 2:2). Бурхны жинхэнэ үйлчлэгчид бид өгсөн даалгаврыг нь биелүүлэхийн тулд сэргэг байх ёстой. Христ шашны ертөнц итгэл эвдсэн Иерусалимын адилаар сүйрэхийг тунхагласаар байх хэрэгтэй. Иеремиагийн анги «ЭЗЭНий тааламжит жилийг» төдийгүй «бидний Бурхны өшөө авах өдрийг» тунхаглах болно (Ис. 61:1, 2; 2 Кор. 6:2).

Чин сэтгэлийн баяр баясгалан

12. Иеремиа баяр баясгалангаа алдаагүй гэж дүгнэж болохын учир юу вэ? Баяр баясгалангаа алдаагүйн нууц юу вэ?

12 Иеремиа даалгавраа баяр хөөртэй биелүүлдэг байсан. Тэрбээр Еховад: «Таны үгс олдсон бөгөөд би тэднийг идсэн билээ. Таны үгс надад баяр хөөр болон зүрх сэтгэлийн минь таашаал болсон билээ. Учир нь түмэн цэргийн Бурхан ЭЗЭН, би Таны нэрээр дуудагдсан билээ» хэмээн хэлжээ (Иер. 15:16). Жинхэнэ Бурхныг төлөөлж үгийг нь тунхаглахыг Иеремиа нэр төрийн хэрэг гэж үзжээ. Хүмүүс өөрийг нь дооглож тохуурхаж байгааг анхаараад тэрбээр баяр баясгалангаа алдаж явсан удаатай. Харин хүргэдэг мэдээ нь хэчнээн сайхан, хэр зэрэг чухал болохыг анхаараад урьдынх шигээ баяр баясгалантай болсон (Иер. 20:8, 9).

13. Гүнзгий утгатай сургаалыг судлах нь баяр баясгалангаа алдахгүй байхад яагаад чухал бэ?

13 Дэлгэрүүлэх ажлаа үргэлж баяр баясгалантай хийхийн тулд бид «бор хоол» буюу Бурхны Үгийн гүнзгий утгатай сургаалыг судлах шаардлагатай (Евр. 5:14). Гүнзгийрүүлэн судлах тусам итгэл бэхэждэг (Кол. 2:6, 7). Түүнчлэн, бидний үйл хэрэг Еховагийн сэтгэлийг хөдөлгөдгийг ойлгодог. Библи уншиж, судлах зав гаргах гэхлээр нэг л болж өгөхгүй байвал хуваариа өөрчлөх хэрэгтэй. Өдөр бүр цөөн хэдэн минутаар ч болов судалж, эргэцүүлэн боддог бол Еховатай улам дотно болж, Иеремиагийн адилаар «баяр хөөр болон зүрх сэтгэлийн ... таашаал» эдэлнэ.

14, 15. а) Иеремиа даалгавраа үнэнчээр биелүүлснээр ямар үр дүнд хүрсэн бэ? б) Өнөөдөр Бурхны ард түмэн дэлгэрүүлэх ажлыг юу гэж үздэг вэ?

14 Иеремиа Еховагийн сэрэмжлүүлэг болон шүүх мэдээг зогсолтгүй тунхаглахын сацуу, «барьж босгох хийгээд тарьж ургуулах» даалгавраа мартаагүй (Иер. 1:10). Энэ нь ч талаар болоогүй. МЭӨ 607 онд Иерусалим устгагдахад зарим иудейчүүд болон харь үндэстнүүд эсэн мэнд үлджээ. Тэдний дунд Рехабынхан, Ебед-мелех, Барух нар байсан (Иер. 35:19; 39:15–18; 43:5–7). Иеремиатай нөхөрлөж, Бурхнаас эмээж явсан үнэнч тэр хүмүүс орчин үеийн Иеремиагийн ангийн анд нөхөд болох дэлхийд амьдрах найдвартай хүмүүсийг төлөөлдөг. Иеремиагийн анги тэрхүү «үй олон хүнийг» сүнслэгээр «барьж босгохдоо» асар их баярладаг (Илч. 7:9). Үүнтэй адилаар, үнэнч хамтран зүтгэгчид нь чин сэтгэлтэй хүмүүст үнэний мэдлэгтэй болоход нь тусалдагтаа туйлын сэтгэл ханамжтай байдаг.

15 Бурхны ард түмэн сайн мэдээ дэлгэрүүлэхийг бусдын төлөө үйлчилж байгаа хэрэг төдийгүй шүтлэгийнхээ нэг хэсэг гэж үздэг. Хүмүүс энэ мэдээнд нааштай ханддаг ч бай, үгүй ч бай, дэлгэрүүлдэг маань Еховад үйлчилж байгаа хэрэг учраас бид асар их баяр баясгалан эдэлдэг (Дуу. 71:23; Ром 1:9-ийг уншина уу).

Сэргэг байж даалгавраа биелүүлэгтүн!

16, 17. Бид эгзэгтэй чухал цаг үед амьдарч байгааг Илчлэлт 17:10; Хабаккук 2:3 хэрхэн харуулдаг вэ?

16 Илчлэлт 17:10-т (ШГ) байгаа Бурхны удирдлагаар бичигдсэн зөгнөлийг авч үзвэл, эгзэгтэй чухал цаг үед амьдарч байгаа маань тодорхой харагддаг. Эдүгээ долоо дахь хаан буюу Англи-Америкийн эзэнт гүрэн оршин тогтнож байна. Түүний тухай: «Тэр [долоо дахь эзэнт гүрэн] ирснийхээ дараа зөвхөн түр хугацаагаар ширээнд сууна» гэж бичжээ. «Түр хугацаа» нь одоо дуусах дөхөж байх учиртай. Зөнч Хабаккук ёс бус тогтолцооны төгсгөлийн тухай: «Энэ үзэгдэл тогтоогдсон цагийн төлөө өгөгдсөн. ... Түүнийг хүлээгтүн. Учир нь энэ нь хоцролгүй ирнэ» гэж бичжээ (Хаб. 2:3).

17 Та өөрөөсөө: «Би одоо эгзэгтэй чухал цаг үед амьдардгаа, төгсгөл удахгүй болно гэж хүлээдгээ амьдралынхаа хэв маягаар харуулдаг уу? Эсвэл төгсгөл удахгүй болно гэж хүлээдэггүй, тэр байтугай ерөөсөө ирэхгүй гэж боддог хүн шиг шийдвэр гаргаж, зорилго тавьдаг юм биш биз?» гэж асуугаарай.

18, 19. Одоо бол идэвхгүй болох цаг биш гэхийн учир юу вэ?

18 Харуулын ангийн ажил арай дуусаагүй байна (Иеремиа 1:17–19-ийг уншина уу). Тослогдсон үлдэгсэд «төмөр багана», «бэхлэлт хот» мэт бат зогсож байгааг харах хэчнээн бахадмаар вэ! Тэд авсан даалгавраа гүйцэд биелүүлэхийн тулд «бэлхүүсээрээ үнэнийг бүслэх» буюу Бурхны Үгээр өөрсдийгөө бэхжүүлдэг. (Еф. 6:14). Үй олон хүн Иеремиагийн ангид Бурхнаас авсан даалгавраа биелүүлэхэд нь идэвхтэй тусалдаг.

19 Одоо бол Хаанчлалын үйл хэрэгт идэвх муутай оролцох цаг биш, харин Иеремиа 12:5-ын чухал санааг ухаарах цаг мөн (Уншина уу). Бид бүгд тэвчихээс өөр аргагүй зовлон туулдаг. Итгэлийн ийм сорилт тулгарахыг Библид хүнтэй уралдахтай зүйрлэдэг. Гэвч «агуу их гай гамшиг» ойртохын хэрээр бэрхшээл улам нэмэгдэх нь гарцаагүй (Мат. 24:21). Ирээдүйд тулгарах тийм бэрхшээлийг сөрөн зогсохыг морьтой уралдахтай зүйрлэжээ. Давхиж буй мориноос хоцрохгүйн тулд хүн ер бусын их тэсвэр хатуужилтай байх шаардлагатай. Тэгэхлээр, одоо тулгарч буй бэрхшээлийг давбал ирээдүйд тулгарах зовлонг тэвчихэд бэлэн болно.

20. Та яахаар шийдсэн бэ?

20 Бид бүгдээрээ Иеремиаг дууриан, дэлгэрүүлэх даалгавраа амжилттай биелүүлж чадна! Иеремиа 67 жил үнэнчээр үйлчилсэн нь хүмүүсийг хайрлаж, эр зоригтой, баяр баясгалантай байсны ач юм. Ехова сэргэг байж, хэлсэн үгэндээ хүрдгийг цэцэглэсэн бүйлс мод бидэнд сануулдаг. Бид Еховаг дууриах хэрэгтэй. Иеремиа сэргэг байж чадсан шүү дээ, бид ч бас чадна.

Санаж байна уу?

• Иеремиа хайрынхаа ачаар хэрхэн сэргэг байж даалгавраа биелүүлсэн бэ?

• Бид Бурхнаас эр зориг гуйх хэрэгтэйн учир юу вэ?

• Баяр баясгалангаа алдахгүй байхад нь Иеремиад юу тус болсон бэ?

• Та ямар учраас сэргэг байхыг хүсэж байна вэ?

[31-р хуудасны зураг]

Та эсэргүүцэлтэй тулгарсан ч дэлгэрүүлэхээ болихгүй биз дээ?

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах